- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 98
Улаанбаатар хот
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.3, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2015 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2016 оны 7-12 дугаар сард хүүхдийн мөнгө авах 0-18 насны хүүхдийн нэрсийг тухай бүр гарган Сангийн яаманд хүргүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор баталсан "Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам"-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулга бүхий дараах хэсэг, заалтыг нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт:
"4.2.5. тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн;
4.2.6. хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн."
2/ 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэг:
"4.7. Энэ журмын 4.2.5, 4.2.6-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийг шинэчилсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцөлийг хангаж байвал үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны мөнгийг нөхөн олгоно."
3. Энэ тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Текст томруулах
A
A
A
