- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2002 оны 214-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай" Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 03-03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам"-д доор дурдсан агуулгатай Гурав1дэх хэсэг нэмсүгэй:
"Гурав1. Бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоох
31.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй" гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор засаг захиргааны нэг нэгжээс нийслэлд бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр хугацаагаар зогсоож болно. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргах бөгөөд шийдвэрт засаг захиргааны нэг нэгжээс нийслэлд бүрмөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон хугацаа болон бусад нөхцөл, шаардлагыг тодорхой заасан байна.
31.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч энэ журмын 31.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө Ерөнхий сайдад мэдэгдэж зөвшөөрөл авсан байна.
31.3. Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 31.1-д заасан шийдвэрийн хэрэгжилтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран зохион байгуулна."
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
