- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 254
Улаанбаатар хот
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 16.1.5, 18.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийг барьж байгуулахад зориулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах 0.21 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтад заасан ёсоор баталсугай.
2.Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгээс эхлэн эргэн тойрон 50 метрийн хэмжээтэй хамгаалалтын бүс тогтоож, уг хамгаалалтын бүсэд "Дэлхийн байршил зүйн хиймэл дагуулын систем (GNSS)"-ийн байнгын ажиллагаатай станцын хиймэл дагуулаас ирэх долгионыг хаах, сарниулах, нөлөө үзүүлэх буюу 10 метрээс дээш өндөртэй барилга байгууламж барихыг хориглосугай.
3.Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн тооцоог хянаж, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр нарт даалгасугай.
4.Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын гэрчилгээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт зохих журмын дагуу олгохыг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.МӨНХБАЯР
Текст томруулах
A
A
A
