- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН РОМЫН ДҮРЭМ
1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Удиртгал |
Энэхүү дүрмийн оролцогчид |
нийт улс түмэн нийтлэг шижимээр холбогдсон бөгөөд тэдгээрийн соёл харилцан сүлжилдсэн хамтын өвийг бий болгож, энэхүү нарийн шилтгээ нь ямар ч үед сүйтгэгдэж болохыг ухамсарлаж, |
энэ зуунд сая сая хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүд хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг гүнээ шимшрүүлсэн санаанд багтамгүй хорон үйлдлийн золиос болсныг эргэн санаж, |
тэдгээр хүнд ноцтой гэмт хэрэг нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч, |
олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явдлыг хангах арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж, |
ийм гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгүүлэхгүй байх явдлыг эцэс болгож, ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж, |
олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс тус бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж, |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго болон зарчим, ялангуяа бүх улс хүч хэрэглэхээр заналхийлэхээс буюу түүнийг аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг, эсхүл ямар нэгэн өөр хэлбэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгод үл нийцэх байдлаар хэрэглэхээс татгалзана гэдгийг дахин баталж, |
үүнтэй холбогдуулан энэхүү дүрмийг зэвсэгт мөргөлдөөн буюу аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхийг алив нэгэн оролцогч улсад олгож байгаа хэмээн яагаад ч ойлгож болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж, |
энэ зорилгоор буюу өнөөгийн болон хойч үеийн тусын тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтолцоотой холбоо бүхий, олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргийг шүүн шийдвэрлэх эрх бүхий, бие даасан, байнгын үйл ажиллагаатай Олон улсын эрүүгийн шүүх байгуулах шийдвэр төгс болж, |
энэхүү дүрмийн үндсэн дээр байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх нь эрүүгийн шүүн таслах үндэсний байгууллагад нэмэлт хөшүүрэг болно гэдгийг онцлон тэмдэглэж, |
олон улсын шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндэтгэлтэй хандах, түүнийг сахин биелүүлэх явдлыг хангах бат бэх баталгааг бий болгох шийдвэр төгс байж, |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
1 ДҮГЭЭР ХЭСЭГ |
ШҮҮХ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ |
1 дүгээр зүйл |
Шүүх |
Үүгээр Олон улсын эрүүгийн шүүх (”Шүүх”)-ийг үүсгэн байгуулж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн, энэхүү дүрэмд дурдсан хамгийн ноцтой гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хувьд хэргийг нь шүүн шийдвэрлэх эрх бүхий байнгын байгууллага бөгөөд эрүүгийн шүүн таслах үндэсний шүүх байгууллагад нэмэлт хөшүүрэг болно. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг болон гүйцэтгэх чиг үүргийг энэхүү дүрмийн заалтаар зохицуулна. |
2 дугаар зүйл |
Шүүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харьцах |
Шүүх энэхүү дүрмийг оролцогч улсуудын Ассамблей баталсны үндсэн дээр Шүүхийн нэрийн өмнөөс Шүүхийн даргаас байгуулсан хэлэлцээрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагатай харилцаа тогтооно. |
3 дугаар зүйл |
Шүүхийн байрлах газар |
1. Шүүхийн байрлах газар (”байрлах улс”) нь Нидерланд Улсын Гааг хот байна. |
2. Шүүх нь оролцогч улсуудын Ассамблей сайшаасны үндсэн дээр байрлах улстай төв байрны тухай хэлэлцээ хийж, дараа нь Шүүхийн дарга Шүүхийн нэрийн өмнөөс хэлэлцээр байгуулна. |
3. Хэрэв Шүүх шаардлагатай гэж үзвэл энэхүү дүрэмд заасны дагуу аливаа өөр газар хуралдаж болно. |
4 дүгээр зүйл |
Шүүхийн эрх зүйн байдал болон бүрэн эрх |
1. Шүүх нь олон улсын эрх зүйн субъектын чадвартай байна. Тэрээр мөн өөрийн чиг үүрэг болон зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тийм эрх зүйн чадвартай байна. |
2. Шүүх өөрийн чиг үүрэг болон бүрэн эрхийг энэхүү дүрэмд заасны дагуу оролцогч аливаа улсын нутаг дэвсгэрт болон тусгай хэлэлцээрийн дагуу аливаа бусад улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж болно. |
2 ДУГААР ХЭСЭГ |
ШҮҮН ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГ, АВЧ |
ҮЗЭЖ БОЛОХ БОЛОН ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ |
5 дугаар зүйл |
Шүүхээс хэрэг шийдвэрлэхэд хамааруулах гэмт хэрэг |
1. Шүүхээс шүүн шийдвэрлэх хэрэг нь олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн хамгийн ноцтой гэмт хэргээр хязгаарлагдана. Энэхүү дүрмийн дагуу Шүүх дараахь гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ: |
(a) төрлөөр устгах гэмт хэрэг; |
(b) хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг; |
(c) дайны гэмт хэрэг; |
(d) түрэмгийллийн гэмт хэрэг. |
2. Шүүх түрэмгийллийн гэмт хэргийн хувьд энэ гэмт хэргийг шүүн шийдвэрлэх талаар энэ гэмт хэргийн тодорхойлолт болон зохих нөхцлийг агуулсан заалтыг 121 болон 123 дугаар зүйлийн дагуу батласны дараа Шүүх хэргийг шүүн шийдвэрлэнэ. Тийм заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн холбогдох заалтуудтай нийцсэн байх ёстой. |
6 дугаар зүйл |
Төрлөөр усгах |
Энэхүү дүрмийн зорилгоор “төрлөөр устгах” гэмт хэрэг гэж аль нэгэн үндэстэн, угсаатан, арьсны өнгө болон шашин шүтлэг нэгтэйнх нь хувьд тийм бүлэг хүнийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилгоор үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг мөн: |
(а) тийм бүлгийн гишүүдийг алах; |
(b) тийм бүлгийн гишүүдийн бие махбодид ноцтой гэмтэл учруулах буюу ухаан санааг сарниулах; |
(c) тийм бүлгийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар зориуд бий болгох; |
(d) тийм бүлгийн дунд төрөлтийг зогсооход чиглэсэн арга хэмжээ авах; |
(e) хүүхдийг нэг бүлгээс нөгөөд хүчээр шилжүүлэх. |
7 дугаар зүйл |
Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг |
1. Энэхүү Дүрмийн зорилгоор “хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” нь энгийн аливаа хүмүүст өргөн хүрээтэй буюу байнга халдах байдлаар санаатай үйлдэж байгаа дараахь үйлдлийн аль нэг болно: |
(a) алах, |
(b) устгах; |
(c) боолчлох; |
(d) хүн амыг албадан гаргах буюу хүчээр нүүлгэн шилжүүлэх; |
(e) шоронд хорих буюу бусад байдлаар олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг зөрчих замаар хүний бие махбодийн эрх чөлөөг харгис, хэрцгийгээр хасах; |
(f) эрүүдэн шүүх; |
(g) хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх буюу адилтган үзэж болох бусад хүнд хэлбэрийн бэлгийн аливаа хүчирхийлэл; |
(h) аливаа тодорхой бүлэг буюу нэгдлийг 3 дахь хэсэгт тодорхойлсон улс төр, арьсны өнгө, үндэс, угсаа, соёл, шашны, хүйсийн болон олон улсын эрх зүйн дагуу тэвчиж үл болох хэмээн хүлээн зөвшөөрсөн бусад үндэслэлээр энэ хэсэгт дурдсан аливаа үйлдэл буюу Шүүхийн шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах аливаа гэмт хэрэгтэй холбоотойгоор мөрдөн мөшгих; |
(i) хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох; |
(j) арьсны өнгөөр алагчилах гэмт хэрэг; |
(k) хүчтэй зовиур шаналгаа учруулах буюу бие махбодид нь ноцтой гэмтэл учруулах, эсхүл санаа сэтгэлийн буюу бие махбодийн эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол санаатай учруулсан шинж чанартай хүмүүнлэг бус бусад үйлдэл. |
2. 1 дэх хэсгийг тайлбарлах зорилгоор: |
(а) “аливаа энгийн хүмүүст халдах” гэж 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь ийм халдлагыг үйлдэхэд чиглэгдсэн төрийн буюу байгууллагын бодлогыг хэрэгжүүлэх буюу ийм бодлогод тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн аливаа энгийн хүмүүсийн эсрэг хийгдсэн олон удаагийн үйлдэл бүхий зан үйлийн чиг шугамыг хэлнэ; |
(b) “устгах” гэж хүн амын хэсгийг устгахад чиглэсэн амьдралын нөхцлийг санаатайгаар бий болгох, түүнчлэн хүнс болон эмийн зүйлийг авах боломжгүй болгосныг хэлнэ; |
(c) “боолчлох” гэж хувь хүний хувьд өмчлөх эрхтэй холбогдсон аливаа буюу бүхий л бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдийг худалдаалах явцад тийм эрх мэдэл хэрэгжүүлэхийг хэлнэ; |
(d) “хүн амыг албадан гаргах буюу хүчээр шилжүүлэх” гэж хүмүүсийг хууль ёсоор оршин суугаа газраас нь олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрсөн ямар нэг үндэслэлгүйгээр шилжүүлэн нүүлгэх буюу хүч хэрэглэсэн бусад үйлдэлд өртөж буй хүмүүсийг хүчээр шилжүүлэхийг хэлнэ; |
(e) “эрүү шүүлт тулгах” гэж цагдан хоригдож байгаа этгээд буюу хараа хяналтад яллагдагчид хүчтэй өвдөлт буюу бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналгаа учруулсныг хэлнэ. Гагцхүү хууль ёсны шийтгэлийн үр дүнд үүссэн зовиур нь энэхүү шийтгэлтэй салшгүй холбоотой буюу тохиолдлын чанартай бий болсныг эрүү шүүлт гэж үзэхгүй; |
(f) “албадан жирэмслүүлэх” гэж ямар нэг хүн амын үндэс угсааны бүрэлдэхүүнийг өөрчлөх буюу олон улсын эрх зүйг өөр байдлаар ноцтой зөрчих зорилгоор аль нэгэн эмэгтэйн эрх чөлөөг хууль бусаар хасан албадлагын журмаар жирэмсэн болгохыг хэлнэ. Энэ нэр томъёог ямар ч тохиолдолд жирэмслэлттэй холбогдсон үндэсний хууль тогтоомжийг хөндөх байдлаар тайлбарлах ёсгүй; |
(g) “мөрдөн мөшгих” нь ямар нэгэн бүлэг буюу нийтлэгт харьяалагдах шинж байдлаар нь олон улсын эрх зүйг зөрчин хүний үндсэн эрхийг санаатай ба ноцтой хассан үйлдэл юм; |
(h) “арьс өнгөөр алагчилах гэмт хэрэг” гэж өөрийн шинж чанараар 1 дэх хэсэгт дурдсантай адил арьсны нэг өнгө бүхий бүлгээс арьсны өөр өнгө бүхий бүлгийг байнга дарлах болон ноёрхох тогтолцооны дэглэмтэй холбоотойгоор болон тийм дэглэмийг хэвээр хадгалах зорилгоор үйлдэж буй хүмүүнлэг бус үйлдлийг хэлнэ; |
(i) “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох” гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ. |
3. Энэхүү дүрмийн зорилгоор “хүйс” гэсэн нэр томьёо нь нийгмийн утгаараа эрэгтэй буюу эмэгтэй хоёр хүйст хамаарна. “Хүйс” гэсэн нэр томьёо нь дээр дурдсанаас ялгаатай ямар нэг өөр утга санааг илэрхийлэхгүй. |
8 дугаар зүйл |
Дайны гэмт хэрэг |
1. Шүүх нь дайны гэмт хэргийн хувьд тухайлбал тэдгээрийг төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд, эсхүл тийм гэмт хэргийг өргөн хэмжээгээр үйлдсэн тохиолдолд шүүн шийдвэрлэх харьяалалд хамааруулна. |
2. Энэхүү дүрмийн зорилгоор “дайны гэмт хэрэг” гэж: |
(a) Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн ноцтой зөрчил, ялангуяа Женевийн холбогдох конвенцийн заалтын дагуу хамгаалагдвал зохих хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг: |
(i) бусдыг санаатай алах; |
(ii) эрүү шүүлт тулгах буюу биологийн туршилт хийх зэргээр хүнлэг бус харьцах; |
(iii) санаатайгаар хүчтэй зовоон шаналгах, бие махбодид нь буюу эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулах; |
(iv) цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй байхад эд хөрөнгийг хууль бусаар, утга учиргүй буюу их хэмжээгээр устгах болон завших; |
(v) цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүнийг дайсагнагч гүрний зэвсэгт хүчинд хүчээр алба хаалгах; |
(vi) цэргийн олзлогдогч буюу хамгаалалтад байгаа бусад хүний шударга болон хэвийн шүүн таслах ажиллагаагаар хэргээ шийдвэрлүүлэх эрхийг нь санаатай хасах; |
(vii) хууль бусаар албадан гаргах буюу шилжүүлэх, эсхүл эрх чөлөөг нь хууль бусаар хасах; |
(viii) хүнийг барьцаанд авах. |
(b) олон улсын эрх зүйгээр тогтсон олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэрэглэх хууль болон заншлыг өөрөөр ноцтой зөрчсөн, ялангуяа дараахь үйлдлийн аль нэг: |
(i) дайны ажиллагаанд шууд оролцоогүй энгийн хүн ам буюу энгийн тодорхой хүмүүст санаатайгаар халдан довтлох; |
(ii) иргэний байгууламж, өөрөөр хэлбэл цэргийн зориулалтгүй байгууламжид санаатайгаар халдан довтлох; |
(iii) хүмүүнлэгийн тусламж үзүүлэх буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу энхийг сахиулахад оролцож байгаа ажилтан, байгууламж, материал, нэгж буюу тээврийн хэрэгсэлд тэдгээрийг зэвсэгт мөргөлдөөний эрх зүйн дагуу энгийн хүмүүс буюу иргэний байгууламжийн эдэлж байгаа хамгаалалтын эрхтэй байхад нь санаатайгаар шууд цохилт өгөх; |
(iv) тухайн халдан довтлох явдал нь энгийн хүмүүс амь насаа тохиолдлоор алдах буюу гэмтэх, эсхүл иргэний байгууламжид хохирол учруулах, эсхүл цэргийн тодорхой болон шууд тооцон хүлээж байгаа ердийн давуу байдалтай жиших аргагүй өргөн, урт хугацааны болон ноцтой хохирлыг хүрээлэн байгаа орчинд учруулахыг мэдсээр байж санаатайгаар халдан довтлох; |
(v) хамгаалалтгүй болон цэргийн зориулалтгүй хот, тосгон, орон сууц буюу барилга байгууламжид халдан довтлох, эсхүл ямар ч хэрэгслээр хамаагүй тэдгээрийг бөмбөгдөх; |
(vi) зэвсгээ хураалгаж, цаашид хамгаалалтын хэрэгсэлгүй болон үг дуугүй бууж өгсөн цэргүүдийг алах буюу шархдуулах; |
(vii) цэргийн командлалаас дайсны талтай хэлэлцээ хийх бүрэн эрх бүхий элчийн туг болон үндэсний далбаа, дайсагнагч талын буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын цэргийн ялгах тэмдэг болон дүрэмт хувцас, түүнчлэн Женевийн конвенцуудаар тогтоосон ялгах тэмдгийг зүй бусаар ашигласнаас хүмүүс амь насаа алдах буюу тэдгээрийн биед ноцтой гэмтэл учруулахад хүргэх; |
(viii) эзэлсэн гүрэн энгийн хүн амыг шууд буюу тойруу замаар өөрийн эзэлсэн нутаг дэвсгэрт шилжүүлэх, эсхүл эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амыг бүхэлд нь буюу зарим хэсгийг энэ нутаг дэвсгэрийн хилийн дотор буюу хилийн чанадад албадан гаргах буюу шилжүүлэх; |
(ix) шашин, боловсрол, урлаг, шинжлэх ухаан буюу хүмүүнлэгийн зориулалттай барилга байгууламж, түүхийн дурсгалт газар, эмнэлэг, өвчтөн болон шархдагсад төвлөрсөн газруудад цэргийн зориулалтгүй байхад санаатай халдах; |
(x) эсрэг талын мэдэлд байгаа хүмүүсийн биед гэмтэл учруулах буюу тухайн хүний эмнэлгийн, шүдний эмчийн буюу хэвтүүлж эмчлэх шаардлагад нийцээгүй болон тухайн хүний эрх ашигт нийцээгүй бөгөөд тийм хүн буюу хүмүүсийг үхэлд хүргэж болох буюу эрүүл мэндэд нь ноцтой аюул занал учруулахад хүргэх аливаа төрлийн эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийх; |
(xi) дайсагнагч үндэстэн буюу армид хамаарах хүмүүсийг итгэл эвдэн алах, эсхүл шархдуулах; |
(xii) юуг ч өршөөж хайрлахгүй хэмээн зарлах; |
(xiii) устгах буюу булаан авах нь цэрэг дайны зайлшгүй шаардлага байхгүй үед дайсагнагч талын эд хөрөнгийг устгах буюу булаан авах; |
(xiv) эсрэг талын иргэдийн шүүхэд хандах эрх болон нэхэмжлэлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн буюу хүлээж авахгүй гэж зарлах; |
(xv) дайн эхлэхээс өмнө дайтагч талынх нь албанд байсан ч гэсэн дайсагнагч талын иргэнийг өөрийнх нь орны эсрэг дайны ажиллагаанд хүчээр татан оролцуулах; |
(xvi) дайралтаар эзэлсэн ч гэсэн хот буюу хүн амын суурин газрыг тонон дээрэмдэх; |
(xvii) хорт буюу хордуулах зэвсэг хэрэглэх; |
(xviii) амьсгал боогдуулах, хортой буюу бусад хий болон аливаа ижил төрлийн шингэн, материал буюу хэрэгсэл хэрэглэх; |
(xix) хүний биеийг шууд задлах сум хэрэглэх; |
(xx) тухайн зэвсэг, сум, материал болон дайн хийх арга нь бүх нийтээр хориглосон зүйл бөгөөд 121 болон 123 дугаар зүйлд дурдсан холбогдох заалтын дагуу хийсэн нэмэлт өөрчлөлтийн байдлаар энэхүү дүрмийн хавсралтад орсон тохиолдолд өөрийн мөн чанараараа зэвсэгт мөргөлдөөний тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчих бөгөөд үлэмж гэмтэл буюу шаардлагагүй зовиурт хүргэх зэвсэг, сум болон материал түүнчлэн дайн хийх аргыг хэрэглэх; |
(xxi) хүний нэр төрд халдах, ялангуяа доромжлох буюу гутаан басамжлах байдлаар харьцах; |
(xxii) хүчиндэх, бэлгийн боолчлолд оруулах, биеэ үнэлэхэд тулган хавчих, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (е) дэд хэсэгт тодорхойлсны дагуу албадан жирэмслүүлэх, хүчээр засаж хөнгөлөх болон Женевийн конвенцуудыг ноцтой зөрчсөн бэлгийн хүчирхийллийн аливаа бусад төрөл; |
(xxiii) энгийн болон хамгаалалтад байгаа бусад хүний оролцоог тодорхой суурин, бүс нутаг буюу зэвсэгт хүчний цэргийн үйл ажиллагаанаас хамгаалахад ашиглах; |
(xxiv) барилга байгууламж, материал, эмнэлгийн байгууллага болон тээврийн хэрэгсэл, түүнчлэн Женевийн конвенцоор тогтоосон ялгах тэмдгийг олон улсын эрх зүйн дагуу хэрэглэж байгаа хүмүүст санаатайгаар халдах; |
(xxv) Женевийн конвенцид заасны дагуу тусламж үзүүлэхэд санаатайгаар саад тотгор учруулах зэрэг амьд үлдэхэд шаардлагатай зүйлээр гачигдуулах замаар дайн хийх арга болгон энгийн хүмүүсийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг санаатайгаар явуулах; |
(xxvi) арван тав хүртэлх насны хүүхдийг үндэсний зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд элсүүлэх буюу тэдгээрийг цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах замаар ашиглах. |
(c) Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дөрвөн конвенцийн хувьд нийтлэг 3 дугаар зүйлийг олон улсын шинж чанаргүй зэвсэгт мөргөлдөөний үед ноцтой зөрчих, ялангуяа зэвсгээ хураалгасан цэргийн албан хаагч болон өвчтөн, шархтан, албадан саатуулагдсан болон аливаа бусад шалтгааны улмаас цэргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй хүмүүсийн хувьд үйлдсэн дараахь үйлдлийн аль нэг: |
(i) амь нас болон бие махбодид нь халдах, тухайлбал аливаа хэлбэрээр алах, эрхтнээс нь хагацуулах, харгис хэрцгий харьцах болон эрүү шүүлт тулгах; |
(ii) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлох буюу гутаах; |