- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 18.1.1, 23.1, Төрийн албаны тухай хуулийн 7.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Нутгийн захиргааны албан тушаалын зэрэглэл" гэсэн хэсгийн ТЗ-5-д "11. Газрын даамал" гэж нэмж, мөн хэсгийн ТЗ-3-т "3. Сумын газрын даамал" гэснийг хассугай.
2."Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 11, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 13, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 14, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 16, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 19, 20001-ээс дээш хүн амтай суманд 21 байхаар тус тус тогтоосугай."
(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
3.Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа сумын газрын даамлыг орон тоо, цалингийн сангийн хамт 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсүгэй.
4.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр нарт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 425 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.МӨНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх