A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 124

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмад настны аж байдлыг тогтмол судалж дүгнэлт, санал гаргах, ахмад настан бүрт хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг Монголын ахмадын холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах талаар гэрээ байгуулан түүний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР