A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН XI ИХ ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.1.4.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг "Монгол судлал ба тогтвортой хөгжил" сэдвээр 2016 оны 8 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг Зохион байгуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Их хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (Л.Гантөмөр)-нд даалгасугай.

4. Их хурлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2016 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, холбогдох бусад зардлыг олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР