A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 337

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төсвийн сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарт даалгасугай:

1.1.Засгийн газраас Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлахгүй байх зарчим баримталж байгаатай холбогдуулан батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, аливаа өр, авлага үүсгэхгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулах;

1.2.төсвийн хууль тогтоомж зөрчин төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, өр үүсгэсэн болон тендер шалгаруулалтыг зохион байгуулж үнэлэхдээ холбогдох хууль, журам зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага ногдуулж, гарсан зөрчлийг тухай бүр залруулж ажиллах;

1.3.арилжааны банк дахь бүх шатны төсвийн байгууллагын цалингийн болон жижиг мөнгөн сангийн данснаас бусад дансыг хааж, төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн арилжааны банк дахь дансыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, цаашид төсвийн байгууллага арилжааны банкинд шинээр данс нээхгүй байх, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлэх;

1.4.улс, орон нутгийн төсөв, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүрээр сар, улирлын хуваарийн дагуу жигд ханган биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах;

1.5.Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон 2018 оноос хэрэгжиж эхлэх татварын хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах;

1.6.төсвийн байгууллагын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулахдаа Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар баталсан "Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ыг мөрдөж ажиллах;

1.7.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэх:

а/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.4-т заасан төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх;

б/улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан хуулийн дагуу шалгарсан гүйцэтгэгчтэй 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлсэн байх;

в/худалдан авах ажиллагааг цахимаар (tender.gov.mn) зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэд мэдээлж байх;

г/бараа худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг импортоор ирж байгаа бараанаас тусад нь багцлан зохион байгуулах; д/төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрийн төсвийн багцад хамаарах бүх харьяа байгууллагуудын 2017 оны худалдан авах ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Сангийн яаманд хүргүүлэх.

1.8.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагч нар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэх:

а/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягтлах ажлыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 2018 оны 1 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах;

б/2018 оны төсөвт тусгагдсан бөгөөд Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолоор баталсан нэг маягийн загвар зургийн дагуу хийгдэх төсөл, арга хэмжээний холболтын зураг төсвийн зардлыг тухайн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дүнд багтаан хэрэгжүүлэх;

в/төсвийн багцдаа батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс орон нутагт эрх шилжүүлэх ажлын жагсаалтыг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны дотор багтаан баталж, холбогдох байгууллагад хүргүүлэх.

2.Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ болон хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрхийг тодорхойлох босго оноог шинэчлэн тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх, малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар урагшлуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3.Сургалтын төлбөрийн дарамтыг багасгах, шат дамжлагыг цөөрүүлэх, зээлд хамрагдах шалгуур болон эргэн төлөх нөхцөлийг хялбар болгох, тухайн оюутан суралцаж төгсөөд хөдөлмөр эрхлэх явцдаа төлж барагдуулах зохицуулалтыг тусгах чиглэлээр Оюутны хөгжлийн зээлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг 2017 онд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

4.Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг зориулалтын дагуу үр ашигтай, оновчтой зарцуулж, энэ чиглэлээр олон улсын түншлэгч байгууллага, иргэд болон олон нийтийн идэвх санаачилгыг дэмжин хамтран ажиллаж, үр дүнг тогтмол нээлттэй мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

5."Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөр хэрэгжүүлж, анги дүүргэлт хэт өндөр байгаа сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжид шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2018 оны 2 дугаар сард багтаан хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилгыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус даалгасугай.

6.Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэхтэй холбогдуулан цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл хийх, хөрсжүүлэн нөхөн сэргээх, үнэргүйжүүлэх ажлын технологийн оновчтой шийдлийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2017 онд багтаан тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлан 2018 оны I улиралд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.

7.Орон нутгийн 2018 оны төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

7.1.орон нутгийн төсвийн суурь зарлагад нэмж тусгагдсан хөрөнгийн зардал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутагт үүссэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулалтын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн үр ашигтай зарцуулах;

7.2.хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж зэрэгт улсын төсвөөс орон нутгийн төсвийн суурь зарлагад нэмж хуваарилсан хөрөнгийг зөвхөн тухайн зориулалтын дагуу зарцуулах;

7.3.орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх;

7.4.улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд орон нутгаас олгодог зөвшөөрлийг саадгүй шуурхай олгож, шаардлагатай бусад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР