A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 71.2, 15.1, Боловсролын тухай хуулийн 40.2, Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор шинээр барих орон сууцны хороолол, хотхон болон конторын зориулалттай 9-өөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөн тусгаж байхаар холбогдох норм, дүрэмд өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт үүрэг болгосугай.

2. Дор дурдсан барилгыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, үйл ажиллагааг нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон холбогдох сайд нарт даалгасугай:

2.1. нийгмийн даатгалын цахим архивын байр (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам)-ны 2 дугаар давхар;

2.2. Засгийн газрын YI байр (Гадаад харилцааны яам)-ны өргөтгөлийн 2 дугаар давхар;

2.3. Газрын тосны газар (хуучин нэрээр)-ын конторын барилга;

2.4. Газрын тосны газар (хуучин нэрээр)-ын лабораторийн барилга.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу цэцэрлэг байгуулахад шаардлагатай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд, цэцэрлэгийн тохижилт, үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын төсөл болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгасугай.

4. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэргэдээ хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулах талаар гаргаж байгаа санал, санаачилгыг дэмжиж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ