A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 47.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрээр төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдож гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй зардалтай холбоотой дараах асуудлыг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:

1.1. цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын өр төлбөрийг барагдуулах;

1.2. байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь орон тооны хамт цомхотгосны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;

1.3. бүтцийн өөрчлөлттэй холбоотой шийдвэрийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зардалд шаардагдах хөрөнгө тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй тохиолдолд нэмж шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн бүтцийн өөрчлөлтийн зардлаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хуульд заасны дагуу тайлагнахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН