A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээг эрдэмтэн, судлаач, шинжээчдийн оролцоотойгоор зохион байгуулж, дүнг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулах;

2/хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын цалингийн зэрэглэлийг тогтоохдоо ажлын байрны шинжилгээний дүнд тулгуурлан тухайн байгууллагын үйл ажиллагааны зохих хүрээ, албан тушаалын чиг үүрэг, хүлээх хариуцлагад тохирсон байхаар зохицуулах;

3/хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг тогтоохдоо өмнө авч байсан цалин хөлсөөс дордуулахгүй байх арга хэмжээ авах;

4/Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэгт заасан Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллагыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулах;

5/Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэн батлах, хүчингүй болгох.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД