A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 59. АЖ YЙЛДВЭРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ПАРИСЫН КОНВЕНЦ

1970 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

(1883 оны 3 дугаар сарын 20)

1900 оны 12 дугаар сарын 14-нд Брюссельд,

1911 оны 6 дугаар сарын 2-нд Вашингтонд,

1925 оны 11 дүгээр сарын 6-нд Гаагад,

1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд,

1958 оны 10 дугаар сарын 31-нд Лиссабонд,

1967 оны 7 дугаар сарын 14-нд Стокгольмд тус тус хянан өөрчилж,

1979 оны 9 дүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар

1 дүгээр зүйл

Холбоо байгуулах; аж үйлдвэрийн өмчийн хүрээ

(1) Энэхүү конвенцийг хэрэглэж байгаа орнууд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах холбоо байгуулна.

(2) Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана.

(3) Аж үйлдвэрийн өмчийг хамгийн өргөн утгаар ойлгож, зөвхөн үйлдвэр болон худалдаанд бус, түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уул уурхайн олборлох үйлдвэр, дарс, буудай, тамхины навч, жимс, мал, ашигт малтмал, цэвэр ус, шар айраг, цэцэг, гурил гэх мэт байгалийн буюу боловсруулалтын аргаар гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүнд адил хамаарна.

(4) Шинэ бүтээлийн патентад холбооны гишүүн орны хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн бүх төрлийн патент болох импортын патент, сайжруулсан бүтээлийн патент, нэмэгдэл патент ба гэрчилгээ хамаарна.

2 дугаар зүйл

Холбооны гишүүн орны харьяатад зориулсан үндэсний горим

(1) Холбооны аливаа гишүүн орны харьяат аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд энэхүү конвенцоор тусгайлан олгосон эрхийг хөндөхгүйгээр холбооны бусад бүх орны хуулиар өөрийн харьяатад олгодог, эсхүл цаашид олгох давуу эрхийг эдэлнэ. Иймд тэд тухайн орнууд өөрийн харьяатад тавих албан ёсны шаардлага, нөхцөлийг мөрдөж байвал тэдгээрийн адил эрхийн хамгаалалт болон эрхийг зөрчих тохиолдолд тэдний аливаа эрх зүйн адил хамгаалалттай байна.

(2) Гэхдээ эрхийн хамгаалалт хүсэж байгаа оронд байнга оршин суудаг байх, эсхүл тухайн оронд худалдааны эсхүл үйлдвэрийн газартай байх нөхцөлийг холбооны гишүүн орны харьяатад аж үйлдвэрийн өмчийн аливаа эрхийг эдлэхэд урьдчилсан нөхцөл болгон шаардахгүй.

(3) Шүүхийн болон захиргааны горим болон хуулийн харьяалалд хамаарах, түүнчлэн үйл ажиллагаа явуулах хаяг тодорхойлох, эсхүл итгэмжлэгч томилох зэрэг холбооны гишүүн орон бүрийн аж ахуйн өмчийн тухай хуулийн заалтын шаардлага хадгалагдана.

3 дугаар зүйл

Зарим этгээдийг холбооны гишүүн орны харьяадтай адилтган авч үзэх

Холбооны гишүүн орны харьяат биш боловч холбооны орнуудын аль нэгэнд байнга оршин суудаг, эсхүл тэр оронд үйлдвэрийн буюу худалдааны газар эзэмшдэг этгээдийг холбооны орны харьяаттай адилтган авч үзнэ.

4 дүгээр зүйл

А-I. Патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, зохиогчийн гэрчилгээ: давамгайлах эрх

G. Патент: мэдүүлгийг салгах

А.

(1) Холбооны гишүүн аль нэг оронд патент хүсэх тухай мэдүүлэг буюу ашигтай загвар, эсхүл бүтээгдэхүүний загвар, эсхүл барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг зохих журмаар нь гаргасан аливаа этгээд, эсхүл түүний өв залгамжлагч бусад оронд мэдүүлэг гаргах зорилгоор дор дурдсан хугацаанд давамгайлах эрх эдэлнэ.

(2) Холбооны гишүүн аливаа орны дотоодын хууль тогтоомж буюу холбооны гишүүн орнууд хоорондын хоёр ба олон талт гэрээний дагуу мэдүүлэг гаргах нь ердийн үндэсний мэдүүлэг гаргахтай адил бөгөөд давамгайлах эрх үүсэх үндэслэл гэж хүлээн зөвшөөрнө.

(3) Ердийн үндэсний мэдүүлэг гаргах гэдэгт түүнийг цаашид хэрхэхээс үл шалтгаалан холбогдох оронд мэдүүлэг гаргасан өдрийг тогтоох зорилгоор мэдүүлэг гаргахыг ойлгоно.

В.

Иймд дээр дурдсан хугацаа дуусахаас өмнө холбооны гишүүн бусад оронд цаашид мэдүүлэг гаргасныг энэ хугацааны гүйцэтгэсэн үйлдлийн үндсэн дээр буюу тэдгээр үйлдэл нь гуравдагч этгээдийн аливаа эрх үүсэх болон хувьдаа ашиглах аливаа эрх үүсэх үндэслэл болохгүй байвал, тухайлбал өөр газарт мэдүүлэг гаргасан, шинэ бүтээл хэвлэн нийтлэгдсэн, түүнийг ашигласан, бүтээгдэхүүний зарим хэсгийг худалдаанд гаргасан, тэмдгийг ашигласан гэсэн үндэслэлээр түүнийг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрөхгүй. Давамгайлах эрхийн үндэслэл болж чадах анхны мэдүүлэг гаргахаас өмнө гуравдагч этгээдийн олж авсан эрх нь холбооны гишүүн орон бүрийн дотоодын хууль, тогтоомжийн дагуу хадгалагдана.

С.

(1) Давамгайлах эрхийн дээр дурдсан хугацаа нь шинэ патент, ашигтай загварт арван хоёр сар, аж үйлдвэрийн загвар болон барааны тэмдэгт зургаан сар байна.

(2) Эдгээр хугацааг анхны мэдүүлэг өгсөн өдрөөс эхлэн тооцно. Мэдүүлэг гаргасан өдрийг хугацаанд оруулахгүй.

(3) Хэрэв энэ хугацааны эцсийн өдөр хууль ёсны амралтын өдөр, эсхүл эрхийн хамгаалалт хүсэж байгаа орны байгууллага мэдүүлэг хүлээж авдаггүй амралтын өдөр байвал хугацааг дараагийн анхны ажлын өдрийг хүртэл сунгана.

(4) Хэрэв дараагийн мэдүүлэг гаргасан өдөр анхны мэдүүлгийг буцааж авсан, хөдөлгөөнгүй орхисон, хойшлуулсан, нийтэд танилцуулахад хангалтгүй, түүнчлэн аливаа эрхийг хэрэгжүүлэхээр түүнийг үргэлжлүүлээгүй болон тэр нь давамгайлах эрхэд татгалзах үндэслэл гаргаагүй тохиолдолд холбооны гишүүн тэр улсад гаргасан, (2) дахь хэсэгт дурдсан агуулгаар гаргасан анхны урьдах мэдүүлэгт тодорхойлсон шинэ бүтээлд давамгайлах хугацаа дуусах өдөрт гаргасан дараагийн мэдүүлгийг анхны мэдүүлгээр тооцох ёстой. Анхны өмнөх мэдүүлэг, давамгайлах эрхийг татгалзах үндэслэл болохгүй.

D.

(1). Анхны өмнөх мэдүүлгийн үндсэн дээр давамгайлах давуу байдал ашиглахыг хүсэж байгаа аливаа этгээдээс мэдүүлэг гаргасан өдөр болон орныг заасан мэдүүлэг өгөхийг шаардана. Орон бүр ийм мэдүүлгийг гаргах сүүлчийн хугацааг тогтооно.

(2) Эдгээр заалтыг эрх бүхий байгууллагаас хэвлэн гаргадаг нийтлэлд, түүнчлэн патент болон түүнд хамаарах шинэ бүтээлийн тодорхойлолтод дурдсан байх ёстой.

(3) Холбооны гишүүн орнууд давамгайлах эрхийн тухай мэдэгдэл гаргасан этгээдээс түүний урьд нь гаргасан мэдэгдлийн хуулбарыг (тодорхойлолт, зураглал г.м) ирүүлэхийг шаардаж болно. Энэ мэдэгдлийг хүлээн авсан байгууллага хуулбар үнэн зөв гэж баталгаажуулсан хуулбарт хуулийн ямар нэгэн баталгаажилт шаардахгүй бөгөөд ямар ч тохиолдолд түүнийг дараачийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш гурван сарын дотор ямар нэгэн хураамжгүйгээр ирүүлж болно. Харин мэдүүлэг анх гаргасан өдрийн тухай уг байгууллагаас авсан магадалгаа болон орчуулгыг хавсаргаж ирүүлэхийг шаардах эрхтэй байна.

(4) Мэдэгдэл гаргах үед нь давамгайллын тухай мэдэгдэлд зориулсан өөр ямар нэгэн албан ёсны шаардлага тавьж болохгүй. Холбооны гишүүн орон бүр давамгайлах эрхийг алдахаас илүү, энэхүү зүйлд дурдсан албан ёсны шаардлагыг мөрдөхгүйгээс үүсгэх үр дагаврыг тодорхойлно.

(5) Цаашдаа өөр нотолгоо шаардагдаж болно.

Анхны өмнөх мэдүүлгийн үндсэн дээр давамгайлал хүсэж байгаа этгээд уг мэдүүлгийн дугаарыг заах ёстой. Энэ дугаар (2) дахь хэсэгт дурдсан журмаар хэвлэн нийтлэгдэнэ.

Е

(1) Ашигтай загварт гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа оронд бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргаж байвал давамгайлах хугацааг бүтээгдэхүүний загварт тогтоосон хугацаагаар авна.

(2) Yүнээс гадна, аливаа оронд патентад гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа тохиолдолд ашигтай загварын мэдүүлэг гаргах, эсхүл эсрэг байхыг зөвшөөрнө.

F.

Холбооны гишүүн аль ч орон мэдүүлэг гаргагч хэд хэдэн оронд тогтоосон олон давамгайлал хүсэж байгаа, эсхүл нэг буюу хэд хэдэн давамгайлал хүсэж байгаа мэдүүлэг нэг буюу хэд хэдэн хэсгээс бүрдэж, тэдгээр нь давамгайлал хүсэж байгаа мэдүүлэгт ороогүй гэдэг үндэслэлээр хэрэв, зөвхөн энэ хоёр тохиолдолд тухайн улсын хуулиар шинэ бүтээлийн нэгдмэл байдал хангасан байвал дээрх патентын мэдүүлгийг бүртгэхээс татгалзах, давамгайлах эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх эдлэхгүй.

Нэг буюу олон мэдүүлэгт орсон хэсгүүдийн хувьд давамгайлал хүсэж байвал дараачийн мэдүүлгийг гаргах нь хэвийн нөхцөлд давамгайлах эрх үүсгэнэ.

G.

(1) Хэрэв магадлан дүгнэлтийн явцад мэдүүлсэн шинэ бүтээл олон бүтээлд хамаарч байвал, мэдүүлэг гаргагч, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийн мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно.

(2) Мэдүүлэг гаргагч өөрийн санаачилгаар, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийг мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно. Холбооны гишүүн орон бүр мэдүүлгийг салгахыг зөвшөөрөх нөхцөлийг тодорхойлох эрх эдэлнэ.

H.

Давамгайлал хүсэж байгаа шинэ бүтээлийн хэсгүүд мэдүүлгийн багц баримт бичигт илэрсэн тохиолдолд шинэ бүтээлийн зарим хэсгүүд гарлын оронд гаргасан мэдүүлэгт тодорхойлогдоогүй гэдэг шалтгаанаар давамгайлал эдлүүлэхээс татгалзахгүй.

I.

(1) Шинэ бүтээлийн патент эсхүл зохиогчийн гэрчилгээг өөрийн сонголтоор хүсэх эрх эдэлдэг оронд шинэ бүтээлийн мэдүүлэг нь патентын мэдүүлгийг авахад мөрддөгтэй адил нөхцөлд, энэхүү зүйлийн заалтын дагуу давамгайллын эрхийг хүсэх үндэслэл болно.

(2) Шинэ бүтээлийн патент эсхүл зохиогчийн гэрчилгээг өөрийн сонголтоор хүсэх эрх эдэлдэг оронд амьдарч байгаа шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ авах мэдүүлэг гаргагч нь патент, ашигтай загвар буюу шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ хүссэн мэдүүлэгт үндэслэгдсэн давамгайлах эрхийг патентын мэдүүлэгт хамаарах энэхүү зүйлийн заалтын дагуу эдэлнэ.

4 bis зүйл

Патент: өөр өөр оронд ижил төрлийн шинэ бүтээлд олгогдсон патентын үл хамаарал

(1) Холбооны гишүүн орны харьяатаас холбооны гишүүн өөр өөр оронд гаргасан мэдүүлгийн патент нь холбооны гишүүн эсхүл гишүүн бус бусад аль ч оронд авсан адил шинэ бүтээлийн патентаас үл хамаарна.

(2) Энэхүү заалтыг ямар нэгэн хязгаарлалтгүй авч үзэх бөгөөд, тухайлбал давамгайлах хугацаанд мэдүүлэг гаргасан патент нь патентыг хүчингүй болгох, эрхийн үйлчлэлийг зогсоох түүнчлэн ердийн хүчинтэй байх хугацааг тогтоох үүднээс ч гэсэн үл хамааралтай гэсэн утгаар авч үзнэ.

(3) Энэхүү заалт нь түүнийг хүчин төгөлдөр болох үед хэрэгжиж байгаа бүх патентад хамаарна.

(4) Энэхүү заалтыг шинээр орнууд нэгдэн орох тохиолдолд тухайн нэгдэн орох мөчид аль ч талаасаа хэрэгжиж байгаа патентын хувьд мөн адил хэрэглэнэ.

(5) Давамгайллаас үүсэх давуу байдлаар авсан патент нь холбооны гишүүн бүх оронд патентыг авахдаа давамгайллаас үүсэх давуу байдлаар бус мэдүүлэг гаргасан, эсхүл ийм байдлаар олгогдсон патентын адил үйлчлэх хугацаатай байна.

4 ter зүйл

Патент, патентад зохиогчийг заах

Зохиогч патентад өөрийн нэрийг заалгах эрх эдэлнэ.

4 quater зүйл

Патент: Хуулийн дагуу худалдааг хязгаарлах тохиолдолд патентлаг чадвар хадгалагдах

Патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн эсхүл патентлагдсан бүтээгдэхүүний худалдааг үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр хязгаарласан буюу багасгасан гэдэг үндэслэлээр патент олгохыг татгалзах буюу патентыг хүчингүйд тооцож болохгүй.

5 дугаар зүйл

А.Патент: Бүтээлийг импортлох, ашиглахгүй байх болон хангалтгүй ашиглах,

албадан лиценз

В.Бүтээгдэхүүний загвар: ашиглахгүй байх, барааг импортлох

С.Барааны тэмдэг: ашиглахгүй байх, хэлбэрийн ялгаа,

хамтран эзэмшигчийн ашиглалт

D.Патент, ашигтай загвар, барааны тэмдэг,

бүтээгдэхүүний загвар: тэмдэг хэрэглэх

А.

(1) Холбооны гишүүн аль нэг оронд үйлдвэрлэсэн барааг, патент олгосон оронд патент эзэмшигч оруулбал түүнд үндэслэсэн эзэмшигчийн эрхэд хохирол үүсэхгүй.

(2) Холбооны гишүүн орон бүр ашиглагдаагүй шинэ бүтээлийн хувьд патентаар олгогдсон онцгой эрхийг хэрэгжүүлэх явцад гарч болох зүй бусын ашиглалтыг таслан зогсоох зорилгоор албадан лиценз өгөх тухай хууль ёсны арга хэмжээ авах эрх эдэлнэ.

(3) Албадан лиценз өгөх нь зүй бус ашиглалтыг таслан зогсооход хангалтгүй гэж үзвэл патентын эрхийг хасаж болно. Патентыг хүчингүй болгох, патентын эрхийг хасах аль ч үйлдлийг анхны албадан лиценз өгснөөс хойш хоёр жилийн хугацаа дуусахаас өмнө хийж болохгүй.

(4) Патентын мэдүүлэг гаргаснаас хойш дөрвөн жил өнгөрөөгүй буюу патент олгосноос хойш гурван жил өнгөрөөгүй болон аль хугацаа нь сүүлд дуусахаас өмнө ашиглаагүй буюу хангалтгүй ашигласан гэдэг шалтгаанаар албадан лиценз өгөхийг шаардаж болохгүй; хэрэв патент эзэмшигч түүнийг ашиглаагүй байсан тухай үйлдлээ нотолж байвал албадан лиценз өгөхөөс татгалзана. Тийм лиценз нь онцгой бус байх ба мөн энэ лицензийг хэрэглэж байгаа үйлдвэрийн газрын хэсэгт нь өгөх давхар хараат лиценз өгөх зөвшөөрөлтэй байна.

(5) Дээр дурдсан заалтыг шаардлагатай засвар, найруулгатайгаар ашигтай загварт хэрэглэж болно.

В.

Бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтыг, түүнийг ашиглаагүй эсхүл эрхийн хамгаалалттай бүтээгдэхүүнтэй адил төстэй, ижил гарлын бараа импортолсон гэдэг шалтгаанаар ямар ч нөхцөлд зогсоож болохгүй.

С.

(1) Хэрэв бүртгэгдсэн тэмдгийг аль нэг оронд заавал ашиглах ёстой нөхцөлд ашиглагдаагүйг нь үнэмшилтэй шалтгаанаар сонирхогч этгээдийн зүгээс нотлоогүй тохиолдолд, мөн боломжит хугацаа дууссан тохиолдолд л түүний бүртгэлийг хүчингүй болгож болно.

(2) Холбооны гишүүн аль нэг оронд бүртгэгдсэн тэмдгийн ялгагдах үндсэн шинжийг өөрчлөөгүй бөгөөд зөвхөн зарим нэг өөр бүрдэлтэй хэлбэрээр тэмдгийг эзэмшигч нь ашигласан нь тэмдэгт олгосон эрхийн хамгаалалтыг хязгаарлахгүй бөгөөд бүртгэлийг хүчингүй болгохгүй.

(3) Эрхийн хамгаалалт хүсэж байгаа тухайн орны дотоодын хуулийн дагуу тэмдгийн хам эзэмшигчид болох үйлдвэрлэл, худалдааны байгууллагууд адил төрлийн буюу ижил үүслийн бүтээгдэхүүний тэмдгийг зэрэг ашиглах нь хэрэв тэмдгийн тийм ашиглалт нь олон нийтэд буруу ойлголт өгөхгүй, олон нийтийн сонирхолтой зөрчилдөхгүй байвал эрхийн хамгаалалт хүсэж байгаа холбооны гишүүн аль нэг орны тэмдгийн бүртгэлд саад болохгүй бөгөөд ямар нэгэн байдлаар эрхийн хамгаалалтыг хязгаарлахгүй.

D.

Эрхийг хүлээн зөвшөөрөхдөө бүтээгдэхүүнд тавьсан ямар нэгэн тэмдэглэл буюу патент, ашигтай загвар, барааны тэмдгийн бүртгэл болон бүтээгдэхүүний загварын хадгалалтын талаар ямар нэгэн заалт хийсэн байхыг шаардахгүй.

5 bis зүйл

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн бүх төрөл: эрхийг хадгалах хураамжийн төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа: Патент сэргээх

(1) Аж үйлдвэрийн өмчийн эрхийг хадгалахад төлөх хураамжид олгох хөнгөлөлтийн хугацаа нь үндэсний хуулиар тогтоосон хураамж байвал, түүнд оногдох нэмэгдэл хураамжийн хамт зургаан сараас багагүй байхаар тогтооно.

(2) Холбооны гишүүн орон хураамж төлөгдөөгүйгээс болоод хүчингүй болсон шинэ бүтээлийн патентыг сэргээх эрх эдэлнэ.

5 ter зүйл

Патент: Тээврийн хэрэгслийн хэсэг болох патентлагдсан бүтээлийг чөлөөтэй ашиглах

Холбооны гишүүн орон бүр дараахь үйлдлийг патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй:

(i) холбооны гишүүн орны нутагт усан замаар тохиолдлоор буюу түр нэвтэрч орсон бусад орны хөлөг онгоцны гадар бие, хөдөлгүүр, татуургын сүлжил, механизм болон бусад тоног төхөөрөмжид патентлагдсан хэрэгслийг онцгой шаардлагаар ашигласан бол;

(ii) холбооны гишүүн орны нутагт агаарын болон газрын замаар тохиолдлоор буюу түр нэвтэрч орсон бусад орны агаарын болон газрын хөдлөх бүрэлдэхүүний угсралт, ашиглалт болон тэдгээрийн туслах тоноглолд патентлагдсан хэрэгслийг ашигласан бол.

5 quater зүйл

Патент: Импортолж буй улсад патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлох

Патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн холбооны гишүүн оронд импортлоход патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд импортолж байгаа орны үндэсний хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдэлнэ.

5 quinquies зүйл

Бүтээгдэхүүний загвар

Холбооны гишүүн бүх улсад бүтээгдэхүүний загвар хамгаалагдана.

6 дугаар зүйл

Тэмдэг: Бүртгэх нөхцөл; өөр өөр оронд нэг тэмдгийн хамгааллын үл хамаарал

(1) Барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно.

(2) Гэхдээ холбооны гишүүн орны харьяатаас холбооны гишүүн аливаа бусад оронд мэдүүлсэн барааны тэмдгийг гарлын оронд мэдүүлэг өгөөгүй, бүртгүүлээгүй, хугацаа сунгаагүй гэдэг шалтгаанаар бүртгэхээс татгалзах эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

(3) Холбооны гишүүн аль нэг оронд зохих журмаар бүртгүүлсэн барааны тэмдгийг нь гарлын орон болон холбооны гишүүн бусад оронд бүртгүүлсэн тэмдгээс үл хамааралтай гэж тооцно.

6 bis зүйл

Тэмдэг: Нийтээр мэдэх барааны тэмдэг

(1) Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ. Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарна.

(2) Тийм тэмдгийг хүчингүй болгох тухай шаардлага гаргахын тулд тэмдгийн бүртгэлийн өдрөөс эхлэн таван жилээс багагүй хугацаанд мэдэгдэнэ. Холбооны гишүүн орон, тэмдгийн ашиглалтыг хориглох шаардлага гаргаж болох хугацааг ч тогтоох эрх эдэлнэ.

(3) Шударга бусаар ашиглаж байгаа болон бүртгэгдсэн тэмдгийг ашиглахыг хориглох буюу хүчингүй болгох тухай шаардлага гаргахад хугацаа тогтоохгүй.

6 ter зүйл

Тэмдэг: Улсын сүлд, хяналтын тусгай тэмдэглэгээ болон засгийн газар хоорондын байгууллагын бэлгэ тэмдэгтэй холбоотой тэмдгийг хориглох

(1) (а) Холбооны гишүүн бусад орны төрийн бэлгэ тэмдэг, далбаа, сүлд, тэдгээр улсын баталгаажуулалт, хяналтын тэмдэглэл, тусгай тэмдэг, түүнчлэн сүлдний үүсэл, дүрслэлийн талаас авч үзэхэд дууриалгасан тэмдгийг барааны тэмдгээр буюу түүний ямар нэгэн бүрдэл хэсгээр эрх бүхий засаглалын зөвшөөрөлгүй ашиглаж байгааг зохих арга хэмжээ авах замаар хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах талаар холбооны гишүүн орнууд харилцан тохиролцоно.

(b) (а) дэд хэсэгт дурдсан заалт нь эрхийн хамгаалалтыг хангахад чиглэгдсэн хүчин төгөлдөр олон улсын хэлэлцээрээр тодорхойлсон сүлд, далбаа, бусад бэлгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэрээс бусад сүлд, далбаа, бусад бэлгэ тэмдэг, холбооны нэг буюу хэд хэдэн орон гишүүн нь байдаг засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрэнд адил хэмжээгээр хамаарна.

(с) Холбооны гишүүн аль ч орон (b) дэд хэсэгт дурдсан заалтыг энэхүү конвенц тухайн оронд хүчин төгөлдөр болохоос өмнө шударгаар олж авсан эрх эзэмшигчид хохирол учруулах байдлаар хэрэглэх ёсгүй. Хэрэв (а) дэд хэсэгт дурдсан бүртгэл, ашиглалт нь тухайн байгууллага, сүлд, далбаа, бэлгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэртэй холбоотой байна гэсэн сэтгэгдэл нийтэд үүсгэхгүй, эсхүл энэ бүртгэл, ашиглалт байгууллага, ашиглагчийн хоорондох харилцаанд нийтэд төөрөгдөл үүсгэхээр илэрхий чиглэгдээгүй байвал холбооны гишүүн орон дурдсан заалтыг хэрэглэх үүрэггүй.

(2) Баталгаажуулалт, хяналтын тэмдэглэгээ, тусгай тэмдгийг хэрэглэхийг хориглох үйлдэл нь тэмдэг, эсхүл түүнийг бүрдэлдээ багтаасан тэмдгийг тэр төрлийн буюу адил бараанд ашиглахаар зориулагдсан байх тохиолдолд хүчинтэй байна.

(3) (а) Эдгээр заалтыг хэрэглэх зорилгоор холбооны гишүүн орнууд, олон улсын товчоогоор зуучлуулан улсын бэлгэ тэмдэг, баталгаажуулалт, хяналтын тэмдэглэл, тусгай тэмдэг зэрэг цаашдаа энэхүү зүйлийн хамгаалалтад бүрэн хэмжээгээр эсхүл зарим хязгаартай оруулахыг хүсэж байгаа тэмдгийн жагсаалтыг харилцан мэдээлэх, түүнчлэн энэхүү жагсаалтад цаашид орох өөрчлөлтийн талаар харилцан мэдээлж байхаар тохиролцов. Холбооны гишүүн орон мэдээлсэн тэмдгийн жагсаалтыг нийтэд танил болгох зорилгоор цаг алдалгүй хэвлэн нийтэлнэ. Гэхдээ улсын далбааны хувьд тийм мэдээлэл хийх үүрэггүй.

(b) Энэхүү зүйлийн (1) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурьдсан заалт, зөвхөн олон улсын товчоогоор зуучлуулж холбооны гишүүн орнууд мэдээлэгдсэн сүлд, далбаа, бусад бэлгэ тэмдэг, олон улсын засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрэнд хэрэглэгдэнэ.

(4) Холбооны гишүүн орон бүр өөрийн боломжийн хэрээр татгалзсан байдлаа, олон улсын товчоогоор зуучлуулан сонирхогч орон болон олон улсын засгийн газар хоорондын байгууллагад, мэдээллийг хүлээж авснаас хойш арван хоёр сарын дотор мэдэгдэнэ.

(5) Улсын далбааны хувьд (1) дэх хэсэгт дурдсан арга хэмжээг 1925 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэнэ.

(6) Далбаанаас бусад төрийн бэлгэ тэмдгийн хувьд болон холбооны гишүүн орны тэмдэглэл, тусгай тэмдэг, сүлд, далбаа, бусад бэлгэ тэмдэг, олон улсын засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрийн хувьд энэ заалт, зөвхөн дээрх (3) дахь хэсэгт дурдсан мэдээллийг хүлээж авснаас хойш хоёр сар өнгөрсний дараа бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэгдэнэ.

(7) Шударга бус үйлдлийн тохиолдолд улсууд, 1925 оны 11 дүгээр сарын 6-аас өмнө бүртгэгдсэн төрийн бэлгэ тэмдэг, тэмдэглэл, тусгай тэмдгийг агуулсан тэмдгийг хүчингүй болгох эрх эдэлнэ.

(8) Өөрийн улсын төрийн бэлгэ тэмдэг, тэмдэглэл, тусгай тэмдэг хэрэглэх зөвшөөрөлтэй харьяатууд эдгээр тэмдгийг бусад оронд адил төстэй тэмдэг байгаа тохиолдолд ч хэрэглэж болно.

(9) Хэрэв тухайн ашиглалт нь барааны гарлын хувьд төөрөгдөл үүсгэж болохоор байвал, холбооны гишүүн бусад орны сүлдийг зөвшөөрөлгүйгээр худалдаанд хэрэглэхийг хориглох үүрэгтэй.

(10) Дээр дурдсан заалтууд нь 6 quinquies зүйлийн В бүлгийн (3) дахь хэсэгт дурдсан холбооны гишүүн орны гаргасан тэмдэглэл, тусгай тэмдэг, сүлд, далбаа, төрийн бусад бэлгэ тэмдгийг болон (1) дэх хэсэгт жагсаасан олон улсын засгийн газар хоорондын байгууллагын ялгах тэмдгийг зөвшөөрөлгүй агуулсан тэмдгийг хүчингүй болгох, бүртгэлээс татгалзах эрхийг орнууд хэрэгжүүлэхэд саад учруулахгүй.

6 quater зүйл

Тэмдэг: тэмдэг шилжүүлэх

(1) Тухайн тэмдгийг ашиглаж байгаа үйлдвэрлэл, худалдааны байгууллагатай нь хамт шилжүүлж байвал ийм шилжүүлэлтийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд үйлдвэрлэл, худалдааны байгууллагын хагас нь тухайн оронд байрлаж, шилжүүлсэн тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг борлуулах онцгой эрхийг хамтад нь шилжүүлж авсан тохиолдолд л холбооны гишүүн орны хууль тогтоомжийн дагуу тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр гэж үзнэ.

(2) Энэхүү заалт нь холбооны гишүүн оронд, тухайн тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр байх, эрх шилжүүлж авсан этгээдийн ашиглалт уг тэмдгийг ашиглаж байгаа бүтээгдэхүүний чанар, шинж байдал, гарал үүслийн хувьд нийтэд төөрөгдөл үүсгэж болох байдлыг авч үзэх үүрэг ноогдуулахгүй.

6 quinquies зүйл

Тэмдэг: Холбооны гишүүн нэг оронд бүртгэгдсэн тэмдгийг холбооны гишүүн бусад оронд хамгаалах

А.

(1) Гарлын орондоо зохих журмын дагуу бүртгэгдсэн барааны тэмдэг бүрийг холбооны гишүүн бусад оронд бүртгүүлэхээр мэдүүлж болох бөгөөд энэ зүйлд заасан тайлбараар ямар байгаагаар нь хамгаална. Эдгээр орон бүртгэлийг бүрэн албан ёсны болтол гарлын оронд нь эрх бүхий байгууллагад бүртгэсэн тухай гэрчилгээ ирүүлэхийг шаардаж болно. Тийм гэрчилгээнд ямар нэг баталгаа шаардахгүй.

(2) Холбооны гишүүн оронд мэдүүлэг гаргагч нь бодит болон үр ашиг бүхий үйлдвэрлэлийн буюу худалдааны байгууллагатай байх, хэрэв тэрээр холбооны хэмжээнд тийм байгууллагагүй боловч холбооны гишүүн оронд байнга оршин суудаг байх, эсхүл холбооны хэмжээнд байнга оршин суудаг орон байхгүй боловч холбооны гишүүн орны харьяат байх тохиолдлын аль нэгийг хангаж байвал тухайн орныг гарлын орон гэж үзнэ.

В.

Энэхүү зүйлд хамаарах барааны тэмдгийг зөвхөн дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх буюу бүртгэхээс татгалзаж болно:

1. Хэрэв тэмдэг нь эрхийн хамгаалалт хүсэж байгаа оронд гуравдагч этгээдийн олж авсан эрхийг хөндөж байвал;

2. Хэрэв тэмдэг нь ямар нэг ялгагдах шинж тэмдэггүй эсхүл тухайн тэмдэг нь бүтээгдэхүүний гарлын байршил, үнэ, зориулалт, тоо, чанар, төрлийн тэмдэглэл, үйлдвэрлэсэн хугацаа эсхүл эрхийн хамгаалалт хүсэж байгаа орны худалдааны тогтсон заншил, хэвшсэн хэлбэрт нийтлэг болсон зэрэг худалдаанд хэрэглэж болох заалтыг шууд тусгасан бүрдэлтэй байвал;

3. Хэрэв тэмдэг нь нийтэд төөрөгдөл үүсгэж болох эсхүл нийгмийн хэв журам, ёс суртахуунд харшилж байвал; Чингэхдээ нийгмийн хэв журамд шууд хамаарах хууль тогтоомжийн заалтаас өөр тэмдгийн тухай хууль тогтоомжийн ямар нэгэн заалтад тохирохгүй гэсэн ганцхан шалтгаанаар нийгмийн хэв журамд харшилж байна гэж үзэхгүй. Гэхдээ энэхүү заалтад 10 bis зүйлийн заалтыг ашиглана.

С.

(1) Тэмдгийг эрхийг хамгаалалтад авах эсэхийг тодорхойлохын тулд бүхий л бодит нөхцөл, тухайлбал тэмдгийн ашиглагдсан хугацааг авч үзнэ.

(2) Гарлын оронд бүртгэгдсэн тэмдгийн ялгагдах шинжийг өөрчлөөгүй бөгөөд тэмдгийн зөвхөн бүрдэл нь өөрчлөгдсөнөөр гарлын оронд хамгаалагдсан тэмдгээс ялгагдаж байна гэдэг ганцхан үндэслэлээр барааны тэмдгийг холбооны гишүүн бусад оронд бүртгэхээс татгалзаж болохгүй.

D.

Хэрэв гарлын оронд бүртгэгдээгүй тэмдэгт эрхийн хамгаалалт хүсэх тохиолдолд энэхүү зүйлийн заалтыг хэн ч ашиглаж болохгүй.

E.

Гэхдээ гарлын оронд хийсэн тэмдгийн бүртгэлийн шинэчлэл ямар ч тохиолдолд, уг тэмдэг бүртгэгдсэн холбооны гишүүн өөр оронд бүртгэлийг шинэчлэх үүрэг үүсгэхгүй.

F.

Гарлын оронд хийгдсэн бүртгэл 4 дүгээр зүйлд заасан хугацаанаас хожуу хийгдсэн ч, уг хугацаанд багтаж тэмдэг бүртгүүлэхээр өгсөн мэдүүлэгт давамгайлах эрхийн давуу тал хадгалагдсан байна.

6 sexies зүйл

Тэмдэг: Yйлчилгээний тэмдэг

Холбооны гишүүн орон үйлчилгээний тэмдгийг хамгаалах үүрэг хүлээнэ. Гэхдээ тэд эдгээр тэмдгийг бүртгэх үүрэг хүлээхгүй.

6 septies зүйл

Тэмдэг: Эзэмшигчийн зөвшөөрөлгүй түүний төлөөлөгч, итгэмжлэгчээр бүртгэл хийлгэх

(1) Холбооны гишүүн аль нэг орны тэмдэг эзэмшигчийн төлөөлөгч эсхүл итгэмжлэгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг буюу хэд хэдэн гишүүн оронд тэр тэмдгийг бүртгүүлэхээр өөрийн санаачилгаар мэдүүлэг өгсөн бөгөөд, хэрэв төлөөлөгч буюу итгэмжлэгч энэ үйлдлээ үнэмшүүлсэн нотолгоо гаргаагүй, тухайн улсын хууль үүнийг зөвшөөрч байвал эзэмшигч бүртгэлийг хийлгэхгүй эсэргүүцэх, түүнийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл өөрийн ашигт зориулж бүртгэлийг дахин бүртгүүлэх эрх эдэлнэ.

(2) хэрэв эзэмшигч төлөөлөгч буюу итгэмжлэгчдээ тэмдэг ашиглах зөвшөөрөл өгөөгүй бол (1) дэх хэсэгт заасан нөхцөлийг дагуу эзэмшигч тэмдгийн ашиглалтыг эсэргүүцэх эрх эдэлнэ.

(3) Yндэсний хууль тогтоомжоор энэхүү зүйлд заасан эрхийг эзэмшигч ашиглах боломжит хугацааг тогтоож болно.

7 дугаар зүйл

Тэмдэг: Тэмдэг хэрэглэж байгаа бүтээгдэхүүний шинж

Барааны тэмдэг хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний шинж байдал ямар ч тохиолдолд тэмдгийн бүртгэлийг саатуулах зүйл болохгүй.

7 bis зүйл

Тэмдэг: Хамтын тэмдэг

(1) Холбооны гишүүн орнууд гарлын орны хуультай зөрчилдөөгүй тохиолдолд үйлдвэрлэл, худалдааны байгууллага биш холбоодын хамтын тэмдгийг хамгаалах, бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авах үүрэг хүлээнэ.

(2) Орон бүр хамтын тэмдгийг хамгаалах онцгой нөхцөлийг өөрөө тодорхойлох бөгөөд хэрэв энэ тэмдэг нийтийн сонирхолд харшилж байвал түүний эрхийн хамгаалалтыг татгалзаж болно.

(3) Гэхдээ хоршоо оршин тогтнох нь гарлын орны хууль тогтоомжтой харшлаагүй тохиолдолд уг хоршоод нь эрхийн хамгаалалт хүсэж байгаа оронд оршдоггүй эсхүл тэр орны хуультай зохицоогүй байгуулагдсан гэдэг үндэслэлээр хамтын тэмдгийн эрхийн хамгаалалтыг татгалзаж болохгүй.

8 дугаар зүйл

Аж ахуйн нэгжийн нэр

Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална.

9 дүгээр зүйл

Тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр: Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласан барааг импортлоход хураах

(1) Холбооны гишүүн оронд хууль ёсны хамгаалалтын эрхтэй тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас импортлоход хураана.

(2) Хууль бус тэмдэг хэрэглэж байгаа оронд эсхүл тийм барааг импортолж буй оронд ч барааг мөн хураана.

(3) Прокурор болон бусад эрх бүхий байгууллага, сонирхогч этгээд, хувь хүн, хуулийн этгээдийн шаардлагаар орон бүрийн дотоодын хуулийн дагуу барааг хураана.

(4) Эрх бүхий байгууллагууд бараа дамжин өнгөрөх тохиолдолд хураах үүрэг хүлээхгүй.

(5) Хэрэв тухайн орны хуулиар барааг импортлох үед хураах тухай заагаагүй бол импортлохыг хориглох буюу импортолсны дараа хураах үйлдлээр барааг хураах үйлдлийг сольж болно.

(6) Хэрэв тухайн орны хуулиар барааг импортлоход хураах, импортлохыг хориглох, импортолсны дараа нь хураах тухай заагаагүй бол тухайн хуульд тохирох өөрчлөлт оруулах хүртэл эдгээр арга хэмжээг тухайн орон өөрийн харьяатад ийм тохиолдолд авах арга хэмжээтэй адил нөхцөлөөр хуулийн үйлдэл, хэрэгслээр оруулна.

10 дугаар зүйл

Худал заалт: Бүтээгдэхүүний гарал үүсэл болон үйлдвэрлэгчийн хэн болох тухай худал заалттай барааг оруулахад хураах гэх мэт

(1) Өмнөх зүйлийн заалтыг бүтээгдэхүүний гарал үүслийн тухай болон үйлдвэрлэгч, боловсруулагч, худалдаалагч хэн болох талаарх худал заалтыг шууд ба шууд бусаар ашиглах тохиолдолд хэрэглэнэ.

(2) Хувь хүн эсхүл хуулийн этгээдийн алин болохоос үл хамааран ийм барааны үйлдвэрлэл, боловсруулалт, эсхүл худалдаанд оролцсон, эсхүл барааны гарлын газар, эсхүл тийм газар байрлаж буй бүс нутагт, эсхүл худал заасан тэр оронд, эсхүл тийм худал заалтыг ашигласан газар байрлаж буй этгээдийг ямар ч тохиолдолд сонирхогч тал гэж үзнэ.

10 bis зүйл

Шударга бус өрсөлдөөн

(1) Холбооны гишүүн орнууд холбоонд оролцогч орны харьяатыг шударга бус өрсөлдөөний эсрэг үр нөлөөтэй хамгаалалтаар хангана.

(2) Yйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд үнэнч заншилд харш өрсөлдөөний аливаа үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцно.

(3) Түүний дотор дараахь зүйлийг хориглоно:

(i) өрсөлдөгчийн үйлдвэр, бараа, эсхүл өрсөлдөгчийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны хувьд ямар нэгэн аргаар андуурал үүсгэх аливаа үйлдэл;

(ii) худалдааны үйл ажиллагааны явцад өрсөлдөгчийн үйлдвэр, бараа, эсхүл түүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны нэр хүндийг унагах худал мэдээлэл хийх;

(iii) худалдааны явцад барааны мөн чанар, боловсруулалтын үйл ажиллагаа, үзүүлэлт, зориулалтаар ашиглахад тохирох байдал, тооны хувьд олон нийтийг төөрөгдөлд оруулах худал мэдээлэл ашиглах.

10 ter зүйл

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, худал заалт, шударга бус өрсөлдөөн: эрх зүйн хамгаалалт, шүүхэд хандах эрх

(1) Холбооны гишүүн орнууд холбооны гишүүн бусад орны харьяатыг 9, 10 дугаар зүйл болон 10 bis зүйлд заасан бүх үйлдлийг үр нөлөөтэй таслан зогсоох эрх зүйн хамгаалалтаар хангах үүрэгтэй.

(2) Yүнээс гадна холбооны гишүүн орнууд өөрсдийн хуулиар ийм холбоо, нэгдлүүдийг хориглоогүй тохиолдолд 9, 10 дугаар зүйл болон 10 bis зүйлд заасан үйлдлийг таслан зогсоох зорилгоор сонирхогч үйлдвэрлэгч, боловсруулагч, худалдаачны төлөөлж буй холбоо, нэгдлүүдэд эрх зүйн хамгаалалт хүсэж байгаа орны хуулиар хуулиар зөвшөөрч байгаа хэмжээнд шүүх болон захиргааны байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

11 дүгээр зүйл

Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг: Зарим олон улсын үзэсгэлэнд түр хамгаалалт олгох

(1) Холбооны гишүүн орнууд өөрийн хууль тогтоомжийн дагуу түүний нутаг дэвсгэр дээр зохион байгуулах албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын үзэсгэлэнд тавигдсан барааны хувьд патентын чадвартай шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдэгт хамгаалалт олгоно.

(2) Ийм түр хамгаалалт нь 4 дүгээр зүйлд заасан хугацаанаас хэтэрч болохгүй. Хэрэв уг хугацаанаас хожуу давамгайлах эрх шаардах тохиолдолд аливаа орны эрх бүхий байгууллага барааг үзэсгэлэнд тавьж сурталчилсан өдрөөс эхлэн энэ хугацааг тооцож болно.

(3) Орон бүр үзэсгэлэнд тавьсан барааны бодит нотолгоо буюу сурталчилсан хугацаа, мөн шаардлагатай бол бусад нотлох баримт бичгийг шаардаж болно.

12 дугаар зүйл

Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба

(1) Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээнэ.

(2) Энэ алба нь албан ёсны тогтмол хэвлэлтэй байж, дараахь зүйлийг нийтэлнэ:

(а) патент олгосон эзэмшигчийн нэрсийг патентлагдсан бүтээлийн товч тодорхойлолтын хамт;

(b) бүртгэгдсэн тэмдгийн дардас.

13 дугаар зүйл

Холбооны Ассамблей

(1) (а) Холбоо нь 13-17 дугаар зүйлийг дагаж мөрдөх холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.

(b) Орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.

(с) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

(а) Ассамблей нь:

(i) холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ;

(ii) Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) байгуулах тухай конвенцид заасан оюуны өмчийн олон улсын товчоонд (цаашид “олон улсын товчоо” гэнэ) хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлын талаар чиглэл өгөх бөгөөд ингэхдээ 13-17 дугаар зүйлийг заавал дагаж мөрдөхгүй холбооны гишүүн орнуудын саналд зохих анхаарал тавина;

(iii) байгууллагын ерөнхий захирлаас холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;

(iv) Ассамблейн гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно;

(v) гүйцэтгэх хорооны тайлан болон үйл ажиллагааг хянаж баталж, түүнд чиглэл өгнө;

(vi) холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална;

(vii) холбооны санхүүгийн журмыг батална;

(viii) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэх шинжээчдийн хороо, ажлын хэсэг байгуулна;

(ix) холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагыг түүний чуулганд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;

(x) 13-17 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батална;

(xi) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа шаардлагатай бусад арга хэмжээ авна;

(xii) энэхүү конвенцийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;

(xiii) Ассамблей өөрөө зөвшөөрсөн нөхцөлд байгууллага байгуулах тухай конвенцоор тогтоосон эрхийг хэрэгжүүлнэ.

(b) Байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын сонирхсон асуудлын хувьд Ассамблей зохицуулах хорооны зөвлөмжийг сонссоны дараа шийдвэр гаргана.

(3) (а) (b) дэд хэсгийг мөрдөх нөхцөлд төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж болно.

(b) Тусгай хэлэлцээрийн дагуу 12 дугаар зүйлд заасан аж үйлдвэрийн өмчийн үндэсний тусгай албаны үүргийг гүйцэтгэх дундын ерөнхий байгууллага бүхий холбооны гишүүн орнуудыг тэдгээрийн аль нэг нь төлөөлж болно.

(4) (а) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.

(b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(с) (b) дэд хэсгийг үл харгалзан аль нэг чуулганд Ассамблейн нийт гишүүн орны тэн хагасаас бага боловч гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийг гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулганд хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно.

(d) 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана.

(е) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(5) (а) (b) дэд хэсэгт заасан тохиолдлоос гадна төлөөлөгч зөвхөн нэг улсыг төлөөлж саналаа өгнө.

(b) (3) дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан холбооны гишүүн орнууд ерөнхий дүрмийн дагуу Ассамблейн чуулганд өөрийн орны төлөөлөгчдийг оролцуулахыг эрмэлзэнэ. Хэрэв ямар нэгэн онцгой нөхцөлд эдгээр аливаа орон өөрийн төлөөлөгчдийг оролцуулах боломжгүй бол өөр ийм орныг өөрийнх нь нэрийн өмнөөс төлөөлж санал өгөхөд итгэмжилж болно. Тэгэхдээ нэг төлөөлөгч зөвхөн нэг орны нэрийн өмнөөс санал өгч болно. Ийм санал өгөх итгэмжлэлийг төрийн тэргүүний буюу эрх бүхий сайдын гарын үсэгтэй баримтаар олгоно.

(6) Ассамблейн гишүүн бус холбооны гишүүн орнуудыг Ассамблейн чуулгаанд ажиглагчаар оролцуулна.

(7) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.

(b) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны буюу Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хусэлтийн дагуу онцгой чуулганыг зарлан хуралдуулна.

(8) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.

14 дүгээр зүйл

Гүйцэтгэх хороо

(1) Ассамблей гүйцэтгэх хороотой байна.

(2) (а) Гүйцэтгэх хороо нь Ассамблей Ассамблейн гишүүн орнуудаас сонгосон орнуудаас бүрдэнэ. Байгууллагын төв байр нутаг дэвсгэр дээр нь байрладаг орон 16 дугаар зүйлийн (7) дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу гүйцэтгэх хороонд нэг суудалтай байна.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүн орны засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(3) Гүйцэтгэх хорооны гишүүн орны тоо нь Ассамблейн гишүүн нийт орны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Эзэлбэл зохих суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваасны дараахь үлдэгдлийг тооцоонд авахгүй.

(4) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо Ассамблей газар зүйн шударга хуваарилалт болон холбоотой байгуулсан тусгай хэлэлцээрт оролцогч орнууд гүйцэтгэх хороог бүрдүүлж буй орнуудын тоонд багтах шаардлагад зохих анхаарлыг хандуулна.

(5) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн бүр түүнийг сонгосон Ассамблейн чуулган хааснаас хойш Ассамблейн дараагийн ээлжит чуулган хаах хүртэл үүргээ хэрэгжүүлнэ.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүд дахин сонгогдож болох бөгөөд гэхдээ тоо нь уг бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.

(c) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, дахин сонгох тухай тодорхой дүрмийг Ассамблей тогтооно.

(6) (а) Гүйцэтгэх хороо:

(i) Ассамблейн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ;

(ii) ерөнхий захирлын бэлтгэсэн холбооны хоёр жилийн төсөв, хөтөлбөрийн төслийн талаарх саналыг Ассамблейд оруулна;

(iii) /хасагдсан/;

(iv) ерөнхий захирлын ээлжит тайлан, санхүүгийн аудитын жилийн тайланг зохих саналын хамт Ассамблейд оруулна;

(v) Ассамблейн шийдвэрийн дагуу болон Ассамблейн ээлжит хоёр чуулганы хооронд буй болсон нөхцөл байдлыг харгалзан ерөнхий захирлаас холбооны хөтөлбөрийг биелүүлэх явдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээ авна;

(vi) энэхүү конвенцийн дагуу түүнд оноосон бусад бүх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

(b) Гүйцэтгэх хороо нь захиргааны үүргийг нь байгууллага хэрэгжүүлдэг бусад холбооны сонирхолд хамаарах асуудлаар байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны дараа шийдвэр гаргана.

(7) (а) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны ээлжит хуралдааныг аль болохоор байгууллагын зохицуулах хорооны хуралддаг газарт болон хугацаагаар жилд нэг удаа зарлан хуралдуулна.

(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл хорооны даргын эсхүл гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу гүйцэтгэх хорооны онцгой хуралдааныг зарлан хуралдуулна.

(8) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(с) Санал хураалтад оролцогсдын энгийн олонхын саналаар шийдвэр гаргана.

(d) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(е) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.

(9) Гүйцэтгэх хорооны гишүүн бус холбооны гишүүн орнуудыг хуралдаанд ажиглагчаар оролцуулна.

(10) Гүйцэтгэх хороо өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.

15 дугаар зүйл

Олон улсын товчоо

(1) (а) Холбооны захиргааны зорилтыг Уран зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай олон улсын конвенцоор байгуулагдсан холбооны товчоотой нэгдсэн холбооны товчоог залгамжилсан олон улсын товчоо хэрэгжүүлнэ.

(b) Түүнчлэн олон улсын товчоо холбооны төрөл бүрийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

(с) Байгууллагын ерөнхий захирал холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд холбоог төлөөлнө.

(2) Олон улсын товчоо аж үйлдвэрийн өмчийг хамгаалахтай холбоотой мэдээллийг цуглуулж хэвлэн нийтэлнэ. Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийг хамгаалахтай холбоотой өөрийн шинэ хууль, албан ёсны баримт бичгийг олон улсын товчоонд цаг алдалгүй өгнө. Холбооны гишүүн орон олон улсын товчоо шаардлагатай гэж үзсэн аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтад шууд хамааралтай аж үйлдвэрийн өмчийн бүх төрлийн хэвлэлийг мөн хүргүүлнэ.

(3) Олон улсын товчоо сар бүрийн хэвлэл гаргана.

(4) Олон улсын товчоо аж үйлдвэрийн өмчийг хамгаалах талаар холбооны гишүүн аль нэг орны хүсэлтээр мэдээллээр хангана.

(5) Олон улсын товчоо аж үйлдвэрийн өмчийг хамгаалах талаар судалгаа явуулж, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах асуудлыг дэмжихийг чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.

(6) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа этгээд Ассамблей, гүйцэтгэх хорооны болон аливаа бусад шинжээчдийн хороо, ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа этгээд өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.

(7) (а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу болон гүйцэтгэх хороотой хамтран конвенцийн 13-17 дугаар зүйлээс бусад заалтыг хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.

(b) Олон улсын товчоо хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

(с) Ерөнхий захирал болон түүний томилсон этгээд тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно.

(8) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ.

16 дугаар зүйл

Санхүү

(1) (а) Холбоо төсөвтэй байна.

(b) Холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ.

(с) Холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.

(2) Холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.

(3) Холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:

(i) холбооны гишүүн орнуудын татвар;

(ii) холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;

(iii) холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж;

(iv) бэлэг, гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас;

(v) түрээс, хувь болон бусад орлого.

(4) (а) Төсөвт төлөх татварын хэмжээг тогтоох зорилгоор холбооны гишүүн орон бүр тодорхой ангилалд хамаарах бөгөөд өөрийн жилийн татварыг дараахь байдлаар тогтоосон нэгжийн дагуу төлнө:

ангилал I 25

ангилал II 20

ангилал III 15

ангилал IV 10

ангилал V 5

ангилал VI 3

ангилал VII 1

(b) Аль ангилалд орохоо урьдчилан тогтоогүй бол орон бүр батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөхийн хамт хамаарахыг байхыг хүсэж байгаа ангиллыг заана. Аливаа орон бүр өөрийн ангиллыг сольж болно. Хэрэв тухайн орон доогуур ангиллыг сонговол, энэ өөрчлөлтийн тухайгаа Ассамблейд ээлжит чуулганы үеэр мэдэгдэнэ. Уг өөрчлөлт нь тэр тухай мэдэгдсэн чуулганы дараачийн хуанлийн жилийн эхнээс хүчин төгөлдөр болно.

(с) Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон, холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.

(d) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.

(е) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.

(f) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.

(5) Холбооны нэрийн өмнөөс олон улсын товчооны үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авах төлбөр, хураамжийн хэмжээг ерөнхий захирал тогтоож, Ассамблей болон гүйцэтгэх хороонд тайлагнана.

(6) (а) Холбоо нь холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

(b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна.

(с) Энэ харьцаа, төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр болон байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.

(7) (а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг тусдаа байгууллага, тухайн орон хоорондын хэлэлцээрээр зохицуулна. Тэр орон урьдчилгаа өгөх үүрэг өөртөө хүлээж байгаа хугацаандаа гүйцэтгэх хороонд суудалтай байна.

(b) (а) дэд хэсэгт дурдсан орон ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(8) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу холбооны нэг буюу хэд хэдэн орон эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.

17 дугаар зүйл

13-17 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах

(1) 13, 14, 15, 16 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч орон, гүйцэтгэх хороо эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө Ассамблейн гишүүн орон бүрт илгээнэ.

(2) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гурвын олонхын саналаар батална. Гэхдээ 13 дугаар зүйл болон энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтын тавны дөрвийн олонхын саналаар батална.

(3) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед Ассамблейн гишүүн байсан орны дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд Ассамблейн гишүүн байсан орнууд буюу түүнээс хойш Ассамблейн гишүүн болсон бүх орон заавал дагаж мөрдөнө. Гэхдээ холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан орон л дагаж мөрдөнө.

18 дугаар зүйл

1-12 дугаар зүйл болон 18-30 дугаар зүйлийг хянан өөрчлөх

(1) Холбооны тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү конвенцийг хянан өөрчилж болно.

(2) Энэ зорилгоор холбооны гишүүн орон бүрт ээлж дараалан холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан бага хурлыг зохион байгуулна.

(3) 13-17 дугаар зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 17 дугаар зүйлийн заалтын дагуу зохицуулна.

19 дүгээр зүйл

Тусгай хэлэлцээр

Энэхүү конвенцийн заалттай зөрчилдөхгүй тохиолдолд холбооны гишүүн орнууд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай өөр хоорондоо тусгай хэлэлцээр байгуулах эрхийг хадгална.

20 дугаар зүйл

Холбооны гишүүн орон соёрхон батлах буюу нэгдэн орох,

хүчин төгөлдөр болох

(1) (а) Энэхүү актад гарын үсэг зурсан холбооны гишүүн аливаа орон түүнийг соёрхон баталж болох ба хэрэв түүнд гарын үсэг зураагүй бол түүнд нэгдэн орж болно. Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(b) Холбооны гишүүн орон бүр батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичигтээ соёрхон батлах буюу нэгдэн орох нь дараахь зүйлүүдэд хамаарахгүй гэдгийг мэдэгдэж болно:

(i) 1-12 дугаар зүйл, эсхүл

(ii) 13-17 дугаар зүйл.

Хэвлэх

(с) Соёрхон батлах буюу нэгдэн орохдоо (b) дэд хэсэгт дурдсан хоёр бүлэг зүйлийн нэгийг хамаарахгүй гэж мэдэгдсэн холбооны гишүүн аливаа орон хожим нь соёрхон батлах болон нэгдэн орох үйлдэл нь эдгээр бүлэг зүйлд хамаарна гэж мэдэгдэж болно. Ийм мэдэгдлийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(2) (а) 1-12 дугаар зүйл нь батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгээ өгөхдөө (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (i)-т заасан мэдэгдлийг хийгээгүй холбооны гишүүн эхний арван орны хувьд арав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

(b) 13-17-дугаар зүйл нь батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгээ өгөхдөө (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (ii)-т заасан мэдэгдлийг хийгээгүй холбооны гишүүн эхний арван орны хувьд арав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

(с) 1-17 дугаар зүйл нь (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (i) буюу (ii)-т дурдсан хоёр бүлэг нь (а) буюу (b) дэд хэсгийн дагуу эхэлж хүчин төгөлдөр болох нөхцөлд эсхүл (1) дэх хэсгийг (b) дэд хэсгийг мөрдөх нөхцөлд, (а) буюу (b) дэд хэсэгт дурдсан орноос бусад батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн холбооны гишүүн аливаа орны хувьд эсхүл (1) дэх хэсгийн (с) дэд хэсгийн дагуу мэдэгдэл хийсэн холбооны гишүүн аливаа орны хувьд хэрэв өргөн барьсан жуух, баримт бичиг буюу мэдэгдэлд илүү хожуу хугацаа заагаагүй бол тийм баримт бичгийг хадгалуулахаар ерөнхий захиралд өргөн барьсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хожуу хугацаа заасан тохиолдолд энэхүү баримт бичиг тухайн орны хувьд тэрхүү заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.

(3) Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулахаар өгөх холбооны гишүүн аливаа орны хувьд 18-30 дугаар зүйл нь (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан бүлгийн аль нэгийн хугацаанаас илүү эрт хүчин төгөлдөр болох өдөр эсхүл (2) дахь хэсгийн (а), (b) буюу (с) дэд хэсгийн дагуу энэ орны хувьд хүчин төгөлдөр болно.

21 дүгээр зүйл

Холбооны гишүүн бус орон нэгдэн орох, хүчин төгөлдөр болох

(1) Холбооны гишүүн бус аливаа орон энэхүү актад нэгдэн орж холбооны гишүүн болж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(2) (а) Энэхүү актын аливаа заалт хүчин төгөлдөр болохоос нэг сар буюу түүнээс дээш хугацаанаас өмнө нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн холбооны гишүүн бус аливаа орны хувьд нэгдэн орсон тухай баримт бичигт илүү хожуу хугацаа заагаагүй бол заалтууд 20 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) буюу (b) дэд хэсгийн дагуу эхэлж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэхдээ:

(i) хэрэв 1-12 дугаар зүйл энэ өдөр хүчин төгөлдөр болоогүй бол тухайн орон эдгээр заалт хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд эдгээр зүйлийн хувьд Лиссабоны актын 1-12 дугаар зүйлийг дагаж мөрдөнө;

(ii) хэрэв 13-17 дугаар зүйл энэ өдөр хүчин төгөлдөр болоогүй бол тухайн орон эдгээр заалт хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд эдгээр зүйлийн хувьд Лиссабоны актын 13 дугаар зүйл болон 14 дүгээр зүйлийн (3), (4) буюу (5) дахь хэсгийг дагаж мөрдөнө.

Хэрэв нэгдэн орсон тухай баримт бичигтээ аливаа орон илүү хожуу хугацааг заасан бол энэхүү акт тухайн орны хувьд уг заасан өдөрт хүчин төгөлдөр болно.

(b) Энэхүү баримт бичгийн аль нэг бүлэг заалт хүчин төгөлдөр болсон өдрөөс нэг сараас богино хугацааны өмнө нэгдэн орсон тухай өөрийн баримт бичгээ хадгалуулахаар өгсөн холбооны гишүүн бус аливаа орны хувьд энэхүү баримт бичиг (а) дэд хэсгийн дагуу, хэрэв нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй бол нэгдэн орсон тухай ерөнхий захирал мэдэгдэл хийсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв нэгдэн орсон тухай баримт бичигтээ аливаа орон илүү хожуу хугацааг заасан бол энэхүү акт тухайн орны хувьд уг заасан өдөрт хүчин төгөлдөр болно.

(3) Энэхүү баримт бичиг бүрэн хэмжээнд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш юмуу тэр өдөр хүртэл нэг сараас бага хугацаанд нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өргөн барьсан холбооны гишүүн бус аливаа улсын хувьд энэхүү баримт бичиг, хэрэв нэгдэн орох тухай баримт бичигтээ хожуу өдрийг заагаагүй бол түүний нэгдэн орсон тухай ерөнхий захирал мэдэгдэл хийснээс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Нэгдэн орсон тухай баримт бичигтээ хугацаа заасан тохиолдолд энэхүү баримт бичиг тухайн орны хувьд заасан өдөр хүчин төгөлдөр болно.

22 дугаар зүйл

Соёрхон батлах болон нэгдэн орохын үр дагавар

20 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт болон 28 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт дурдсан нөхцөлөөс бусад тохиолдолд соёрхон батлах болон нэгдэн орсноор энэхүү актын бүх заалтуудыг хүлээн зөвшөөрөх болон түүгээр олгох бүх давуу талыг эдэлнэ.

23 дугаар зүйл

Өмнөх актуудад нэгдэн орох

Энэхүү акт бүрэн хэмжээнд хүчин төгөлдөр болсны дараа аливаа орон энэхүү конвенцийн өмнөх актуудад нэгдэн орж болохгүй.

24 дүгээр зүйл

Нутаг дэвсгэр

(1) Аливаа орон батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичигтээ эсхүл түүнээс хойш ямар ч хугацаанд ерөнхий захиралд бичгээр өгсөн мэдэгдэлд энэхүү конвенцийг бүх нутаг дэвсгэртээ эсхүл зөвхөн мэдэгдэлд заасан олон улсын харилцааны хувьд хариуцлага хүлээдэг зарим нутаг дэвсгэрт хэрэглэх тухай мэдэгдэж болно.

(2) Тийм мэдүүлэг гаргасан эсхүл тийм мэдэгдэл илгээсэн аливаа орон ямар ч үед энэхүү конвенцийг бүх нутаг дэвсгэрт эсхүл тухайн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хэрэглэхгүй тухайгаа ерөнхий захиралд мэдэгдэж болно.

(3) (а) (1) дэх хэсгийн дагуу үйлдсэн аливаа мэдэгдэл нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай бичигт заасан өдрөөс хүчин төгөлдөр болох ба дурдсан хэсгийн дагуу илгээсэн аливаа мэдэгдэл нь ерөнхий захирал энэ тухай нотолсноос хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

(b) (2) дахь хэсгийн дагуу илгээсэн аливаа мэдэгдэл нь ерөнхий захирал хүлээн авснаас хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.

25 дугаар зүйл

Конвенцийг үндэсний хүрээнд хэрэглэх

(1) Энэхүү конвенцид оролцогч орон бүр орон бүр өөрийн үндсэн хуулийн дагуу энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

(2) Орон бүр батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үед дотоодын хууль тогтоомжийн дагуу энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой болсон байх ёстой.

26 дугаар зүйл

Цуцлах

(1) Энэхүү конвенц нь цаг хугацааны хязгааргүй хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

(2) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэл илгээснээр энэхүү актыг цуцалж болно. Тийм цуцлалтад нь өмнөх бүх акт багтах бөгөөд энэ нь зөвхөн мэдэгдэл хийсэн оронд хамаарна. Энэ тохиолдолд холбооны бусад орны хувьд конвенц хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө.

(3) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(4) Энэхүү зүйлд заасан цуцлах эрх аль ч оронд түүний холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа дуусахаас өмнө үүсэхгүй.

27 дугаар зүйл

Өмнөх актыг хэрэглэх

(1) Энэхүү акт нь түүнийг мөрдөж буй орнуудын хоорондын харилцааны хувьд болон конвенцийг хэрэглэх хэмжээнд ч 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Парисын конвенцийг болон түүнийг хянан өөрчилсөн актуудыг орлоно.

(2) (а) Харин энэхүү актыг мөрддөггүй буюу бүрэн бус хэмжээнд мөрддөг бөгөөд 1958 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Лиссабоны актыг мөн мөрддөг орны хувьд Лиссабоны акт нь бүрэн хэмжээнд эсхүл (1) дэх хэсгийн заалтын дагуу энэхүү актыг орлохгүй хэмжээнд хүчин төгөлдөр байна.

(b) Энэхүү баримт бичгийг бүхэлд нь буюу түүний аль ч хэсгийг, мөн Лиссабоны баримт бичгийг огт мөрддөггүй орны хувьд 1934 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Лондонгийн акт нь бүрэн хэмжээнд эсхүл (1) дэх хэсгийн заалтын дагуу энэхүү актыг орлохгүй хэмжээнд хүчин төгөлдөр байна.

(с) Энэхүү баримт бичгийг бүхэлд нь буюу түүний аль ч хэсгийг, мөн Лиссабоны болон Лондонгийн актыг огт мөрддөггүй орны хувьд 1925 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Гаагын акт нь бүрэн хэмжээнд эсхүл (1) дэх хэсгийн заалтын дагуу энэхүү актыг орлохгүй хэмжээнд хүчин төгөлдөр байна.

(3) Холбооны гишүүн бус энэхүү баримт бичигт нэгдэн орж байгаа орнууд энэхүү актад оролцогч тал биш холбооны гишүүн аливаа орны эсхүл 20 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (i)-ийн дагуу мэдэгдэл хийсэн энэхүү актад оролцогч тал болох аль ч орны харилцаанд энэхүү баримт бичгийг хэрэглэнэ.

28 дугаар зүйл

Маргааныг шийдвэрлэх

(1) Энэхүү конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбоотой холбооны гишүүн хоёр буюу хэд хэдэн орны хооронд гаргасан аливаа маргааныг хэлэлцээрийн замаар шийдэж чадахгүй, хэрэв маргаанд оролцогч дурдсан орнууд маргааныг зохицуулах өөр аргын талаар харилцан тохиролцохгүй бол дурдсан орны аль нэг нь шүүхийн журмын дагуу мэдүүлэг гаргах хэлбэрээр олон улсын шүүхэд шилжүүлж болно. Олон улсын шүүхэд мэдүүлэг гаргаж байгаа орон шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн маргааны тухай олон улсын товчоонд мэдэгдэх бөгөөд олон улсын товчоо энэ тухай холбооны гишүүн бусад оронд мэдээлэх үүрэгтэй.

(2) Энэхүү баримт бичигт гарын үсэг зурах эсхүл батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулах үед аливаа орон өөрийгөө (1) дэх хэсгийн заалтыг мөрдөхгүй гэж мэдэгдэж болно. Харин тухайн орон болон холбооны гишүүн бусад орны хоорондын маргааны хувьд (1) дэх хэсгийн заалт хамаарахгүй.

(3) (2) дахь хэсгийн дагуу мэдүүлэг гаргасан аливаа орон ямар ч үед ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар түүнийгээ татан авч болно.

29 дүгээр зүйл

Гарын үсэг, хэл, хадгалах

(1) (а) Энэхүү баримт бичгийг нэг хувь франц хэлээр үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд Швед Улсын Засгийн газарт хадгалуулав.

(b) Сонирхсон засгийн газартай зөвлөлдсөний дараа ерөнхий захирал албан ёсны эх бичвэрийг англи, испани, итали, герман, португали, орос болон чуулганаас тогтоосон бусад хэлээр боловсруулж гаргана.

(с) Өөр өөр бичвэрийн талаарх ялгаатай ойлголт гарах тохиолдолд франц хэлээрх бичвэрийг баримтална.

(2) Энэхүү акт 1968 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Стокгольм хотод гарын үсэг зурахад нээлттэй байна.

(3) Энэхүү актын Швед Улсын Засгийн газраас баталгаажуулсан, гарын үсэг зурсан хоёр хувийг ерөнхий захирал холбооны гишүүн бүх орны засгийн газарт болон хүсэлт гаргасан бусад орны засгийн газарт илгээнэ.

(4) Ерөнхий захирал энэхүү актыг Нэгдсэн Yндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

(5) Ерөнхий захирал гарын үсэг зурсан болон батламж жуух бичиг, нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн, мөн эдгээр баримтыг бичигт дурдсан мэдэгдэл эсхүл 20 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (с) дэд хэсгийн дагуу хийсэн мэдэгдэл, энэхүү актын аливаа заалт хүчин төгөлдөр болох, цуцлах тухай мэдэгдэл, 24 дүгээр зүйлийн дагуу илгээсэн мэдэгдлийн тухай холбооны гишүүн орны засгийн газарт мэдэгдэнэ.

30 дугаар зүйл

Шилжилтийн заалт

(1) Анхны ерөнхий захирал албан тушаалдаа орох хүртэл энэхүү актад дурдсан байгууллагын олон улсын товчооны, эсхүл ерөнхий захирлын талаарх тайлбарыг холбооны товчооны эсхүл түүний захирлын талаарх тайлбар гэж үзнэ.

(2) 13-17 дугаар зүйлээр үүрэг хүлээгээгүй холбооны гишүүн орнууд Байгууллага байгуулах тухай конвенц хүчин төгөлдөр болсны дараа таван жилийн хугацаанд, хэрэв хүсвэл энэ актын 13-17 дугаар зүйлээр олгосон эрхийг хэрэгжүүлж болно.

Тийм эрхийг эдлэхийг хүсэж байгаа аливаа орон ерөнхий захиралд бичгээр мэдэгдэл илгээж, тэр нь хүлээж авсан өдрөөсөө үйлчилнэ. Тэдгээр орныг заасан хугацаа дуустал чуулганы гишүүн гэж үзнэ.

(3) Холбооны гишүүн бүх орон байгууллагын гишүүн болох хүртэл байгууллагын олон улсын товчоо холбооны товчооны хэлбэрээр үүрэг гүйцэтгэж, харин ерөнхий захирал мөн энэ товчооны захирлын хэлбэрээр ажиллана.

(4) Гагцхүү холбооны гишүүн бүх орон байгууллагын гишүүн болсны дараа холбооны товчооны хөрөнгө, эрх, үүрэг байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
59. АЖ YЙЛДВЭРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ПАРИСЫН КОНВЕНЦ
1970 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу 1970 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон