- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 145
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулсугай.
2. Олон улсын хүүхдийн спортын YII наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай:
2.1. олон улсын хүүхдийн спортын YII наадмын бэлтгэлийг хангах үндэсний хороо байгуулан үйл ажиллагааг нь удирдаж, наадмын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулах;
2.2. олон улсын хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдээр ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх спортын дугуйлан болон биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургуулийг түшиглэн хүүхдүүдийг хичээллүүлэх, биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгад наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдийг шинээр нэмэх асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх;
2.3. Монголын хүүхдийн спортын ээлжит наадмыг 2019 онд улсын хэмжээнд зохион байгуулж, олон улсын хүүхдийн спортын наадамд улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах;
2.4. олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, хөрөнгө төвлөрүүлэх, наадмын бэлтгэл ажилд олон нийтийн оролцоог хангах, дотоод болон гадаадад сурталчлах үйл ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэг бүхий төслийн нэгжийг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан байгуулан ажиллуулах;
2.5. бэлтгэл ажлын хүрээнд шинээр барих болон засвар хийх спортын барилга байгууламж, заал, танхим, тэмцээнд ашиглах спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийн судалгааг гарган хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оноос эхлэн төсөвт үе шаттай тусгах;
2.6. олон улсын хүүхдийн спортын наадмыг Монгол Улсад зохион байгуулах талаар Азийн олимпийн зөвлөл, "Азийн хүүхдүүд" олон улсын наадмыг зохион байгуулах хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, гадаад орон, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшлийн хандив, тусламжаар хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх;
2.7. олон улсын хүүхдийн спортын наадмын бэлтгэлийг хангах талаар хийж байгаа ажлын явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байх.
3. "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын YII наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох өсвөрийн тамирчдыг үе шаттай бэлтгэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг олон улсын хүүхдийн спортын YII наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдээр байгуулан хүүхэд, залуучуудын дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, өсвөрийн тамирчдын амжилтыг урамшуулахад шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусган ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 4. Олон улсын хүүхдийн спортын наадмын үеэр ажиллах шүүгч, зохион байгуулагч болон өсвөрийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хангах ажлыг 2017 оны 1 дүгээр сараас бэлтгэх, тэдгээрийг давтан сургах, мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээ авч, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахдаа өсвөр үеийн насны ангиллыг оруулж байхыг спортын холбоодод зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
