- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиудад заасан дараах төрийн зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, холбогдох гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Болорт олгосугай:
1.1. мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, сунгах шалгалт, сургалт зохион байгуулах, хөрөнгийн үнэлгээчин, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
1.2. аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох;
1.3. мэргэжлийн, мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
1.4. нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, хэрэглэх тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах, аж ахуйн нэгж байгууллагын стратеги засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан бусад тайлагналын аргачлалыг боловсруулах;
1.5. аудитын хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;
1.6. нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн программ хангамжид хяналт тавих.
1.7. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23.7-д заасан хориг арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 429 дүгээр тогтоолоор нэмсэн)
1.8. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийг таниулах, хэрэгжүүлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 429 дүгээр тогтоолоор нэмсэн)
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A
