- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/-ийн биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/-т даалгасугай:
1/Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээний шалтгааныг тодорхой болгож, хэрэгцээ, шаардлага, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзан эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжтой зорилт, арга хэмжээг 2016 оны Үндсэн чиглэлтэй хамтатган хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
2/Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төлөвлөлт болон санхүүжилтийн бусад эх үүсвэртэй уялдуулж, тухайн жилд хэрэгжих боломж, бодит байдлыг харгалзан зорилт, арга хэмжээ бүрийн хүрэх түвшин, түүний биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, үргэлжлүүлэн санхүүжүүлэх зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг дараа жилийн Төсвийн тухай хуульд нэмж тусгаж байх;
3/Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцад тавих дотоодын байнгын хяналтыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдөх;
4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 52 дугаар тогтоол, эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/, Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
