- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 215-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
Цэргийн албаны тухай хуулийн 31.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.1.10 дахь заалт нэмсүгэй:
"4.1.10. цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлээр хангах."
2. Мөн журмын 1.2 дахь хэсгийг "Цэргийн албаны тухай хуулийн 29.3-т заасны дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана" гэж, 3.2 дахь хэсгийг "Санхүү, төрийн сангийн хэлтэс Цэргийн албаны тухай хуулийн 31.8-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг Сангийн яамны Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ" гэж, 4.1 дэх хэсгийг "Цэргийн албаны тухай хуулийн 31.8-д заасны дагуу цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасны мөнгөн төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрийн дагуу Цэргийн штаб дараах зориулалтаар зарцуулна:" гэж, 4.1.3 дахь заалтыг "аймаг, нийслэл (дүүрэг)-ийн цэргийн бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
