A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (цаашид "ОҮИТБС" гэх)-ыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дор дурдсан арга хэмжээ авахыг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)-ийн орлогч дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржид үүрэг болгосугай:

1/ОҮИТБС-ын талаарх олон улсын стандарт, шаардлага, зөвлөмж, дүрэм, протоколыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах;

2/ОҮИТБС-ын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны явц, үр дүн, тус санаачилгын талаарх олон улсын стандарт, шаардлага, зөвлөмж, дүрэм, протоколын хэрэгжилтийн явц, жил бүрийн тайланг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийн хамт нийтэд ил тод мэдээлэх арга хэмжээ авч ажиллах;

3/тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих ашигт малтмал, газрын тос эрэх, хайх, ашиглах, боловсруулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг хайгуулын ажил эхэлсэн үеэс эхлэн орон нутгийн иргэдэд ОҮИТБС-ын дэд зөвлөлөөр, дэд зөвлөлгүй сум, дүүрэгт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр дамжуулан хүргэж харилцан ойлголцлыг бий болгож ажиллах.

2.ОҮИТБС-ын талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

1/ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрын тосны гэрээлэгч, мөн тэдгээрийн гэрээт туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж зэрэг орлогын тайланг Үндэсний аудитын газар, эсхүл аймаг, нийслэлийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тоо баримтад үндэслэн гаргаж, уг тайланд үндэслэсэн Засгийн газрын цахим тайлан гарган нийтэд мэдээлэх ажлыг хэвшил болгон зохион байгуулах;

2/ашигт малтмал, газрын тосны борлуулалтаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлогын зарцуулалтын тайланг "ОҮИТБС-ын стандарт 2016"-ын дагуу нийтэд мэдээлэх, жил бүрийн ОҮИТБС-ын хэрэгжилтийн үнэлгээний тайланд тусгах арга хэмжээ авах;

3/ОҮИТБС-ын Засгийн газрын цахим тайланд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийн явц, үр дүнг Үндэсний зөвлөлд тайлагнах;

4/аймаг, нийслэл, сум, дүүргийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах.

3.Хуульд заасан мэдээллийг үнэн зөв гаргаж, нийтэд мэдээлээгүй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрын тосны гэрээлэгч, мөн тэдгээрийн гэрээт туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч, энэ талаар Үндэсний зөвлөлд тайлагнаж, нийтэд мэдээлж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд үүрэг болгосугай.

4.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрын тосны гэрээлэгч, мөн тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн орлогоос ашиг хүртэгч эздийг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулан 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт нарт даалгасугай.

5.Дараах арга хэмжээ авч ажиллахыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрын тосны гэрээлэгч, мөн тэдгээрийн гэрээт туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасугай:

1/улсын болон орон нутгийн төсөвт төлж байгаа татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад өгсөн хандив, тусламж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нийгмийн зориулалтаар (цэцэрлэг, сургууль, спортын үйл ажиллагаа санхүүжүүлсэн) зарцуулсан хөрөнгийн тайланг аудит хийсэн санхүүгийн тоо баримтад үндэслэн батлагдсан маягтын дагуу жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор ОҮИТБС-ын цахим тайлагналын сүлжээгээр тайлагнаж, зохих журмын дагуу нийтэд мэдээлж байх;

2/Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулсан хөрөнгө, хийсэн ажил, түүний үр дүнг тухайн аймаг, сумын иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх, энэ чиглэлээр орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;

3/ОҮИТБС-ын жил бүрийн санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийн явц, үр дүнг Үндэсний зөвлөлд тайлагнах.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 222 дугаар тогтоолын 10.2 дахь заалтын "тусгай зөвшөөрөл" гэсний дараа ", газрын тосны гэрээ" гэж, 14.2 дахь заалтын "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэсний дараа ", газрын тосны гэрээлэгч" гэж нэмж, 2 дугаар зүйлийн "орлогч дарга нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд" гэснийг "орлогч дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд" гэж, 4 дүгээр зүйлийн "ОҮИТБС-ын" гэснийг "Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн" гэж, 13.2 дахь заалтын "аймаг, нийслэлийн" гэснийг "аймаг, нийслэл, сум, дүүргийн" гэж, 13.3 дахь заалтын "аймаг, сумдад" гэснийг "аймаг, нийслэл, сум, дүүрэгт" гэж, 14.2 дахь заалтын "аж ахуйн нэгжийн" гэснийг "аж ахуйн нэгж, газрын тосны гэрээлэгчийн" гэж тус тус өөрчлөн мөн тогтоолын 7, 8, 9 дүгээр зүйл, 11.1 дэх заалт, 12 дугаар зүйл, 14.1 дэх заалт, 15 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.МӨНХБАТ