- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох;
2/"Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтыг хамаарахгүйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны төсвийн жилд 0-18 насны хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгох;
3/хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсний бодит үнэлэмжийг тогтоох асуудлыг судалж, саналаа Улсын Их Хуралд танилцуулах.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1-ийн 2 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
