- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 234
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор тус нийгэмлэгтэй гэрээ байгуулан ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.
2. Монголын улаан загалмай нийгэмлэгээр Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулан ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, аймаг, дүүргийн Засаг дарга нарт, зөвлөлийн ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт тус тус даалгасугай.
3. Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан тайлагнаж байхыг Монголын улаан загалмай нийгэмлэгт, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хамтын ажиллагааны чиглэл батлах тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
