- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 346
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн албаны тухай хуулийн 31.3, Боловсролын тухай хуулийн 43.4, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг 2018 онд батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж, цаашид жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай.
3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалд зориулсан хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилан төсөвт байгууллагын хэмнэгдсэн зардал болон нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн санхүүжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах, гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах, туслах аж ахуй эрхлэх, цайны газар болон биеийн тамирын заалыг түрээслэх зэрэг хуулиар хориглоогүй, үндсэн чиг үүрэгтэй нь зөрчилгүй, суралцагчийн эрх ашигт хохиролгүй бусад үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох, багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулан зарцуулах эрхийг төсвийн шууд захирагчид нээж өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Текст томруулах
A
A
A
