A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга, тээврийн хэрэгслээс гадна төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын Нэг дэх хэсэгт "26. Эрдэнэсийн сан" гэсэн заалт нэмсүгэй.

2. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт"-ын "Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх обьект" гэсэн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "... орон нутаг дахь хэлтэс, салбар" гэсний өмнө "төв байр," гэж нэмсүгэй.

3. Эрдэнэсийн санд байнгын ажиллагаатай хамгаалалтын 1 цэг шинээр нэмэгдэж байгаатай холбогдуулан 2016 онд төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах 82.277.310 (наян хоёр сая хоёр зуун далан долоон мянга гурван зуун арван) төгрөгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох төсөвт тусгаж, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Болор, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт даалгасугай. 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "Төрийн тусгай хамгаалалтад гэрээ байгуулсны үндсэн дээр байх обьект" гэсэн Гурав дахь хэсэг, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ