A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 63. БYТЭЭГДЭХYYНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН ХАДГАЛАЛТЫН ТУХАЙ ГААГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

1960 оны 11 дүгээр сарын 28-ны Гаагийн акт

1 дүгээр зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улсууд бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тусгай холбоо байгуулна.

(2) Зөвхөн аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн улсууд энэхүү хэлэлцээрт оролцогч тал болж болно.

2 дугаар зүйл

Энэхүү хэлэлцээрийн зорилгоор:

“1925 оны хэлэлцээр” гэж 1925 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрийг;

1934 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

“энэ хэлэлцээр” эсхүл “энэхүү хэлэлцээр” гэж энэхүү актаар байгуулсан Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрийг;

“журам” гэж энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмыг;

“олон улсын товчоо” гэж Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны товчоог;

“олон улсын хадгалалт” гэж олон улсын товчоонд хийсэн хадгалалтыг;

“үндэсний хадгалалт” гэж хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллагад хийсэн хадгалалтыг;

“нэгдмэл хадгалалт” гэж хэд хэдэн загвар хамруулсан хадгалалтыг;

“олон улсын хадгалалтын гарлын улс” гэж мэдүүлэг гаргагчийн бодит болон үр ашиг бүхий үйлдвэрлэлийн буюу худалдааны байгууллага байгаа улсыг, эсхүл хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч хэд хэдэн улсад тийм байгууллагатай бол мэдүүлэгтээ заасан хэлэлцэн тохирогч улсыг; хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч аль ч улсад тийм байгууллагагүй бол түүний байнга оршин суудаг хэлэлцэн тохирогч улсыг, хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч аль нэг улсад байнга оршин суудаггүй бол түүний иргэний харьяаллын хэлэлцэн тохирогч улсыг;

“шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг улс” гэж үндэсний байгууллага нь хадгалуулж буй загвар бүрт урьдчилсан хайлт ба шүүлт хийдэг систем тогтоосон үндэсний хууль тогтоомж бүхий хэлэлцэн тохирогч улсыг тус тус хэлнэ.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч улсуудын харьяат болон хэлэлцэн тохирогч аль нэг улсын харьяат бус боловч хэлэлцэн тохирогч улсын нутаг дэвсгэрт бодит болон үр ашиг бүхий үйлдвэрлэлийн буюу худалдааны байгууллагатай эсхүл байнга оршин суудаг этгээд олон улсын товчоонд загвар хадгалуулж болно.

4 дүгээр зүйл

(1) Олон улсын хадгалалтыг олон улсын товчоонд:

1. шууд, эсхүл

2. хэрэв хэлэлцэн тохирогч улсын хуулиар зөвшөөрөгдсөн бол тухайн улсын үндэсний байгууллагаар уламжлан хийж болно.

(2) Хэлэлцэн тохирогч аль ч улсын үндэсний хууль тогтоомж тус улс нь олон улсын хадгалалтын гарлын улс байх тохиолдолд хадгалалтыг үндэсний байгууллагаар уламжлан хийхийг шаардаж болно. Энэ шаардлагыг мөрдөөгүй байх нь хэлэлцэн тохирогч бусад улсад хийгдсэн олон улсын хадгалалтад нөлөөлөхгүй.

5 дугаар зүйл

(1) Олон улсын хадгалалт нь мэдүүлэг, загварын нэг буюу түүнээс олон гэрэл зураг, эсхүл график дүрслэлээс бүрдэх бөгөөд журмаар тогтоосон хураамжийн төлбөр хийсэн байна.

(2) Мэдүүлэг нь:

1. мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр олон улсын хадгалалт үйлчлэх хэлэлцэн тохирогч улсуудын нэрсийн жагсаалтыг;

2. загварыг нэвтрүүлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүнүүд;

3. хэрэв мэдүүлэг гаргагч 9 дүгээр зүйлд заасан давамгайлах эрх эдлэхийг хүссэн тохиолдолд давамгайлах эрх үүсгэх хадгалалтын огноо, улс, уг эрхийг эдлэх хадгалуулж буй загварын тоо;

4. Журмаар тогтоосон бусад мэдээллийг тус тус агуулна.

(3) (a) Түүнчлэн мэдүүлэг нь:

1. загварын онцлог шинж чанарын товч тодорхойлолтыг;

2. загварын зохион бүтээгч хэн болох тухай мэдэгдлийг;

3. 6 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасан хэвлэн нийтлэхийг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус агуулсан байж болно.

b) Загварыг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүнүүдийг, эсхүл тэдгээрийн загварыг мэдүүлэгт хавсаргаж болно.

(4) Нэгдмэл хадгалалт нь 21 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн 4 дэх заалтад дурдсан загварын олон улсын ангиллын нэг ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүдэд хэрэгжүүлж болох хэд хэдэн загварыг агуулж болно.

6 дугаар зүйл

(1) Олон улсын товчоо нь загварын олон улсын бүртгэл хөтөлж, түүнд олон улсын хадгалалтыг бүртгэнэ.

(2) Олон улсын хадгалалтыг олон улсын товчоо нь зохих ёсоор үйлдсэн мэдүүлэг, мэдүүлгийн хамт төлөх хураамж, загварын гэрэл зураг буюу гэрэл зургууд эсхүл график дүрслэлийг хүлээн авсан өдөр, эсхүл олон улсын товчоо нь эдгээрийг өөр өдрүүдэд хүлээн авсан бол сүүлчийн хүлээн авсан өдөр хийсэнд тооцно. Бүртгэлийг мөн энэ өдрөөр хийнэ.

(3) a) Олон улсын товчоо нь олон улсын хадгалалт бүрийн талаар тогтмол хэвлэлд дараахь зүйлийг нийтэлнэ:

1. хадгалуулсан гэрэл зураг буюу график дүрслэлийн хар цагаан буюу хэрэв мэдүүлэг гаргагч хүсвэл өнгөт хуулбар;

2. олон улсын хадгалалтын огноо;

3. Журмаар тогтоосон бусад мэдээллийг тогтмол хэвлэлд тус тус нийтэлнэ.

b) Олон улсын товчоо нь уг тогтмол хэвлэлийг аль болох богино хугацаанд үндэсний байгууллагуудад илгээнэ.

(4) a) Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр (3) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан нийтлэлийг түүний хүссэн хугацаагаар хойшлуулна. Энэ хугацаа нь олон улсын хадгалалтын огнооноос эхлэн арван хоёр сараас хэтэрч үл болно. Харин давамгайлах эрх хүссэн тохиолдолд энэ хугацааг давамгайлах огнооноос эхлэн тооцно.

b) Мэдүүлэг гаргагч нь (a) дэд хэсэгт заасан хугацаанд хэдийд ч нийтлэл даруй хийхийг хүсэлт болгох буюу хадгалалтыг буцаан авч болно. Хадгалалтыг хэлэлцэн тохирогч нэг буюу зөвхөн зарим улсын хувьд, нэгдмэл хадгалалт хийсэн тохиолдолд зөвхөн зарим загварын хувьд буцаан авч болно.

c) Хэрэв мэдүүлэг гаргагч (a) дэд хэсэгт заасан хугацаанд төлбөл зохих хураамжийг төлөөгүй бол олон улсын товчоо хадгалалтыг хүчингүй болгож (3) дахь хэсгийн (a) дэд хэсэгт заасан нийтлэлийг хэрэгсэхгүй болгоно.

d) Олон улсын товчоо нь нийтлэлийг нь хойшлуулах нөхцөлөөр хийгдсэн хадгалалтын бүртгэлийг (a) дэд хэсэгт заасан хугацаа дуустал нууц байлгах бөгөөд ийнхүү хадгалалтад холбогдох аливаа баримт буюу бүтээгдэхүүнийг нийтийн хүртээл болгохгүй. Заасан хугацаа дуусахаас өмнө мэдүүлэг гаргагч хадгалалтаа хүчингүй болгосон тохиолдолд ч эдгээр заалтыг хугацааны хязгаарлалтгүйгээр хэрэглэнэ.

(5) (4) дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд бүртгэл болон олон улсын товчоонд мэдүүлсэн баримт бичиг болон бүтээгдэхүүн нь олон нийт танилцахад нээлттэй байна.

7 дугаар зүйл

(1) a) Олон улсын товчоонд бүртгүүлсэн хадгалалт нь мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгтээ заасан хэлэлцэн тохирогч улс бүрт тухайн улсын үндэсний хуулиар эрхийн хамгаалалт олгох бүх шаардлагыг мэдүүлэг гаргагч хангасан, үндэсний байгууллага нь энэ талаар захиргааны бүхий л шаардагдах үйлдлийг гүйцэтгэсэнтэй нэгэн адил үйлчлэх болно.

b) Олон улсын товчоонд бүртгүүлсэн хадгалалтад хамрагдах загварыг хамгаалах асуудлыг 11 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн тохирогч улс бүрт үндэсний хадгалалтад үндэслэн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох бүхий л шаардлага болон захиргааны үйлдлийг хэрэгжүүлж гүйцэтгэсэн загварын хувьд хэрэглэгдэх тухайн улсын үндэсний хуулийн заалтуудаар зохицуулна.

(2) Гарлын улсын хуулиар ийнхүү тогтоосон бол олон улсын хадгалалт нь тухайн улсад үйлчлэхгүй.

8 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуульд үндэсний байгууллага нь шүүлт буюу гуравдагч этгээдийн эсэргүүцлийн үндсэн дээр эрхийн хамгаалалт олгохоос татгалзаж болохоор заасан бол ийнхүү татгалзсан тохиолдолд үндэсний байгууллага нь 7 дугаар зүйлд заасныг үл харгалзан тухайн загвар нь 7 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт дурдсан захиргааны болон бусад шаардлагаас өөр тухайн улсын үндэсний хуулийн шаардлагыг хангахгүй байгааг зургаан сарын дотор олон улсын товчоонд мэдэгдэнэ. Хэрэв зургаан сарын дотор татгалзсан тухай мэдэгдээгүй бол олон улсын хадгалалт нь тухайн улсад уг хадгалалтын огнооноос эхлэн хүчин төгөлдөр болно. Харин шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч улсад үндэсний хуулиар нь үндэсний байгууллагад хийгдсэн хадгалалтад түрүү огноо олгохоор заагаагүй бол олон улсын хадгалалт нь зургаан сарын дотор татгалзсан тухай мэдэгдээгүй тохиолдолд давамгайлах эрхээ хадгалан уг хугацаа дууссанаас эхлэн хүчин төгөлдөр болно.

(2) (1) дэх хэсэгт заасан зургаан сарын хугацааг үндэсний байгууллага олон улсын хадгалалтын бүртгэлийн тухай нийтэлсэн тогтмол хэвлэлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно. Yндэсний байгууллага нь хүсэлт гаргасан аливаа этгээдэд энэ огноог мэдэгдэнэ.

(3) Мэдүүлэг гаргагч нь (1) дэх хэсэгт дурдсан үндэсний байгууллагын татгалзсан шийдвэрийн талаар загвараа тэрхүү байгууллагад хадгалуулсантай адил нөхцөлөөр гомдол гаргах эрхтэй бөгөөд ямар ч тохиолдолд татгалзсан шийдвэрийн талаар дахин шүүлт хийлгэхийг хүсэх буюу гомдол гаргаж болно. Татгалзсан шийдвэрийн тухай мэдэгдэлд:

1. загвар нь үндэсний хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж шийдвэр гаргасан үндэслэл;

2. (2) дахь хэсэгт заасан огноог;

3. дахин шүүлт хийлгэхийг хүсэх буюу гомдол гаргаж болох хугацааг;

4. ийнхүү хүсэлт буюу гомдол гаргах байгууллагыг тус тус заана.

(4) a) (1) дэх хэсэгт дурдсаны адил загварын зохион бүтээгч нь хэн болох тухай мэдэгдэл буюу загварын тодорхойлолт байхыг шаардсан заалт бүхий үндэсний хуультай хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллага нь мэдүүлэг гаргагчид хүсэлт тавьж ийнхүү хүсэлт илгээсэн өдрөөс жараас доошгүй хоногийн дотор:

1. загварын зохион бүтээгч хэн болох тухай мэдэгдэл;

2. загварын гэрэл зураг буюу график дүрслэлд харуулсан үндсэн онцлог шинжийг тайлбарласан товч тодорхойлолтыг олон улсын товчоонд гаргасан мэдүүлгийн хэл дээр тус тус ирүүлэхийг шаардаж болно.

b) Yндэсний байгууллага нь ийм мэдэгдэл буюу тодорхойлолт гаргах, эсхүл тэдгээрийг нийтлэхэд хураамж авахгүй.

(5) а) (1) дэх хэсэгт дурьдсантай ижил заалт бүхий үндэсний хуультай хэлэлцэн тохирогч аливаа улс нь энэ тухайгаа олон улсын товчоонд мэдэгдэнэ.

b) Хэрэв хэлэлцэн тохирогч улс нь хууль тогтоомжийнхоо дагуу загварыг хамгаалах хэд хэдэн системтэй бөгөөд тэдгээрийн нэгийнх нь дагуу шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг бол тийм шүүлт хийдэг улсуудад хамаарах энэ хэлэлцээрийн заалтуудыг зөвхөн тэр системийн хувьд л хэрэглэнэ.

9 дүгээр зүйл

Загварын олон улсын хадгалалтыг, мөн загварыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн улсад анх хадгалуулснаас хойш зургаан сарын дотор хийж, олон улсын хадгалалтад давамгайлах эрхийг хүссэн тохиолдолд давамгайлах огноог тэрхүү анхны хадгалалтын огноогоор тогтооно.

10 дугаар зүйл

(1) Журмаар тогтоосон хугацаа сунгуулах хураамжийг ээлжит таван жилийн хугацааны сүүлчийн жилд багтаан төлж олон улсын хадгалалтын хугацааг тав таван жилээр сунгуулж болно.

(2) Журмаар тогтоосон нэмэгдэл хураамжийг төлсөн нөхцөлд олон улсын хадгалалтыг сунгуулахад зургаан сарын хөнгөлөлтийн хугацаа олгоно.

(3) Хугацаа сунгуулах хураамжийг төлөх үед олон улсын хадгалалтын дугаарыг, мөн хадгалалтын хугацаа дуусах гэж буй бүх хэлэлцэн тохирогч улсын хувьд хугацааг сунгуулахгүй байх тохиолдолд хугацааг сунгуулах хэлэлцэн тохирогч улсуудыг тус тус заана. Нэгдмэл хадгалалтад хамаарах зөвхөн зарим загварын хувьд хугацаа сунгуулж болно.

(4) Нэгдмэл хадгалалтад хадгалуулсан загварын хадгалалтын сунгалтыг зөвхөн зарим загвараар хязгаарлаж болно.

(5) Олон улсын товчоо нь хугацааны сунгалтыг бүртгэж, нийтэлнэ.

11 дүгээр зүйл

(1) a) Олон улсын хадгалалт бүхий загварын хувьд хэлэлцэн тохирогч улсад олгосон хамгаалалтын хугацаа нь:

1. хэрэв хадгалалтын хугацааг сунгуулсан бол олон улсын хадгалалтын огнооноос эхлэн арван жилээс;

2. хадгалалтын хугацааг сунгуулаагүй бол олон улсын хадгалалтын огнооноос эхлэн таван жилээс доошгүй байна.

b) Харин шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуулийн дагуу хамгаалалт нь олон улсын хадгалалтынхаас хойших огнооноос эхэлдэг бол (a) дэд хэсэгт заасан доод хугацааг тухайн улсад хамгаалалт эхлэх огнооноос тооцно. Олон улсын хадгалалтыг сунгуулаагүй буюу зөвхөн нэг удаа сунгуулах явдал нь ийнхүү тогтоосон хамгаалалтын доод хугацаанд нөлөөлөхгүй.

(2) Хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуулиар үндэсний хадгалалт бүхий загварыг хамгаалах хугацаа нь сунгуулсан буюу сунгуулаагүй ч арван жилээс илүү байх тохиолдолд тухайн улсад олон улсын хадгалалт бүхий загварыг олон улсын хадгалалтын болон түүний хугацааг сунгасны үндсэн дээр мөн тэр хугацаанд хамгаална.

(3) Хэлэлцэн тохирогч улс нь үндэсний хуулиараа олон улсын хадгалалт бүхий загварыг хамгаалах хугацааг (1) дэх хэсэгт заасан хугацаагаар хязгаарлаж болно.

(4) Хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуульд олон улсын хадгалалтын хугацаа дууссанаас хойш хамгаалалт үргэлжилнэ гэж заагаагүй бол тухайн улсад хамгаалалт нь (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасныг харгалзан олон улсын хадгалалтын хугацаа дууссан өдрөөс үйлчлэхээ болино.

12 дугаар зүйл

(1) Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр олон улсын хадгалалт бүхий загварын эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэж энэ тухай нийтэлнэ . Хэлэлцэн тохирогч зөвхөн нэг буюу зарим улсын хувьд болон нэгдмэл хадгалалтын тохиолдолд түүнд хамрагдах зөвхөн зарим загварын хувьд олон улсын хадгалалтаас үүсэх эрхийн эзэмшигч нь өөрчлөгдөж болно гэж ойлгоно.

(2) (1) дэх хэсэгт дурьдсан бүртгэл нь хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллагад хийгдсэн бүртгэлтэй нэгэн адил үйлчилнэ.

13 дугаар зүйл

(1) Олон улсын хадгалалтын эзэмшигч нь олон улсын товчооны нэр дээр мэдэгдэл ирүүлснээр хэлэлцэн тохирогч бүх буюу зөвхөн зарим улсын хувьд болон нэгдмэл хадгалалтын тохиолдолд түүнд хамрагдах зөвхөн зарим загварын хувьд өөрийн эрхээсээ татгалзаж болно.

(2) Олон улсын товчоо нь энэхүү мэдэгдлийг бүртгэж энэ тухай нийтэлнэ.

14 дүгээр зүйл

(1) Хэлэлцэн тохирогч аль ч улс хамгаалалт олгох нөхцөл болгож загварт багтаж байгаа зүйлийн загварын хадгалалт хийгдсэн тухай тэмдэг буюу тэмдэглэл тавихыг шаардаж болохгүй.

(2) Хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуулиар бүтээгдэхүүн дээр ямар нэг өөр зорилгоор тэмдэг тавьж байхаар заасан тохиолдолд тэр улс нь загварын эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр нийтэд гаргасан бүх бүтээгдэхүүн буюу тэдгээрийн шошго дээр олон улсын загварын тэмдэглэл тавьсныг уг шаардлагыг хангасан гэж үзнэ.

(3) Олон улсын загварын тэмдэглэл нь D (дугуй доторх том D үсэг) гэсэн тэмдгээс бүрдэхийн зэрэгцээ:

1. олон улсын хадгалалтын он ба хадгалуулагчийн нэр буюу товчилсон нэрийг, эсхүл

2. олон улсын хадгалалтын дугаарыг тэмдэглэн дагалдуулсан байна.

(4) Бүтээгдэхүүн буюу шошго дээр олон улсын загварын тэмдэглэл тавьсан байх нь л аливаа байдлаар зохиогчийн эрхийн буюу аливаа бусад хамгаалалтаас татгалзсан гэж, харин тэмдэглэл тавиагүй тохиолдолд ийнхүү хамгаалалтыг хүсэлт болгож болно гэж үзэхгүй.

15 дугаар зүйл

(1) Журмаар тогтоосон хураамж нь:

1. олон улсын товчоонд төлөх хураамж;

2. мэдүүлэг гаргагчийн заасан хэлэлцэн тохирогч улсад төлөх хураамж, үүнд:

a) хэлэлцэн тохирогч улс бүрт төлөх хураамж;

b) шинэлэгийг тогтоох шүүлт хийсний хураамж авдаг хэлэлцэн тохирогч улс бүрт төлөх хураамжаас тус тус бүрдэнэ.

(2) Нэг ижил загварын хувьд хэлэлцэн тохирогч улсад (1) дэх хэсгийн (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт заасны дагуу төлсөн аливаа хураамжийн дүнг хэрэв (1) дэх хэсгийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан хураамжийг мөн улсад төлөх бол уг хураамжийн дүнгээс хасна.

16 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улсуудад төлөх 15 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн 2 дахь заалтад дурдсан хураамжийг олон улсын товчоо хуримтлуулж жил бүр мэдүүлэг гаргагчийн заасан хэлэлцэн тохирогч улсуудад хуваарилан төлнө.

(2) (a) Хэлэлцэн тохирогч аливаа улс олон улсын хадгалалтын хувьд гарлын улс болох хэлэлцэн тохирогч бусад улсыг 15 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн 2 дахь заалтын (а) дэд хэсэгт дурдсан нэмэгдэл хураамж авах эрхээсээ татгалзахад мөн ийнхүү татгалзаж буй тухайгаа олон улсын товчоонд мэдэгдэж болно.

(b) Тухайн улс нь олон улсын хадгалалтын хувьд өөрөө гарлын улс болох тохиолдолд мөн ийнхүү татгалзаж болно.

17 дугаар зүйл

Журам нь энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдох зүйл, заалтуудыг тогтооно. Тухайлбал:

1. хадгалалтын мэдүүлгийг үйлдэх хэл, хадгалуулахаар өгөх мэдүүлгийн хуулбарын тоо, мэдүүлэгт тусгах огноо.

2. Олон улсын товчоо болон бусад улсад төлөх хураамжийн төлбөрийн дүн, огноо, төлбөр хийх хэлбэр, мөн шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч улсад ноогдох хураамжийн хязгаар;

3. хадгалуулсан загвар бүрийн гэрэл зураг буюу бусад график дүрслэлийн тоо, хэмжээ ба бусад шинж;

4. загварын онцлог шинжийн тодорхойлолтын хэмжээ;

5. загварт багтаж байгаа зүйлийн үлгэр буюу загварыг мэдүүлэгт хавсаргаж болох нөхцөл, хязгаарлалт;

6. нэгдмэл хадгалалтад хамруулж болох загварын тоо болон нэгдмэл хадгалалтад холбогдох бусад нөхцөл;

7. 6 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан тогтмол хэвлэлийг нийтлэх, тараахтай холбогдох бүх асуудал, түүнчлэн уг хэвлэлийг үндэсний байгууллагуудад үнэ төлбөргүй тараах болон үнэ хямдруулан худалдаж болох хувийн тоо хэмжээ;

8. хэлэлцэн тохирогч улсууд 8 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу татгалзсан тухайгаа мэдэгдэх журам, энэ тухай мэдэгдлийг олон улсын товчоо хүлээн авах ба нийтлэх журам;

9. олон улсын товчоо 12 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу загварын эзэмшигч өөрчлөгдсөнийг, 13 дугаар зүйлд заасны дагуу эрхээсээ татгалзсаныг бүртгэх ба нийтлэх журам;

10. хугацаа сунгах боломжгүй болсон хадгалалтад хамаарах баримт бичиг болон бүтээгдэхүүнийг буцааж тараах зэрэг болно.

18 дугаар зүйл

Энэхүү хэлэлцээрийн заалтууд нь хэлэлцэн тохирогч улсын үндэсний хэмжээнд олгож болох аливаа давуу хамгаалалт хүсэхийг үгүйсгэхгүй бөгөөд зохиогчийн эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн дагуу урлагийн ба хавсарга урлагийн бүтээлд бүртгэсэн хамгаалалтыг аливаа байдлаар хөндөхгүй.

19 дүгээр зүйл

Энэхүү xэлэлцээрийн дагуу олон улсын товчоо үйлчилгээ үзүүлсний хураамжийг:

a) Олон улсын загварын үйлчилгээний бүх зардал, олон улсын загварын хорооны хурал эсхүл энэхүү хэлэлцээрийг хянан өөрчлөх бага хурлыг бэлтгэж явуулахад шаардагдах бүх зардлыг нөхөж болох;

b) 20 дугаар зүйлд дурдсан нөөцийн санг хадгалж болох хэмжээгээр тогтооно.

20 дугаар зүйл

(1) Нөөцийн санд 250.000 швейцарь франк байна. Нөөцийн сангийн хэмжээг 21 дүгээр зүйлд заасан олон улсын загварын хороо өөрчилж болно.

(2) Нөөцийн санг олон улсын загварын албан орлогын илүүдлээс нөхөн бүрдүүлнэ.

(3) a) Харин энэхүү xэлэлцээр хүчин төгөлдөр болох үед нөөцийн санг хэлэлцэн тохирогч улс бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 13 дугаар зүйлийн (8) дахь хэсэгт тодорхойлсон тухайн улс хамаарагдах ангилалд тохирох нэгжийн тоонд харьцуулан тогтоосон хэмжээгээр төлөх нэг удаагийн төлбөрөөр бүрдүүлнэ.

b) Энэхүү xэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа түүнд оролцогч тал болсон улс нь мөн нэг удаагийн төлбөр төлнө. Энэ төлбөрийн хэмжээг өмнөх хэсэгт тодорхойлсон зарчмын дагуу тогтоох бөгөөд энэхүү xэлэлцээрт хэдийд оролцогч тал болсныг үл харгалзан бүх улсууд нэг нэгжид тохирох ижил хэмжээний төлбөр төлнө.

(4) Нөөцийн сангийн хэмжээ нь тогтоосон хэмжээнээсээ илүү гарвал илүүдлийг хэлэлцэн тохирогч улсуудад тэдгээрийн төлсөн нэг удаагийн төлбөрийн харьцаагаар уг төлбөрийн хэмжээнд хүртэл тухай бүр хуваарилан тараана.

(5) Олон улсын загварын хороо нь нэг удаагийн төлбөрүүдийг бүрэн нөхөн олгож дууссан тохиолдолд цаашид энэхүү хэлэлцээрт оролцогч тал болох улсуудаас нэг удаагийн төлбөр төлөхийг шаардахгүй байхаар шийдвэрлэж болно.

21 дүгээр зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улсуудын төлөөлөгчдөөс бүрдсэн олон улсын загварын хороо байгуулна.

(2) Хороо нь дараахь эрх, үүрэгтэй:

1. өөрийн дотоод журмыг боловсруулах;

2. журамд нэмэлт, өөрчлөлт оруулах;

3. 20 дугаар зүйлд дурьдсан нөөцийн сангийн хэмжээг шинэчлэх;

4. олон улсын загварын ангилал бий болгох;

5. энэхүү xэлэлцээрийг хэрэгжүүлэх, хянан өөрчилж болох асуудлыг судлах;

6. загварын олон улсын хамгаалалтын талаарх бусад асуудлыг судлах;

7. олон улсын товчооны жилийн тайланг хэлэлцэн баталж, энэхүү хэлэлцээрийн дагуу олон улсын товчооны гүйцэтгэх үүргийн талаар ерөнхий заавар, зөвлөмж өгөх;

8. олон улсын товчооны дараагийн гурван жилийн хугацааны зардлын талаар урьдчилсан тайлан бэлтгэх.

(3) (2) дахь хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтад заасан хорооны шийдвэрийг хороонд оролцож буй эсхүл төлөөлүүлж буй гишүүдийн тавны дөрвийн олонхын саналаар, бусад тохиолдолд энгийн олонхын саналаар тус тус батална. Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(4) Хороо нь олон улсын товчооны захирлын зарласнаар:

1. гурван жилд нэгээс доошгүй удаа;

2. хэлэлцэн тохирогч улсуудын гуравны нэгийн шаардлагаар буюу олон улсын товчооны захирал буюу Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын санаачилгаар аль ч үед хуралдана.

(5) Хорооны гишүүдийн замын зардал, байр хоногийн зардлыг тэдгээрийн засгийн газар хариуцна.

22 дугаар зүйл

(1) Журамд нэмэлт өөрчлөлтийг 21 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн 2 дахь заалтын дагуу Хорооны зүгээс, эсхүл энэ зүйлийн (2) дахь хэсэгт тогтоосон бичгээр үйлдэх дүрмийн дагуу оруулж болно.

(2) Бичгээр үйлдэх дүрмээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг олон улсын товчооны захирал хэлэлцэн тохирогч улс бүрийн засгийн газарт захидал илгээж санал болгоно. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хэлэлцэн тохирогч аль нэг улс татгалзахгүй бол нэмэлт өөрчлөлтийг баталсанд тооцно.

23 дугаар зүйл

(1) Энэхүү xэлэлцээр нь 1961 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

(2) Хэлэлцээрийг соёрхон батлах ёстой бөгөөд батламж жуух бичгийг Нидерландын Засгийн газарт хадгалуулна.

24 дүгээр зүйл

(1) Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зураагүй Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн улсууд түүнд нэгдэн орж болно.

(2) Ийнхүү нэгдэн орж буйг дипломат шугамаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт, түүгээр уламжлан хэлэлцэн тохирогч бусад улсын засгийн газарт мэдэгдэнэ.

25 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улс бүр бүтээгдэхүүний загварыг хамгаалах нөхцөл бүрдүүлэх, өөрийн Үндсэн хуулийн дагуу энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

(2) Хэлэлцэн тохирогч улс нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулах үед үндэсний хууль тогтоомжийн дагуу энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

26 дугаар зүйл

(1) Энэхүү xэлэлцээр нь түүнийг байгуулсан өдөр 1925 буюу 1934 оны xэлэлцээрүүдэд оролцогч тал байгаагүй дөрвөөс цөөнгүй улсын, нийт арван батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай мэдэгдлийг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч улсуудад илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

(2) Цаашид батламж жуух бичиг ба нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан тухайг хэлэлцэн тохирогч улсуудад Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар мэдэгдэж байна. Ийнхүү соёрхон баталсан болон нэгдэн орсон нь, хэрвээ нэгдэн орсон тохиолдолд нэгдэн орсон тухай баримт бичигт хожмын өдөр заагаагүй бол тухайн мэдэгдлийг илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

27 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа улс гадаад харилцааных нь тухайд хариуцлага хүлээж буй бүх буюу зарим нутаг дэвсгэрийн хувьд энэхүү хэлэлцээр үйлчлэх тухайг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хэдийд ч мэдэгдэж болно. Улмаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар ийнхүү мэдэгдсэн тухай хэлэлцэн тохирогч улсуудад мэдээлэх бөгөөд энэхүү хэлэлцээр нь тухайн мэдэгдэлд хожмын өдөр заагаагүй бол Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч улсуудад мэдээлэл илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа тухайн нутаг дэвсгэрийн хувьд үйлчлэх болно.

28 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч аливаа улс Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт мэдэгдэл илгээж өөрийн нэрийн өмнөөс эсхүл 27 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдэлд заасан бүх буюу зарим нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү xэлэлцээрийг цуцалж болно. Энэхүү мэдэгдэл нь Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар түүнийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа үйлчлэх болно.

(2) Ийнхүү цуцлах нь хэлэлцэн тохирогч аливаа улсыг цуцалсан өдрөөс өмнө энэхүү xэлэлцээрийн дагуу олон улсын товчоонд хадгалуулсан загварын хувьд хүлээсэн үүргээс нь чөлөөлөхгүй.

29 дүгээр зүйл

(1) Загварын олон улсын хадгалалтаас үүсэх хамгаалалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү хэлэлцээрийг үе үе хянан өөрчлөхөөр авч үзнэ.

(2) Хянан өөрчлөх бага хурлыг олон улсын загварын хорооны буюу хэлэлцэн тохирогч улсуудын тэн хагасаас багагүй улсуудын хүсэлтээр хуралдуулна.

30 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч хоёр буюу түүнээс дээш улсууд мэдэгдэлдээ заасан нөхцөлийн дагуу:

1. тэдгээрийн үндэсний байгууллагыг нэг байгууллага төлөөлөх;

2. тэдгээр нь энэхүү xэлэлцээрийн 2-17 дугаар зүйлийн хувьд нэг улс гэж тооцогдох тухайгаа Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хэдийд ч мэдэгдэж болно.

(2) Энэхүү мэдэгдэл нь Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч бусад улсуудад энэ тухай мэдээлэл илгээсэн өдрөөс хойш зургаан сар болохоос өмнө үйлчлэхгүй.

31 дүгээр зүйл

(1) Энэхүү xэлэлцээрт болон 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт нэгэн зэрэг оролцогч талууд болох улсуудын хоорондын харилцааны хувьд зөвхөн энэхүү xэлэлцээрийг ганцаар нь хэрэглэнэ. Харин эдгээр улсын хоорондын харилцааны хувьд энэхүү xэлэлцээрийг хэрэглэж эхэлсэн өдрөөс өмнө олон улсын товчоонд хадгалуулсан загварын талаарх хоорондын харилцаанд тухайн байдлыг харгалзан 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрийг хэрэглэнэ.

(2) a) Энэхүү xэлэлцээрт болон 1925 оны хэлэлцээрт нэгэн зэрэг оролцогч тал болох хэлэлцэн тохирогч аливаа улс нь зөвхөн 1925 оны хэлэлцээрт оролцогч тал болох улстай харилцахдаа хэрэв тухайн улс нь 1925 оны хэлэлцээрийг цуцлаагүй бол 1925 оны хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

b) Энэхүү xэлэлцээрт болон 1934 оны хэлэлцээрт оролцогч тал болох хэлэлцэн тохирогч аливаа улс нь зөвхөн 1934 оны хэлэлцээрт оролцогч тал болох улстай харилцахдаа хэрэв тухайн улс нь 1934 оны хэлэлцээрийг цуцлаагүй бол 1934 оны хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

(3) Зөвхөн энэхүү xэлэлцээрт оролцогч улс нь энэхүү xэлэлцээрт оролцогч бус 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт оролцогч улсын хувьд ямар ч үүрэг хүлээхгүй.

32 дугаар зүйл

(1) Энэхүү xэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт оролцогч улс энэхүү xэлэлцээрт гарын үсэг зурж соёрхон баталсан буюу нэгдэн орсныг хэрэв тухайн улс гарын үсэг зурахдаа буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахдаа татгалзсан мэдэгдэл хийгээгүй бол энэхүү xэлэлцээрт хавсаргасан протоколд гарын үсэг зурж соёрхон баталсан буюу нэгдэн орсонд тооцно.

(2) (1) дэх хэсэгт дурдсан мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч аливаа улс эсхүл 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт оролцогч бус хэлэлцэн тохирогч бусад улс энэхүү xэлэлцээрт хавсаргасан протоколд гарын үсэг зурах буюу нэгдэн орж болно. Гарын үсэг зурахдаа буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахад тухайн улс нь протоколын 2 дахь хэсгийн (a) буюу (b) дэд хэсэгт заасны хувьд үүрэг хүлээхгүй тухайгаа мэдэгдэж болох бөгөөд энэ тохиолдолд протоколд оролцогч бусад улс тухайн улстай харилцахдаа тэрхүү мэдэгдэлд заасан заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй. 23-28 дугаар зүйлийн заалтыг тохируулан хэрэглэнэ.

33 дугаар зүйл

Энэхүү актыг нэг хувь үйлдэн гарын үсэг зурж Нидерландын Засгийн газарт хадгалуулахаар хүлээлгэн өгнө. Баталгаажуулсан хувийг гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улс бүрийн засгийн газарт илгээнэ.

Протокол

Энэхүү протоколд оролцогч улсууд дараахь зүйлийг тохиролцов:

(1) Олон улсын хадгалалтад хамаарах загварын хувьд энэхүү протоколд оролцогч улсуудын нэг нь гарлын улс гэж тооцогдоход энэхүү протоколын заалтуудыг тэр загварын хувьд хэрэглэх болно.

(2) (1) дэх хэсэгт дурдсан загварын хувьд:

a) (1) дэх хэсэгт дурдсан загварын хувьд энэхүү протоколд оролцогч улсын олгодог хамгаалалтын хугацаа нь тухайн байдлыг харгалзан 11 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (a) буюу (b) дэд хэсэгт заасан огнооноос эхлэн 15 жилээс багагүй байна.

b) Энэхүү протоколд оролцогч улс нь аливаа тохиолдолд түүний нутаг дэвсгэр дээр олон улсын хадгалалтаас үүсэх эрхийг эдлэхийн тулд эсхүл аливаа бусад зорилгоор загварыг хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн буюу тэдгээрийн шошго дээр тэмдэглэл тавихыг шаардахгүй.