A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Талын зам" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 421 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.)

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

3. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

5. "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралтын "Долоо" дахь хэсгийн "а"-д "64. Талын зам хөтөлбөр," гэсэн заалт нэмсүгэй. 

(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 421 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.)

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Талын зам төсөл"-ийн хэрэгжилтийг хангах тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 282 дугаар тогтоол, "Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 474 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН