A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАРАА ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ

1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Удиртгал

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

Олон улсын эдийн засгийн шинэ дэг журам тогтоох тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 6 дугаар тусгай чуулганаас батласан тогтоолын өргөн цар хүрээтэй зорилгуудыг анхаарч,

тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр олон улсын худалдааг хөгжүүлэх нь улс хоорондын найрсаг харилцааг дэмжихэд чухал хөшүүрэг болно гэж үзэн,

олон улсын хооронд бараа худалдах-худалдан авах гэрээг зохицуулж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн өөр өөр тогтолцоог харгалзсан нэгдмэл хэм хэмжээг батлан гаргах нь олон улсын худалдаан дахь эрх зүйн саад тотгорыг арилгах болон олон улсын худалдааны хөгжлийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ гэж найдаж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ

ХАМРАХ ХҮРЭЭ БА ЕРӨНХИЙ ЗААЛТ

I бүлэг

ХАМРАХ ХҮРЭЭ

1 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенц үйл ажиллагаагаа явуулдаг газар нь өөр өөр улсад байгаа талуудын хооронд бараа худалдах-худалдан авах гэрээг:

(a) тэдгээр улс нь хэлэлцэн тохирогч улс бол; эсхүл

(b) олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний дагуу хэлэлцэн тохирогч улсын хуулийг хэрэглэх бол хамруулна.

(2) Талуудын үйл ажиллагаа явуулдаг газар өөр өөр улсад байгаа гэдэг нь гэрээнээс буюу гэрээ байгуулахын өмнө эсхүл байгуулж байх үед талуудын хооронд хийсэн аливаа хэлцэл буюу солилцсон мэдээллээс харагдахгүй бол талуудын үйл ажиллагаагаа явуулдаг газрууд тийнхүү өөр өөр улсад байгааг хэрэгсэж үзэхгүй.

(3) Энэхүү конвенцийн хамрах хүрээг тогтоохдоо талуудын харьяалал, талуудын болон гэрээний иргэний буюу худалдааны шинжийг үл харгалзана.

2 дугаар зүйл

Энэхүү конвенц нь дараахь барааг худалдахад хамаарахгүй:

(a) худалдагч гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулах үед хувийн, гэр бүлийн буюу гэр ахуйн хэрэгцээнд зориулан тухайн барааг худалдан авч байгаа гэдгийг мэдээгүй байсан буюу мэдэх ёсгүй байснаас бусад үед дээрх хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа;

(b) үнэ хаялцуулах журмаар худалдсан бараа;

(c) шийдвэр гүйцэтгэх буюу хуулийн дагуу бусад хэлбэрээр худалдсан бараа;

(d) үнэт цаас, хувьцаа, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, эргэлтийн баримт бичиг эсхүл мөнгө;

(e) усан онгоц, завь, хөвөгч хөлөг буюу нисэх онгоц;

(f) цахилгаан эрчим хүч.

3 дугаар зүйл

(1) Барааг захиалж байгаа тал уг барааг үйлдвэрлэж бэлтгэхэд шаардлагатай материалын үлэмж хэсгийг нийлүүлэх үүргийг хүлээгээгүй бол үйлдвэрлэж, бэлтгэх барааг нийлүүлэхээр хийсэн гэрээг худалдах-худалдан авах гэрээнд тооцно.

(2) Бараа нийлүүлэгч талын хүлээсэн үүргийн зонхилох хэсэг нь ажил гүйцэтгэх буюу бусад үйлчилгээ үзүүлэхээр байгуулсан гэрээнд энэхүү конвенц хамаарахгүй.

4 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь зөвхөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулахыг, түүнчлэн уг гэрээгээр худалдагч, худалдан авагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулна. Энэхүү конвенцид илт өөрөөр заагаагүй бол ялангуяа дараахь зүйлс хамаарахгүй:

(a) уг гэрээ, түүний аль нэг заалт, эсхүл заншлын аль нэг зүйл хүчинтэй эсэх,

(b) худалдсан барааг өмчлөх эрхэд уг гэрээний үзүүлэх нөлөө.

5 дугаар зүйл

Бараа хүнийг үхэлд хүргэсэн буюу эрүүл мэндэд нь муугаар нөлөөлсөн тохиолдолд худалдагчид ноогдуулах хариуцлагыг энэхүү конвенцоор зохицуулахгүй.

6 дугаар зүйл

Талууд энэхүү конвенцийг хэрэглэхгүй байж, эсхүл 12 дугаар зүйлд заасан журмаар түүний аль нэг заалтыг хасч эсхүл үйлчлэлийг нь өөрчилж болно.

II бүлэг

ЕРӨНХИЙ ЗААЛТ

7 дугаар зүйл

(1) Энэхүү конвенцийг тайлбарлахдаа түүний олон улсын шинж чанарыг, мөн түүнийг нэг мөр хэрэглэхийг дэмжих болон олон улсын худалдаанд үнэнч шударга байдлыг эрхэмлэх зайлшгүй шаардлагыг харгалзан үзвэл зохино.

(2) Энэхүү конвенцоор зохицуулсан боловч Конвенцид шууд тусгаагүй асуудлыг Конвенцийн үндэс болсон ерөнхий зарчмуудын дагуу шийдвэрлэх бөгөөд ийм зарчим байхгүй бол түүнийг олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээний дагуу хэрэглэх хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл

(1) Энэхүү конвенцийн зорилгын үүднээс, аль нэг талын хийсэн мэдэгдэл, бусад үйлдлийг түүний чиг санааны дагуу тайлбарлах бөгөөд уг чиг санааг нөгөө тал мэдсэн буюу мэдэхгүй өнгөрөөх ёсгүй байна.

(2) Хэрэв өмнөх (1) дэх хэсгийн заалтыг үл хэрэглэвэл аль нэг талын хийсэн мэдэгдэл, бусад үйлдлийг нөгөө талтай нэгэн этгээд уг нөхцөл байдалд хэрхэн ойлгох байсан бэ гэдэгтэй холбон тайлбарлана.

(3) Гэрээний аль нэг талын чиг санааг буюу нэгэн адил этгээдийн ойлголтыг тодорхойлохдоо тухайн тохиолдолд холбогдох бүхий л нөхцөл байдал түүний дотор хэлэлцээ, талууд харилцаандаа тогтоосон дадал, заншил болон талуудын дараа дараагийн аливаа үйлдлийг зохих ёсоор харгалзан үзнэ.

9 дүгээр зүйл

(1) Талууд хоорондоо хэлэлцэн тохиролцсон аливаа заншил болон харилцаандаа тогтоосон дадлыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.

(2) Өөрөөр тохиролцоогүй бол талууд гэрээнд буюу гэрээ байгуулахад тэдний мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан, мөн олон улсын худалдаанд тухайн тодорхой худалдаанд хамаарах тухайн төрлийн гэрээнд оролцогч этгээдүүд өргөнөөр мэддэг бөгөөд тогтмол дагаж мөрддөг заншлыг хэрэглэж байна гэж үзнэ.

10 дугаар зүйл

Энэхүү конвенцийн зорилгын үүднээс:

(a) хэрэв гэрээний аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг нэгээс дээш газартай бол гэрээ байгуулахаас өмнө буюу байгуулах үед талууд мэдэж байсан эсхүл төлөвлөж байсан нөхцөл байдлыг харгалзан гэрээ болон түүнийг гүйцэтгэхэд хамгийн ойр харилцах байгууллагыг түүний үйл ажиллагаа явуулдаг газарт тооцно;

(b) хэрэв гэрээний аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол байнгын оршин суугаа газраар нь түүнтэй харилцана.

11 дүгээр зүйл

Бараа худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах буюу баталгаажуулах хэрэггүй бөгөөд гэрээний хэлбэрт бусад аливаа шаардлага тавихгүй. Гэрээ байгуулснаа талууд ямар ч арга хэрэгслээр түүний дотор гэрчээр нотолж болно.

12 дугаар зүйл

Хэрэв талуудын аль нэг нь тус конвенцийн 96 дугаар зүйлийн дагуу мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч аль нэг улсад үйл ажиллагаа явуулдаг газартай бол бараа худалдах-худалдан авах гэрээ, түүнд талуудын хэлэлцэн тохиролцсоноор хийх өөрчлөлт, цуцлалт буюу гэрээ хийх аливаа санал, зөвшөөрөл буюу чиг санааны бусад илэрхийллийг бичгээр буюу өөр аль нэг хэлбэрээр гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа энэхүү конвенцийн 11, 29 дүгээр зүйлийн эсхүл II хэсгийн аль нэг заалтыг хэрэглэхгүй. Талууд энэ зүйлийг хасч үйлчлэлийг нь өөрчилж үл болно.

13 дугаар зүйл

Энэхүү конвенцийн зорилгын үүднээс "бичгээр" гэдэг ойлголтод телеграмм болон телексээр өгсөн мэдээллийг мөн хамаарна.

II ХЭСЭГ

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

14 дүгээр зүйл

(1) Нэг буюу хэд хэдэн тодорхой хүнд гэрээ байгуулахаар хандсан санал нь хангалттай тодорхой бөгөөд түүнийг зөвшөөрсөн тохиолдолд заавал биелүүлнэ гэсэн санал гаргагчийн чиг санааг илэрхийлсэн байвал түүнийг гэрээ байгуулах санал гэнэ. Гэрээ байгуулах саналд барааны нэрийг зааж, тоо хэмжээ, үнийг нь шууд буюу шууд бусаар тогтоосон эсхүл тоо хэмжээ, үнийг тодорхойлох журмыг заасан байвал уг саналыг хангалттай тодорхой гэж үзнэ.

(2) Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандаагүй саналыг гэрээ байгуулах санал гэж санал гаргагч этгээд шууд заагаагүй бол түүнийг ердөө санал гаргахаар өгсөн урилга гэж тооцно.

15 дугаар зүйл

(1) Гэрээ байгуулах санал хүлээн авагч талд очсоноор хүчин төгөлдөр болно.

(2) Гэрээ байгуулах саналыг эгүүлэн авах тухай мэдэгдэл нь саналыг хүлээн авагч тал уг саналыг хүлээн авахаас өмнө нэг зэрэг хүрсэн бол уг санал буцааж авахааргүй байсан ч гэсэн түүнийг эгүүлэн авч болно.

16 дугаар зүйл

(1) Санал хүлээн авагч тал саналыг зөвшөөрөн явуулахаас өмнө тухайн саналыг буцаан авч байгаа тухай мэдэгдлийг хүлээн авсан бол гэрээ байгуулах хүртэл тийнхүү буцаан авч болно.

(2) Харин гэрээ байгуулах саналыг дараахь тохиолдолд буцаан авч болохгүй:

(a) хэрэв гэрээ байгуулах саналыг буцаан авахгүй гэдгийг зөвшөөрөл өгөх хугацааг заах замаар буюу бусад хэлбэрээр заасан; эсхүл

(b) гэрээ байгуулах тухай саналыг буцаан авахгүй санал гэж хүлээн авагч тал итгэх үндэслэлтэй байж, уг саналд итгэснийхээ дагуу үйлдэл хийсэн бол.

17 дугаар зүйл

Аливаа татгалзсан мэдэгдэл санал хүлээн авагч талд очсон тохиолдолд тухайн санал буцаан авахгүй байсан ч хүчингүй болно.

18 дугаар зүйл

(1) Хүлээн авагч тал гэрээ байгуулах саналыг зөвшөөрснөө илэрхийлэн мэдэгдэл буюу үйлдэл хийсэн бол түүнийг гэрээний саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Дуугүй байх буюу ямар нэг үйлдэл хийхгүй байх нь дангаараа гэрээний саналыг зөвшөөрсөнд тооцогдохгүй.

(2) Гэрээ байгуулах санал гаргагч уг саналын зөвшөөрлийг авснаар энэ зөвшөөрөл хүчин төгөлдөр болно. Гэрээ байгуулах санал гаргагчийн тогтоосон хугацаанд, хугацаа тогтоогоогүй нөхцөлд тухайн хэлцлийн нөхцөл байдлыг түүний дотор санал гаргагчийн ашигласан холбооны хэрэгслийн шуурхай эсэхийг зохих ёсоор харгалзаж үзэн боломжийн хугацаанд уг саналын зөвшөөрлийг аваагүй бол энэ зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус байна. Нөхцөл байдал өөрөөр шаардахгүй бол амаар тавьсан гэрээний саналын зөвшөөрлийг тэр дор нь өгөх ёстой.

(3) Гэвч хүлээн авагч тал гэрээний саналын дагуу буюу талууд хоорондоо тогтоосон дадал буюу ашиглаж ирсэн заншлын дагуу барааг илгээх эсхүл үнийг нь төлөх зэрэг ямар нэгэн үйлдэл хийх замаар санал гаргагч талд мэдэгдэхгүйгээр саналыг зөвшөөрснөө илэрхийлбэл энэ зөвшөөрөл нь дээрх үйлдлийг хийх үед хүчин төгөлдөр болох бөгөөд чингэхдээ уг үйлдлийг дээрх хэсэгт заасан хугацаанд хийх ёстой.

19 дүгээр зүйл

(1) Гэрээ байгуулах саналын хариуд уг саналыг зөвшөөрнө гэсэн боловч түүнд нэмэлт, хязгаарлалт, бусад өөрчлөлт агуулсан бол энэ нь саналаас татгалзсан бөгөөд гэрээ байгуулах шинэ санал гаргасан гэж үзнэ.

(2) Гэхдээ гэрээ байгуулах саналын хариуд зөвшөөрнө гэсэн боловч уг саналын нөхцлийг үндсээр нь өөрчлөөгүй зөвхөн нэмэлт буюу өөр нөхцөл агуулсан бөгөөд хэрэв санал гаргагч хэт удахгүйгээр эдгээр өөрчлөлтөөс амаар татгалзаагүй буюу энэ тухай мэдээлэл илгээгээгүй бол дээрх хариуг зөвшөөрөл гэж үзнэ. Хэрэв санал гаргагч эсэргүүцэхгүй бол уг саналын нөхцлүүд нь зөвшөөрөлд дурдсан өөрчлөлттэйгээр гэрээний нөхцөл болно.

(3) Барааны үнэ, төлбөр, чанар, тоо хэмжээ, нийлүүлэх газар, хугацаа, гэрээний нэг талаас нөгөө талын өмнө хүлээх хариуцлагын хэмжээ, маргаан шийдвэрлэх зэрэг зүйлтэй холбоотой нэмэлт буюу өөр нөхцөл нь гэрээ байгуулах саналын нөхцлийг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ гэж үзнэ.

20 дугаар зүйл

(1) Гэрээ байгуулах санал гаргагч талын цахилгаан мэдээ буюу захидалд тогтоосны дагуу зөвшөөрөл өгөх хугацааг цахилгаан мэдээ илгээхээр өгсөн цаг мөч буюу захидалд дурдсан өдөр, хэрэв өр тавиагүй бол дугтуй дээр байгаа өдрөөс эхлэн тооцно. Гэрээний санал гаргагч талаас утас, телекс, нэн даруй дамжуулах харилцаа холбооны бусад төхөөрөмж ашиглан мэдэгдсэний дагуу зөвшөөрөл өгөх хугацааг санал хүлээн авагч тал уг саналыг авсан мөчөөс эхэлж тооцно.

(2) Зөвшөөрөл өгөх хугацааны явцад тохиосон албан ёсны баярын буюу амралтын өдрийг уг хугацаанд оруулан тооцно. Гэвч зөвшөөрөл өгөх хугацааны сүүлийн өдөр нь санал гаргагч талын үйл ажиллагаа явуулдаг газарт албан ёсны баярын буюу амралтын өдөр тохиовол саналыг зөвшөөрсөн тухай мэдэгдлээ тухайн сүүлийн өдөр санал гаргагч талын хаягаар хүргэж өгч чадахгүй нөхцөлд уг хугацааг дараагийн ажлын эхний өдөр хүртэл сунгана.

21 дүгээр зүйл

(1) Саналын зөвшөөрөл хугацаанаасаа хоцорч ирсэн ч гэсэн санал гаргагч тал уг зөвшөөрөл хүчин төгөлдөр байхыг хүлээн авагч талд амаар даруй мэдэгдсэн буюу зохих мэдэгдэл илгээсэн бол дээрх зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

(2) Хэрэв саналын зөвшөөрлийг хэвийн илгээсэн бол санал гаргагчид зохих хугацаанд хүрэх байсан нөхцөл байдалд илгээсэн нь оройтож ирсэн зөвшөөрөл бүхий захидал буюу бичиг нотлон харуулж байвал дээрх зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байх боловч үүнд санал гаргагч тал өөрийн саналыг хүчин төгөлдөр бус тооцсон тухай хүлээн авагч талд амаар даруй мэдэгдээгүй буюу ийм мэдэгдэл илгээгээгүй тохиолдол үл хамаарна.

22 дугаар зүйл

Зөвшөөрлийг эгүүлэн авах тухай мэдэгдэл уг зөвшөөрөл хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хүчин төгөлдөр болох үед санал гаргагчид хүрсэн байвал эгүүлэн авсанд тооцно.

23 дугаар зүйл

Саналд өгсөн зөвшөөрөл энэхүү конвенцийн заалтын дагуу хүчин төгөлдөр болсноор гэрээ байгуулсанд тооцно.

24 дүгээр зүйл

Конвенцийн энэ хэсгийн зорилгын үүднээс санал, зөвшөөрлийн тухай мэдэгдэл буюу чиг санаа бусад аливаа илэрхийллийг тухайн этгээдэд амаар өөрт нь, эсхүл бусад аливаа аргаар биечлэн буюу үйл ажиллагаа явуулдаг газарт нь буюу энэ газрын шуудангийн хаягаар, ийм газаргүй буюу шуудангийн хаяггүй бол түүний байнга оршин суудаг хаягаар нь мэдэгдсэн бол “хүрсэн” гэж үзнэ.

III ХЭСЭГ

БАРАА ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ

I бүлэг

ЕРӨНХИЙ ЗААЛТ

25 дугаар зүйл

Талуудын аль нэг нь гэрээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээний үндсэн дээр хүлээж байсан зүйлээ үлэмж хэмжээгээр алдахад хүрэхээр хор хохирол учирсан бол уг зөрчлийг ноцтой гэж үзэх боловч үүнд гэрээг зөрчсөн тал энэхүү үр дагаврыг урьдчилан тооцоогүй бөгөөд ийм нөхцөлд нэгэн адил этгээд урьдчилан тооцоолох боломжгүй байсан тохиолдол үл хамаарна.

26 дугаар зүйл

Гэрээг цуцлах тухай мэдэгдэл нь энэ тухай нөгөө талд мэдэгдэл хийсэн тохиолдолд гагцхүү хүчин төгөлдөр болно.

27 дугаар зүйл

Конвенцийн энэ хэсэгт илт өөрөөр заагаагүй тохиолдолд хэрэв аль нэг тал энэ хэсэгт заасны дагуу мэдэгдэл, хүсэлт буюу бусад мэдээллийг тухайн нөхцөл байдалд тохирох арга хэрэгслээр өгсөн буюу хийсэн бол мэдээллийг дамжуулахад саатал буюу алдаа гарсан эсхүл түүнийг хүргэх газарт нь хүргээгүй нь дээрх мэдээлэлд уг талын үндэслэх эрхийг үгүйсгэхгүй.

28 дугаар зүйл

Хэрэв энэхүү конвенцийн заалтуудын дагуу гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бол шүүх энэхүү конвенцоор зохицуулаагүй худалдах-худалдан авах адилтгах гэрээний хувьд өөрийн хуулийн дагуу үүргийг биет байдлаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх байснаас бусад тохиолдолд үүргийг биет байдлаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргах үүрэггүй.

29 дүгээр зүйл

(1) Гэрээг талуудын ердийн тохиролцоогоор өөрчилж буюу зогсоож болно.

(2) Бичгээр үйлдсэн гэрээнд түүнийг талуудын бичгээр үйлдсэн тохиролцоогоор өөрчлөх буюу зогсоохыг шаардсан заалт байгаа бол уг гэрээг тохиролцон өөрөөр өөрчилж буюу цуцалж болохгүй. Гэвч нэг талын үйлдэл нь дээрх заалтад үндэслэх боломжийг уг үйлдэлд нөгөө талын найдаж байсан тэр хэмжээгээр алдагдуулна.

II бүлэг

ХУДАЛДАГЧИЙН ҮҮРЭГ

30 дугаар зүйл

Худалдагч нь гэрээ болон энэхүү конвенцид заасны дагуу барааг нийлүүлэх, түүнд холбогдох аливаа баримт бичгийг хүлээлгэн өгөх, түүнчлэн бараа өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой.

I анги

Барааг нийлүүлэх, баримт бичиг хүлээлгэн өгөх

31 дүгээр зүйл

Хэрэв худалдагч барааг өөр ямар нэг тодорхой газарт хүргэх үүрэг хүлээгээгүй бол барааг нийлүүлэх түүний үүрэг дараахь зүйлээс бүрдэнэ:

(a) хэрэв худалдах-худалдан авах гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бол - уг барааг худалдан авагчид дамжуулахаар эхний тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;

(b) дээрх дэд хэсэгт хамаараагүй тохиолдолд хэрэв гэрээ нь тодорхой бараатай холбоотой аль эсхүл тодорхой нөөцөөс татах эсхүл бэлтгэх буюу үйлдвэрлэх тодорхой бус бараатай холбоотой бөгөөд гэрээ байгуулах үед талууд уг бараа тодорхой газарт оршин байгааг эсхүл тэнд үйлдвэрлэх буюу бэлтгэхийг мэдэж байсан бол барааг тэрхүү тодорхой газарт нь худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх;

(c) бусад тохиолдолд-гэрээ байгуулах үед худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг байсан газарт барааг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх.

32 дугаар зүйл

(1) Хэрэв худалдагч гэрээ буюу энэхүү конвенцийн дагуу барааг тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд хэрэв дээр нь тэмдэглэл хийх, тээврийн баримт бичигт заах буюу бусад аргаар барааг гэрээний зорилгод нарийвчлан тодорхойлоогүй бол худалдагч барааг ачуулсан тухай мэдэгдэлд тухайн барааг тодорхойлон худалдан авагчид өгөх ёстой.

(2) Хэрэв худалдагч барааг тээвэрлүүлэх үүрэг хүлээсэн бол барааг хүлээн авах газар хүртэл тухайн нөхцөл байдалд тохирсон тээврийн хэрэгслээр болон ийм тээвэрлэлтэд хэрэглэдэг ердийн нөхцлөөр тээвэрлэхэд шаардлагатай гэрээг байгуулах ёстой.

(3) Хэрэв худалдагч барааг тээвэрлэхтэй холбогдуулан даатгуулах үүрэг хүлээгээгүй бол тэрбээр худалдан авагчийн хүсэлтээр даатгалыг хийхэд шаардагдах боломжтой бүх мэдээллийг худалдан авагчид өгөх ёстой.

33 дугаар зүйл

Худалдагч барааг дараахь байдлаар нийлүүлэх ёстой:

(a) хэрэв барааг нийлүүлэх өдрийг гэрээгээр тогтоосон буюу гэрээнээс тогтоож болохоор байвал уг өдөр;

(b) хэрэв бараа нийлүүлэх үеийг гэрээгээр тогтоосон буюу гэрээнээс тогтоож болохоор байвал худалдан авагч аль нэг өдөр сонгохыг нөхцөл байдал шаардахаас бусад тохиолдолд тухайн үе дотор аль нэг өдөр;

(c) аливаа бусад тохиолдолд гэрээ байгуулснаас хойшхи боломжийн хугацааны дотор.

34 дүгээр зүйл

Хэрэв худалдагч тухайн бараатай холбоотой баримт бичиг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бол гэрээнд заасан хугацаанд болон газарт, мөн гэрээнд заасан хэлбэрээр хүлээлгэн өгөх ёстой. Хэрэв худалдагч баримт бичгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн бол уг хугацаа хүртэл худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулах буюу үргүй зардал гаргахгүйгээр баримт бичгийн аливаа дутагдлыг арилгаж болно. Харин худалдан авагч энэхүү конвенцийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах аливаа эрхээ хадгална.

II анги

Бараа гэрээнд нийцэх ба гуравдагч этгээдийн шаардах эрх

35 дугаар зүйл

(1) Худалдагч гэрээний шаардлагад нийцсэн тоо, чанар, тодорхойлолт бүхий, мөн гэрээгээр шаардсаны дагуу савлаж, багласан барааг нийлүүлэх ёстой.

(2) Талууд өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд, дараахь шаардлагыг хангаагүй барааг гэрээнд нийцээгүй гэж үзнэ:

(a) уг бараатай ижил тодорхойлолт бүхий барааг ердийн байдлаар ашиглах зориулалтад тохирч байх;

(b) худалдан авагч худалдагчийн ур чадвар болон үнэлгээнд найдаагүй буюу найдах нь ухаалаг бус байх байсныг нөхцөл байдал харуулахаас бусад тохиолдолд гэрээ байгуулах үед худалдагчид шууд болон шууд бус байдлаар ойлгуулсан аливаа тодорхой зориулалтад тохирч байх;

(c) худалдагчаас худалдан авагчид үлгэр буюу загвар болгон үзүүлсэн барааны чанарыг агуулсан байх;

(d) тухайн төрлийн бараанд нийтлэг хэрэглэдэг аргаар, хэрэв ийм арга байхгүй бол тухайн барааг хадгалж, хамгаалахад зохистой аргаар савлаж, багласан байх.

(3) Гэрээ байгуулах үед худалдан авагч тухайн бараа гэрээнд нийцээгүйг мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан бол тийнхүү нийцээгүйн хариуцлагыг худалдагч дээрх хэсгийн (a)-(d) дэд хэсэгт заасан үндэслэлээр хүлээхгүй.

36 дугаар зүйл

(1) Барааны эрсдэл худалдан авагчид шилжих үед бараа гэрээнд нийцэхгүй байсан бол тийнхүү нийцээгүй нь тэр үеэс хойш илэрсэн ч худалдагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ.

(2) Худалдагч мөн дээрх (1) дэх хэсэгт заасан хугацаанаас хойш үүссэн бөгөөд худалдагч аль нэг үүргээ зөрчсөнөөс үүдсэн, түүний дотор тухайн бараа нь тодорхой хугацаанд ердийн болон зарим тодорхой зориулалтад тохирсон хэвээр байх эсхүл тусгайлан тогтоосон чанар буюу шинжээ алдахгүй байх аливаа баталгааг зөрчсөнөөс бараа гэрээнд нийцэхгүйн хариуцлагыг хүлээнэ.

37 дугаар зүйл

Худалдагч барааг хугацаанаас нь өмнө нийлүүлсэн бол тэрбээр нийлүүлсэн бараан дахь дутуу хэсгийг нөхөж хүргүүлэх буюу дутуу тоог бурдүүлэх, эсхүл гэрээнд нийцээгүй нийлүүлсэн барааг солих буюу эсхүл уг нийлүүлсэн барааны аливаа дутагдлыг арилгах арга хэмжээг дээрх хугацаа хүртэл авч болох бөгөөд гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэх нь худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулах буюу үргүй зардал гаргахад хүргэх ёсгүй. Харин худалдан авагч энэхүү конвенцийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах аливаа эрхээ хадгална.

38 дугаар зүйл

(1) Худалдан авагч тухайн нөхцөл байдалд аль болох боломжийн богино хугацаанд бараанд үзлэг хийх буюу үзлэг хийлгэх ёстой.

(2) Хэрэв барааг тээвэрлэхээр гэрээнд заасан бол бараа хүрэх газраа очтол үзлэгийг хойшлуулж болно.

(3) Хэрэв худалдан авагч бараанд үзлэг хийх боломжийн бололцоогүйгээр барааг замд явах үед хүлээн авах газрыг өөрчилсөн эсхүл дахин илгээсэн бөгөөд ийнхүү өөрчлөх буюу дахин илгээх явдал гарч болохыг худалдагч гэрээ байгуулах үед мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол барааг хүлээн авах шинэ газарт очтол нь үзлэг хийхийг хойшлуулж болно.

39 дүгээр зүйл

(1) Худалдан авагч бараа гэрээнд нийцээгүйг илрүүлснээсээ хойш буюу илрүүлэх ёстой байснаасаа хойш боломжийн хугацааны дотор тийнхүү нийцээгүй байдлыг тодорхойлсон мэдэгдлийг худалдагчид өгөөгүй бол бараа гэрээнд нийцээгүй гэж үндэслэх эрхээ алдана.

(2) Барааг худалдан авагчид бодитоор хүлээлгэн өгснөөс хойш дээд тал нь хоёр жилийн дотор тэрбээр бараа гэрээнд нийцээгүй талаар худалдагчид мэдэгдээгүй гэхдээ хугацааны энэхүү хязгаар нь баталгааны гэрээт хугацаатай зөрчилдөөгүй байвал худалдан авагч бараа гэрээнд нийцээгүй гэж үндэслэх эрхээ ямар ч тохиолдолд алдана.

40 дүгээр зүйл

Бараа гэрээнд нийцээгүй нь худалдагч урьд нь мэдэж байсан эсхүл мэдэхгүй байх ёсгүй байсан бөгөөд худалдан авагчид илчлээгүй өнгөрсөн үйл баримттай холбоотой бол тэрбээр 38, 39 дүгээр зүйлийн заалтад үндэслэх эрхгүй.

41 дүгээр зүйл

Худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх бүхий барааг авахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд худалдагч нь барааг гуравдагч этгээдийн ямарваа эрх буюу шаардах эрхээс чөлөөтэйгөөр нийлүүлэх ёстой. Гэхдээ гуравдагч этгээдийн ийм эрх буюу шаардах эрх нь аж үйлдвэрийн өмч буюу оюуны бусад өмчид үндэслэсэн бол худалдагчийн үүргийг 42 дугаар зүйлээр зохицуулна.

42 дугаар зүйл

(1) Худалдагч гэрээ байгуулах үед мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан аж үйлдвэрийн өмч буюу оюуны өмчид үндэслэсэн гуравдагч этгээдийн аливаа эрх буюу шаардах эрхээс чөлөөтэйгөөр бараа нийлүүлэх ёстой бөгөөд гэхдээ энэ эрх буюу шаардах эрх нь:

(a) гэрээ байгуулах үед талууд барааг аль нэг улсад дамжуулан худалдах буюу өөрөөр ашиглана гэж төсөөлж байсан бол барааг тийнхүү дахин худалдах буюу өөрөөр ашиглах тэр улсын хуулиар; эсхүл

(b) аливаа бусад тохиолдолд худалдан авагчийн үйл ажиллагаа явуулдаг газар байгаа улсын хуулиар

аж үйлдвэрийн өмч буюу оюуны бусад өмчид үндэслэсэн байх ёстой.

(2) Дээрх (1) дэх хэсэгт заасан худалдагчийн үүрэг дараахь тохиолдолд хамаарахгүй:

(a) гэрээ байгуулах үед худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрхийн талаар мэдэж байсан буюу мэдэхгүй байх ёсгүй байсан; эсхүл

(b) гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх нь худалдан авагчийн өгсөн техникийн зураг, төсөл, томъёо буюу бусад сурвалж баримтыг худалдагч баримталснаас үүдсэн.

43 дугаар зүйл

(1) Худалдан авагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрхийн талаар мэдэж байсан буюу мэдсэн байх ёстой байсны дараа боломжийн хугацааны дотор уг эрх буюу шаардах эрхийн мөн чанарыг тодорхойлон худалдагчид мэдэгдээгүй бол 41 буюу 42 дугаар зүйлийн заалтад үндэслэх эрхээ алдана.

(2) Худалдагч гуравдагч этгээдийн эрх буюу шаардах эрх, түүний мөн чанарын талаар мэдэж байсан бол дээрх (1) дэх хэсгийн заалтад үндэслэх эрхгүй.

44 дүгээр зүйл

39 дүгээр зүйлийн (1) дэх хэсэг, 43 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасныг үл харгалзан, худалдан авагч шаардлагатай мэдэгдлийг өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол барааны үнийг 50 дугаар зүйлд заасны дагуу бууруулахаар буюу олох байсан ашгаас бусад хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

III анги

Худалдагч гэрээ зөрчсөн тохиолдолд

хэрэглэх эрх зүйн хамгаалалт

45 дугаар зүйл

(1) Худалдагч гэрээгээр эсхүл энэхүү конвенцоор хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй бол худалдан авагч:

(a) 46-52 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж,

(b) 74-77 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж болно.

(2) Худалдан авагч эрх зүйн бусад хамгаалалт хэрэглэх эрхээ хэрэгжүүлснээр хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ алдахгүй.

(3) Гэрээг зөрчсөнтэй холбогдуулан худалдан авагч эрх зүйн хамгаалалт хэрэглэвэл шүүх буюу арбитрын зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг хойшлуулахыг худалдагчид зөвшөөрч үл болно.

46 дугаар зүйл

(1) Худалдан авагч худалдагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж болох боловч худалдан авагч өөрийн шаардлагад үл нийцэх эрх зүйн хамгаалалт хэрэглээгүй байх ёстой.

(2) Хэрэв бараа нь гэрээнд нийцээгүй бол худалдан авагч нь орлуулах бараа нийлүүлэхийг шаардаж болох боловч дээрх шаардлагыг бараа гэрээнд нийцээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон бөгөөд орлуулах барааг нийлүүлэх тухай хүсэлтээ 39 дүгээр зүйлд заасан мэдэгдэлтэй нэгэн зэрэг эсхүл түүнээс хойш боломжийн хугацааны дотор гаргасан бол гагцхүү тавьж болно.

(3) Хэрэв бараа нь гэрээнд нийцээгүй бол уг зөрчлийг засвар хийх замаар арилгах нь бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд учир шалтгаангүй биш байвал худалдан авагч тийнхүү засвар хийхийг худалдагчаас шаардаж болно. Засвар хийлгэх хүсэлтийг 39 дүгээр зүйлд заасан мэдэгдэлтэй нэгэн зэрэг эсхүл түүнээс хойш боломжийн хугацааны дотор тавих ёстой.

47 дугаар зүйл

(1) Худалдан авагч худалдагчид үүргээ гүйцэтгэхэд нь зориулан боломжийн үргэлжлэл бүхий нэмэлт хугацаа тогтоож болно.

(2) Ийнхүү тогтоосон хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй тухай мэдэгдлийг худалдагчаас авснаас бусад тохиолдолд худалдан авагч нь гэрээг зөрчсөнтэй холбогдуулан уг хугацаанд эрх зүйн ямар нэг хамгаалалт хэрэглэж үл болно. Гэхдээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ худалдан авагч ингэснээр алдахгүй.

48 дугаар зүйл

(1) 49 дүгээр зүйлийг мөрдөхийн хамт, бараа нийлүүлэх хугацаа өнгөрсөн ч худалдагч нь удаан саатуулахгүйгээр, худалдан авагчид учир шалтгаангүй төвөг учруулахгүйгээр эсхүл худалдан авагчийн гаргасан зардлыг нөхөн олгохдоо эргэлзээ төрүүлэхгүйгээр үүргээ гүйцэтгээгүйн зөрчлийг өөрийн зардлаар арилгаж чадаж байвал тийнхүү арилгаж болно. Гэхдээ худалдан авагч энэхүү конвенцид заасны дагуу хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхээ хадгална.

(2) Хэрэв худалдагч нь худалдан авагчаас үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эсэхээ мэдэгдэхийг хүссэн бөгөөд худалдан авагч уг хүсэлтийг боломжийн хугацааны дотор биелүүлээгүй бол худалдагч үүргээ өөрийн хүсэлтэд заасан хугацааны дотор гүйцэтгэж болно. Худалдан авагч тэр хугацаанд худалдагчийн үүргээ гүйцэтгэхтэй үл нийцэх эрх зүйн ямарваа хамгаалалт хэрэглэж болохгүй.

(3) Худалдагч үүргийг тогтоосон хугацааны дотор гүйцэтгэхээ илэрхийлсэн мэдэгдэлд дээрх (2) дахь хэсэгт заасны дагуу шийдвэрээ мэдэгдэхийг худалдан авагчаас хүссэн хүсэлт мөн багтана гэж үзнэ.

(4) Энэ зүйлийн (2) буюу (3) дахь хэсэгт заасны дагуу худалдагчийн гаргасан хүсэлт буюу мэдэгдлийг худалдан авагч хүлээж аваагүй бол уг хүсэлт буюу мэдэгдэл нь хүчин төгөлдөр бус байна.

49 дүгээр зүйл

(1) Худалдан авагч дараахь тохиолдолд гэрээг цуцласан тухай мэдэгдэж болно:

(a) худалдагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон; эсхүл

(b) барааг нийлүүлээгүй тохиолдолд, худалдагч нь 47 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчийн тогтоосон нэмэлт хугацааны дотор барааг нийлүүлээгүй буюу дээрх байдлаар тогтоосон нэмэлт хугацааны дотор барааг нийлүүлэхгүй тухайгаа мэдэгдсэн.

(2) Харин худалдагч барааг нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч гэрээг цуцласан тухайгаа дор дурдсанаас бусад хугацааны дотор мэдэгдээгүй бол тийнхүү мэдэгдэх эрхээ алдана:

(a) хугацаа хэтрүүлж нийлүүлсний хувьд тийнхүү нийлүүлснийг мэдсэний дараа боломжийн хугацаа; эсхүл

(b) хугацаа хэтрүүлж нийлүүлснээс бусад аливаа зөрчлийн хувьд:

(i) зөрчлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсны дараа; эсхүл

(ii) 47 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчийн тогтоосон аливаа нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдагч уг нэмэлт хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэний дараа; эсхүл

(iii) 48 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдан авагч гүйцэтгэлийг хүлээж авахгүй тухайгаа мэдэгдсэний дараа боломжийн хугацаа.

50 дугаар зүйл

Бараа гэрээнд нийцээгүй бол, түүнчлэн үнийг төлсөн эсэхээс үл хамааран, худалдан авагч үнийг бодитоор нийлүүлсэн барааны үнэ тийнхүү нийлүүлэх үед ямар байсныг гэрээнд нийцсэн барааны үнэ мөн тэр үед ямар байх байсантай харьцуулсан харьцаагаар бууруулж болно. Харин худалдагч 37 буюу 48 дугаар зүйлийн дагуу үүргээ гүйцэтгээгүйн зөрчлийг арилгасан эсхүл худалдан авагч эдгээр зүйлийн дагуу худалдагчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзсан бол худалдан авагч үнийг бууруулж болохгүй.

51 дүгээр зүйл

(1) Худалдагч барааны зөвхөн нэг хэсгийг нийлүүлсэн эсхүл нийлүүлсэн барааны зөвхөн нэг хэсэг нь гэрээнд нийцэж байгаа бол 46 буюу 50 дугаар зүйлийг дутуу буюу гэрээнд нийцээгүй хэсгийн хувьд хэрэглэнэ.

(2) Барааг бүрэн эсхүл гэрээнд нийцүүлэн нийлүүлээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон бол худалдан авагч гэрээг бүхэлд нь цуцласан тухай гагцхүү мэдэгдэж болно.

52 дугаар зүйл

(1) Худалдагч барааг тогтоосон хугацаанаас өмнө нийлүүлбэл худалдан авагч нийлүүлэлтийг хүлээн авч эсхүл хүлээн авахаас татгалзаж болно.

(2) Хэрэв худалдагч гэрээнд зааснаас илүү хэмжээний бараа нийлүүлбэл худалдан авагч илүү нийлүүлсэн хэсгийн нийлүүлэлтийг хүлээн авч эсхүл хүлээн авахаас татгалзаж болно. Хэрэв худалдан авагч илүү нийлүүлсэн барааг бүхэлд нь эсхүл хэсгийг нь хүлээн авбал үнийг гэрээнд заасан үнэлгээгээр төлнө.

III бүлэг

ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ

53 дугаар зүйл

Худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцид заасны дагуу барааны үнийг төлөх, уг барааны нийлүүлэлтийг хүлээн авах ёстой.

I анги

Үнэ төлөх

54 дүгээр зүйл

Үнийг төлөх худалдан авагчийн үүрэгт уг төлбөрийг хийхийн тулд гэрээ буюу аливаа хууль, журмын дагуу шаардагдах арга хэмжээг авах, ёс журмыг мөрдөх явдал мөн хамаарна.

55 дугаар зүйл

Гэрээг хуулийн хүчинтэй болгож байгуулсан үед түүнд шууд буюу шууд бусаар үнэ тогтоогоогүй эсхүл үнэ тодорхойлох заалт ороогүй бол энэ талаар өөр заалт байхгүй тохиолдолд тухайн худалдааны адилтгах нөхцөл байдалд худалдаж байсан ийм бараанд гэрээ байгуулах үед ерөнхийдөө төлүүлж байсан үнийг талууд шууд бусаар үндэслэсэн гэж үзнэ.

56 дугаар зүйл

Үнийг барааны жингээр тогтоосон нөхцөлд эргэлзээ гарвал цэвэр жингээр тодорхойлно.

57 дугаар зүйл

(1) Худалдан авагч үнийг өөр аль нэг тодорхой газарт төлөх үүрэг хүлээгээгүй бол худалдагчид дараахь газарт төлнө:

(a) худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг газар; эсхүл

(b) төлбөрийг бараа буюу баримт бичгийг хүлээлгэн өгөхөд хийх ёстой бол тийнхүү хүлээлгэн өгч буй газар.

(2) Гэрээ байгуулснаас хойш худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг газрын байршил өөрчлөгдсөнөөс төлбөр хийхтэй холбогдон нэмэгдэж гарсан зардлыг худалдагч хариуцах ёстой.

58 дугаар зүйл

(1) Худалдан авагч үнийг өөр аль нэг тодорхой хугацаанд төлөх үүрэг хүлээгээгүй бол гэрээ болон энэхүү конвенцийн дагуу худалдагч тухайн барааг буюу түүний захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөх үед төлөх ёстой. Худалдагч ийм төлбөрийг бараа буюу баримт бичгийг шилжүүлж өгөх нөхцөл болгож болно.

(2) Хэрэв гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бол үнийг төлснөөс бусад тохиолдолд худалдагч бараа, буюу түүний захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг худалдан авагчид хүлээлгэн өгөхгүй гэсэн нөхцөлтэйгээр барааг илгээж болно.

(3) Барааг нийлүүлэх, төлбөр хийх тухай талуудын тохиролцсон горим нь бараанд үзлэг хийх боломжийг худалдан авагчид олгохтой нийцэхгүй байхаас бусад тохиолдолд тэрбээр ийм боломжтой болтлоо үнийг төлөх үүрэг хүлээхгүй.

59 дүгээр зүйл

Худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцоор тогтоосон буюу тэдгээрээс тодорхойлж болох хугацаанд барааны үнийг худалдагчийн зүгээс аливаа хүсэлт гаргах буюу аливаа ёс журам мөрдөх шаардлагагүйгээр төлөх ёстой.

II анги

Нийлүүлэлтийг хүлээн авах

60 дугаар зүйл

Нийлүүлэлтийг хүлээн авах худалдан авагчийн үүрэг дараахь зүйлээс бүрдэнэ:

(a) худалдагчид бараа нийлүүлэх боломж олгохын тулд өөрөөс нь хүлээж болох зохистой бүхий л үйлдлийг хийх;

(b) барааг хүлээж авах.

III анги

Худалдан авагч гэрээ зөрчсөн тохиолдолд хэрэглэх эрх зүйн хамгаалалт

61 дүгээр зүйл

(1) Худалдан авагч гэрээгээр эсхүл энэхүү конвенцоор хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй бол худалдагч:

(a) 62-65 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж;

(2) Худалдагч эрх зүйн бусад хамгаалалт хэрэглэх эрхээ хэрэгжүүлснээр хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ алдахгүй.

(3) Гэрээг зөрчсөнтэй холбогдуулан худалдагч эрх зүйн хамгаалалт хэрэглэвэл шүүх буюу арбитрын зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг хойшлуулахыг худалдан авагчид зөвшөөрч үл болно.

62 дугаар зүйл

Худалдагч худалдан авагчаас үнэ төлөх, нийлүүлэлтийг хүлээж авах буюу бусад үүргээ гүйцэтгэхийг шаардаж болох боловч худалдагч өөрийн шаардлагад үл нийцэх эрх зүйн хамгаалалт хэрэглээгүй байх ёстой.

63 дугаар зүйл

(1) Худалдагч худалдан авагчид үүргээ гүйцэтгэхэд нь зориулан боломжийн үргэлжлэл бүхий нэмэлт хугацаа тогтоож болно.

(2) Ийнхүү тогтоосон хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй тухай мэдэгдлийг худалдан авагчаас авснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээг зөрчсөнтэй холбогдуулан уг хугацаанд эрх зүйн ямар нэг хамгаалалт хэрэглэж үл болно. Гэхдээ үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс гарсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах талаар эдлэж болох эрхээ худалдагч ингэснээр алдахгүй.

64 дүгээр зүйл

(1) Худалдагч дараахь тохиолдлолд гэрээг цуцласан тухай мэдэгдэж болно:

(a) худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу хүлээсэн аль нэг үүргээ гүйцэтгээгүй нь гэрээний ноцтой зөрчил болсон; эсхүл

(b) худалдан авагч нь 63 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон нэмэлт хугацааны дотор үнийг төлөх буюу барааны нийлүүлэлтийг хүлээж авах үүргээ гүйцэтгээгүй, эсхүл ийнхүү тогтоосон нэмэлт хугацааны дотор дээрх үүргийг гүйцэтгэхгүй тухайгаа мэдэгдсэн.

(2) Харин худалдан авагч үнийг төлсөн тохиолдолд худалдагч гэрээг цуцласан тухайгаа дор дурдсанаас бусад хугацааны дотор мэдэгдээгүй бол тийнхүү мэдэгдэх эрхээ алдана:

(a) худалдан авагч хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсний хувьд тийнхүү үүрэг гүйцэтгэснийг худалдагч мэдэхээс өмнө; эсхүл

(b) худалдан авагч хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэснээс бусад аливаа зөрчлийн хувьд:

(i) худалдагч зөрчлийг мэдсэн буюу мэдэх ёстой байсны дараа; эсхүл

(ii) 63 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу худалдагчийн тогтоосон аливаа нэмэлт хугацаа дууссаны дараа, буюу худалдан авагч уг нэмэлт хугацааны дотор үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэний дараа

боломжийн хугацаа.

65 дугаар зүйл

(1) Хэрэв гэрээний дагуу худалдан авагч барааны хэлбэр, хэмжээ, бусад үзүүлэлтийг тодорхойлж өгөх ёстой бөгөөд уг тодорхойлолтыг тохиролцсон хугацаанд буюу худалдагчийн тавьсан хүсэлтийг хүлээн авсны дараа боломжийн хугацаанд хийж өгөөгүй бол худалдагч тодорхойлолтыг эдлэж болох бусад аливаа эрхэндээ хохирол учруулахгүйгээр өөрийн мэдэх худалдан авагчийн шаардлагын дагуу өөрөө хийж болно.

(2) Хэрэв худалдагч тодорхойлолтыг өөрөө хийж байгаа бол уг тодорхойлолтыг худалдан авагчид нарийвчлан мэдээлэх ёстой бөгөөд худалдан авагчаас өөр тодорхойлолт хийж өгч болох боломжийн хугацаа тогтоох ёстой. Хэрэв ийм мэдээлэл авсны дараа худалдан авагч тийнхүү тогтоосон хугацааны дотор өөр тодорхойлолт хийгээгүй бол худалдагчийн хийсэн тодорхойлолт заавал биелүүлэх хүчинтэй болно.

IV бүлэг

Эрсдэл шилжих

66 дугаар зүйл

Эрсдэл худалдан авагчид шилжсэний дараа бараа үрэгдсэн буюу гэмтсэнээр худалдан авагч үнийг төлөх үүргээс уг алдагдал буюу гэмтэл нь худалдагчийн үйлдэл буюу эс үйлдлээс шалтгаалаагүй бол чөлөөлөгдөхгүй.

67 дугаар зүйл

(1) Хэрэв худалдах-худалдан авах гэрээнд барааг тээвэрлэхээр заасан бөгөөд худалдагч түүнийг тодорхой газарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй бол уг барааг худалдан авагчид дамжуулахаар анхны тээвэрлэгчид худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгснөөр эрсдэл худалдан авагчид шилжинэ. Хэрэв худалдагч барааг тээвэрлэгчид тодорхой газарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бол барааг тээвэрлэгчид тухайн газарт хүлээлгэн өгөх хүртэл эрсдэл худалдан авагчид шилжихгүй. Худалдагч барааны захиран зарцуулалтыг зохицуулах баримт бичгийг барьж үлдээх эрхтэй байх нь эрсдэл шилжихэд нөлөөлөхгүй.

(2) Гэсэн хэдий ч дээр нь тэмдэглэл хийх, тээврийн баримт бичигт заах, худалдагчид мэдэгдэл өгөх буюу бусад аргаар барааг гэрээний зорилгод нарийвчлан тодорхойлох хүртэл эрсдэл худалдан авагчид шилжихгүй.

68 дугаар зүйл

Дамжин өнгөрч байхад нь худалдсан барааны хувьд эрсдэл нь гэрээ байгуулсан үеэс эхлэн худалдан авагчид шилжинэ. Гэхдээ нөхцөл байдал тийм бол, тээвэрлэлтийн гэрээг илэрхийлсэн баримт бичиг гаргасан тээвэрлэгчид барааг хүлээлгэн өгсөн үеэс эхлэн худалдан авагч эрсдлийг хүлээнэ. Гэсэн хэдий ч худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед худалдагч бараа үрэгдсэн буюу гэмтсэнийг мэдэж байсан буюу мэдэж байх ёстой байсан бөгөөд үүнийгээ худалдан авагчид илчлээгүй бол уг алдагдал буюу гэмтлийн эрсдлийг худалдагч хүлээнэ.

69 дүгээр зүйл

(1) 67, 68 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарахгүй тохиолдолд худалдан авагч барааг хүлээн авсан үед, эсхүл хэрэв зохих хугацаанд тийнхүү хүлээн аваагүй бол барааг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгсөн бөгөөд тэрбээр нийлүүлэлтийг хүлээн аваагүйгээс гэрээ зөрчсөн үеэс эхлэн эрсдэл худалдан авагчид шилжинэ.

(2) Гэхдээ худалдан авагч барааг худалдагчийн үйл ажиллагаагаа явуулдаг газраас өөр газарт хүлээн авах үүрэг хүлээсэн бол нийлүүлэх хугацаа нь болсон бөгөөд тухайн барааг уг газарт мэдэлд нь шилжүүлэн өгсөн тухай худалдан авагч мэдсэн үед эрсдэл худалдан авагчид шилжинэ.

(3) Хэрэв гэрээ нь тухайн үед тодорхойлоогүй бараатай холбоотой бол уг барааг гэрээний зорилгод тодорхойлох хүртэл түүнийг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэн өгөөгүй гэж үзнэ.

70 дугаар зүйл

Хэрэв худалдагч гэрээг ноцтой зөрчсөн бол 67, 68, 69 дүгээр зүйл нь ийм зөрчилтэй холбогдуулан худалдан авагчийн эдлэж болох эрх зүйн хамгаалалтад нөлөөлөхгүй.

V бүлэг

Худалдагч болон худалдан авагчийн үүргийн

талаархи нийтлэг заалт

I анги

Урьдчилан тооцож болох зөрчил болон

барааг хэсэгчлэн нийлүүлэх гэрээ

71 дүгээр зүйл

(1) Аль нэг тал үүргийнхээ үлэмж хэсгийг дараахь шалтгаанаар гүйцэтгэхгүй гэдэг нь гэрээ байгуулсны дараа тодорхой болбол нөгөө тал өөрийн үүргийн гүйцэтгэлийг түр зогсоож болно:

(a) үүргийг гүйцэтгэх чадавхи буюу санхүүгийн чадвар дахь ноцтой доголдол; эсхүл

(b) гэрээний үүргийг гүйцэтгэхээр бэлтгэх буюу уг үүргийг гүйцэтгэхэд хийсэн үйлдэл.

(2) Хэрэв худалдагч дээрх хэсэгт заасан үндэслэл илрэхээс өмнө барааг нэгэнт илгээсэн бол хэдийгээр худалдан авагч барааг авах эрхийг өөрт нь олгосон баримт бичигтэй байсан ч уг барааг хүлээлгэн өгөх явдлыг худалдагч саатуулж болно. Энэ хэсгийн заалт нь зөвхөн худалдан авагч, худалдагч хоёрын хооронд бараанд холбогдох эрхэд хамаарна.

(3) Гүйцэтгэлийг түр зогсоож буй тал ийнхүү зогсоож буйгаа барааг илгээхийн өмнө буюу илгээсний дараагаас үл хамааран нөгөө талд нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд хэрэв нөгөө тал үүргээ гүйцэтгэнэ гэж хангалтай баталгаа гаргавал үүргийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэх ёстой.

72 дугаар зүйл

(1) Талуудын аль нэг гэрээг ноцтой зөрчих нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанаас өмнө тодорхой болбол нөгөө тал гэрээг цуцлах тухай мэдэгдэж болно.

(2) Хэрэв хугацаа байвал гэрээг цуцлахыг завдаж байгаа тал хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр зохих ёсны баталгаа гаргаж өгөхийг нөгөө талд зөвшөөрөхийн тулд түүнд боломжийн мэдэгдэл өгөх ёстой.

(3) Хэрэв нөгөө тал хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй гэдгээ мэдэгдсэн бол дээрх хэсгийн заалтыг мөрдөхгүй.

73 дугаар зүйл

(1) Барааг хэсэгчлэн нийлүүлэхээр байгуулсан гэрээний хувьд аль нэг тал нь нэг хэсэг барааны талаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс тухайн хэсгийн талаархи гэрээг ноцтой зөрчихөд хүрвэл нөгөө тал нь уг хэсгийн тухай, гэрээг цуцалж болно.

(2) Нэг тал нэг хэсэг барааны талаар хүлээсэн аливаа үүргээ гүйцэтгээгүй нь нөгөө тал дараа нийлүүлэх хэсгийн хувьд ноцтой зөрчил гарна гэж дүгнэх хангалттай үндэслэл болох ба барааг цаашид нийлүүлэх гэрээг цуцлах тухай энэхүү нөгөө тал мэдэгдэж болох бөгөөд энэ мэдэгдлээ боломжийн хугацааны дотор хийнэ.

(3) Нэгэнт нийлүүлсэн буюу цаашид нийлүүлэх барааны хэсэг харилцан хамааралтайн улмаас гэрээ байгуулах үед талуудын төлөвлөж байсан зорилгод ашиглах боломжгүй бол барааны аль нэг хэсгийг нийлүүлэх тухай гэрээг хүчингүй гэж зарласан худалдан авагч нь бусад хэсгийг мөн нэгэн зэрэг хүчингүй гэж зарлаж болно.

II анги

Хохирол

74 дүгээр зүйл

Нэг тал гэрээг зөрчсөнөөс үүсэх хохирол нь гэрээ зөрчсөний улмаас ашгаа алдсаныг оролцуулан нөгөө талд учирсан бүх хохирлын дүнтэй тэнцүү байна. Гэрээг зөрчсөн тал гарч болох гэж урьдаас тооцоолж байсан буюу тооцоолсон байх ёстой байсан нөхцөл байдалд гэрээ байгуулах үед өөрийн мэдэж байсан буюу мэдэж байх ёстой байсан хохирлын хэмжээнээс дээрх хохирол хэтэрч болохгүй.

75 дугаар зүйл

Гэрээг цуцалсан бөгөөд үүний дараа зохистой байдлаар боломжийн хугацаанд худалдан авагч өөр бараа худалдан авсан эсхүл худалдагч бараагаа дахин худалдсан бол хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардаж буй тал гэрээнд заасан үнэ болон орлуулж хийсэн хэлцэлд төлсөн үнэ хоёрын зөрүү, түүнчлэн 74 дүгээр зүйлийн дагуу нэмэгдэл хохирлыг нэхэмжилж болно.

76 дугаар зүйл

(1) Бараа худалдах-худалдан авах гэрээг цуцалсан барааны хувьд бөгөөд тухайн үеийн үнэ тогтсон байгаа бол хохирлоо төлүүлэхээр нэхэмжилж байгаа тал 75 дугаар зүйлийн дагуу өөр бараа худалдан аваагүй буюу дахин худалдаа хийгээгүй бол гэрээнд заасан үнэ болон гэрээ цуцлах үеийн үнэ хоёрын зөрүү, түүнчлэн 74 дүгээр зүйлийн дагуу аливаа нэмэгдэл хохирлыг нэхэмжилж болно. Гэхдээ хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа тал барааг хүлээн авсны дараа гэрээг цуцалбал гэрээг цуцлах үеийн үнийн оронд барааг хүлээн авсан үеийн үнийг хэрэглэнэ.

(2) Дээрх хэсгийн зорилгын үүднээс тухайн үеийн үнэ гэдэгт бараа нийлүүлэх ёстой байсан газарт зонхилж буй үнийг тооцох буюу хэрэв уг газарт тухайн үеийн үнэ байхгүй бол барааны тээвэрлэлтийн зардал дахь зөрүүг зохих ёсоор харгалзаж тооцон бусад ийм газрын тухайн үеийн орлуулах боломжийн үнэ болно.

77 дугаар зүйл

Гэрээ зөрчсөний хохирлыг нэхэмжлэгч тал уг зөрчлийн улмаас учирсан алдагдал, түүний дотор ашгийн алдагдлыг хөнгөрүүлэх талаар тухайн нөхцөл байдалд тохирсон зохистой арга хэмжээ авах ёстой. Хэрэв тухайн тал ийм арга хэмжээ аваагүй бол гэрээ зөрчсөн тал төлөх хохирлын хэмжээг алдагдлыг хөнгөрүүлэх боломжийн хэмжээгээр багасгахыг шаардаж болно.

III анги

Хүү

78 дугаар зүйл

Гэрээний аль нэг тал үнэ буюу бусад аливаа төлбөр төлөөгүй бол нөгөө тал 74 дүгээр зүйлийн дагуу төлүүлэх хохирлыг шаардахад саад болохгүйгээр дээрх төлбөрт хүү нэхэмжлэх эрхтэй.

IV анги

Хариуцлагаас чөлөөлөх

79 дүгээр зүйл

(1) Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй.

(2) Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь гэрээг бүхэлд нь буюу түүний хэсгийг гүйцэтгүүлэх үүрэг хүлээлгэсэн гуравдагч этгээд уг үүргийг гүйцэтгээгүйгээс шалтгаалсан бол тухайн тал хариуцлагаас зөвхөн дараахь тохиолдолд чөлөөлөгдөнө:

(a) дээрх хэсгийн заалтын дагуу чөлөөлөгдвөл; түүнчлэн

(b) дээрх хэсгийн заалтыг хэрэглэх тохиолдолд үүрэг хүлээлгэсэн этгээд хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа бол.

(3) Хариуцлагаас чөлөөлөх тухай энэ зүйлийн заалт тухайн саад бэрхшээл үргэлжилсэн хугацаанд л хүчин төгөлдөр байна.

(4) Үүргээ гүйцэтгэж чадаагүй тал үүрэг гүйцэтгэхэд учирсан саадын тухай, уг саад үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж байгаа тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв уг мэдэгдэл нь үүргээ гүйцэтгээгүй тал саадыг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш боломжийн хугацаанд нөгөө талд хүрээгүй бол ийнхүү мэдэгдээгүйгээс учирсан хохирлыг уг мэдэгдлийг өгөх ёстой тал хариуцна.

(5) Энэ зүйлийн заалт энэхүү конвенцийн дагуу хохирол нөхөн төлүүлэхийг шаардахаас бусад аливаа эрхээ талууд эдлэхэд саад болохгүй.

80 дугаар зүйл

Аль нэг талын үйлдэл буюу эс үйлдлээс болж нөгөө тал үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж үл болно.

V анги

Гэрээ цуцалсны үр дагавар

81 дүгээр зүйл

(1) Гэрээ цуцалснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх боловч нөхөн төлөгдөх ёстой хохирлыг төлөх үүрэг хэвээр үлдэнэ. Гэрээ цуцлалт нь талуудын хооронд маргаан шийдвэрлэх тухай заалт болон гэрээ цуцласны дараахь талуудын эрх, үүргийг зохицуулсан бусад аливаа заалад нөлөөлөхгүй.

(2) Гэрээг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэсэн тал гэрээний дагуу нийлүүлсэн буюу төлбөр хийсэн бүх зүйлээ буцааж авахаар нөгөө талаас шаардаж болно. Хэрэв хоёр тал бие биендээ авснаа буцаахад хүрвэл түүнийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

82 дугаар зүйл

(1) Худалдан авагч худалдан авсан бараагаа анх авсан байдлаар нь буцаах боломжгүй бол тэрбээр гэрээг цуцлах буюу бараагаа сольж авах эрхээ алдана.

(2) Дээрх хэсгийн заалтыг дараахь тохиолдолд үл хэрэглэнэ:

(a) худалдан авагч барааг буцаах эсхүл барааг анх авсан байдлаар нь эгүүлэн өгөх боломжгүй болсон нь түүний үйлдэл буюу эс үйлдэлтэй холбоогүй бол;

(b) 38 дугаар зүйлд заасны дагуу хийсэн шалгалтын дүнд бараа буюу түүний хэсэг үрэгдсэн буюу муудсан бол; эсхүл

(c) бараa гэрээнд нийцэхгүй байгааг илрүүлсэн эсхүл илрүүлсэн байх ёстой байснаас өмнө худалдан авагч бараа болон түүний хэсгийг ажил хэргийн ердийн журмаар худалдсан буюу хэрэглэсэн эсхүл өөрчилсөн.

83 дугаар зүйл

82 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлах болон худалдагчаас бараа солихыг шаардах эрхээ алдсан худалдан авагч гэрээ болон энэхүү конвенцийн дагуу эрх зүйн хамгаалалтын бусад бүх эрхтэй байна.

84 дүгээр зүйл

(1) Хэрэв худалдагч төлөгдсөн үнийг буцаан өгөх үүрэгтэй бол үнийг төлсөн өдрөөс эхлэн үнийн дүнгээс хүү тооцож төлнө.

(2) Худалдан авагч дараахь нөхцөлд бараанаас болон түүний хэсгээс олсон бүх орлогыг худалдагчид эгүүлэн төлнө:

(a) худалдан авагч бараа буюу түүний хэсгийг буцаах үүрэгтэй; эсхүл

(b) худалдан авагч гэрээг цуцалж эсхүл худалдагчаас барааг солихыг шаардсан тохиолдолд түүний хувьд барааг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь буцаах боломжгүй эсхүл барааг бүгдийг нь буюу хэсгийг нь анх хүлээн авсан байдлаар нь буцаах боломжгүй.

VI анги

Бараа хадгалах

85 дугаар зүйл

Худалдан авагч бараа хүлээн авах хугацааг хэтрүүлсэн эсхүл үнийн төлөлт болон бараа хүлээн авах нь нэгэн зэрэг хийгдэх тохиолдолд худалдан авагч барааны үнийг төлөөгүй бөгөөд худалдагч барааг эзэмшиж байгаа буюу барааны захиран зарцуулалтыг бусад хэлбэрээр хянах боломжтой байгаа нөхцөлд худалдагч бараагаа хадгалах боломжийн арга хэмжээ авна. Гарсан бодит зардлыг худалдан авагчаар нөхөн төлүүлэх хүртэл худалдагч бараагаа эзэмшилдээ байлгах эрхтэй.

86 дугаар зүйл

(1) Худалдан авагч барааг хүлээж авсны дараа гэрээ буюу энэхүү конвенцийн дагуу түүнээс татгалзахаар шийдвэрлэсэн бол уг барааг тухайн нөхцөл байдалд зохих ёсоор хадгалах арга хэмжээ авна. Гарсан бодит зардлыг худалдагчаар нөхөн төлүүлэх хүртэл худалдан авагч уг барааг эзэмшилдээ байлгах эрхтэй.

(2) Худалдан авагчид илгээсэн барааг хүлээн авах газарт нь түүний мэдэлд шилжүүлэн өгсөн боловч тэрбээр бараанаас татгалзах эрхээ хэрэгжүүлбэл худалдан авагч үнийг төлөлгүйгээр мөн зохисгүй бэрхшээл буюу үр ашиггүй зардал гаргалгүйгээр худалдагчийн өмнөөс барааг эзэмшилдээ байлгана. Худалдагч эсхүл барааг хариуцуулахаар түүний эрх олгосон этгээд бараа хүлээн авах газарт байгаа бөгөөд худалдан авагч зардлыг нь нөхөж буй тохиолдолд энэ заалтыг хэрэглэхгүй. Хэрэв худалдан авагч энэ хэсэгт заасны дагуу барааг эзэмшиж байвал түүний эрх, үүргийг энэ зүйлийн дээрх хэсгийн заалтын дагуу зохицуулна.

87 дугаар зүйл

Барааг хадгалах арга хэмжээ авах үүрэгтэй тал уг барааг гуравдагч этгээдийн агуулахад нөгөө талын зардлаар хадгалуулж болох ба чингэхдээ гарах зардал нь боломжийн хэмжээнд байвал зохино.

88 дугаар зүйл

(1) Хэрэв нөгөө тал барааг эзэмшилдээ авах буюу буцаан авах, эсхүл үнэ болон хадгалалтын зардал төлөхийг зүй бусаар саатуулсан бол 85 буюу 86 дугаар зүйлийн дагуу барааг хадгалах үүрэг хүлээсэн тал уг барааг зохих аргаар худалдаж болох боловч барааг ийнхүү худалдахаар завдаж байгаагаа нөгөө талд зохистойгоор мэдэгдсэн байх ёстой.

(2) Бараа нь түргэн гэмтэх буюу түүнийг хадгалахад зүй бус зардал гарахаар байвал 85 буюу 86 дугаар зүйлийн дагуу барааг хадгалах үүрэг хүлээсэн тал уг барааг худалдахаар зохистой арга хэмжээг авна. Тэрбээр барааг худалдахаар завдаж байгаагаа нөгөө талд боломжийн хирээр мэдэгдэх ёстой.

(3) Бараа худалдаж байгаа тал олсон орлогоос уг барааг хадгалах ба худалдахад гарсан зүй ёсны зардалтай тэнцүү хэмжээний мөнгийг суутган авах эрхтэй. Тэрбээр үлдсэн мөнгийг нь нөгөө талд шилжүүлэх үүрэгтэй.

IV ХЭСЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

89 дүгээр зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн хадгалагч болно.

90 дүгээр зүйл

Энэхүү конвенц нь түүний зохицуулах зүйлийн талаар заалт агуулсан нэгэнт байгуулагдсан буюу цаашид байгуулагдах олон улсын аливаа хэлэлцээрийг дагаж мөрдөхөд нөлөөлөхгүй чингэхдээ талуудын үйл ажиллагаа явуулдаг газар эдгээр хэлэлцээрт оролцогч улсуудад байрлана.

91 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенц нь Бараа худалдах-худалдан авах олон улсын худалдааны тухай гэрээний талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурлын төгсгөлийн хуралдаанд гарын үсэг зурахад нээлттэй бөгөөд 1981 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй хэвээр байх болно.

(2) Энэхүү конвенцид гарын үсэг зурсан бүх улс түүнийг соёрхон батлаж, хүлээн зөвшөөрч эсхүл батлана.

(3) Энэхүү конвенцид гарын үсэг зураагүй бүх улс гарын үсэг зурахад нээлттэй болсон өдрөөс нэгдэн орж болно.

(4) Энэхүү конвенцийг соёрхон батласан батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

92 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улс гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенцийн II буюу III хэсгийн дагуу үүрэг хүлээхгүй хэмээн мэдэгдэж болно.

(2) Энэхүү конвенцийн II буюу III хэсгийн талаар дээрх заалтын дагуу мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч улс нь мэдэгдэл хийсэн хэсгийн заалтуудаар зохицуулсан асуудалд холбогдох энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн хүрээнд хэлэлцэн тохирогч улс гэж тооцогдохгүй.

93 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохирогч улс үндсэн хуулийнх нь дагуу нутаг дэвсгэрийн хоёр буюу түүнээс дээш нэгжтэй бөгөөд тэдгээр нэгжид энэхүү конвенцид тусгасан зүйлсийг эрх зүйн өөр өөр системээр зохицуулдаг бол тэр улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ энэхүү конвенц нутаг дэвсгэрийнх нь бүх нэгжид эсхүл нэг буюу хэд хэдэн нэгжид хүчинтэй байхыг мэдэгдэж болох бөгөөд мөн аль ч үед дахин мэдэгдэл гаргаж эхний мэдэгдэлдээ нэмэлт өөрчлөлт оруулж болно.

(2) Эдгээр мэдэгдлийг Конвенц хадгалагчид хүргэх бөгөөд түүндээ энэхүү конвенцийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой зааж өгнө.

(3) Энэ зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийн улмаас тус конвенц нь хэлэлцэн тохирогч аль нэг улсын нутаг дэвсгэрийнх нь нэг буюу хэд хэдэн нэгжид хүчинтэй байгаа бол уг улсад байрлаж буй аль нэг талын нь үйл ажиллагаа явуулдаг газрыг хэлэлцэн тохирогч улсад оршин байна гэж энэхүү конвенцийн зорилгын үүднээс үзэхгүй ба энэ нь Конвенц хэрэглэгддэг нутаг дэвсгэрийн нэгжид дээрх үйл ажиллагаа явуулдаг газар байрладаггүй тохиолдолд л хамаарна.

(4) Хэрэв хэлэлцэн тохирогч улс энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийгээгүй бол энэхүү конвенцийг нутаг дэвсгэрийнх нь бүх нэгжид хэрэглэнэ.

94 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенцоор зохицуулах асуудлын талаар ижил буюу төсөөтэй эрх зүйн хэм хэмжээг баримталдаг хоёр буюу түүнээс дээш хэлэлцэн тохирогч улс нь талуудын үйл ажиллагаа явуулдаг газар эдгээр улсад байгаа тохиолдолд бараа худалдах-худалдан авах гэрээнд буюу ийм гэрээ байгуулахад тус конвенцийг хэрэглэхгүй байх тухайгаа аль ч үед мэдэгдэж болно. Ийм мэдэгдэлийг хамтран эсхүл нэг талын хариу мэдэгдлээр гаргаж болно.

(2) Энэхүү конвенцоор зохицуулах асуудлын талаар Конвенцид нэгдэн ороогүй нэг буюу хэд хэдэн улстай ижил буюу төсөөтэй эрх зүйн хэм хэмжээ баримталдаг хэлэлцэн тохирогч улс нь талуудын үйл ажиллагаа явуулдаг газар эдгээр улсад байгаа тохиолдолд бараа худалдах-худалдан авах гэрээнд болон гэрээ байгуулахад тус конвенцийг хэрэглэхгүй байх тухайгаа аль ч үед мэдэгдэж болно.

(3) Дээрх хэсэгт заасны дагуу хийсэн мэдэгдэлд хамаарсан улс хожим нь хэлэлцэн тохирогч улс болбол түүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг мэдэгдэл нь энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу хийсэн мэдэгдлийн адил хүчинтэй байх боловч хэлэлцэн тохирогч шинэ улс нь уг мэдэгдэлд нэгдэх эсхүл нэг талын хариу мэдэгдэл хийнэ.

95 дугаар зүйл

Аль ч улс энэхүү конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхдөө энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн заалтын дагуу үүрэг хүлээхгүй хэмээн мэдэгдэж болно.

96 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжоор бараа худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах тухай заасан бол тухайн улс талуудын хэлэлцэн тохиролцсоноор бараа худалдах-худалдан авах гэрээ, түүнд өөрчлөлт оруулах буюу цуцлах эсхүл гэрээ байгуулах санал, уг саналын зөвшөөрөл болон чиг санааны бусад илэрхийллийг бичгээс өөр бусад ямар ч хэлбэрээр хийж болохыг зөвшөөрсөн Конвенцийн 11, 29 дүгээр зүйл болон II хэсгийн аливаа заалтыг талуудын аль нэгнийх нь үйл ажиллагаа явуулдаг газар тус улсад байгаа үед хэрэглэхгүй хэмээн 12 дугаар зүйлийн дагуу мэдэгдэл хийж болно.

97 дугаар зүйл

(1) Гарын үсэг зурах үеэр энэхүү конвенцийн дагуу хийсэн мэдэгдлийг конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах үед нотлоно.

(2) Мэдэгдэл болон мэдэгдлийн нотолгоог бичгээр үйлдэж Конвенц хадгалагчид албан ёсоор мэдээлнэ.

(3) Мэдэгдэл нь тухайн улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болохтой нэгэн зэрэг хүчин төгөлдөр болно. Харин ийнхүү хүчин төгөлдөр болсны дараа мэдэгдлийг хадгалагчид албан ёсоор нотлон мэдэгдсэн бол уг мэдэгдэл нь хадгалагч нотолгоог хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно. 94 дүгээр зүйлийн дагуу хийсэн нэг талын хариу мэдэгдэл нь конвенц хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

(4) Энэхүү конвенцийн дагуу мэдэгдэл хийсэн аливаа улс конвенц хадгалагчид албан ёсоор бичгээр сонордуулж аль ч үед уг мэдэгдлээсээ татгалзаж болно. Мэдэгдлээсээ татгалзах нь уг сонордуулгыг Конвенц хадгалдагч хүлээн авснаас хойш зургаан сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

(5) 94 дүгээр зүйлийн дагуу гаргасан мэдэгдлээс татгалзах нь хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн тэр зүйлийн дагуу бусад улсын хийсэн аливаа хариу мэдэгдлийн үйлчлэлийг мөн зогсоно.

98 дүгээр зүйл

Энэхүү конвенцид шууд тусгаснаас бусад тохиолдолд аливаа нэмэлт тайлбар хийхийг үл зөвшөөрнө.

99 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенц нь энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг түүний дотор 92 дугаар зүйлд заасны дагуу хийсэн мэдэгдэл бүхий баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш арван хоёр сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

(2) Хэрэв Конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсний дараа аль нэг улс энэхүү конвенцийг мөн соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон бол тухайн улс хүлээн аваагүй хэсгээс конвенцийн бусад хэсэг нь соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш арван хоёр сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс тухайн улсын хувьд энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасныг дагаж мөрдсөн тохиолдолд хүчин төгөлдөр болно.

(3) Энэхүү конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл түүнд нэгдэн орсон бөгөөд 1964 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Гааг хотноо үйлдсэн бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээ байгуулах нэгдмэл хуулийн тухай конвенц (Гэрээ байгуулах тухай 1964 оны Гаагийн конвенц) болон 1964 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Гааг хотноо байгуулсан олон улсын хооронд бараа худалдах-худалдан авахыг нэгдмэл хуулийн тухай конвенц (Бараа худалдах-худалдан авах тухай 1964 оны Гаагийн конвенц) хоёрын аль нэгд эсхүл хоёуланд нь оролцогч болж байгаа аль нэг улс тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Нидерланд Улсын Засгийн газарт мэдэгдэх замаар Гаагийн дээрх хоёр конвенцийн нэгийг нь эсхүл хоёуланг нь мөн тухайн үед цуцалж болно.

(4) Бараа худалдах-худалдан авах тухай 1964 оны Гаагийн конвенцид оролцогч бөгөөд энэхүү конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон мөн энэхүү конвенцийн II хэсэгт заасны дагуу үүрэг хүлээхгүй хэмээн 92 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл хийж байгаа буюу хийсэн аль нэг улс ийнхүү соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох үедээ Бараа худалдах-худалдан авах тухай 1964 оны Гаагийн конвенцийг Нидерланд Улсын Засгийн газарт мэдэгдэх замаар цуцлана.

(5) Гэрээ байгуулах тухай 1964 оны Гаагийн конвенцид оролцогч бөгөөд энэхүү конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу түүнд нэгдэн орсон, мөн энэхүү конвенцийн III хэсгийн дагуу үүрэг хүлээхгүй хэмээн энэхүү конвенцийн 92 дугаар зүйлийн дагуу мэдэгдэл хийж байгаа буюу хийсэн аль нэг улс энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох үедээ Гэрээ байгуулах тухай 1964 оны Гаагийн конвенцийг Нидерланд Улсын Засгийн газарт мэдэгдэх замаар цуцлана.

(6) Энэ зүйлийн зорилгын үүднээс Гэрээ байгуулах тухай 1964 оны Гаагийн конвенцид буюу Бараа худалдах-худалдан авах тухай 1964 оны Гаагийн конвенцид оролцогч улс энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох нь шаардлагын дагуу хийгдсэн дээрх хоёр конвенцийн цуцлалт хэрэгжих хүртэл хүчин төгөлдөр болохгүй. Энэхүү конвенцийг хадгалагч шаардлагатай зохицуулалт хийх үүднээс Нидерланд Улсын Засгийн газартай 1964 оны конвенциудыг хадгалагчийнх нь хувьд зөвлөлдөнө.

100 дугаар зүйл

(1) 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан хэлэлцэн тохирогч улсуудын хувьд буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан хэлэлцэн тохирогч тухайн улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр буюу түүнээс хойш гэрээ байгуулах тухай санал гаргасан бол худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулах үйлдэлд энэхүү конвенцийг хэрэглэнэ.

(2) 1 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (a) дэд хэсэгт заасан хэлэлцэн тохирогч улсуудын хувьд буюу (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан хэлэлцэн тохирогч тухайн улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр буюу түүнээс хойш байгуулсан гэрээнд энэхүү конвенцийг хэрэглэнэ.

101 дүгээр зүйл

(1) Хэлэлцэн тохирогч аливаа улс энэхүү конвенцийг бүхэлд нь буюу түүний II эсхүл III хэсгийг Конвенц хадгалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэн цуцалж болно.

(2) Цуцлах тухай мэдэгдлийг конвенц хадгалагч хүлээн авснаас хойш арван хоёр сар өнгөрсний дараагийн сарын эхний өдрөөс цуцлалт хүчинтэй болно. Хэрэв мэдэгдэлд үүнээс урт хугацааны дараа цуцлалт хүчин төгөлдөр болохоор заасан байвал энэ мэдэгдлийг хадгалагч хүлээн авснаас хойш уг урт хугацаа өнгөрсний дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

Энэхүү конвенцийг 1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Вена хотноо англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд эдгээр нь адил хүчинтэй байна.

Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БАРАА ХУДАЛДАХ-ХУДАЛДАН АВАХ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ

1980 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталж, 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон