A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Зэрэг сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Гал унтраах, аврах ангийг, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Эрэн хайх, аврах салбарыг тус тус шинээр байгуулсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтын "Хоёр. Орон нутаг дахь салбар нэгж (бүсчилсэн байдлаар)" гэсэн хэсгийн дараах заалтад дор дурдсан нэмэлт оруулсугай:

а)"Бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 1 дэх заалтад "Зэрэг сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 70 дугаар анги (Манхан суманд Эрэн хайх, аврах бүлэгтэй)" гэж;

б)"Бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 9 дэх заалтад "Баян-Өндөр сум дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 68 дугаар анги" гэж;

в)"Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 15 дахь заалтад "Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал унтраах, аврах IY зэрэглэлийн 69 дүгээр анги" гэж;

г)"Дундговь аймгийн Онцгой байдлын газар" гэсэн 19 дэх заалтад "Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар" гэж.

3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Гал унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах бүлэг байгуулах бэлтгэл ажлыг хангаж, шаардагдах зардлыг 2018 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ