- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 43
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монголбанкны алдагдлыг бууруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Н.Баяртсайхан/-д үүрэг болгосугай:
1/Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-329 дүгээр тушаалаар баталсан "Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах Төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журам"-ыг хуульд нийцүүлэх;
2/Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах;
3/Монгол Улсын Эрдэнэсийн сангийн болон Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангийн гүйлгээг хуулийн байгууллагаар шалгуулах;
4/Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, батлуулах.
2."Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дунд хугацааны хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-ийн хэрэгжилттэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай:
1/Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдэд гэрээнд заасан хариуцлага тооцох;
2/Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан болон гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
3/2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах.
3.Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн "Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох" хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд нийцлийн аудит хийж, дүнг Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Үндэсний Аудитын газар /Д.Хүрэлбаатар/-т даалгасугай.
4.Тогтоолын биелэлтийн талаар 2017 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/, Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
