A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэрээ байгуулах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр тогтоолын зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"Бүтээлч сургууль, бүтээлч багш шалгаруулах, ахмад багш нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг "Монголын ахмад багш нарын холбоо"-гоор; дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын эрх ашиг, нийгмийн баталгааг хангах чиг үүргийг "Монголын оюутны холбоо"-гоор; үндэсний урлаг, түүх, соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах чиг үүргийг "Монголын урлагийн зөвлөл"-өөр, циркийн уран бүтээлчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангах, бүртгэх, статистикийн мэдээлэл боловсруулах, циркийн урлагийг гадаад, дотоодын иргэд, байгууллагад сурталчлах чиг үүргийг "Монголын циркчдийн холбоо"-гоор тус тус хариуцуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй."

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагуудтай зохих журмын дагуу гэрээ байгуулан биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР