- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 20
Улаанбаатар хот
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Орон нутгийн хөгжлийн ерөнхий түвшинг тодорхойлох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөх зорилгоор "Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг 1 дүгээр, "Орон нутгийн хөгжлийн индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Аргачлал батлагдсантай холбогдуулан хөгжлийн индекс тооцоход шаардагдах мэдээллийг дараа оны 2 дугаар сард багтаан "Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим мэдээллийн систем"-д оруулан баталгаажуулж байхыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Цахим мэдээллийн системд оруулсан хөгжлийн индексийн мэдээллийг сум, аймаг, бүс тус бүрээр нэгтгэн боловсруулж тооцон Орон нутгийн хөгжлийн индексийг жил бүрийн I улиралд багтаан нийтэд зарлаж байхыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.
4. Хөгжлийн индексийн үр дүнг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөлт боловсруулахад ашиглаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, тухайн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн төсөвт олгох хөрөнгийг хөгжлийн индекс ашиглан тодорхойлсон итгэлцүүрийг үндэслэн тооцож байхыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус даалгасугай.
5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан орон нутгийн хөгжлийн индексийг аймгийн Засаг даргын ажлын үр дүнг үнэлэхдээ ашиглаж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөгжлийн индексийн тухай" Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 88 дугаар тогтоол, "Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал батлах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
