A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (ОУ-ын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 21.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор баталж, "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар, “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан уул уурхайн бүтээгдэхүүн болон шатахуун тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн  хэмжээ”-г 3 дугаар хавсралт ёсоор тогтоосугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2019 оны 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2025 оны 77 дугаар тогтоолоор 3 дугаар хавсралтыг нэмсэн бөгөөд үүнийг 2025-10-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2025 оны 128 дугаар тогтоолоор 1 дүгээр зүйл болон 3 дугаар хавсралтад өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгасугай:

2.1. олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг тогтоож, Монгол Улсын авто замын сүлжээний зурагт тэмдэглэж нийтэд мэдээлэх арга хэмжээ авах;

2.2. шинээр барих авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн барилга, байгууламжийн зураг төсөл болон уг цэгийг барьж байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн судалгаа, тооцооны хамт боловсруулж байх талаар холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулж мөрдүүлэх;

3. Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагаа, авто зам ашиглалтын болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд тавих хяналтыг шаардлагатай цэгүүдэд цогц байдлаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам, тээврийн сайд М.Зоригт нарт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Ц.Шаравдорж)-т тус тус үүрэг болгосугай.

4. Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэг байгуулах зардлыг улсын авто замын сан болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

5. Орон нутгийн чанартай болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршил, төлбөрийн хэмжээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 106 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 273

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт"-ыг 1 дүгээр хавсралт, "Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

2."Авто замын сан"-гийн орлогыг бүрэн төвлөрүүлж, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг хангах, замын арчлалт, урсгал засвар, ээлжит засварыг тогтоосон хугацаанд тогтмол гүйцэтгэж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болгосугай.

3.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, үйл ажиллагааны урсгал зардлыг бууруулж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоол, "Хурдны авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 282 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаар тогтоол, "Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН