- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 251
Улаанбаатар хот
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулах зорилгоор сонгон шалгаруулалтад тэнцэж, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан нефть бүтээгдэхүүн импортлогчийн "Сүхбаатар", "Эрээнцав" боомтуудаар импортоор оруулж ирсэн 6.5 (зургаан мянга таван зуун) мянган тонн дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд "0" хувь байхаар тогтоосугай.
2. Нефть бүтээгдэхүүн импортлогчийн импортоор оруулж ирсэн дизель түлшийг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА
Текст томруулах
A
A
A
