A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн "Ус, цаг уур, орчны шинжилгээний алба" гэснийг "Ус, цаг уур, орчны шинжилгээний төв" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 67.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай.

1.1. Засаг дарга;

1.2. Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй);

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 263 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Засаг даргын Тамгын газрын дарга.

2. Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвтэй);

2.2. Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай);

2.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс;

2.4. Санхүү, төрийн сангийн хэлтэс;

2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

2.6. Нийгмийн бодлогын хэлтэс;

2.7. Цэргийн штаб.

2.8.Залуучуудын хөгжлийн төв
 

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2024 оны 06 дугаар тогтоолоор хассан)

3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 57 хүртэл, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 55 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 6 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн энэ заалтад Засгийн газрын 2023 оны 312, 378 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

4.1. Байгаль орчны газар;

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 06 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.2. Биеийн тамир, спортын газар;

4.3. Боловсролын газар;

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 06 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.4. Гаалийн алба;

4.5. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

4.6. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар;

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.7. Мал эмнэлгийн газар;

4.8. Мэргэжлийн хяналтын газар;

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4.9. Нийгмийн даатгалын газар;

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 15 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.10. Онцгой байдлын газар (хэлтэс);

4.11. Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай);

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.12. Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба;

4.13. Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар;

(Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 06 дугаар тогтоолоор өөрчилсөн)

4.14. Стандарт, хэмжил зүйн хэлтэс;

4.15. Статистикийн хэлтэс;

4.16. Татварын хэлтэс;

4.17. Улсын бүртгэлийн хэлтэс;

4.18. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв;

4.19. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;

4.20. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

4.21. Цагдаагийн газар (хэлтэс);

4.22. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (хэлтэс);

4.23. Бүсийн шүүх шинжилгээний төв (Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймагт тойргийн); Шүүх шинжилгээний хэлтэс (бусад аймагт нутаг дэвсгэрийн);

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 182 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.24. Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын албатай);

4.25. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс.

4.26.Худалдан авах ажиллагааны газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолоор нэмсэн)

5. "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын чиг үүргийн шинжилгээг хийж, аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тогтоол, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ