A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 47

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай. Үүнд:

1/Төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр:

а/стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх;

б.төмөр зам, авто зам, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн бусад салбарыг дэмжих;

в.уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг татах;

г/татварын бааз суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бүртгэл, хураалт, хяналтын системийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэх;

д/газрын төлбөрийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, газрын үнэлгээ, татварын механизмыг сайжруулах ажлыг судалж, эхлүүлэх.

2/Төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр:

а/бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зэргээр орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах, батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх эрхийг олгох;

б/бүтцийн өөрчлөлт хийх болон чиг үүргийн давхардлыг арилгах замаар батлагдсан төсвөөс хэмнэсэн цалингийн сан болон бараа үйлчилгээний бусад зардлыг байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар зарцуулахыг зөвшөөрөх;

в/бараа үйлчилгээний зардлыг дараахь байдлаар бууруулах. Үүнд:

1/албан ажлын зайлшгүй шаардлага гарч, дээд шатны удирдах байгууллага, албан тушаалтны албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх;

2/албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх;

3/тавилга шинээр худалдан авахгүй байх;

4/эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байх;

5/төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;

6/төсвийн хөрөнгөөр автомашин шинээр худалдан авахгүй байх;

7/эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдал, авлигатай тэмцэх, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, прокурор, цагдаагийн эргүүл хамгаалалт, шүүхийн шинжилгээний алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хил хамгаалах, батлан хамгаалах салбарын байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллага албан ажлын хэрэгцээнд нэгээс илүү автомашин хэрэглэхийг зогсоож, тээвэр, шатахуун, cэлбэг хэрэгсэл, үйлчилгээний бусад зардлыг бууруулах;

8/төв, суурин газарт албан ажлын хэрэгцээнд шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх, хөдөө орон нутагт ажиллах тохиолдолд албан ажлын автомашин дуудлагаар хэрэглэх журмыг баталж, мөрдүүлэх;

г/улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжүүлж чадаагүй үлдэгдэл, "Барих-шилжүүлэх" концессын гэрээний эргэн төлөлт, шүүхийн шийдвэрээр олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн векселиэр баталгаажуулахгүй байх;

д/төсөвт мөрдөгдөж байгаа норм, норматив, стандартыг шинэчлэн тогтоож, 2017 оны төсвийн жилээс эхлэн мөрдөх;

е/спорт цогцолбор, усан бассейн, соёлын төвийн хөрөнгө оруулалтыг шинээр эхлүүлэхгүй байх, цэцэрлэг, сургуулийг түрээсийн зарчмаар ажиллуулах, төсвийн хөрөнгөөр баригдсан үйл ажиллагаа нь эхлээгүй, дутуу баригдсан барилга, байгууламжийг зарж борлуулах, төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй байх.

3/Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр:

а/хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэх эрх олгосон болон санхүүжилт хийсэн төсвийн ерөнхийлөн захирагч, бусад этгээдэд аудит, хууль хяналтын байгууллагын холбогдох шийдвэрийн дагуу хариуцлага тооцох;

б/Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний Аудитын газрын хийсэн дүгнэлтэд тусгагдсан зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулах.

2.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэгт болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэх, хэрэгжих хугацааг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцохоор тогтоосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД