- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 93-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 9
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ын 3.2.4, 3.6.1 дэх заалтын "менежментийн төлөвлөгөөний төслийг" гэсний дараа "баримтжуулсан дүрс бичлэг, анхан шатны бүртгэл, үнэлгээ хийсэн үйл явцын дэлгэрэнгүй мэдээллийн хамт" гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам"-д дор дурдсан агуулга бүхий Долоо, Найм дахь хэсэг нэмсүгэй:
"Долоо. Зуучлагч байгууллагад тавих шалгуур үзүүлэлт
7.1. Зуучлагч байгууллага нь энэхүү журмын 4.6, 4.7-д заасны дагуу ховор амьтан агнах, барих ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
7.2. Зуучлагч байгууллага гадаадын болон дотоодын анчдад зуучлан ан хийлгэх мэргэжлийн боловсон хүчинтэй байна.
7.3. Зуучлагч байгууллага спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барихдаа Амьтны тухай хуульд хориглохоор заасан арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй, хориглосон үйл ажиллагааг явуулахгүй.
7.4. Ховор амьтан агнах, барих ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Найм. Бусад
8.1. Засгийн газрын болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу тухайн жилд гадаадын иргэд (анчид)-д зуучлан агнуулах хуваарьт заасан ангаас угалз, тэхийг бүрэн агнуулж чадаагүй, эсхүл нийт ангийнхаа 75–аас доошгүй хувийг борлуулж чадаагүй зуучлагч байгууллагын дараа жилийн хуваарийг хасч тогтооно.
8.2. Зуучлагч байгууллага нь тухайн жилд гадаадын иргэд (анчид)-ээр тусгай зориулалтын анг агнуулахдаа хууль тогтоомжид хориглосон арга, хэрэгсэл ашигласан, эсхүл агнуурын бүс нутгийн хилийн заагаас гадна агнуулсан бол түүний агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах арга хэмжээг авна.
8.3. Иргэн, хуулийн этгээд нь энэ журам болон "Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгох үндэслэл болно."
3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам"-ын 4.1, 4.8 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "4.1. Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээний саналыг батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, хяналтын үнэлгээг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ."
2/ "4.8. Тухайн агнуурын бүс нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалттай газарт бүртгэгдсэн тохиолдолд энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулна."
4. Мөн журмын 4.2 дахь заалтын "8 дугаар сарын 20-ны" гэснийг "10 дугаар сарын 15-ны" гэж, 4.4 дэх заалтын "10 дугаар сарын 15-ны" гэснийг "11 дүгээр сарын 15-ны" гэж, 4.6 дахь заалтын "сумын Засаг дарга" гэснийг "байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 4.7 дахь заалтын "сумын засаг даргатай" гэснийг "байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай" гэж тус тус өөрчилж, 5.3 дахь заалтын "тухайн сум, дүүргийн Засаг дарга" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 5.2.4, 7.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
