- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 39
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр тогтоосугай.
2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулсугай.
3.Төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг /Д.Лүндээжанцан/-т даалгасугай.
5.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажилд санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.
6.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.
7.Энэ тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
