- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 459 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 459 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1) Стратегийн удирдлага, зохицуулалтын газар (Гадаад хамтын ажиллагааны албатай); (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2) Хууль, эрх зүйн газар;
3) Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;
4) Захиргаа, хүний нөөцийн газар (Гадаад хамтын ажиллагааны албатай); (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
5) Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар;
6) Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэс;
7) Мэдээллийн технологийн хэлтэс;
8) Төрийн ёслолын хэлтэс;
9) Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс;
10) Ерөнхий сайдын ажлын алба;
11) Шадар сайдын ажлын алба;
12) Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор нэмсэн)
13) Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын алба. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор нэмсэн)
2. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын дэргэд ажиллуулж, Ажлын албаны чиг үүргийг тус газрын Хууль, эрх зүйн газарт хариуцуулсугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 143 байхаар тогтоосугай. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай:
4.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан 2016 оны 8 дугаар сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
4.2. энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж, үйл ажиллагааг нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоол, "Ажилд томилох тухай" Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
