A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14.3, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10.2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 13.1.1, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр", гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр судалгаа хийх, нийгмийн ажилтны чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий "Сургалт, судалгаа мэдээллийн төв"-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулсугай.

2. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Сургалт, судалгаа мэдээллийн төвийн орон тоог батлагдсан төсвийн багцдаа багтаан зохицуулалт хийн тогтоож, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

3. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 18 дахь заалтын "35" гэснийг "41" гэж өөрчилсүгэй.

4. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шинээр нэмэгдсэн орон тоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Өнөр бүл хүүхдийн төвийн батлагдсан орон тооноос шилжүүлэн зохицуулалт хийн ажиллуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгаж, Хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл төв"-д нэгтгэх тухай" 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 112 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР