- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 364
Улаанбаатар хот
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн 30 ортой тасаг нээж, нийслэлийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.
2. Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж 2.487.743.115 (хоёр тэрбум дөрвөн зуун наян долоон сая долоон зуун дөчин гурван мянга нэг зуун арван таван) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
3. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, нийслэлийн Хүрээ амаржих газрыг шилжүүлэх, цаашид Хүрээ амаржих газрын барилгын суурин дээр хүүхдийн эмнэлэг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт үүрэг болгосугай.
4. 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын ажил олгогч нарт зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
