A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ /Албан бус орчуулга /

1969 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Энэхүү Конвенцид оролцогч улсууд,

Олон улсын харилцааны түүхэнд гэрээ нэн чухал үүрэгтэйг харгалзан, гэрээ нь олон улсын эрх зүйн эх сурвалжийн хувьд болон төр, нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан улс түмний хооронд энх тайванч хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэглүүрийн хувьд улам өсөн нэмэгдэж буй ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, чөлөөтэй харилцан тохирох, чин үнэнч байх зарчим, /pacta sunt servanda /гэрээг дагаж мөрдөх ёстой/-гийн хэм хэмжээг бүх нийтээр хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж, олон улсын аливаа маргааны нэгэн адил гэрээтэй холбогдолтой маргаан зөвхөн эв зүйгээр, шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу зохицуулагдах ёстойг нотлон,

Нэгдсэн Үндэстний улс түмэн шударга ёс гэрээнээс үүдэн гарах үүргийг хүндэтгэх явдлыг сахин мөрдөж болох нөхцөл бүрдүүлэх шийдвэр төгс байгааг дурдаж,

Ард түмний тэгш эрх, өөртөө засан тохинох эрх, бүх улсын бүрэн эрхт тэгш байдал, тусгаар тогтнол, улс гүрний дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг хориглох, хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн дагаж мөрдөх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тусгагдсан олон улсын эрх зүйн зарчмуудыг анхааралдаа авч,

Энэхүү Конвенцид гэрээний эрх зүйг хуульчлан дэвшилттэйгээр хөгжүүлсэн нь НҮБ-ын Дүрэмд заасан түүний зорилтуудыг хэрэгжүүлэх, тухайлбал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахих, улс түмний хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх болон тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэн,

Энэхүү Конвенцийн заалтаар зохицуулагдаагүй асуудлууд нь урьдын адил олон улсын зан заншлын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байна гэдгийг нотолж,

Дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ.

ОРШИЛ

Нэгдүгээр зүйл

Энэхүү Конвенцийг хэрэглэх хүрээ

Энэхүү Конвенцийг улсуудын хооронд байгуулах гэрээнд хэрэглэнэ.

Хоёрдугаар зүйл

Нэр томъёог хэрэглэх

1.Энэхүү Конвенцийн зорилгод:

а/”гэрээ” гэж нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ;

б/”соёрхон батлах”, “хүлээн зөвшөөрөх”, “батлах”, “нэгдэн орох” гэж улс гүрэн гэрээг заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрч байгааг илэрхийлсэн бөгөөд тухайн тохиолдол бүрт өөр өөрөөр нэрлэгдэх олон улсын үйлдлийг хэлнэ;

в/”бүрэн эрх” гэж өөрийн улсыг төлөөлөн хэлэлцээ хийх, гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрөх буюу түүний адил хүчинтэйг тогтоох, гэрээг заавал биелүүлэх тухай өөрийн улсын зөвшөөрлийг илэрхийлэх буюу гэрээнд холбогдох бусад аливаа үйлдлийг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн улсын эрх бүхий байгууллагаас нэг буюу хэд хэдэн этгээдийг томилж байгаа баримт бичгийг хэлнэ;

г/”тайлбар” гэж гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо тухай улс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхдээ түүний тодорхой заалтуудын хуулийн үйлчлэлийг өөрийн хувьд хасах буюу өөрчлөхийг хүсч аливаа хэлбэрээр, аливаа нэрээр хийсэн нэг талын мэдэгдлийг хэлнэ;

д/”хэлэлцээнд оролцогч улс” гэж гэрээний эх бичвэрийг зохиох, хүлээн зөвшөөрөхөд оролцсон улсыг хэлнэ;

е/”хэлэлцэн тохирогч улс” гэж гэрээ хүчин төгөлдөр болсон эсэхээс шалтгаалахгүйгээр уг гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн улсыг хэлнэ;

ё/”оролцогч” гэж гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн бөгөөд түүний хувьд тухайн гэрээ хүчин төгөлдөр байгаа улсыг хэлнэ;

ж/”гуравдагч улс” гэж гэрээнд оролцоогүй улсыг хэлнэ;

з/”олон улсын байгууллага” гэж Засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ.

2.Энэхүү Конвенцийн нэр томъёог хэрэглэхтэй холбогдуулан 1-д дурдсан заалтууд нь эдгээр нэр томъёо буюу утгыг аливаа улсын дотоодын хууль зүйгээр тайлбарлах явдлыг хөндөхгүй.

Гуравдугаар зүйл

Энэхүү Конвенцийг хэрэглэх хүрээнд хамаарагдахгүй олон улсын хэлэлцээрүүд

Улсууд болон олон улсын эрх зүйн бусад субъектын хооронд, эсхүл олон улсын эрх зүйн тийм субъектууд өөр хоорондоо байгуулсан олон улсын хэлэлцээр, бичгийн бус хэлбэрээр байгуулсан олон улсын хэлэлцээрүүдийн хувьд энэхүү Конвенцийг хэрэглэхгүй бөгөөд тэр нь:

а/тийм хэлэлцээрүүд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх;

б/энэхүү Конвенцид тусгагдсан бөгөөд хэлэлцээрүүдийг олон улсын эрх зүйн үйлчлэлд хамааруулахуйц аливаа хэм хэмжээг энэхүү Конвенцээс хамаарахгүйгээр хэрэглэх;

в/энэхүү Конвенцийг олон улсын эрх зүйн бусад субъект оролцож байгаа олон улсын хэлэлцээрийн хүрээнд улс хоорондын харилцаанд хэрэглэх явдлыг тус тус хөндөхгүй.

Дөрөвдүгээр зүйл

Энэхүү Конвенцийг буцаан хэрэглэхгүй байх

Энэхүү Конвенцээс хамаарахгүйгээр, олон улсын эрх зүйн дагуу энэхүү Конвенцид тусгагдсан аливаа хэм хэмжээний үйлчлэлд гэрээ хамрагдах нөхцөлд эдгээр хэм хэмжээг хэрэглэхэд хохирол учруулахгүйгээр тухайн улсуудын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсны дараа тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний хувьд л Конвенцийг хэрэглэнэ.

Тавдугаар зүйл

Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулж буй гэрээ, олон улсын

Байгууллагын хүрээнд батлагдсан гэрээ

Энэхүү Конвенцийг олон улсын байгууллагыг үүсгэн байгуулж буй баримт бичиг нь болох аливаа гэрээ болон олон улсын байгууллагын хүрээнд батлагдсан аливаа гэрээний хувьд, уг байгууллагад холбогдох дүрэм, зааварт хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ.

II ХЭСЭГ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

I БҮЛЭГ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Зургаадугаар зүйл

Улсуудын гэрээ байгуулах эрхийн чадвар

Улс бүр гэрээ байгуулах эрхийн чадвартай байна.

Долдугаар зүйл

Бүрэн эрх

1.Гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрөх буюу түүний адил хүчинтэйг тогтоох зорилгоор, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор тухайн этгээд хэрэв:

а/холбогдох бүрэн эрхийн үнэмлэхээ үзүүлбэл, эсхүл;

б/холбогдох улсуудын практик, бусад нөхцөл байдлаас уг этгээдийг эл зорилгоор өөрийн улсаас төлөөлж байгаа гэж үзэж бүрэн эрхийг үнэмлэх шаардахгүй нь илэрхий байвал түүнийг улсаа төлөөлж байна гэж үзнэ.

2.Дараахь этгээдүүд гүйцэтгэж буй үүргийнхээ дагуу, бүрэн эрхийн үнэмлэх үзүүлэх шаардлагагүйгээр өөрийн улсыг төлөөлж байна гэж тооцогдоно:

а/төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон Гаөдаад явдлын яамны сайд нар-гэрээ байгуулахтай холбогдсон бүх үйлдлийг гүйцэтгэхэд;

б/дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар-тохоон томилогч болон хүлээн авагч улсуудын хоорондын гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрөхөд;

в/олон улсын хурал буюу олон улсын байгууллага, эсхүл уг байгууллагын аль нэг сабар байгууллагад улсаа төлөөлөх эрх улсаас нь олгогдсон төлөөлөгчид-ийм хурал, байгууллага буюу салбар байгууллагад гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрөхөд.

Наймдугаар зүйл

Бүрэн эрхгүйгээр хийсэн үйлдлийг дараа нь нотлох

Гэрээ байгуулахтай холбогдсон үйлдлийг улсаа төлөөлж хийх эрхтэй гэдэг нь 7 дугаар зүйлийн үндсэн дээр тогтоогдоогүй этгээд уг үйлдлийг хийсэн бөгөөд түүнийг дараа нь тухайн улс нотлохгүй бол хууль зүйн ач холбогдолгүйд тооцно.

Есдүгээр зүйл

Гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрөх

1.Гэрээний эх бичвэрийг 2-т зааснаас бусад тохиолдолд, түүнийг зохиоход оролцсон бүх улсын зөвшөөрлөөр хүлээн зөвшөөрнө.

2.Олон улсын хурал дээр санал хураалтад байлцсан, оролцсон улсуудын гуравны хоёрын саналаар өөр журам баримтлахаар шийдээгүй бол мөн тийм олонхийн саналаар тухайн гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрнө.

Аравдугаар зүйл

Гэрээний эх бичвэрийн адил хүчинтэйг тогтоох

Гэрээний адил хүчинтэй, эцэслэсэн эх бичвэрийг:

а/энэхүү эх бичвэрт заасан буюу гэрээний эх бичвэрийг зохиоход оролцсон улсуудын тохиролцсон журмыг баримталсны дүнд, эсхүл;

б/ийм журам байхгүй нөхцөлд эдгээр улсын төлөөлөгчид гэрээний эх бичвэр буюу түүнийг агуулж буй хурлын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурах, ad referedum

/дахин хэлэлцэх/-аар гарын үсэг зурах буюу үзэглэх замаар тогтооно.

Арван нэгдүгээр зүйл

Гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлэх арга

Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг солилцох, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох буюу тохиролцсон бусад аргаар илэрхийлнэ.

Арван хоёрдугаар зүйл

Гэрээнд гарын үсэг зурах замаар түүнийг заавал

Биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл

1.Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа өөрийн төлөөлөгчөөр уг гэрээнд гарын үсэг зуруулах замаар илэрхийлнэ. Хэрэв:

а/гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болохыг уг гэрээнд заасан байвал;

б/гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болох ёстой гэж хэлэлцээнд оролцогч улсууд ямар нэг өөр хэлбэрээр тохиролцсон байвал, эсхүл;

в/гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болно гэсэн хандлага тухайн улсын төлөөлөгчдийн бүрэн эрхийн үнэмлэхээс ойлгогдож байгаа буюу хэлэлцээний үед илэрхийлсэн байвал.

2. 1-д заасны зорилгод:

а/гэрээний эх бичвэрийг үзэглэх гэж хэлэлцээнд оролцогч улсууд ингэж тохиролцсон гэдэг нь тогтоогдсон тохиолдолд гэрээнд гарын үсэг зурахыг хэлнэ;

б/гэрээнд улсын төлөөлөгч ad referedum –аар гарын үсэг зурахыг тухай улс нотолбол, гэрэээнд бүрэн эцэслэн гарын үсэг зурах гэнэ.

Арван гуравдугаар зүйл

Гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцох замаар гэрээг

Заавал биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл

Солилцох баримт бичгүүдээс бүрдэж буй гэрээг заавал биелүүлэхээ улс зөвшөөрч байгаагаа уг баримт бичгүүдийг солилцох замаар илэрхийлнэ. Хэрэв:

а/солилцоо нь тийнхүү хүчинтэй болохыг эдгээр баримт бичигт заасан бол, эсхүл;

б/баримт бичгийг солилцсоноор тийнхүү, хүчинтэй болох ёстой гэж эдгээр улс өөр ямар нэг хэлбэрээр тохиролцсон бол.

Арван дөрөвдүгээр зүйл

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу баталж гэрээг

1.Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа түүнийг хүлээн зөвшөөрч илэрхийлнэ. Хэрэв:

а/зөвшөөрч байгаагаа соёрхон батлах замаар илэрхийлнэ гэж гэрээнд заасан бол;

б/хэлэлцээнд оролцогч улсууд соёрхон батлах шаардлагатай гэж тохиролцсон нь өөр ямар нэг хэлбэрээр тогтоогдвол;

в/тухайн улсын төлөөлөгч соёрхон батлах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурсан бол, эсхүл;

г/улс соёрхон батлах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурах хандлагатай нь түүний төлөөлөгчийн бүрэн эрхийн үнэмлэхээс тодорхой байгаа буюу энэ тухайгаа хэлэлцээний явцад илэрхийлсэн байвал;

2.Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа соёрхон батлахтай ижил нөхцөлөөр хүлээн зөвшөөрөх буюу батлах замаар илэрхийлнэ.

Арван тавдугаар зүйл

Нэгдэн орж гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн зөвшөөрөл

Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа түүнд нэгдэн орох замаар илэрхийлнэ. Хэрэв:

а/тухайн улс ийм зөвшөөрлөө нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж гэрээнд заасан бол;

б/тухайн улс ийм зөвшөөрлөө нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж хэлэлцээнд оролцогч улсууд тохиролцсон нь өөр ямар нэг хэлбэрээр тогтоогдвол, эсхүл;

в/тухайн улс ийм зөвшөөрлөө нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж бүх оролцогчид дараа нь тохиролцсон бол.

Арван зургаадугаар зүйл

Батламж жуух бичиг болон хүлээн зөвшөөрсөн, батлах

Буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг солилцох, ийм жуух бичиг, баримт бичгийг хадгалуулах

Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол батламж жуух бичиг болон хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэн орсон тухай баримт бичиг нь дор заасан үеэс эхлэн гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл болно.Үүнд:

а/хэлэлцэн тохирогч улсууд тэдгээрийг солилцсон;

б/гэрээ хадгалагчид хадгалуулсан, эсхүл;

в/тохиролцсоны дагуу дээрхийн талаар хэлэлцэн тохирогч улсууд буюу гэрээ хадгалагчид мэдэгдсэн.

Арван долдугаар зүйл

Гэрээний хэсгийг заавал биелүүлэх зөвшөөрөл, төрөл бүрийн заалтыг сонгох

1.19-23 дугаар зүйлд хохирол учруулахгүйгээр гэрээний хэсгийг заавал биелүүлэх тухай улсын зөвшөөрөл нь гэрээгээр зөвшөөрөгдсөн, эсхүл түүнийг хэлэлцэн тохирогч бусад улс зөвшөөрч байгаа тохиолдолд хүчинтэй байна.

2.Төрөл бүрийн заалтад сонголт хийхийг зөвшөөрч байгаа гэрээг заавал биелүүлэх тухай улсын зөвшөөрөл нь эдгээр заалтын чухам ямарт нь уг зөвшөөрөл хамаарагдахыг тодорхой заасан тохиолдолд хүчинтэй байна.

Арван наймдугаар зүйл

Гэрээг хүчин төгөлдөр болохоос өмнө түүнийг объект, Зорилгоос нь салгахгүй байх үүрэг

Гэрээг түүний объектгүй, зорилгогүй болгож болзошгүй үйлдлээс улс түдгэлзэх үүрэгтэй, хэрэв:

а/тухайн улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурсан буюу гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцсон бол энэхүү гэрээнд оролцогч болохгүй гэсэн хандлага тодорхой илэрхийлэх хүртэл, эсхүл;

б/гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа тухайн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө улс илэрхийлсэн бөгөөд ийнхүү хүчин төгөлдөр болох нь хэт удаан саатахгүй нөхцөлд.

II.БҮЛЭГ.

ТАЙЛБАР

Арван есдүгээр зүйл

Тайлбарыг томъёолох

Улс нь гэрээнд гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах, эсхүл нэгдэн орох үедээ дор дурдсанаас бусад тохиолдолд тайлбар хийж болно:

а/тухайн тайлбарыг гэрээгээр хориглосон;

б/гэрээгээр хийж болохоор заасан тодорхой тайлбаруудын тоонд тухайн тайлбар орохгүй байгаа, эсхүл;

в/”а”, б”-гийн үйлчлэлд хамаарахгүй тохииолдолд тайлбар нь гэрээний хэмжээ, зорилготой нийцэхгүй байгаа.

Хорьдугаар зүйл

Тайлбарыг хүлээн зөвшөөрөх, түүнийг татгалзах

1.Гэрээгээр тодорхой зөвшөөрсөн тайлбарыг хэлэлцэн тохирогч бусад улс цаашид ямар нэг байдлаар хүлээн авахыг /хэрэв энэ тухай гэрээнд заагаагүй бол/ шаардахгүй.

2.Гэрээг бүхэлд нь түүний оролцогчдын хооронд хэрэглэх нь оролцогч бүр гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрөх үндсэн нөхцөл мөн нь хэлэлцээнд оролцогч улсуудын хязгаарлагдмал тоо болон гэрээний объект, зорилтоос тодорхой харагдаж байвал тайлбарыг бүх оролцогч хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

3.Гэрээ олон улсын байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болж байгаа бөгөөд түүнд өөрөөр заагаагүй бол энэхүү байгууллагын эрх бүхий байгууллага тайлбарыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

4.Дээрх заалтуудын үйлчлэлд хамаарахгүй тохиолдолд болон хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол:

а/хэлэлцэн тохирогч өөр нэг улс тайлбарыг хүлээн зөвшөөрснөөөр уг тайлбарыг хийсэн улс нь тайлбарыг хүлээн зөвшөөрсөн улсын хувьд, хэрэв тэдгээр улсын хувьд гэрээ хүчин төгөлдөр байгаа буюу хүчин төгөлдөр болж байгаа бол, гэрээний оролцогч болно;

б/тайлбарыг татгалзаж байгаа улс эсрэг хандлагатайгаа илэрхий мэдэгдээгүй бол хэлэлцэн тохирогч нөгөө улс тайлбарыг татгалзах нь тийнхүү тайлбарыг үл татгалзагч улс, тайлбар хийгч улсын хооронд гэрээ хүчин төгөлдөрболоход саад болохгүй;

в/улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгааг илэрхийлсэн болон тайлбарыг агуулж буй баримт бичиг нь хэлэлцэн тохирогч бусад улсаас наад зах нь нэг улс уг тайлбарыг хүлээн зөвшөөрмөгц хүчин төгөлдөр болно.

5.Энэ нь 2, 4-т хамаатай учир гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэв ийм тайлбар хийсэн тухай мэдэгдсэнээс хойш 12 сар өнгөрөх хүртэл, эсхүл гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлэх өдөр хүртэлх хугацааны аль нь хамгийн сүүлчийнх болохоос хамааран, татгалзаж байгаагаа илэрхийлээгүй бол тайлбарыг тухайн улс хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хорин нэгдүгээрзүйл

Тайлбар болон түүнийг татгалзсаны хууль зүйн үр дагавар

1.19, 20, 23 дугаар зүйлийн дагуу бусад оролцогчийн хувьд үйлчилж байгаа тайлбар нь:

а/тайлбар хийгч улсын хувьд бусад оролцогчтой харилцах харилцаанд гэрээний тайлбарт хамрагдах заалтыг тайлбарын үйлчлэлийн хүрээнд өөрчилнө;

б/бусад оролцогчоос тайлбар хийсэн улстай харилцах харилцааны дээрх заалтыг мөн адил хэмжээгээр өөрчилнө.

2.Тайлбар нь бусад оролцогчийн өөр хоорондоо харилцах харилцаанд гэрээний заалтыг өөрчлөхгүй.

3.Хэрэв тайлбарыг татгалзаж байгаа улс тайлбар хийгч улсын хооронд гэрээ хүчин төгөлдөр болохоос татгалзахгүй байгаа бол тайлбарт хамаарагдах заалтуудыг хоёр улсын харилцаанд тухайн тайлбарын үйлчлэх хүрээнд хэрэглэхгүй.

Хорин хоёрдугаар зүйл

Тайлбар болон тайлбарын татгалзлыг эгүүлэн авах

1.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбарыг ямар ч үед эгүүлэн авч болох бөгөөд түүнийг эгүүлэн авахад тайлбарыг хүлээн авсан улсын зөвшөөрөл шаардагдахгүй.

2.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбарын татгалзлыг ямар ч үед эгүүлэн авч болно.

3.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу ямар нэг өөр хэлбэрээр тохиролцоогүй бол:

а/тайлбарыг эгүүлэн авсан нь хэлэлцэн тохирогч бусад улсын хувьд тэд энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа хүчин төгөлдөр болно;

б/тайлбарын татгалзлыг эгүүлэн авсан ньотайлбар хийгч улс энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа хүчин төгөлдөр болно.

Хорин гуравдугаар зүйл

Тайлбарт хамаарах горим

1.Тайлбар, тодорхой илэрхийлэгдсэн тайлбарын зөвшөөрөл болон тайлбарын татгалзлыг бичгийн хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд хэлэлцэн тохирогч улсууд болон гэрээнд оролцох эрх бүхий бусад улсын сонорт хүргэсэн байх ёстой.

2.Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах гэрээнд гарын үсэг зурах үед тайлбар хийсэн бол түүнийгээ тайлбар хийгч улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлэх үедээ албан ёсоор нотлох ёстой. Энэ тохиолдолд тайлбарыг нотолсон өдөр хийсэнд тооцно.

3.Тайлбарыг нотлохын өмнө түүнийг зөвшөөрч байгаагаа, эсхүл татгалзаж байгаагаа илэрхийлсэн бол нотолгоо шаардахгүй.

4.Тайлбар буюу тайлбарын татгалзлыг эгүүлэн авахдаа бичгийн хэлбэрээр гүйцэтгэнэ.

III.Гэрээ хүчин төгөлдөр болох, түүнийг түр хэрэглэх

Хорин дөрөвдүгээр зүйл.Хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Гэрээ нь түүнд заасан буюу хэлэлцээнд оролцогч улсуудын тохиролцсон журам, он, сар, өдөр хүчин төгөлдөр болно.

2.Дээрх заалт буюу тохиролцоо байхгүй үед хэлэлцээнд оролцогч бүх улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлмэгц уг гэрээ хүчин төгөлдөр болно.

3.Хэрэв улс гэрээ хүчин төгөлдөр болсны дараахь тодорхой он, сар, өдрөөс заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол тухайн улсын хувьд уг гэрээ дээрх он, сар, өдрөөс эхлэн, хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол, хүчин төгөлдөр болно.

4.Гэрээний эх бичвэрийг адил хүчинтэйг тогтоох, гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа улс илэрхийлэх, гэрээ хүчин төгөлдөр болох журам, он, сар, өдөр, тайлбар, гэрээний эх хадгалагчийн үүрэг болон гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө зайлшгүй гарч буй бусад асуудлыг зохицуулж байгаа гэрээний заалтуудыг гэрээний эх бичвэрийг хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн хэрэглэнэ.

Хорин тавдугаар зүйл. Түр хэрэглэх

Хэвлэх

1.Доорхи нөхцөлд гэрээ буюу түүний хэсгийг гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө түр хэрэглэнэ:

а/энэ тухай гэрээнд заасан, эсхүл;

б/хэлэлцээнд оролцогч улсууд энэ тухай өөр ямар нэг хэлбэрээр тохиролцсон.

2.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцээнд оролцогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээг өөр хоорондоо түр хэрэглэж буй нэг улс нь бусад улсдаа гэрээнд оролцогч болох бодолгүй байгаагаа мэдэгдвэл гэрээ буюу гэрээний хэсгийг түр хэрэглэх явдал тухайн улсын хувьд дуусгавар болно.

III ХЭСЭГ. ГЭРЭЭГ МӨРДӨХ, ХЭРЭГЛЭХ, ТАЙЛБАРЛАХ

I БҮЛЭГ, ГЭРЭЭГ МӨРДӨХ

Хорин зургаадугаар зүйл. Pasta sund servanda

Хэвлэх

Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой.

Хорин долоодугаар зүйл. Дотоодын эрх зүй, гэрээг мөрдөх

Хэвлэх

Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй. Энэхүү журам нь 46 дугаар зүйлд хохирол учруулахгүйгээр үйлчилнэ.

II БҮЛЭГ, ГЭРЭЭГ ХЭРЭГЛЭХ

Хорин наймдугаар зүйл. Гэрээг буцаан хэрэглэхгүй байх

Хэвлэх

Хэрэв өөр хандлага байгаа нь гэрээнээс илрээгүй буюу өөр хэлбэрээр тогтоогдоогүй бол тухайн оролцогчийн хувьд гэрээ хүчин төгөлдөр болох он, сар, өдрөөс өмнөх ямар нэгэн үйлдэл буюу баримт нотолгоо болон тухайн он, сар, өдрөөс өмнө үгүй болсон аливаа нөхцөл байдлын хувьд гэрээний заалтуудыг гэрээнд оролцогч заавал биелүүлэх үүрэггүй.

Хорин есдүгээр зүйл. Гэрээний үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ

Хэвлэх

Хэрэв өөр хандлага байгаа нь гэрээнээс илрээгүй буюу өөр хэлбэрээр тогтоогдоогүй бол оролцогч бүрийн хувьд түүний бүх нутаг дэвсгэрийн хүрээнд гэрээ заавал биелэгдэнэ.

Гучдугаар зүйл. Нэг асуудлаар дараалан байгуулсан гэрээг хэрэглэх

Хэвлэх

1.НҮБ-ийн Дүрмийн 103 дугаар зүйлийг баримтлан нэг асуудлаар дараалан байгуулсан гэрээнд оролцогч улсуудын эрх, үүргийг дор дурдсан заалтуудын дагуу тодорхойлно.

2.Гэрээ өмнөх буюу дараагийн гэрээнээс шалтгаалж байгаа, эсхүл ийм гэрээтэй тохирох ёстой гэж гэрээгээр заасан бол тэрхүү гэрээ нь давамгайлах хүчинтэй байна.

3.Өмнөх гэрээний бүх оролцогч нь дараагийн гэрээнд мөн оролцогч болж байгаа бөгөөд эхний гэрээний үйлчлэлийг 59 дүгээр зүйлийн дагуу бүрмөсөн буюу түр зогсоогүй бол эхний гэрээний заалтууд нь дараагийн гэрээний заалтуудтай тохирч буй зөвхөн тэр хэмжээнд хэрэглэгдэнэ.

4.Эхний гэрээний бүх оролцогч нь дараагийн гэрээний оролцогч биш байвал:

а/хоёр гэрээний аль алинд нь оролцогч улсуудын хоорондын харилцаанд 3-т заасантай адил журам хэрэглэнэ;

б/хоёр гэрээний аль алинд нь оролцогч улс болон тэдгээр гэрээний зөвхөн нэгэнд нь оролцогч болж байгаа улсын хоорондын харилцаанд хоёр улс хоёулаа оролцогч нь болж байгаа гэрээ тэдгээрийн өөр хоорондын эрх, үүргийг зохицуулна.

5.60 дугаар зүйлийн дагуу гэрээний үйлчлэлийг бүр мөсөн буюу түр зогсоох тухай аливаа асуудал, эсхүл өөр гэрээгээр нөгөө улсын хувьд тухайн улсын хүлээсэн үүрэг харшлах заалтуудтай гэрээг байгуулсны буюу хэрэглэсний үр дүнд үүдэн гарч болох улс гүрний хариуцлагын тухай аливаа асуудлын хувьд 41 дүгээр зүйлд хохирол учруулахгүйгээр 4-ийн заалтыг хэрэглэнэ.

III БҮЛЭГ. ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ

Гучин нэгдүгээр зүйл. Тайлбарлах нийтлэг журам

Хэвлэх

1.Гэрээг түүний нэр томъёонд агуулгатай нь уялдуулан өгч болох энгийн утга, гэрээний объект, зорилтод нийцүүлэн шударгаар тайлбарлана.

2.Гэрээг тайлбарлах зорилгод утга агуулга нь эх бичвэр, түүнчлэн оршил, хавсралтаас гадна:

а/гэрээ байгуулахтай холбогдуулан бүх оролцогчийн хооронд байгуулсан гэрээнд хамрагдах аливаа хэлэлцээр;

б/гэрээ байгуулахтай холбогдуулан нэг буюу хэд хэдэн оролцогчийн үйлдсэн бөгөөд бусад оролцогчоос гэрээнд хамруулахаар хүлээн зөвшөөрсөн баримт бичгийг тус тус хамарна.

3.Утга агуулгын сацуу харгалзан үзэх зүйл:

а/гэрээг тайлбарлах буюу түүний заалтуудыг хэрэглэх талаар оролцогчдын хооронд дараа нь байгуулсан аливаа хэлэлцээр;

б/гэрээг тайлбарлах талаар оролцогчдын тохиролцоог тогтоож байгаа бөгөөд гэрээг хэрэглэж байгаа цаашдын практик;

в/оролцогчдын хоорондын харилцаанд хэрэглэж буй олон улсын эрх зүйн холбогдох аливаа хэм хэмжээ.

4.Оролцогчид томъёололд тусгай утга өгөх хандлагатай байгаа нь тогтоогдсон тохиолдолд үүнийг хэрэглэнэ.

Гучин хоёрдугаар зүйл. Тайлбарлах нэмэгдэл аргууд

Хэвлэх

31 дүгээр зүйлийг хэрэглэхэээс үүдэн гарах утгыг нотлох буюу 31 дүгээр зүйлийн дагуу:

а/утга нь хоёрдмол буюу тодорхой бус орхигдсон, эсхүл;

б/огт худал буюу ухваргүй үр дүнд илэрхий хүргэж байвал утгыг тогтоохын тулд тайлбарлах нэмэгдэл арга, түүний дотор бэлтгэл материал болон гэрээ байгуулсан нөхцөл байдлыг эргэн судалж болно.

Гучин гуравдугаар зүйл. Эх бичвэрийн адил хүчинтэй байх нь хоёр буюу хэд хэдэн хэлээр тогтоогдсон гэрээг тайлбарлах

Хэвлэх

1.Хэрэв гэрээний эх бичвэр адил хүчинтэй байх нь хоёр буюу хэд хэдэн хэлээр тогтоогдсон бөгөөд эдгээр эх бичвэрийн хооронд зөрөө гарсан тохиолдолд тодорхой ямар нэг эх бичвэр давамгайлах хүчинтэй байна гэж гэрээнд заагаагүй буюу оролцогчид тохиролцоогүй бол хэл тус бүр дээрх эх бичвэр адил хүчинтэй байна.

2.Адил хүчинтэй нь тогтоогдсон хэлээс өөр хэлээрх гэрээний хувийг, хэрэв энэ тухай гэрээнд заасан буюу энэ талаар гэрээнд оролцогчид тохиролцсон тохиодолд л, адил хүчинтэй эх бичвэр гэж үзнэ.

3.Гэрээний нэр томъёо нь адил хүчинтэй эх бичвэр бүрт ижил утгатай байх шаардлагатай.

4.Хэрэв адил хүчинтэй эх бичвэрүүдийг харьцуулахад гарсан утгын зөрөөг 31, 32 дугаар зүйлийг хэрэглэн арилгаж чадахгүй бол 1-д заасны дагуу ямар нэг тодорхой эх бичвэрийг давамгайлах хүчинтэй байхаар тогтоосноос бусад тохиолдолд гэрээний объект, зорилгыг харгалзан дээрх эх бичвэрүүдэд илүү тохирч байгаа утгыг хэрэглэнэ.

IV БҮЛЭГ. ГЭРЭЭ БОЛОН ГУРАВ ДАХЬ УЛС

Гучин дөрөв дүгээр зүйл. Гурав дахь улсад хаматай нийтлэг журам

Хэвлэх

Гэрээ гуравдахь улсын хувьд түшүний зөвшөөрөлгүйгээр үүрэг буюу эрхийг бий болгохгүй.

Гучин тавдугаар зүйл. Гурав дахь улсын үүргийг заасан гэрээ

Хэвлэх

Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг үүрэг үүсгэх хэрэгсэл болгох хандлагатай буюу гурав дахь улс ийм үүргийг бичгээр өөртөө илэрхий хүлээж байгаа бол гэрээний заалтаас гурав дахь улсын хувьд үүрэг үүснэ.

Гучин зургаадугаар зүйл.

Хэвлэх

Гурав дахь улсын эрхийг заасан гэрээ

1.Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг хэрэглэн гурав дахь улсад буюу түүний хамаарагдах бүлэг улсад, эсхүл бүх улсад эрх олгох хандлагатай бөгөөд гурав дахь улс түүнийг зөвшөөрвөл гэрэээний заалтаас гурав дахь улсын хувьд эрхүүснэ. Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол сөрөг нотолгоо гарах хүртэл түүний зөвшөөрөл байсаар б айх болно.

2.Энэ зүйлийн 1-ийн үндсэн дээр эрх эдэлж буй улс уг эрхийг ашиглах талаар гэрээнд заасан буюу гэрээний дагуу тогтоогсон нөхцөлийг биелүүлнэ.

Гучин долоодугаар зүйл.

Хэвлэх

Гурав дахь улсын үрэг буюу эрхийг хүчингүй болгох, өөрчлөх

1.35 дугаар зүйлийн дагуу гурав дахь улсын хувьд үүрэг үүссэн бөгөөд өөрөөр тохиролцсон нь тогтоогдоогүй бол уг үүргийг зөвхөн гэрээнд оролцогчид болон гурав дахь улсын зөвшөөрөлтэйгээр хүчингүй болгож буюу өөрчилж болно.

2.36 дугаар зүйлийн дагуу гурав дахь улсын хувьд эрх үүссэн бөгөөд уг эрхийг энэхүү гурав дахь улсын зөвшөөрөлгүйгээр хүчингүй болгох буюу өөрчилж болохгүй гэсэн хандлагатай байсан нь тогтоогдвол оролцогчид түүнийг хүчингүй болгож буюу өөрчилж болохгүй.

Гучин наймдугаар зүйл. Гэрээнд тусгагдсан хэм хэмжээ олон улсын зан заншил хүссэний улмаас гурав дахь улсын хувьд заавал биелүүлэх хүчинтэй болох

Хэвлэх

Гэрээнд тусгагдсан аливаа хэм хэмжээ олон улсын эрх зүйн зан заншлын хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдөж, гурав дахь улсын хувьд заавал биелүүлэх хүчинтэй болоход 34-37 дугаар зүйл ямар нэг байдлаар саад болохгүй.

IV ХЭСЭГ. ГЭРЭЭНД ЗАСВАР ОРУУЛАХ, ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ

Гучин есдүгээр зүйл. Гэрээнд оруулах засварын талаархи нийтлэг журам

Хэвлэх

Оролцогчдын хоорондын хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно. Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол ийм хэлэлцээрийн хувьд II хэсэгт тусгасан хэм хэмжээг хэрэглэнэ.

Дөчдүгээр зүйл. Олон талт гэрээнд засвар оруулах

Хэвлэх

1.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол олон талт гэрээнд засвар оруулахдаа дор дурдсан заалтыг удирдлага болгоно.

2.Бүх оролцогчдын хоорондын харилцаанд үйлчлэх ёстой олон талт гэрээний засвартай холбогдсон аливаа саналыг хэлэлцэн тохирогч бүх улсад мэдэгдсэн байх ёстой. Гэхдээ хэлэлцэн тохирогч улс бүр:

а/ийм саналын хувьд юу хийх тухай шийдвэр гаргах;

б/гэрээнд засвар оруулах тухай хэлэлцээнд болон аливаа хэлэлцээр байгуулахад оролцох эрхтэй байна.

3.Гэрээнд оролцогч байх эрхтэй улс бүр засвар оруулсан гэрээний оролцогч болох эрх эдэлнэ.

4.Засвар оруулах тухай хэлэлцээр нь гэрээний оролцогч боловч гэрээнд засвар оруулах тухай хэлэлцээрийн оролцогч биш улсад хамаарахгүй. Ийм улсын хувьд 30 дугаар зүйлийн 4-ийн “б”-г хэрэглэнэ.

5.Хэрэв засвар оруулах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа гэрээнд оролцогч болсон улс өөр хандлагатайгаа мэдэгдээгүй л бол:

а/түүнийг засвар оруулсан гэрээний оролцогч гэж үзнэ;

б/гэрээнд засвар оруулах тухай халэлцээртэй холбогдолгүй гэрээнд оролцогч аливаа улсын хувьд түүнийг засвар оруулаагүй гэрээнд оролцогч аливаа улсын хувьд түүнийг засвар оруулаагүй гэрээнд оролцогч гэж үзнэ.

Дөчин нэгдүгээр зүйл. Олон талт гэрээг зөвхөн тодорхой тооны оролцогчдын хоорондын харилцаанд өөрчлөх тухай хэлэлцээр

Хэвлэх

1.Олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч нь зөвхөн өөр хоорондын харилцаанд гэрээг өөрчлөх тухай хэлэлцээрийг дор дурдсан нөхцөлд байгуулж болно:

а/ийм өөрчлөлт хийх боломжийг гэрээгээр заасан;

б/ийм өөрчлөлтийг гэрээгээр хориглоогүй бөгөөд энэ нь:

в/бусад оролцогчоос гэрээгээр олгогдсон эрхээ эдлэх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд нөлөөлөхгүй байгаа;

г/гэрээний объект, зорилгыг бүхэлд нь үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс зөрчиж болохгүй заалтыг хөндөөгүй.

2.1-ийн “а”-д заасан тохиолдолд хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн оролцогчид хэлэлцээр байгуулах хандлагынхаа тухай болон энэхүү хэлэлцээрээр оруулах гэрээний өөрчлөлтийн тухай бусад оролцогчид мэдэгдэнэ.

V ХЭСЭГ, ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ЗОГСООХ, ТҮР ЗОГСООХ

I БҮЛЭГ, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Дөчин хоёрдугаар зүйл. Хүчин төгөлдөр байх, гэрээг хүчин төгөлдөр үлдээх

Хэвлэх

1.Гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, түүнийг улс заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаа эсэх талаар зөвхөн энэхүү Конвенцийн үндсэн дээр маргаж болно.

2.Гэрээг зогсоох, цуцлах буюу оролцогчид түүнээс гарах асуудлыг зөвхөн тухайн гэрээний заалт буюу энэхүү Конвенцийг үндэслэн шийдвэрлэнэ. Гэрээний үйлчлэлийг түр зогсооход энэ журмыг баримтална.

Дөчин гуравдугаар зүйл. Гэрээнээс хамаарахгүйгээр олон улсын эрх зүйн үндсэн дээр хүчин төгөлдөр болсон үүрэг

Хэвлэх

Хэрэв гэрээг хүчингүйд тооцох, зогсоох, түүнээс оролцогчдын аль нэг нь гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох ажиллагааг энэхүү Конвенц буюу тухайн гэрээний заалтыг үндэслэн хийж байгаа бол гэрээнээс хамаарахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу улс гүрний хувьд хүчин төгөлдөр байгаа гэрээнд дурдсан аливаа үүргээ биелүүлэх улсын үүргийг хөндөхгүй.

Дөчин дөрөвдүгээр зүйл: Гэрээний заалтын хуваагдах чанар

1.Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл түүний оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээнд заасан буюу 56 дугаар зүйлээс үүдэн гарч буй гэрээг цуцлах, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох оролцогчийн эрхийг гэрээний хувьд зөвхөн бүхэлд нь хэрэглэнэ.

2.Дор дурдсан заалт буюу 60 дугаар зүйлд зааснаас бусад бүх тохиолдолд гэрээг хүчингүйд тооцох, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох тухай энэхүү Конвенцоор хүлээн зөвшөөрсөн үндэслэлээс гэрээний хувьд зөвхөн бүхэлд нь иш татаж болно.

3.Хэрэв ийм үндэслэл нь гагцхүү гэрээний зарим заалтыг хамаарч байгаа бол зөвхөн эдгээр заалтын хувьд дараахь нөхцөлд иш татаж болно:

а/дурдсан заалтыг гэрээний бусад хэсгээс салангид хэрэглэж болох байвал;

б/эдгээр заалтыг хүлээж авах явдал бусад оролцогч буюу оролцогчдоос гэрээг бүхэлд нь заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа илэрхийлэх чухал үндэслэл байгаагүй нь гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөр байдлаар тогтоогдож байгаа;

в/гэрээний бусад хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэх нь шударга байвал.

4.49, 50 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиииолдолд заль мэх буюу хээл хахууль байсан гэж үзэх эрхтэй улс үүнийгээ гэрээний хувьд бүхэлд нь, эсхүл 3-т заасан тохиолдолд гэрээний бусад заалтын хувьд хийж болно.

5.51, 52, 53 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд гэрээний заалтыг хуваахыг зөвшөөрөхгүй.

Дөчин тавдугаар зүйл. Гэрээг хүчингүйд тооцох, зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох үндэслэлийг иш татах эрхээ алдах

Хэвлэх

Хэрэв дор дурдсан баримт нотолгоо тодорхой болсон үед 46-50 буюу 60, 62 дугаар зүйлийн үндсэн дээр гэрээг хүчингүйд тооцох, зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэлээс улс иш татах эрхгүй:

а/тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй буюу хүчин төгөлдөр байхыг, эсхүл үйлчилсэн хэвээр үлдэхийг улс илэрхий зөвшөөрсөн байвал, эсхүл;

б/тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй буюу хүчин төгөлдөр байхыг, эсхүл үйлчилсэн хэвээр үлдэхийг чимээгүй зөвшөөрсөнд түүнийг тооцож байгаа бол.

II БҮЛЭГ, ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ

Дөчин зургаадугаар зүйл. Гэрээ байгуулах эрх хэмжээний талаархи дотоодын эрх зүйн заалтууд

Хэвлэх

1.Улс нь гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа гэрээ байгуулах эрх хэмжээтэй холбогдсон дотоодын эрх зүйн аль нэг заалтыг зөрчиж илэрхийлсэн байна гэдэг нөхцөл байдлыг, хэрэв уг зөрчил нь илэрхий биш, дотоодын эрх зүйн онцгой ач холбогдол бүхий хэм хэмжээнд холбогдолгүй бол, тухайн зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл болгож болохгүй.

2.Хэрэв энэ асуудлын хувьд шударга бөгөөд ердийн практикийн дагуу ажиллаж байгаа аливаа улсын хувьд тухайн зөрчил бодитой бөгөөд лавтай бол түүнийг илэрхий зөрчил гэж үзнэ.

Дөчин долоодугаар зүйл. Улсын зөвшөөрлийг илэрхийлэх эрхийн тусгайлан хязгаарлалт

Хэвлэх

Хэрэв тодорхой гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгааг илэрхийлэх улсын төлөөлөгчийн эрх нь тусгай хязгаарлалттай байсан бөгөөд, хэрвээ л хэлэлцээнд оролцогч бусад улсад энэ хязгаарлалтын талаар тухайн улсын төлөөлөгч зөвшөөрлөө илэрхийлэхээсээ өмнө мэдэгдээгүй бол тэрхүү төлөөлөгч дээрх хязгаарлалтыг дагаж мөрдөөгүй явдлыг төлөөлөгчийн илэрхийлсэн зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл болгож болохгүй.

Дөчин наймдугаар зүйл. Алдаа

Хэвлэх

1.Хэрэв аливаа улсын таамаглаж байгаагаар гэрээ байгуулах үед оршиж байсан, тэрхүү улс уг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэхэд чухал үндэс болж байсан баримт нотолгоо буюу нөхцөл байдалтай холбогдол бүхий алдаа гэрээнд байвал дээрх улс гэрээг заавал биелүүлэх тухай өөрийн зөвшөөрлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэмээн уг алдааг иш татах эрхтэй.

2.Хэрэв тухайн улс энэхүү алдааг бий болоход үйл ажиллагаагаараа дөхөм үзүүлсэн буюу уг улс болзошгүй алдаанд анхаарлаа хандуулах ёстой тийм нөхцөл байдалтай байсан бол 1-ийн заалтыг хэрэглэхгүй.

3.Зөвхөн гэрээний эх бичвэрийг томъёолоход хамаарагдах алдаа нь гэрээг хүчинтэйд тооцоход нөлөөлөхгүй бөгөөд энэ тохиолдолд 79 дүгээр зүйлийг хэрэглэнэ.

Дөчин есдүгээр зүйл. Заль мэх

Хэвлэх

Улс хэлэлцээнд оролцогч бусад улсын хуурамч үйлдлийн нөлөөгөөр гэрээ байгуулсан бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүйд тооцох үндэслэл нь тухайн заль мэх байсан гэж үзэх эрхтэй.

Тавьдугаар зүйл. Улсын төлөөлөгчийг хахуульдах

Хэвлэх

Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа хэлэлцээнд оролцогч бусад улс түүний төлөөлөгчийг шууд буюу шууд бусаар хахуульдсаны улмаас илэрхийлсэн бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл ньтийнхүү хахуульдах явдал байсан гэж үзэх эрхтэй.

Тавин нэгдүгээр зүйл. Улсын төлөөлөгчийг албадах

Хэвлэх

Улсын төлөөлөгчийн эсрэг чиглэсэн үйлдэл буюу сүрдүүлгээр түүнийг албадсаны улмаас улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлсэн бол тэр нь хууль зүйн ямар ч ач холбогдолгүй байна.

Тавин хоёрдугаар зүйл.Хүчээр сүрдүүлэх буюу түүнийг хэрэглэх замаар улсыг албадах

Хэвлэх

НҮБ-ын Дүрэмд тусгагдсан олон улсын эрх зүйн зарчмыг зөрчин хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэсний үр дүнд гэрээ байгуулагдсан бол түүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үзнэ.

Тавин гуравдугаар зүйл.Олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээнд харшилсан гэрээ /jus cogens/

Хэвлэх

Гэрээ нь байгуулагдахдаа олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээнд харшилж байвал түүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үзнэ. Энэ нь энэхүү Конвенцид хамаарагдах учир олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээ нь түүнээс татгалзахыг зөвшөөрөхгүй хэм хэмжээ гэж бүхэлд нь олон улсын хамтын нийгэмлэгийн улс баталж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвхөн олон улсын нийтлэг эрх зүйн тийм шинж чанартай дараагийн хэм хэмжээгээр өөрчлөгдөж болох хэм хэмжээ байна.

III БҮЛЭГ, ГЭРЭЭГ ЗОГСООХ, ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ

Тавин дөрөвдүгээр зүйл.Гэрээний заалтын дагуу буюу оролцогчдын зөвшөөрлөөр гэрээг зогсоох, гэрээнээс гарах

Хэвлэх

Дор дурдсан үед гэрээг зогсоох буюу түүнээс оролцогчид гарч болно:

а/гэрээний заалтын дагуу, эсхүл;

б/ямар ч үед бүх оролцогч улсын зөвшөөрлөөр, бусад хэлэлцэн тохирогч улстай зөвлөлдсөний дагуу.

Тавин тавдугаар зүйл. Олон талт гэрээнд оролцогчдын тоо цөөрсний улмаас гэрээ хүчин төгөлдөр болоход зайлшгүй шаардлагатай тоо багасах

Хэвлэх

Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ хүчин төгөлдөр болоход зайлшгүй шаардлагатай тооноос түүнд оролцогчдын тоо бага болсон гэсэн шалтгаанаар олон талт гэрээг зогсоохгүй.

Тавин зургаадугаар зүйл. Зогсоох, цуцлах буюу гарах тухай заалтгүй

Хэвлэх

Гэрээг цуцлах, түүнээс гарах

1.Гэрээнд түүнийг зогсоох, цуцлах, түүнээс гарах тухай заагаагүй бол дор дурдсан нөхцөлд уг гэрээг цуцалж буюу түүнээс гарч болохгүй:

а/цуцлах буюу гарах боломжийг оролцогчид зөвшөөрөх хандлагатай ньтогтоогдоогүй, эсхүл;

б/цуцлах буюу гарах эрх нь гэрээний шинж чанараас тодорхой харагдахгүй байгаа.

2.Оролцогч нь 1-ийн дагуу гэрээг цуцлах буюу түүнээс гарах хандлагатай байгаа тухайгаа арван хоёр сарын өмнө мэдэгдэнэ.

Тавин долоодугаар зүйл. Гэрээний заалтын дагуу буюу оролцогчдын зөвшөөрлөөр гэрээний үйлчлэлийг түр зогсоох

Хэвлэх

Дор дурдсан үед бүх оролцогчийн, эсхүл аль нэг оролцогчийн хувьд гэрээний үйлчлэлийг түр зогсоож болно:

Тавин наймдугаар зүйл. Зөвхөн хэд хэдэн оролцогчийн хоорондын хэлэлцээрээр олон талт гэрээний үйлчлэлийг түр зогсоох

Хэвлэх

1.Дор дурдсан нөхцөлд олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч нь зөвхөн өөр хоорондынхоо харилцааны хувьд гэрээний заалтын үйлчлэлийг түр зогсоох тухай хэлэлцээр байгуулж болно:

а/ингэж түр зогсоох боломжийг гэрээгээр заасан;

б/түр зогсоохыг гэрээгээр хориглохгүй;

в/тухайн гэрээнээс үүдэн гарч буй эрхээ бусад оролцогч эдлэхэд ч, үүргээ биелүүлэхэд ч нөлөөлөхгүй байгаа;

г/гэрээний объект, зорилготой нийцэж байгаа.

2.1-ийн “а”-гийн үйлчлэлд хамаарах тохиолдолд,гэрээнд өөрөөр заагаагүй бол, дээрх оролцогчид нь хэлэлцээр байгуулах хандлагатай байгаагаа болон гэрээний чухам аль заалтын үйлчлэлийг түр зогсоох гэж байгаа тухайгаа бусад оролцогчдод мэдэгдэнэ.

Тавин есдүгээр зүйл. Дараагийн гэрээ байгуулснаар гэрээг зогсоох, түүний үйчлэлийг түр зогсоох

Хэвлэх

1.Гэрээний бүх оролцогч өмнөхтэй адил асуудлаар дараагийн гэрээ байгуулсан бол дор дурдсан нөхцөлд урьдах гэрээ зогссонд тооцно:

а/оролцогчид тухайн асуудлыг энэхүү гэрээгээр зохицуулах хандлагатай нь дараагийн гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөр хэлбэрээр тогтоогдсон;

б/дараагийн гэрээний заалт нь өмнөх гэрээний заалттай зөрж байгаа учраас хоёр гэрээг зэрэг хэрэглэх боломжгүй.

2.Оролцогчид ийм хандлагатай байсан нь дараагийн гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөр хэлбэрээр тогтоогдсон бол өмнөх гэрээний үйлчлэлийг зөвхөн түр зогсоосонд тооцно.

Жардугаар зүйл. Гэрээг зөрчсөний улмаас түүнийг зогсоох, түүний үйлчлэлийг түр зогсоох

Хэвлэх

1.Хоёр талт гэрээг түүний аль нэг оролцогч ноцтой зөрчвөл нөгөө оролцогчнь уг зөрчлийг гэрээг зогсоох буюу түүний үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр зогсоох үндэслэл мөн гэж үзэх эрхтэй.

2.Олон талт гэрээг түүний оролцогчдын нэг нь ноцтой зөрчвөл:

а/бусад оролцогчдод нэгдмэл саналтай байгуулсан хэлэлцээрээр гэрээг зогсоох, гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, чингэхдээ:

б/өөрсдийн болон гэрээг зөрчсөн улсын хоорондын харилцаанд, эсхүл;

в/бүх оролцогчийн хоорондын харилцаанд;

г/гэрээг зөрчсөний улмаас ноцтой хохирсон оролцогчид тухайн зөрчлийг гэрээ зөрчигч улсын хоорондын харилцаанд гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох үндэслэл мөн гэж үзэх;

д/гэрээний заалтыг нэг оролцогч ноцтой зөрчсөн нь гэрээнээс үүдэн гарч буй үүргээ цаашид биелүүлэх оролцогч бүрийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж болохуйц шинж чанартай гэрээ байвал гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу өөрийнхөө хувьд хэсэгчлэн түр зогсоох үндэслэл гэж үзэх эрхийг гэрээг зөрчигч улсаас бусад аливаа улсад олгоно.

3.Энэ зүйлд заасан гэрээг ноцтой зөрчсөн гэдэг нь:

а/энэхүү Конвенцоор зааснаас өөрөөр гэрээнээс татгалзсан, эсхүл;

б/гэрээний объект, зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой заалтыг зөрчсөнийг хэлнэ.

4.Өмнөх заалтууд нь гэрээг зөрчсөн тохиолдолд хэрэглэх гэрээний заалтыг хөндөхгүй.

5.Нигүүлсэнгүй шинж чанартай гэрээнд тусгагдсан хувь хүнийг хамгаалахтай холбогдсон заалт, ялангуяа ийм гэрээгээр хамгаалагдсан хүмүүсийн талаар аливаа хонзогнох хэлбэр гаргахыг хориглосон заалтын хувьд 1, 2, 3-ыг хэрэглэхгүй.

Жаран нэгдүгээр зүйл. Дараа нь бий болсон биелүүлэх боломжгүй байдал

Хэвлэх

1.Хэрэв гэрээг биелүүлэх боломжгүй байдал нь гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай объект бүр мөсөн алга болсон буюу устсаны улмаас бий болсон бол оролцогч энэхүү боломжгүй байдлыг гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл гэж үзэх эрхтэй. Хэрэв тийнхүү боломжгүй байдал түр зуурын байвал түүнийг зөвхөн гэрээний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл гэж үзнэ.

2.Хэрэв гэрээг биелүүлэх боломжгүй байдал нь оролцогч гэрээгээр хүлээсэн болон гэрээний аливаа оролцогчийн өмнө өөртөө хүлээсэн олон улсын бусад үүргээ зөрчсөний үр дагавар болж байвал энэхүү оролцогч тийм боломжгүй байдлыг гэрээг зогсоох, түүнээс гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл гэж үзэх эрхгүй.

Жаран хоёрдугаар зүйл. Нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөх

Хэвлэх

1.Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал оролцогчид урьдчилан мэдэхээргүйгээр үндсээрээ өөрчлөгдсөнийг дор дурдсанаас бусад тохиолдолд гэрээг зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл гэж үзэж болохгүй:

а/тийм нөхцөл байдал нь гэрээг заавал биелүүлэх оролцогчдын зөвшөөрлийн гол үндэслэл болсон;

б/нөхцөл байдал өөрчлөгдсөн нь гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийн үйлчлэх хүрээг үндсээр нь өөрчилж байгаа.

2.Дор дурдсан үед нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг гэрээг зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл гэж үзэж болохгүй;

а/гэрээгээр хил тогтоож байгаа бол, эсхүл;

б/оролцогчийн үндэслэл болгож байгаа үндсэн өөрчлөлт нь энэ оролцогч гэрээгээр хүлээсэн болон гэрээний аливаа оролцогчийн өмнө өөртөө хүлээсэн олон улсын бусад үүргээ зөрчсөний үр дагавар болсон байвал.

3.Хэрэв оролцогч өмнөх заалтуудын дагуу, нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг гэрээг зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл гэж үзэх эрхтэй бол тэрээр уг өөрчлөлтийг гэрээний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл мөн гэж бас үзэх эрхтэй.

Жаран гуравдугаар зүйл. Дипломат буюу консулын харилцааг таслах

Хэвлэх

Дипломат буюу консулын харилцаа нь гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй байгаагаас бусад тохиолдолд оролцогчдын хоорондын дипломат буюу консулын харилцааг таслах нь тэдний хооронд гэрээгээр тогтоосон эрхийн харилцаанд нөлөөлөхгүй.

Жаран дөрөвдүгээр зүйл. Олон улсын нийтлэг эрх зүйн императив шинэ хэм хэмжээ үүсэх

Хэвлэх

Олон улсын нийтлэг эрх зүйн императив шинэ хэм хэмжээ үүсэхэд энэ хэм хэмжээтэй харшилж байгаа ямарваа гэрээ хүчингүй болж зогсоно.

IV БҮЛЭГ, ЖУРАМ

Жаран тавдугаар зүйл. Гэрээг хүчингүйд тооцох, зогсоох, түүнээс гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох үед баримтлах журам

Хэвлэх

1.Оролцогч энэхүү Конвенцийн заалтуудын дагуу гэрээг заавал биелүүлэх өөрийнхөө зөвшөөрлийн өөрчлөлтийг, эсхүл гэрээ хүчинтэйг маргах, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг зогсоох үндэслэлийг иш татахдаа бусад оролцогчдод өөрийнхөө шаардлагыг мэдэгдэх ёстой. Ингэж мэдэгдэхдээ гэрээний хувьд авах гэж байгаа арга хэмжээ, түүний үндэслэлийг заана.

2.Онц яаралтайгаас бусад тохиолдолд, тийнхүү мэдэгдсэнээс хойш 3 сараас багагүй хугацаа өнгөрөхөд нэг ч оролцогч татгалзаж байгаагаа илэрхийлээгүй бол мэдэгдэл илгээсэн оролцогч нь санал болгосон арга хэмжээгээ 67 дугаар зүйлээр тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх эрхтэй.

3.Гэвч, хэрэв бусад оролцогчийн аль нэг татгалзвал оролцогч нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 33 дугаар зүйлд заасан аргуудын тусламжтайгаар зохицуулалт хийх ёстой.

4.Оролцогчдын заавал мөрдөх ёстой, хүчин төгөлдөр байгаа маргааныг зохицуулах талаархи аль ч заалтын хүрээн дэх тэдний эрх, үүргийг өмнөх заалтуудын аль нь ч хөндөхгүй.

5.1-д заасны дагуу мэдэгдэл явуулаагүй нь 45 дугаар зүйлд хохирол учруулалгүйгээр бусад оролцогчоос гэрээг биелүүлэхийг шаардсан буюу түүнийг зөрчсөн тухай зарласан оролцогчид тийм мэдэгдэл явуулахад саад болохгүй.

Жаран зургаадугаар зүйл. Шүүн хэлэлцэх, арбитр болон эвлэрүүлэх журам

Хэвлэх

Хэрэв татгалзлаа илэрхийлсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд 65 дугаар зүйлийн 3-ын дагуу ямар ч шийдвэр гаргаж чадаагүй бол дараахь журмыг хэрэглэнэ:

а/53, 64 дүгээр зүйлийг хэрэглэх, тайлбарлах тухай маргаанд оролцогч талууд уг маргааныг арбитрт шилжүүлэхээр тохиролцоогүй бол тэдгээрийн аль нэг нь түүнийг Олон улсын шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр бичгээр өргөдөл гаргаж болно;

б/энэхүү Конвенцийн V хэсгийн бусад ямар нэг зүйлийг хэрэглэх, тайлбарлах тухай маргаанд оролцогч аль нэг тал Нэгдсэн Үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргад зохих хүсэлтээ гаргаад Конвенцийн хавсралтад заасан журмыг хэрэглэж болно.

Жаран долоодугаар зүйл. Гэрээг хүчингүйд тооцсон, зогсоосон, түүнээс гарсан, түүний үйлчлэлийг түр зогсоосныг мэдэгдсэн тухай баримт бичиг

Хэвлэх

1.65 дугаар зүйлийн 1-д дурдсан мэдэгдлийг бичгээр хийнэ.

2.Тухайн гэрээний заалтууд, эсхүл 65 дугаар зүйлийн 2, 3-ын дагуу гэрээ хүчингүй болсон, зогссон, түүнээс гарсан буюу түүний үйлчлэлийг түр зогсоосныг мэдэгдэх зорилготой аливаа баримт бичгийг бусад оролцогчид хүргүүлсэн баримт бичгийн хэлбэрээр үйлдэнэ.

Хэрэв тийм баримт бичигт төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, эсхүл гадаад явдлын яамны сайд гарын үсэг зураагүй бол уг баримт бичгийг дамжуулагч улсын төлөөлөгчид бүрэн эрхийн үнэмлэхээ үзүүлэхийг санал болгож болно.

Жаран наймдугаар зүйл. 65, 67 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баримт Бичгийг эгүүлэн авах

Хэвлэх

65, 67 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баримт бичгийг хүчин төгөлдөр болохоос өмнө ямар ч үед эгүүлэн авч болно.

V БҮЛЭГ. ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН,ЗОГСООСОН БУЮУ ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООСНЫ ҮР ДАГАВАР

Жаран есдүгээр зүйл. Гэрээг хүчингүйд тооцсоны үр дагавар

Хэвлэх

1.Энэхүү Конвенцийн дагуу хүчингүй нь тогтоогдсон гэрээг хүчингүйд тооцно. Хүчингүйд тооцогдсон гэрээний заалтууд хуулийн ямар ч хүчгүй байна.

2.Гэлээ ч гэсэн тийм гэрээний үндсэн дээр үйлдэл хийгдсэн бол:

а/хэрэв энэ үйлдэл л хийгдээгүй бол тэдний хоорондын харилцаанд байх байсан нөхцөлийг бололцооны хирээр буй болгохыг оролцогч бүр бусад оролцогчоос шаардах эрхтэй;

б/гэрээ хүчингүйг иш татахаас өмнө шударга сайн санаагаар хийсэн үйлдлийг зөвхөн гэрээг хүчингүйд тооцсон гэсэн шалтгаанаар хууль бус гэж үзэхгүй.

3.49, 50, 51, 52 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд мэхэлсэн, хахуульдсан, албадсаны төлөө хариуцлага хүлээж байгаа оролцогчдод 2-ын заалтыг хэрэглэхгүй.

4.Олон талт гэрээг заавал биелүүлэх аливаа улсын зөвшөөрлийг хүчингүйд тооцсон тохиолдолд дээр дурдсан журмыг энэ улс болон гэрээнд оролцогч улсуудын хоорондын харилцаанд хэрэглэнэ.

Далдугаар зүйл. Гэрээ зогссоны үр дагавар

Хэвлэх

1.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээний өөрийнх нь буюу энэхүү Конвенцийн заалтуудын дагуу гэрээг зогсооход:

а/гэрээг цаашид биелүүлэх аливаа үүргээс оролцогчдыг чөлөөлнө;

б/гэрээг зогсоохоос өмнө түүнийг биелүүлсний үр дүнд үүссэн оролцогчдын эрх, үүрэг, хууль эрхийн байдалд нөлөөлөхгүй.

2.Хэрэв улс олон талт гэрээг цуцалсан буюу түүнээс гарсан бол тухайн цуцлалт буюу гэрээнээс гарах асуудал хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ улс болон гэрээний бусад бүх оролцогчийн хоорондох харилцаанд 1-ийн заалтыг хэрэглэнэ.

Далан нэгдүгээр зүйл. Олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээтэй

Хэвлэх

Харшилсан гэрээг хүчингүйд тооцсоны үр дагавар

1.Хэрэв гэрээг 53 дугаар зүйлийн дагуу хүчингүйд тооцвол оролцогчид:

а/олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээтэй харшилж байгаа заалтын үндсэн дээр хийсэн аливаа үйлдлийн хор уршгийг аль болохоор арилгаж байна;

б/өөр хоорондын харилцаагаа олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээтэй нийцүүлж байна.

2.Гэрээг 64 дүгээр зүйлийн дагуу хүчингүйд тооцож зогсоовол:

б/гэрээг зогсоохоос өмнө түүнийг биелүүлсний үр дүнд үүссэн оролцогчдын эрх, үүрэг, хууль эрхийн байдал тийм хэмжээгээрээ хадгалагдан үлдэх нь олон улсын нийтлэг эрх зүйн императив шинэ хэм хэмжээтэй харшлахгүй нөхцөлд уг эрх, үүрэг хууль эрхийн байдалд нөлөөлөхгүй.

Далан хоёрдугаар зүйл. Гэрээний үйлчлэлийг түр зогсоосны үр дагавар

Хэвлэх

1.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээний өөрийнх нь буюу энэхүү Конвенцийн заалтын дагуу гэрээний үйлчлэлийг түр зогсооход:

а/өөр хоорондын харилцаанд үйлчлэлийг нь түр зогсоож байгаа гэрээний оролцогчдыг гэрээг биелүүлэх үүргээс түр зогсоох хугацааны туршид чөлөөлнө;

б/бусад талаар оролцогчдын хооронд гэрээгээр тогтоосон эрх зүйн харилцаанд нөлөөлөхгүй.

2.Оролцогчид нь гэрээний үйлчлэлийг түр зогсоох хугацаанд гэрээний үйлчлэлийг сэргээхэд саад болохуйц үйлдлээс түдгэлзэх үүрэгтэй.

VI ХЭСЭГ, БУСАД ЗААЛТ

Далан гуравдугаар зүйл.

Хэвлэх

Улсууд эрх хүлээн авах, улсуудын хариуцлага, дайсагнасан ажиллагаа эхлэх тохиолдол

Энэхүү Конвенцийн заалтууд нь улсууд эрх хүлээн авах, улсуудын олон улсын хариуцлага буюу улсуудын хооронд дайсагнасан ажиллагаа эхэлснээс гэрээний хувьд үүдэн гарч болох ямар ч асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүй.

Далан дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Дипломат болон консулын харилцаа, гэрээ байгуулах

Хоёр буюу хэд хэдэн улсын хооронд дипломат буюу консулын харилцаа тасарсан буюу огт байхгүй байх нь эдгээр улсын хооронд гэрээ байгуулахад саад болохгүй. Гэрээ байгуулах нь дипломат буюу консулын харилцаанд нөлөөлөхгүй.

Далан тавдугаар зүйл.

Хэвлэх

Түрэмгийлэгч-улсын тохиолдол

Энэхүү Конвенцийн заалтууд нь түрэмгийлэгч-улсаас үйлдсэн түрэмгийлэлтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн дагуу авч буй арга хэмжээний үр дүнд энэ улсын талаар үүдэн гарч болох ямар нэгэн үүргийг гэрээний хувьд хөндөхгүй.

VII ХЭСЭГ. ГЭРЭЭ ХАДГАЛАГЧ, МЭДЭГДЭЛ ЗАЛРУУЛГА, БҮРТГЭЛ

Далан зургаадугаар зүйл.

Хэвлэх

Гэрээ хадгалагч

1.Гэрээ хадгалагчийг хэлэлцээнд буюу уг гэрээнд оролцогч улсууд, эсхүл ямар нэгэн өөр журмаар томилж болно. Гэрээ хадгалагчаар нэг буюу хэд хэдэн улс, олон улсын байгууллага буюу тийм байгууллагын гүйцэтгэх гол албан тушаалтан байж болно.

2.Гэрээ хадгалагчийн үүрэг нь өөрийн шинж чанараар олон улсын бөгөөд гэрээ хадгалагч өөрийн үүргийг гүйцэтгэж байх явцдаа шударгаар ажиллах үүрэгтэй. Тухайлбал, хэд хэдэн оролцогчийн хувьд гэрээ хүчин төгөлдөр болоогүй буюу улс болон гэрээ хадгалагчийн хооронд гэрээ хадгалагчийн үүргийн биелэлтийн талаар санал зөрөлдөөн гарсан зэрэг нь энэхүү үүрэгт нөлөөлөхгүй.

Далан долоодугаар зүйл.

Хэвлэх

Гэрээ хадгалагчийн үүрэг

1.Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээ хадгалагч дор дурдсан үүрэгтэй байна:

а/гэрээний жинхэнэ эх бичвэр, гэрээ хадгалагчид гардуулсан бүрэн эрхийн үнэмлэхийг хадгалах;

б/гэрээний жинхэнэ эх бичвэрээс баталгаатай хуулбар бэлтгэх, гэрээгээр зааж болох аль нэг хэлээр гэрээний эх бичвэрийг бэлтгэх, түүнчлэн тэдгээрийг оролцогч улсууд болон оролцох бүхий улсуудад илгээх;

в/гэрээнд гарын үсэг авах, гэрээтэй холбогдсон баримт бичиг, мэдэгдэл, мэдээг хүлээн авах, хадгалах;

г/гэрээнд хамаарах гарын үсэг, баримт бичиг, мэдэгдэл буюу мэдээ нь зохих хэлбэр, журмааг үйлдэгдсэн эсэх тухай асуудлыг судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг холбогдох улсад мэдэгдэх;

д/гэрээнд хамаарах баримт бичиг, мэдэгдэл болон мэдээний талаар оролцогчдод болон оролцох эрх бүхий улсуудад мэдэгдэх;

е/гэрээ хүчин төгөлдөр болоход шаардагдах тооны гарын үсэг, батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хүлээн авсан буюу хадгалуулсан тухай гэрээнд оролцох эрх бүхий улсуудад мэдэгдэх;

ё/Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт гэрээг бүртгүүлэх;

ж/энэхүү Конвенцийн бусад заалтад дурдсан үүргийг гүйцэтгэх.

2.Гэрээ хадгалагчийн үүргийг биелүүлэхтэй холбогдон гэрээ хадгалагч болон өөр ямар нэг улсын хооронд саналын зөрөө гарсан тохиолдолд гэрээ хадгалагч уг асуудлыг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад, эсхүл холбогдох тохиолдолд, сонирхогч олон улсын байгууллагын эрх бүхий байгууллагад мэдэгдэж байна.

Далан наймдугаар зүйл.

Хэвлэх

Мэдэгдэл, мэдээ

Хэрэв гэрээ буюу энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенцийн дагуу аливаа улсын хийсэн мэдэгдэл, мэдээг:

а/хэрэв гэрээ хадгалагч байхгүй бол хаягласан улсад шууд, эсхүл гэрээ хадгалагчтай үед түүнд илгээнэ;

б/хаягласан улс хүлээн авснаар, эсхүл тодорхой тохиолдлоос хамааран гэрээ хадгалагч хүлээн авснаар л холбогдох улс дээрхийг хийсэнд тооцно.

в/хэрэв гэрээ хадгалагчид илгээсэн бол 77 дугаар зүйлийн 1-ийн е-гийн дагуу гэрээ хадгалагч хаягласан улсад мэдэгдсэний дараа уг улс дээрхийг хүлээн авсанд тооцно.

с/хэрэв гэрээ хадгалагчид илгээсэн бол 77 дугаар зүйлийн 1-ийн е-гийн дагуу гэрээ хадгалагч хаягласан улсад мэдэгдсэний дараа уг улс дээрхийг хүлээн авсанд тооцно.

Далан есдүгээр зүйл.

Хэвлэх

Гэрээний эх бичвэр буюу баталгаатай хуулбар дахь алдааг залруулах

1.Гэрээний эх бичвэрийн адил хүчинтэйг тогтоосны дараа гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсууд гэрээний эх бичвэрт алдаа байгааг нийтээр зөвшөөрсний үндсэн дээр тогтоосон бөгөөд тэд өөр арга хэрэглэхээр шийдвэрлээгүй бол, алдааг дор дурдсан замаар залруулна:

а/гэрээний эх бичвэрт холбогдох залруулга оруулж, эрх олгогдсон төлөөлөгчид зохих ёсоор үзэглэх;

б/оруулахаар тохиролцсон залруулгыг агуулсан баримт бичгийг зохиох, эсхүл ийм баримт бичгийг солилцох;

в/жинхэнэ эх бичвэрийг боловсруулсан журмаар гэрээний залруулсан эх бичвэрийг бүхэлд нь зохиох.

2.Хэрэв энэ нь гэрээ хадгалагчид хадгалуулах ёстой гэрээ бол, гэрээ хадгалагч алдааны тухай, түүнчлэн алдааг залруулах тухай саналын талаар гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдэж, энэ саналын эсрэг татгалзал гаргаж болох хугацааг тогтооно. Хэрэв энэ хугацааг дуусахаас өмнө:

а/татгалзвал гараагүй бол гэрээ хадгалагч гэрээний эх бичвэрт залруулгыг оруулан үзэглэж, энэ тухай протокол үйлдэж хуулбарыг гэрээнд оролцогч улсууд болон оролцох эрхтэй улсуудад илгээнэ;

б/татгалзал гарсан бол түүнийг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад гэрээ хадгалагч мэдэгдэнэ.

3.Эх бичвэрүүдийн адил хүчинтэйг хоёр болон хэд хэдэн хэлээр тогтоосны дараа тэдгээр эх бичвэрийн хооронд зөрөө гарсан бөгөөд түүнийг нийтээр зөвшөөрсний үндсэн дээр залруулах ёстой тохиолдолд 1, 2-т дурдсан журмыг мөн хэрэглэнэ.

4.Гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр шийдвэрлээгүй бол залруулсан эх бичвэр нь алдаатай эх бичвэрийг ad initio орлож чадна.

5.Бүртгэгдсэн гэрээний эх бичвэрийг залруулсан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэж байна.

6.Хэрэв гэрээний баталгаатай хуулбарт алдаа илэрвэл гэрээ хадгалагч түүнийг залруулсан тухай протокол үйлдэж, хуулбарыг гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсуудад илгээнэ.

Наядугаар зүйл.

Хэвлэх

Гэрээг бүртгүүлэх, нийтлэх

1.Гэрээг хүчин төгөлдөр болсны дараа бүртгүүлэх буюу хэрэгт хадгалуулах, тухайн тохиодлоос хамааран жагсаалтад оруулах болон нийтлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.

2.Гэрээ хадгалагчийг томилсноор дээрх заалтад дурдсан үйлдлийг гүйцэтгэх бүрэн эрхийг түүнд олгоно.

VIII.ХЭСЭГ, ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

Наян нэгдүгээр зүйл.

Хэвлэх

Гарын үсэг зурах

Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн, эсхүл Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн, Олон улсын шүүхийн Дүрэмд оролцогч улс, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү Конвенцид оролцохыг урьсан аливаа улс 1969 оны 10 дугаар сарын 30 хүртэл Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Гадаад явдлын яаманд, энэ өдрөөс хойш болон 1970 оны 4 дүгээр сарын 30 хүртэл Нью-Иорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд энэхүү Конвенцид гарын үсэг зурахад нээлттэй байна.

Найн хоёрдугаар зүйл.

Хэвлэх

Соёрхон батлах

Энэхүү Конвенцийг соёрхон батална. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар тушаана.

Наян гуравдугаар зүйл.

Хэвлэх

Нэгдэн орох

81дүгээр зүйлд дурдсан категорийн аль нэгд хамаарах улс энэхүү Конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орох тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар тушаана.

Наян дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Хүчин төгөлдөр болох

1.Энэхүү Конвенц нь гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай гучин тав дахь баримт бичгийг хадгалуулахаар тушааснаас хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2.Гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай гучин тав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү Конвенцийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гуч дахь өдрөөс эхлэн Конвенц хүчин төгөлдөр болно.

Наян тавдугаар зүйл.

Хэвлэх

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Энэхүү Конвенцийн англи, испани, хятад, орос, франц хэлээр адил хүчинтэй жинхэнэ эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн бичгийн даргад хадгалуулна.

Үүнийг нотлон өөрсдийн Засгийн газраас зохих ёсоор эрх олгогдсон, дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

19 … оны … дугаар сарын …-нд Вена хотноо үйлдэв.

Хавсралт

1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мэргэжлийн хуульчдын дотроос эвлэрүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж хөтөлнө. Эл зорилгоор хоёр эвлэрүүлэгч томилохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, эсхүл энэхүү Конвенцид оролцогч улс бүрт санал болгох бөгөөд ийнхүү томилогдсон хүмүүсийн нэрсээр дээр дурдсан жагсаалтыг гаргана. Санамсаргүй чөлөөлөгдсөн орон тоог нөхөхийн тулд томилсон эвлэрүүлэгчийг оролцуулан бүх эвлэрүүлэгчийг 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд энэ хугацааг дахин сунгаж болно. Дор дурдсан заалтын дагуу аливаа үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон эвлэрүүлэгч томилогдсон хугацаа нь дууссан ч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

2.Хэрэв 66 дугаар зүйлийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт ирвэл тэрээр маргааныг дор дурдсанаар байгуулагдсан эвлэрүүлэх комисст шилжүүлнэ.

Маргаанд орлцогч нэг тал болох улс буюу улсууд:

а/тэрхүү улсын, эсхүл тэдгээр улсын аль нэгний нь иргэн бөгөөд 1-д дурдсан жагсаалтад орсон хүмүүсээс, эсхүл өөр хүмүүсэээс нэг эвлэрүүлэгчийг;

б/тэрхүү улсын, эсхүл тэдгээр улсын аль нэгний нь иргэн биш бөгөөд дээр дурдсан жагсаалтад нэр нь орсон нэг эвлэрүүлэгчийг тус тус томилно.

Маргаанд оролцогч нөгөө тал болох улс буюу улсууд дээрхийн адилаар хоёр эвлэрүүлэгчийг томилно. Ерөнхий нарийн бичгийн дарга холбогдох хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор талуудын сонгож авсан дөрвөн эвлэрүүлэгчийг томилно.

Эдгээр дөрвөн эвлэрүүлэгч тэдний хамгийн сүүлчийнхийг нь томилсон өдрөөс хойш 60 хоногийн дотор жагсаалтад орсон хүмүүсээс тавдахь эвлэрүүлэгчийг томилох бөгөөд тэр нь дарга болно.

Хэрэв дарга буюу бусад эвлэрүүлэгчийн аль нэгийг дээр заасан хугацаанд томилохгүй бол холбогдох хугацаа дууссан өдрөөс хойш 60 хоногийн дотор Ерөнхий нарийн бичгийн дарга тэднийг томилно.

Ерөнхий нарийн бичгийн дарга жагсаалтад орсон хүмүүсээс, эсхүл олон улсын эрх зүйн комиссын гишүүдээс даргыг томилж болно. Маргаанд оролцогч талуудын зөвшөөрлөөр томилох хугацааны аль нэгийг сунгаж болно.

Аливаа орон тооны дутууг нөхөхдөө анх удаа томилсон журмыг баримтална.

3.Эвлэрүүлэх комисс дотоод журмаа өөрөө тогтооно.Маргаанд оролцогч талуудын зөвшөөрлөөр өөрийн санлаа амаар, эсхүл бичгээр өгөхийг гэрээний аль нэг оролцогчид комисс санал болгож болно. Комисс өөрийн таван гишүүний олонхийн саналаар шийдвэр болон зөвлөмж гаргана.

4.Комисс маргааныг эвээр шийдвэрлэхэд дөхөм үзүүлэхүйц аливаа арга хэмжээнд маргаанд оролцогч талуудын анхаарлыг хандуулж болно.

5.Комисс талуудын мэдүүлгийг сонсож, тэдгээрийн гомдол болон татгалзлыг хэлэлцэхийн зэрэгцээ маргааныг эвээр шийдвэрлэхэд чиглэсэн саналаа талуудаар хэлэлцүүлэхээр оруулна.

6.Комисс байгуулагдсан өдрөөсөө хойш 12 сарын дотор илтгэлээ гаргах ёстой. Энэхүү илтгэлийг Ерөнхий нарийн бичгийн дарга болон маргаанд оролцогч талуудад илгээнэ. Комиссын илтгэл болон түүнд дурдсан баримт нотолгоо, эсхүл эрх зүйн асуудлуудын тухай аливаа дүгнэлт нь талуудын хувьд заавал биелүүлэх хүчингүй бөгөөд зөвхөн маргааныг эвээр шийдвэрлэхэд дөхөм үзүүлэхийн тулд хэлэлцүүлэхээр талуудад санал болгож буй зөвлөмжийн шинжтэй байна.

7.Ерөнхий нарийн бичгийн дарга Комисст шаардагдах тусламж болон үйлчилгээний хэрэгслийг олгоно. Комиссын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ /Албан бус орчуулга /

1969 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэв. Вена хотноо