A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийн 10.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн нийт хувьцааны 10 (арван) хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмших тухай Аж үйлдвэрийн яамны саналыг зарчмын хувьд зөвшөөрч, төрийн төлөөллийг хэрэгжүүлэхийг тус яаманд даалгасугай.

2. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сард багтаан зохион байгуулж, дүнг энэ оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.

3. "Оюу толгой" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-т заасны дагуу Монгол Улсад Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааг эхлүүлэх, уг судалгааны тайланд түшиглэн Оюу толгойн зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах талаар "Оюу толгой" ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ