- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 3-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/ 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт:
"5.1.8. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9, 4.1.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө дараах асуудлыг заавал тусгасан байна: а/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд заасан шаардлагад нийцсэн бүрдлийг хангасан эсэх; б/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бусад бодлогын баримт бичигтэй уялдуулахтай холбоотой санал; в/ хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл, тооцоонд хувилбар бүрээр хийсэн харьцуулсан үнэлгээ, санал."
2/ 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалт:
"5.1.9. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.10, 4.1.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага. Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал өгөхдөө дараах асуудлыг тусгасан байна: а/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь урт хугацааны бодлогын баримт бичигтэй нийцсэн эсэх, энэ талаарх санал; б/ бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дараалал, техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа болон зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийгдсэн эсэх, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх зэрэг Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлага, нөхцөлийн талаарх дүгнэлт."
2. Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 5.3 дахь заалтын "… зөвшөөрлийг өгнө." гэсний дараа "Засгийн газраас батлах хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг олгоно." гэж, мөн журмын 5.7 дахь заалтын "… саналгүйд тооцно." гэсний дараа "Хууль тогтоомжийн төсөлд санал өгөхдөө Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.1-д заасан хугацааг баримтална. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв байгууллага ажлын 15 хоногт багтаан саналаа өгнө." гэж тус тус нэмсүгэй.
3. Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 6.3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6.3.2.хууль тогтоомжийн төсөл болон хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, зардлын тооцоог хавсаргасан эсэх;"
4. Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 5.1.3 дахь заалтын "а"-г "Хууль тогтоомжийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;" гэж, мөн журмын 5.1.3 болон 5.1.3.б, 5.1.7 дахь заалтын "...нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн..." гэснийг "захиргааны хэм хэмжээний актын" гэж тус тус өөрчилсүгэй.
6. Энэ тогтоолын 4 дүгээр зүйлийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 351
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хуулбарт тогтоол ангийн тэмдгийг дарж байх тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 339 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
Текст томруулах
A
A
A
