- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 206
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 2.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн төвд улсын төсвийн хөрөнгөөр дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төв шинээр баригдаж, ашиглалтад орсонтой холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхлэх үүрэг бүхий төрийн өмчит "Хөвсгөл дулааны станц" компанийг байгуулсугай.
2. "Хөвсгөл дулааны станц" компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
3. Тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр)-нд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
