A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 305

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсөв болон Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж байгуулж байгаа авто зам, гүүрийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016-9-21-ний өдрийн 95-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг тухайн чиглэлийн авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд олгохыг нийслэлийн Засаг дарга болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг дарга нарт, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд тус тус даалгасугай.

3. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн энэ тогтоолын хавсралтад заасан Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 4 багц (Багц 1: Хашаатын даваа-Шургын гүүр чиглэлийн 50 км; Багц 2: Шургын гүүр-Ховд чиглэлийн 53.9 км; Багц 3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км; Багц 4: Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км) буюу нийт 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ