- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
I хэсэг
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Үндсэн зүйл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Иргэний хууль нь иргэний гүйлгээнд оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус амины харилцааг уг харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, хүсэл зоригийн болон эд хөрөнгийн бие даасан байдлыг үндэслэн зохицуулна.
2.Захиргааны талаар нэг этгээд нь нөгөөдөө захирагдахтай холбогдсон эд хөрөнгийн харилцаа, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус амины харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй.
2 дугаар зүйл.Иргэний хууль тогтоомж
1.Иргэний хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.Үндсэн хууль, энэ хуулийн ерөнхий үндэслэлийг зөрчсөн бусад хуулийг шүүх хэрэглэхгүй.
3.Энэ хуульд заасан эрх, үүрэгтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхэд шүүх нь төрийн захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон аливаа шийдвэрийг хэрэглэхгүй.
4.Хуульд шууд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.
5.Иргэний хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан гэрээнээс үүсэх харилцааг энэ хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зохицуулна.
3 дугаар зүйл.Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл
Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:
1/хуульд заасан, хуульд заагдаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
2/иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
3/хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
4/оюуны үнэт зүйл бүтээх;
5/гэм хор учруулах, үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
6/иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.
4 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх
1.Иргэн, хуулийн этгээд нь энэ хуульд заасан эрхээ гагцхүү хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлнэ.
2.Иргэн, хуулийн этгээд бусдад гэм хор учруулах болон бусад хэлбэрээр эрхээ хууль бусаар ашиглаж болохгүй.
3.Хуулийн этгээд өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулах буюу хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглаж болохгүй.
4.Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд шүүх, арбитр нь ийнхүү зөрчил гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаас татгалзаж болно.
5 дугаар зүйл.Иргэний эрх зүйн хамгаалалт
1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
2.Талууд эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу өөрсдөө сонгон тодорхойлох эрхтэй.
3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх гагцхүү хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.
4.Гадаад улсын иргэн, хуулийн этгээд оролцсон гэрээ, эд хөрөнгийн шинжтэй харилцаанаас үүссэн эрхийг арбитр хамгаалах журам, аргыг хуулиар тогтооно.
5.Шүүх, арбитр нь иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:
1/эрхийг хүлээн зөвшөөрөх;
2/эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхийн өмнөх байдлыг сэргээх;
3/хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;
4/учруулсан хохирлыг арилгуулах;
5/эд хөрөнгийн бус гэм хорыг арилгуулах;
6/хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;
7/бусдын эрх зөрчсөн төрийн захиргааны байгууллагын болон захиргааны аливаа шийдвэрийг хүчингүй болгох;
8/иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх ба дуусгавар болгох;
9/хуулиар тогтоосон бусад арга.
6 дугаар зүйл.Иргэний хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэх
Шүүх, арбитр нь тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийг хэрэглэнэ. Тийм хууль байхгүй бол иргэний эрх зүйн агуулга, зарчимд нийцүүлэн маргааныг шийдвэрлэж болно.
7 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
1.Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ гутаагдсан гэж үзвэл уг мэдээг няцаалгах, ийнхүү гутаагдсанаас учирсан гэм хорыг арилгуулах, гэрлэгч өөрийн эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл түүнээс учирсан эд хөрөнгийн бус гэм хорыг арилгуулахыг тус тус шаардах эрхтэй.
2.Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн этгээд буруугүй болохоо нотолж чадахгүй бол учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
3.Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас болон гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөнөөс учирсан учирсан гэм хорын хэмжээ, арилгах аргыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх тодорхойлно.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Иргэд ба хуулийн этгээд
8 дугаар зүйл.Иргэдийн иргэний эрх зүйн эрхийн чадвар
1.Монгол Улсын иргэд нь хуульд зааснаар эд юмс, оюуны үнэт зүйлийг өмчлөх, хэлцэл хийх, зохиогчийн эрх эдлэх, эд хөрөнгө, эрх өвлөх, гэрээслэх, хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх, оршин суух газар, эрхлэн хийх ажил,мэргэжлээ сонгон авах, хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины бусад эрх эдэлнэ.
2.Иргэний эрх зүйн эрхийн чадвар буюу иргэний эрх эдлэх, үүрэгтэй байх чадварыг Монгол Улсын иргэд тэгш эдэлнэ.
3.Иргэний эрх зүйн эрхийн чадвар нь хүний төрсөн цагаас бий болж нас барснаар дуусгавар болно.
4.Иргэн хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
9 дүгээр зүйл.Иргэдийн иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамж
Иргэний эрх зүйн эрхийн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар арван найман наснаас бүрэн үүснэ.
10 дугаар зүйл.Бага насны хүмүүсийн иргэний эрх зүйн эрхийн зарим чадамж
1.Бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй хүмүүсийн хийх хэлцлийг түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч-эцэг эх, асран хамгаалагч хийнэ.
2.Бага насны хүмүүс өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болно.
3.Бага насны хүмүүсийн бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 381 дүгээр зүйлд заасан журмаар арилгана.
11 дүгээр зүйл.Иргэдийн иргэний эрх зүйн эрхийн хэсэгчилсэн чадамж
1.Насанд хүрээгүй буюу арван дөрвөөс арван найм хүртэлх насны хүмүүс хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийнэ.
2.Насанд хүрээгүй хүмүүс хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:
1/өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;
2/өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийх;
3/энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад оруулах, түүнийг захиран зарцуулах.
3.Арван зургаагаас арван найм хүртэлх насны хүмүүс хоршооны гишүүн байж болно.
4.Насанд хүрээгүй хүмүүсээс бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 383 дугаар зүйлд заасан журмаар арилгана.
12 дугаар зүйл.Насанд хүрээгүй хүмүүсийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарлах
1.Шүүх хүндэтгэн үзэх шалтгаан байвал арван зургаагаас арван найм хүртэлх насны хүмүүсийг түүний хүсэлтээр эрхийн бүрэн чадамжтай гэж зарлаж болно.
2.Эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан хүмүүсийн хүлээх үүргийн талаар түүний эцэг, эх, харгалзан дэмжигч нөхөх хариуцлага хүлээхгүй.
3.Эцэг, эх, харгалзан дэмжигчийн хүсэлтээр шүүх эрхийн бүрэн чадамжтай гэж зарласныг хүчингүй болгож болно.
13 дугаар зүйл.Иргэдийн иргэний эрх зүйн эрхийн чадамжийг хязгаарлах
1.Мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг этгээдийн эрхийн чадамжийг шүүх хязгаарлаж, харгалзан дэмжигчийг томилж болно.
2.Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдсан чадамжийнхаа хүрээнд харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр аливаа хэлцэл хийнэ.
3.Эрхийн чадамжийг хязгаарлах үндэслэл болсон нөхцөл байдал арилбал тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, харгалзан дэмжигчийг үүргээс нь чөлөөлнө.
4.Эрхийн чадамж нь хязгаарлагдсан этгээд бусдад гэм хор учруулбал эрхийн бүрэн чадамжтай иргэний адил үзэж гэм хорыг арилгуулна.
14 дүгээр зүйл.Иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай иргэнийг харгалзан туслах
1.Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй эрхийн бүрэн чадамжтай иргэнд өөрийнх нь хүсэлтээр хуульд заасан журмын дагуу харгалзан туслагч томилж болно.
2.Харгалзан туслагчийг тусламж авч байгаа иргэний зөвшөөрлөөр асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага томилно.
3.Харгалзан туслагч нь тусламж авч байгаа иргэний эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг гагцхүү түүний зөвшөөрлөөр хийнэ.
15 дугаар зүйл.Иргэний эрх зүйн эрхийн чадамжаа бүрэн алдах
1.Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэнийг шүүх эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцож,түүнд асран хамгаалалт тогтооно.
2.Эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон иргэний нэрийн өмнөөс асран хамгаалагч хэлцэл хийнэ.
3.Эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 382 дугаар зүйлд заасан журмаар арилгана.
4.Эрхийн бүрэн чадамжгүйд тооцох үндэслэл болсон нөхцөл байдал арилбал шүүх урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, асран хамгаалагчийг үүргээс нь чөлөөлнө.
16 дугаар зүйл.Иргэний эрх зүйн эрхийн чадвар, чадамжийг хязгаарлахад чиглэсэн хэлцэл
1.Эрхийн чадвар, чадамжийг хуулиар тогтоосон журмаас гадуур хязгаарлах буюу хасаж болохгүй.
2.Эрхийн чадвар, чадамжийг хязгаарлах буюу хасахад чиглэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
17 дугаар зүйл.Оршин суугаа газар
1.Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.
2.Бага насны хүмүүс буюу бусдын асран хамгаалалтанд байгаа иргэний оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно.
18 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох
1.Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх сураггүй алга болсонд тооцож болно.
2.Сураггүй алга болсон иргэний тухай сүүлийн удаа мэдээ авсан өдөр нь тодорхойгүй бол дараа сарын нэгнийг алга болсон өдөр гэж тооцно. Мэдээ авсан сар нь тодорхойгүй бол дараа жилийн нэгдүгээр сарын нэгнийг алга болсон өдөр гэж тооцно.
3.Сураггүй алга болсон иргэний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд түүний бусдыг тэжээн тэтгэх, татвар төлөх зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг уг эд хөрөнгөөр гүйцэтгэнэ.
4.Сураггүй алга болсонд тооцогдсон иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол урьд гаргасан шийдвэрээ шүүх хүчингүй болгоно.
5.Иргэн сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөр үндэслэлээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бөгөөд бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахыг уг иргэн эргэж ирсэн үедээ шаардах эрхтэй.
6.Сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч үрэгдүүлсэн бол шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан уг эд хөрөнгийн үнийг бүрэн буюу хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
19 дүгээр зүйл.Иргэнийг нас барсан гэж зарлах
1.Сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш, эсхүл амь үрэгдэж болох аюултай нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх нас барсан гэж зарлаж болно.
2.Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг үндэслэн түүнийг нас барсан тухай иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэнэ.
3.Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийг түүний нас барсан өдөр гэж үзнэ.
4.Амь үрэгдэж болох аюултай нөхцөл байдалд буюу тодорхой аюул, ослын улмаас нас барсан гэж үзэх үндэстэй үед алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг иргэний нас барсан өдөр гэж тооцож болно.
5.Нас барсан гэж зарлагдсан иргэний эд хөрөнгийг өв залгамжлалын журмаар бусдад шилжүүлнэ.
6.Нас барсан гэж зарлагдсан иргэний нөхөр буюу эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж болно.
20 дугаар зүйл.Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноос үүсэх үр дагавар
1.Нас барсан гэж зарлагдсан иргэн эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдвол шүүх урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох ба түүнийг үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд хийсэн тэмдэглэлийг өөрчилнө.
2.Нас барсан гэж зарлагдсан байсан иргэн өв залгамжлалын журмаар бусдад шилжсэн эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй.
3.Нас барсан гэж зарлагдсан байсан иргэний эд хөрөнгө төрийн өмчлөлд шилжсэн бол шүүхийн шийдвэр хүчингүй болсны дараа уг эд хөрөнгийг өмчлөгчид буцааж олгох буюу боломжгүй бол үнийг нөхөн төлнө.
4.Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
21 дүгээр зүйл.Хуулийн этгээд
1.Өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлcан эд хөрөнгөтэй; өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг бий болгох чадвартай; үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг; шүүх, арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцдог байгууллагыг хуулийн этгээд гэнэ.
2.Хуулийн этгээд нь ашиг олох үндсэн зорилготой ба ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан өөр зорилготой ба ашгийн төлөө бус байж болно.
3.Хуулийн этгээдийн тусгайлсан эд хөрөнгийн хувьд түүний үүсгэн байгуулагч буюу оролцогч нь эд хөрөнгийн эрх, үүргээ хадгалдаг буюу хадгалдаггүй байхаар хуулиар тогтоож болно.
4.Үүсгэн байгуулагч буюу оролцогч нь тусгайлсан эд хөрөнгийн тухайд эрх, үүргээ хадгалдаг хуулийн этгээдэд компани, нөхөрлөл, хоршоо, түүнчлэн өмчлөгчөөс санхүүждэг байгууллага хамаарна.
5.Үүсгэн байгуулагч буюу оролцогч нь тухайн хуулийн этгээдийн тусгайлсан эд хөрөнгийн хувьд эд хөрөнгийн эрхээ хадгалдаггүй хуулийн этгээдэд олон нийтийн, шашны байгууллага, буяны болон бусад зорилгоор байгуулагдсан сан хамаарна.
22 дугаар зүйл.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн эрхийн чадвар
1.Хуулийн этгээд нь үүсгэн байгуулах баримт бичигт заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
2.Хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа зорилгод харшлаагүй бөгөөд хууль тогтоомжоор хориглоогүй аливаа үйл ажиллагааг явуулж болно.
3.Хуулийн этгээд нь хуульд заасан зарим үйл ажиллагааг гагцхүү эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна.
4.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж болно.
23 дугаар зүйл.Хуулийн этгээд байгуулах, үүсгэн байгуулах баримт бичиг
1.Хуулийн этгээдийг иргэн, төр, түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн хуульд заасан бол бусад хуулийн этгээд, гадаад улсын иргэн, байгууллага, харьяалалгүй хүн хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно.
2.Хуулийн этгээдийг байгуулахад үүсгэн байгуулах баримт бичгийг бүрдүүлэх ба түүний төрөл, хэлбэр, бүрдүүлэх журмыг хуулиар тодорхойлно.
3.Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг нь эрх бүхий байгууллагын шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээ байж болно.
4.Хуулийн этгээдийн дүрмийг түүний үүсгэн байгуулагч /оролцогч/, эсхүл түүнээс эрх олгогдсон байгууллага батална.
5.Дүрэмд хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар, үйл ажиллагааны зорилго, хуулийн этгээдийн байгууллага, түүний бүрэн эрх, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн хуулийн этгээдийн хувьд зайлшгүй шаардлагатай бусад зүйлийг заана.
6.Хуульд заасан бол хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай гэрээ байгуулна.
7.Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах гэрээгээр гишүүд буюу оролцогч нь үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах журам, өөрийн эд хөрөнгийг уг хуулийн этгээдийн өмчлөл буюу өмчлөгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх болон үйл ажиллагаанд нь оролцох нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдах, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнээс гарах нөхцөл, журам, үүсгэн байгуулагчдын хамтын ажиллагаа, ашиг, алдагдал хуваарилах зарчим болон бусад зүйлийг тусгана.
8.Хуульд заасан бол хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэнэ.
9.Хууль тогтоомжийн шаардлага хангаагүй бол бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана. Ийнхүү татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
10.Хуульд заасан журмын дагуу бүртгэгдвэл зохих хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр, хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуулийн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, дүрэм нь батлагдсанаар тус тус байгуулагдсанд тооцно.
11.Хуулийн этгээд байгуулагдахаас өмнөх үйл ажиллагаанаас үүсэх үүргийг үүсгэн байгуулагч хууль тогтоомжийн дагуу хариуцна.
24 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар
1.Хуулийн этгээд оноосон нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь урьд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй ижил байж болохгүй.
2.Хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бүртгэлийг бүртгэх байгууллага хөтөлнө.
3.Хуулийн этгээд нь өөрийн бэлгэдэл, барааны тэмдэгтэй байж болно.
4.Хуулийн этгээдийн нэр, барааны тэмдэг, бэлгэдлийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
5.Хуулийн этгээдийн оршин байгаа газар нь түүний байгууллагын оршин байгаа газраар тодорхойлогдоно.
25 дугаар зүйл.Хуулийн этгээдийн байгууллага
1.Хуулийн этгээд нь байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.
2.Хуулийн этгээдийн байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.
26 дугаар зүйл.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар
1.Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд нь тогтоосон журмын дагуу өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.
2.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.
3.Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг бусад эрх зүйн үйлдэл хийдэг нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.
4.Салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тэдгээрийн дүрэмд заана.
5.Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
6.Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхтэй байж болно.
27 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хариуцлага
1.Хуулийн этгээд нь өөртөө байгаа бүх эд хөрөнгөөр үүрэг хүлээж болно.
2.Хууль буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч буюу түүний эд хөрөнгийг өмчлөгч нь хуулийн этгээдийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд өмчлөгч буюу үүсгэн байгуулагчийн хүлээх үүргийг хуулийн этгээд хариуцахгүй.
3.Эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр өмчлөгчөөс санхүүждэг хуулийн этгээд нь өөрт байгаа мөнгөн хөрөнгөөрөө үүрэг хүлээнэ. Тэр нь үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй бол өмчлөгч хариуцна.
4.Өмчлөгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас хуулийн этгээд дампуурахад хүрсэн бөгөөд хуулийн этгээдийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол өмчлөгч хариуцна.
28 дугаар зүйл.Хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох
1.Хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь энэ хуульд зааснаар өөрчлөн байгуулагдсан буюу татан буугдсанаар дуусгавар болно.
2.Хуулийн этгээдийг хуульд заагаагүй үндэслэл, журмаар өөрчлөн байгуулах, татан буулгах талаар бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
29 дүгээр зүйл.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах
1.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг өөрчлөн байгуулж /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ болно.
2.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулахад энэ хуулийн 31 дүгээр зүйлийн зохих заалтад заасан журмыг баримтлана.
30 дугаар зүйл.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулснаас үүсэх үр дагавар
1.Хуулийн этгээдийг нийлүүлэх, тусгаарлах буюу өөрчлөхөд түүний эрх, үүрэг ийнхүү нийлүүлсэн, тусгаарласан, өөрчилсний эцэст бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.
2.Хуулийн этгээд өөр хуулийн этгээдтэй нэгдвэл эрх, үүрэг нь ийнхүү нэгдэж бий болсон хуулийн этгээдэд шилжинэ.
3.Хуулийн этгээд хуваагдвал эрх, үүрэг нь хуульд өөрөөр заагаагүй бол шинээр бий болсон хуулийн этгээдүүдэд хувь тэнцэн шилжинэ.
31 дүгээр зүйл.Хуулийн этгээдийг татан буулгах
1.Хуулийн этгээд нь дараахь үндэслэлээр татан буугдана:
1/өмчлөгч буюу түүний эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;
2/дампуурлыг зарласан, хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөнөөс татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
3/үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу байгуулагдсан зорилгодоо хүрсэн учраас цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;
4/хуульд заасан бусад үндэслэл.
2.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
3.Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.
4.Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.
5.Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийг хуульд өөрөөр заагаагүй бол дараахь дарааллаар хангана:
/Энэ хэсэгт 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
1/бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулахаар уг хуулийн этгээдээс гаргуулж байсан төлбөрийг гаргуулах;
2/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад хөдөлмөрийн хөлсийг төлөх;
3/татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх;
4/хууль тогтоомжид заасны дагуу бусад нэхэмжлэгчтэй тооцоо хийх.
6.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний байгаа эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу нэхэмжлэгчдэд хуваарилна.
7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно.
8.Нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч /үүсгэн байгуулагч/-ид, хуульд тусгайлан заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
9.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах этгээд байхгүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.
10.Хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдвэл зохих хуулийн этгээдийг татан буугдсан тухай улсын бүртгэлд бүртгэснээр, бусад хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гарснаар түүний үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдоно.
32 дугаар зүйл.Компани
1.Гишүүд /хувьцаа эзэмшигчид/-ийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь гагцхүү дүрмийн санд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийг компани гэнэ.
/Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
2.Компани нь ганц гишүүнтэй байж болно.
3.Дүрмийн сан нь үүсгэн байгуулах баримт бичигт дурдсан хэмжээний ногдол хувьд хуваагддаг, гишүүн нь бусад гишүүний ногдол хувь эзэмших эрхийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ. Гишүүнд ногдол хувь эзэмших эрхийн гэрчилгээ олгоно.
4.Дүрмийн сан нь нэг бүрийн нэрлэсэн үнэ бүхий тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа нийтэд чөлөөтэй худалддаг, эсхүл хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй компанийг хувьцаат компани гэнэ.
/Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
5.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
33 дугаар зүйл.Нөхөрлөл
1.Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
2.Нөхөрлөлийн эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бүх гишүүд нь хувийн өмчийн эд хөрөнгөөр нөхөрлөлийн хүлээсэн үүргийг хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
3.Нөхөрлөлийн эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд наад зах нь нэг гишүүн хувийн өмчийн эд хөрөнгөөр нөхөрлөлийн хүлээсэн үүргийг бүрэн /бүрэн хариуцлагатай гишүүн/ хариуцдаг нөхөрлөлийг бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн бусад гишүүд нь бүрэн бус хариуцлагатай байна.
4.Нөхөрлөлийн өөр хэлбэрийг хуулиар тодорхойлж болно.
5.Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
34 дүгээр зүйл.Хоршоо
1.Материаллаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хувь хүмүүс сайн дураараа нэгдсэн, ардчилсан удирдлага, хяналт бүхий, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр үндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
Хоршоод аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхлэх зорилгоор дундын хоршоо байгуулж болно.
/Энэ хэсгийг 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Хариуцлагын хэмжээ болон олсон орлогыг гишүүдэд хуваарилах журмыг үүсгэн байгуулах баримт бичигт заана.
3.Хоршооны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
35 дугаар зүйл.Хуулийн этгээдийн нэгдэл
1.Хуульд өөрөөр заагаагүй бол компани, нөхөрлөл, хоршоо нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болно.
2.Нэгдлийг ашгийн төлөө, эсхүл ашгийн төлөө бус байгууллагын хэлбэрээр байгуулна.
3.Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь гагцхүү ашгийн төлөө бус байгууллагын хэлбэрээр нэгдэл байгуулж болно.
4.Нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.
36 дугаар зүйл.Олон нийтийн болон шашны байгууллага, сан
1.Оюуны, материаллаг болон материаллаг бус бусад ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдсэн иргэд, хуулийн этгээдийн нэгдлийг олон нийтийн байгууллага гэнэ.
2.Сүсэгтэн олны шашны зан үйл, хурал ном, боловсролын хэрэгцээг хангах зорилго бүхий байгууллагыг шашны байгууллага гэнэ.
3.Нийгэм, соёл, боловсрол, буяны болон нийтэд тустай бусад зорилгоор сайн дурын хандив, тусламж төвлөрүүлж, гагцхүү дүрэмдээ заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх бүхий сайн дурын, гишүүнчлэлгүй байгууллагыг сан гэнэ.
4.Олон нийтийн болон шашны байгууллага, сан нь ашгийн төлөө бус байна.
5.Олон нийтийн болон шашны байгууллага, сангийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлно.
37 дугаар зүйл.Төр болон аймаг, нийслэл, сум, дүүрэг иргэний эрх зүйн харилцаанд оролцох
Төрийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага; аймаг, нийслэл, сум, дүүргийн хувьд тэдгээрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуульд заасан иргэний эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Хууль буюу гэрээнд зааснаар тэдгээр нь иргэний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрхийг бусдад шилжүүлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хэлцэл
38 дугаар зүйл.Хэлцэл, түүний төрөл
1.Иргэний эрх, үүргийг бий болгох, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ.
2.Хэлцэл нэг талын буюу хоёр, эсхүл олон талын байж болно.
3.Хуульд зааснаар буюу талуудын тохиролцсоноор нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг нэг талын хэлцэл гэнэ.
4.Хууль буюу хэлцлийн шинж чанарт харшлахгүй бол нэг талын хэлцэлд үүргийн болон гэрээний тухай нийтлэг үндэслэл хамаарна.
5.Хоёр, эсхүл түүнээс дээш тал хүсэл зоригоо илэрхийлснээр хийгдэх хэлцлийг хоёр талын буюу олон талын хэлцэл гэнэ.
39 дүгээр зүйл.Хэлцлийн хэлбэр
1.Хуульд бичгээр хийхээр зааснаас бусад хэлцлийг амаар хийж болно.
2.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүслээ илэрхийлэх бодит үйлдлээр хэлцэл хийж болно.
3.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр зөвшөөрсөн гэж үзэж болно.
4.Хэлцлийг бичгээр хийхдээ талууд баримт бичигт гарын үсгээ зурна. Өвчний болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас ийнхүү гарын үсэг зурж чадахгүй бол түүний даалгавраар өөр этгээд төлөөлөн зурж болох ба энэ тухай баримт бичигт тусгайлан тэмдэглэнэ.
5.Иргэд хоорондын хиймэгц биелэх хэлцлээс бусад хэлцлийг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийнэ.
6.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн хийх хэлцлийг бичгээр хийнэ.
7.Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд талууд нь хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.
8.Бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.
40 дүгээр зүйл.Хэлцэл хийсэн гэж үзэх
1.Амаар хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж үзнэ:
1/хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;
2/хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон;
3/хууль буюу гэрээнд зааснаар хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа буюу ердийн боломжит хугацаа өнгөрсөн.
2.Бичгээр хийх хэлцлийг дор дурдсанаар хийгдсэн гэж үзнэ:
1/талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;
2/хэлцэл хийх тухай санал /гэрээний төсөл/-ыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ тэдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан;
3/хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.
3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон нөхцөлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
41 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авах, бүртгүүлэх хэлцэл
1.Хуульд тусгайлан заасан бол талууд хэлцэл хийхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах буюу бүртгүүлэх үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үр дагавар бий болно.
42 дугаар зүйл.Хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх
1.Талуудын аль нэг нь хүсвэл хэлцлийг нотариат заавал гэрчлэнэ.
2.Хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасан бол талууд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан үр дагавар бий болно.
3.Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг нь үүргээ бүрэн буюу ихэнхийг биелүүлсний дараа нөгөө тал биелэлтийг зөвшөөрөн хүлээсэн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийгдсэнд тооцож болно.
/Энэ хэсгийн өгүүлбэрийг 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
43 дугаар зүйл.Хүчин төгөлдөр бус хэлцэл
1.Дор дурдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ:
1/утга агуулгаараа хууль зөрчсөн буюу төр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцэл;
2/хуулийн этгээдээс дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;
3/бага насны хүмүүсийн хийсэн хэлцэл;
4/эрхийн бүрэн чадамжгүй иргэний хийсэн хэлцэл;
5/хууль ёсны үр дүн гаргахын тулд биш, зөвхөн дүр үзүүлэн хийсэн /хуурамч/ хэлцэл;
6/хүчин төгөлдөр бус өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан заалт нь бага насны хүмүүст хохиролгүй, хиймэгц биелэх, ахуйн шинжтэй жижиг хэлцэлд хамаарахгүй.
3.Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг арилгуулахыг аливаа сонирхогч этгээд шаардаж болно. Түүнчлэн шүүх өөрийн санаачлагаар тэрхүү үр дагаврыг арилгах тухай шийдвэр гаргах эрхтэй.
44 дүгээр зүйл.Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл
1.Шүүх дор дурдсан хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно:
1/ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл;
2/хууран мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх аргаар хийсэн хэлцэл, түүнчлэн аргагүй гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас болж өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн хэлцэл;
3/иргэн, хуулийн этгээдийг төлөөлсөн этгээд төлөөлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, түүнчлэн бүрэн эрх олгогдоогүй этгээдийн хийсэн буюу бүрэн эрхээ хэтрүүлж хийсэн хэлцлийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй бол уг хэлцэл;
4/насанд хүрээгүй хүмүүсээс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн бөгөөд зөвшөөрөл шаардагдахгүйгээс бусад хэлцэл;
5/эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл.
2.Энэ зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг гагцхүү өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа этгээд, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гаргаж болно.
45 дугаар зүйл.Хууль буюу хуулийн этгээдээс дүрэмд заасан зорилгоо зөрчиж хийсэн, эсхүл төр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар
1.Утга агуулгаараа хууль зөрчсөн болон хуулийн этгээдээс дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл /43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2/ энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжгүй бол талууд нь уг хэлцлээр авсан бүх зүйлийг харилцан буцааж өгнө. Буцааж өгөх боломжгүй бол үнийг төлнө.
2.Төр, нийгмийн ашиг сонирхолд илтэд харшилсан хэлцлийг санаатай хийсэн бол уг хэлцлээр авсан бүх зүйлийг, эсхүл үнийг улсын орлогод хураана. Энэ хэлцлээр хүлээсэн үүргээ талуудын аль нэг нь биелүүлсэн байвал хэлцэл ёсоор нөгөө этгээдийн авсан болон түүний хариу шилжүүлбэл зохих зүйлийг улсын орлогод хураана. Нэг тал нь уг хэлцлийг санаатай хийсэн бол түүний авсан бүх зүйлийг, боломжгүй бол үнийг нөгөө этгээдэд буцаан өгч, буруугүй этгээдийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.
46 дугаар зүйл.Бага насны хүмүүстэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар
1.Бага насны хүмүүстэй хиймэгц биелэх, уг этгээдэд хохиролгүй, ахуйн шинжтэй жижиг хэлцлээс бусад хэлцэл /43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З/ хийсэн бол талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
2.Эрхийн бүрэн чадамжтай иргэн нь нөгөө этгээдийн бага насны болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
47 дугаар зүйл.Эрхийн бүрэн чадамжгүй иргэнтэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар
1.Эрхийн бүрэн чадамжгүй иргэнтэй хэлцэл /43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ хийвэл талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
2.Эрхийн бүрэн чадамжтай иргэн нь нөгөө этгээдийн эрхийн бүрэн чадамжгүй болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
48 дугаар зүйл.Хүчин төгөлдөр бус хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар
1.Талууд хүчин төгөлдөр бус хэлцлийг халхавчилж санаатайгаар хэлцэл /4З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6/ хийсэн бол тэдгээрийн хэлцэл ёсоор авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.
2.Талуудын аль нэг нь уг хэлцлийг санаатайгаар хийсэн бол түүний авсан бүх зүйлийг, боломжгүй бол үнийг нөгөө этгээдэд буцаан өгч, буруугүй этгээдийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.
49 дүгээр зүйл.Ноцтой төөрөгдлөөс болж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар
Ноцтой төөрөгдлөөс болж хийсэн хэлцэл /44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
50 дугаар зүйл.Хууран мэхлэх,хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх аргаар хийсэн, аргагүй гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас болж өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн, төлөөлүүлэгч этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бүрэн эрх олгогдоогүй этгээд хийсэн буюу бүрэн эрхээ хэтрүүлж хийснийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар
1.Хууран мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх аргаар хийсэн, аргагүй гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас болж өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн, төлөөлж байгаа этгээд төлөөлүүлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бүрэн эрх олгогдоогүй этгээд хийсэн буюу бүрэн эрхээ хэтрүүлж хийснийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй хэлцэл /44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол хохирогч нь дор дурдсан шаардлагыг нөгөө этгээдэд тавих эрхтэй:
1/хэлцэл ёсоор авсан бүх зүйлийг буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх;
2/хохирлыг төлүүлэх.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон бол буруутай этгээдээс хохирогчийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.
51 дүгээр зүйл.Насанд хүрээгүй хүмүүсийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар
1.Насанд хүрээгүй хүмүүс эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл /44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд нь авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
2.Насанд хүрээгүй хүмүүстэй хэлцэл хийсэн этгээд уг хэлцлийг эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийж болохгүй гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бол учирсан хохирлыг уг этгээдэд төлөх үүрэгтэй.
3.Энэ зүйлийн заалт нь эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан этгээдэд хамаарахгүй.
52 дугаар зүйл.Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар
1.Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл /44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
2.Хэлцэл хийсэн этгээд нь нөгөө этгээд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгааг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
53 дугаар зүйл.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох цаг
Хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон хэлцлийг хийсэн цагаас нь эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
54 дүгээр зүйл.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох
Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
55 дугаар зүйл.Болзол тавьж хийсэн хэлцэл
1.Болох эсэх нь мэдэгдээгүй байгаа ямар нэгэн үйл явдлаас шалтгаалан эрх, үүрэг үүсгэхээр хэлцэлд заасан бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ.
2.Болох эсэх нь мэдэгдээгүй байгаа ямар нэгэн үйл явдлаас шалтгаалан эрх, үүргийг дуусгавар болгохоор хэлцэлд заасан бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ.
3.Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар саатуулбал уг болзол бий болсонд тооцно. Тогтоосон болзол бий болохыг санаатайгаар түргэтгэвэл уг болзол бий болоогүйд тооцно.
56 дугаар зүйл.Биржийн хэлцэл
1.Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх /эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ.
2.Хууль, тухайн төрлийн хэлцлийн шинж байдалд харшлахгүй бол биржийн хэлцэлд түүний агуулгад нийцүүлж зохих гэрээ /худалдах-худалдан авах, комиссийн зэрэг/-ний журмыг хэрэглэж болно.
3.Талуудын худалдааны нууцыг агуулсан бөгөөд тэдний зөвшөөрөлгүйгээр мэдээлж болохгүй нөхцөлүүдийг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлж болно.
4.Биржийн хэлцлийг байгуулахтай холбогдсон маргааныг биржийн эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж болох бөгөөд тэрхүү шийдвэрийн талаар талууд шүүхэд гомдол гаргаж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төлөөлөл ба итгэмжлэл
57 дугаар зүйл.Төлөөлөл
Иргэн ба хуулийн этгээд нь өөрийн эрх, үүргийг бусад этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно. Ийнхүү хэрэгжүүлэх журмыг хууль буюу гэрээгээр тодорхойлно.
58 дугаар зүйл.Төлөөлөгч
1.Иргэн ба хуулийн этгээд өөрөө биечлэн хийхээр хуульд зааснаас бусад хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.
2.Эрхийн бүрэн чадамжгүй, зарим болон хэсэгчилсэн чадамжтай иргэний нэрийн өмнөөс тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэлцэл хийнэ.
3.Бусдын ашиг сонирхлын үүднээс боловч өөрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа этгээд /үнэ хаялцуулах ажиллагааны хөтлөгч, дампуурлын үе дэх хэрэг гүйцэтгэгч, зуучлагч, гэрээслэл биелүүлэгч зэрэг/, түүнчлэн ирээдүйд хийгдэх хэлцлийн талаар хэлэлцээ хийх эрх олгогдсон этгээдийг төлөөлөгч гэж үзэхгүй.
59 дүгээр зүйл.Төлөөлөгчийн бүрэн эрх
1.Төлөөлөгчийн бүрэн эрх нь хууль, захиргааны шийдвэр буюу итгэмжлэлд үндэслэсэн байна.
2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийг хэтрүүлж болохгүй.
3.Төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хэлцэл нь төлөөлүүлэгчийн эрх, үүргийг бий болгох, өөрчлөх буюу дуусгавар болгоно.
4.Төлөөлөх эрхгүй этгээдээс хийсэн буюу төлөөлөгч бүрэн эрхээ хэтрүүлэн хийсэн хэлцлийг төлөөлүүлэгч хүлээн зөвшөөрвөл хүчин төгөлдөр байна. Энэхүү хэлцлийг ийнхүү хүлээн зөвшөөрсөн үеэс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ.
60 дугаар зүйл.Итгэмжлэл
Нэг этгээд /итгэмжлэгч/ өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх бүрэн эрхийг нөгөө этгээд /итгэмжлэгдэгч/-эд олгосноо бичгээр тодорхойлсныг итгэмжлэл гэнэ.
61 дүгээр зүйл.Итгэмжлэлийн хэлбэр
1.Нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасан хэлцэлтэй холбогдсон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлнэ.
2.Хөдөлмөрийн хөлс, оюуны үнэт зүйлийн үнэ, тэтгэвэр, тусламж, мөнгө шилжүүлэх, илгээлт, үнэ бүхий захидал, банкны хадгаламжаас мөнгө авах эрх олгох тухай итгэмжлэлийг итгэмжлэгчийн оршин суугаа нутгийн захиргааны болон ажиллаж, суралцаж, эмчлүүлж байгаа байгууллагын захиргаагаар гэрчлүүлж болно.
3.Цэргийн албан хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын захирагч /дарга/, улсын асрамжийн буюу хорих газар байгаа иргэний итгэмжлэлийг эдгээр байгууллагын захиргаа гэрчилж болно.
4.Энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
62 дугаар зүйл.Хуулийн этгээдийн итгэмжлэл
1.Хуулийн этгээдийн итгэмжлэл уг байгууллагын эрх баригчдын гарын үсэг, тамга /тэмдэг/-тай байна.
2.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгох тухай итгэмжлэлд уг байгууллагын эрх баригчаас гадна нягтлан бодогч буюу түүний үүрэг гүйцэтгэгч гарын үсэг зурна.
3.Банкны гүйлгээ, гадаад худалдааны гэрээ хийх эрх олгох тухай итгэмжлэлийн хэлбэр, түүнийг олгох журмыг хуулиар тогтооно.
63 дугаар зүйл.Итгэмжлэлийн хугацаа
1.Итгэмжлэлийг гурван жилээс дээшгүй хугацаагаар олгоно.
2.Хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн дотор хүчин төгөлдөр байна.
3.Олгосон он, сар, өдрийг заагаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
64 дүгээр зүйл.Итгэмжлэл шилжих
1.Итгэмжлэгдэгч эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болох тухай заасан буюу эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.
2.Нотариатаар гэрчлүүлэхээр хууль буюу гэрээнд заасан хэлцлийн итгэмжлэгдэгч эрхээ бусдад шилжүүлэх бол энэ тухай итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлнэ.
3.Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болбол шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.
4.Итгэмжлэгдэгч эрхээ бусдад шилжүүлсэн тухайгаа болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар итгэмжлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй итгэмжлэгдэгч эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг өөрийн үйл ажиллагааны нэг адил хариуцна.
65 дугаар зүйл.Итгэмжлэл дуусгавар болох
1.Итгэмжлэл нь дор дурдсан тохиолдолд дуусгавар болно:
1/итгэмжлэлийн хугацаа дууссан;
2/итгэмжлэгч итгэмжлэлээ цуцалсан;
3/итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсон;
4/итгэмжлэгч, итгэмжлэгдэгч нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан буюу сураггүй алга болсонд тооцогдсон;
5/итгэмжлэгч, итгэмжлэгдэгч эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон буюу эрхийн чадамж нь хязгаарлагдсан;
6/итгэмжлэгдэгч итгэмжлэлээс татгалзсан.
2.Хэдийд ч итгэмжлэгч итгэмжлэлээ цуцлах, итгэмжлэгдэгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
3.Итгэмжлэгч нь итгэмжлэлээ цуцалсан тухайгаа итгэмжлэгдэгч болон итгэмжлэгдэгчтэй хэлцэл хийх ёстой этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
4.Итгэмжлэл олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсноос, түүнчлэн итгэмжлэгч нас барсан буюу нас барсан гэж зарлагдсанаас итгэмжлэл дуусгавар болбол түүний эрх залгамжлагч буюу өв залгамжлагч ийнхүү итгэмжлэл дуусгавар болсон тухай итгэмжлэгдэгч болон түүнтэй хэлцэл хийх ёстой этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
5.Итгэмжлэл дуусгавар болмогц итгэмжлэгдэгч болон түүнээс итгэмжлэл шилжүүлэн авсан этгээд уг итгэмжлэлийг итгэмжлэгчид нэн даруй буцааж өгөх үүрэгтэй.
6.Итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа итгэмжлэгдэгчээс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Иргэний эрх зүй дэх хугацаа
66 дугаар зүйл.Хугацаа тодорхойлох
1.Хууль, хэлцлээр буюу шүүхээс тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдрөөр буюу жил, хагас жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно.
2.Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно.
67 дугаар зүйл.Жил, хагас жил, улирал, сар,арав хоног, долоо хоног, өдөр, цагаар тогтоосон хугацааг тоолох
1.Жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах жилийн мөн сар, өдөр дуусна.
2.Хагас жилээр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мөн өдөр дуусна.
3.Улирлаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусвал зохих сарын мөн өдөр дуусна.
4.Сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Жил, улирал, сараар тогтоосон хугацааны дуусвал зохих сарын эцсийн өдөр байхгүй бол уг хугацаа нь тухайн сарын эцсийн өдөр дуусна.
5.Тогтоосон хугацааг тоолохдоо хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар тооцно.
6.Арав хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах арав хоногийн мөн өдөр дуусна.
7.Долоо хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах долоо хоногийн мөн өдөр дуусна.
8.Хоногоор тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах хоногийн мөн цагт дуусна.
9.Өдрөөр тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна.
10.Цагаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах цагийн мөн минутад дуусна.
68 дугаар зүйл.Хугацаа тоолох ерөнхий журам
1.Хугацааг хуанлийн он, сар, өдрөөр буюу ямар нэгэн үйл явдал бий болсноос эхэлж тоолох ёстой байвал уг тогтоосон он, сар, өдөр буюу жил, улирал, сар, арав хоног, долоо хоног, өдөр, цагаас, эсхүл үйл явдал болж өнгөрсний дараахь өдрөөс эхлэн тоолно.
2.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
3.Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна.
4.Үүргийг ямар нэгэн байгууллагад гүйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын өдөр буюу үйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
5.Аливаа баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг зохих хугацаанд нь өгсөн гэж үзнэ.
69 дүгээр зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа
1.Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил байна.
2.Үүргийн тусгай төрлийн хувьд энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр богиносгосон хөөн хэлэлцэх хугацааг хуулиар тогтоож болно.
3.Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно.
4.Хуульд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зөрчигдсөн өдрөөс буюу эрх зөрчигдсөнийг хожим мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн баталгаат буюу гомдлын шаардлага гаргах хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан өдрөөс эхлэн үүснэ.
5.Сөрөг үүргийн хөөн хэлэлцэх хугацааг үндсэн үүргийг гүйцэтгэсэн үеэс эхлэн тоолно.
6.Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэг адил дуусна.
70 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх журам
1.Шүүх, арбитр талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэнэ.
2.Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.
71 дүгээр зүйл.Хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй шаардлага
Дор дурдсан шаардлага хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй:
1/банкинд хадгалуулсан зүйлээ буцааж авах тухай;
2/эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулах тухай;
3/иргэдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг арилгуулах тухай;
4/хуульд заасан бусад шаардлага.
72 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох
1.Дор дурдсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно:
1/нэхэмжлэл гаргахад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /газар хөдлөх, галт уул дэлбэрэх, усны үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшиг тохиолдох, гоц халдварт өвчин зэрэгт хорио цээр тогтоох гэх мэт/ саад болсон;
2/нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь дайн бүхий байдал, онц болон дайны байдал зарласан үед цэргийн алба хааж байгаа;
3/Засгийн газраас гаргасан шийдвэр нь үүргийн хугацааг хойшлуулахад хүргэсэн.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааны сүүлчийн зургаан сарын дотор гарсан байвал хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно.
3.Түр зогссон шалтгаан арилсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ. Үлдсэн хугацаа нь зургаан сараас доош байвал уг хугацааг зургаан сар хүртэл сунгана. Хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас доош байвал үлдсэн хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаатайгаа адил байна.
73 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах
1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
2.Үүрэг хүлээсэн этгээд уг үүргийг зөвшөөрөн хүлээвэл хөөн хэлэлцэх хугацаа нэг адил тасалдана.
3.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаны дараа уг хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
II хэсэг
ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
74 дүгээр зүйл.Өмчийн төрөл, хэлбэр
1.Монгол Улсад хувийн, нийтийн өмч байна.
2.Төр өмчийн бүх төрөл, хэлбэр чөлөөтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
75 дугаар зүйл.Өмчлөгч
1.Монгол Улсад төр, иргэн, хуулийн этгээд өмчлөгч байж болно.
2.Гадаад улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч байж болно.
3.Өмчлөгч нь өөрийн эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд тэр нь эд юмсыг өмчлөгчөөс өгсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
76 дугаар зүйл.Өмчлөлийн зүйл
Эд юмс, оюуны үнэт зүйл, хуулиар зөвшөөрөгдсөн нөхцөлд эд хөрөнгийн зарим эрх өмчлөлийн зүйл байж болно.
77 дугаар зүйл.Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө
1.Эд юмсыг өмчлөлийн зүйл болохынх нь хувьд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэж ангилна.
2.Үл хөдлөх эд хөрөнгөд газар, түүнээс салган хэрэглэж үл болох зүйл хамаарна.
3.Үл хөдлөх эд хөрөнгийг түүний байгаа газарт орших төрийн эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэнэ.
4.Үл хөдлөхөөс бусад эд хөрөнгө нь хөдлөх эд хөрөнгө байна.
78 дугаар зүйл.Үнэт цаас
1.Тодорхой хэмжээний мөнгийг эргүүлж төлөхийг шаардах, хувьцаат компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн ногдол ашиг авах, түүнчлэн эд хөрөнгө хүлээн авах, түүнийг захиран зарцуулах болон хуульд заасан эд хөрөнгийн бусад эрхийг гэрчилж байгаа баримтыг үнэт цаас гэнэ.
2.Үнэт цаас гаргах эрх олгох, түүнийг гүйлгээнд оруулах журам, үнэт цаасны гүйлгээнд оролцогчдын эрх, үүрэг; үнэт цаас гаргах үйл ажиллагаа болон түүний гүйлгээнд хяналт тавих байгууллагын эрх, үүргийг хуулиар тогтооно.
79 дүгээр зүйл.Үнэт цаасны талаар тавих шаардлага
1.Үнэт цаас нь хууль болон эрх бүхий байгууллагаас тогтоосон бүрдүүлбэр, хэлбэртэй байна.
2.Үнэт цаасыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, тогтоосон журмын дагуу үйлдвэрлэнэ.
80 дугаар зүйл.Үнэт цаасны хэлбэр
1.Үнэт цаас нь биет ба биет бус хэлбэртэй байна.
2.Тогтоосон журмын дагуу хэвлэсэн үнэт цаасыг биeт; тусгайлан хэвлээгүй, бүрдүүлбэр нь тусгай бүртгэл /ердийн ба тооцоолох машины/ -д байгаа үнэт цаасыг биeт бус үнэт цаас гэнэ.
81 дүгээр зүйл.Үнэт цаасны төрөл
1.Үнэт цаас нь мэдүүлгийн, зөвшөөрлийн, эсхүл нэрийн гэсэн төрөлтэй байна.
2.Тодорхой этгээдээс зарим төрлийн үнэт цаас гаргахыг хуулиар хязгаарлаж болно.
82 дугаар зүйл.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрх эдлэх этгээд /өмчлөгч/
1.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараахь этгээд эдэлнэ:
1/мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд;
2/нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг гагцхүү түүнд нэр заагдсан этгээд;
3/зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийлгэсэн этгээд.
2.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна.
83 дугаар зүйл.Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх
1.Үнэт цаасыг шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ.
2.Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг бусдад гардуулах замаар шилжүүлнэ.
3.Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ шаардах эрх шилжүүлэх талаархи журмыг баримтална.
4.Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжүүлэх үед нэр бүхий үнэт цаас хүчингүй болж, шинэ эзэмшигчийн нэр дээр өөр үнэт цаас олгоно.
5.Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг тухайн үнэт цаасанд зохих бичилт хийх замаар шилжүүлнэ. Бичилтийг гагцхүү эрх хэрэгжүүлэх даалгаврын журмаар хийж болно. Энэ тохиолдолд даалгавар гүйцэтгэгч нь үнэт цаас өмчлөгчийн төлөөлөгч байна.
84 дүгээр зүйл.Үнэт цаасыг шилжүүлэх
1.Нэрийн үнэт цаасыг шилжүүлэгч нь түүний хүчин төгөлдөр байдлыг хариуцна. Харин эрх хэрэгжүүлэх явдлыг хариуцахгүй.
2.Зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд нь түүний хүчин төгөлдөр байдлыг төдийгүй эрх хэрэгжүүлэх явдлыг хариуцна.
85 дугаар зүйл.Үнэт цаасаар гэрчлэгдсэн алдагдсан эрхийг сэргээх
Мэдүүлгийн ба зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн алдагдсан эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ.
86 дугаар зүйл.Оюуны үнэт зүйл
1.Оюуны үнэт зүйлд нээлт, шинэ бүтээл, оновчтой санал, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг хамаарна.
2.Шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй байсан материаллаг ертөнцийн зүй тогтол, үзэгдэл, шинж чанарыг илрүүлэн тогтоож, туршилт сорилтоор нотолсон оюуны үнэт зүйлийг нээлт гэнэ. Газар зүй, эртний судлал, эртний амьтны судлалын олдвор, илрүүлэн олсон ашигт малтмал, түүнчлэн нийгмийн шинжлэх ухааны бүтээл нь нээлтэд хамаарахгүй.
3.Байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, үндэслэлийг нь нээн илрүүлсэн үйлдвэрлэх арга, ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах цоо шинэ шийдлийг шинэ бүтээл гэнэ.
4.Тухайн байгууллагад шинэ үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохион байгуулалтад хамаарах оновчтой шийдлийг оновчтой санал гэнэ.
5.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд:
1/шинжлэх ухаан, уран зохиолын зэрэг утга зохиолын аман буюу бичмэл бүх төрлийн бүтээл;
2/хөгжмийн урлагийн бүх төрлийн бүтээл;
3/дүрслэх урлагийн болон хавсарга урлагийн бүх төрлийн бүтээл;
4/архитектурын бүтээл, барилга байгууламжийн зураг, төсөл;
5/бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;
6/жүжгийн бүх төрлийн бүтээл;
7/кино урлагийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
8/гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
9/шинжлэх ухаан, техникийн холбогдолтой төсөл, зураг, бүдүүвч, загвар;
10/цахим тооцоолуурын хөтөлбөр;
11/дуу, авиа, дүрс бичлэгийн бүтээл;
12/урьд туурвисан бүтээлийг ашиглан түүний үндсэн дээр бий болгосон үүсмэл бүтээл;
13/зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааг илэрхийлж чадахуйц бусад бүтээл.
6.Үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц цоо шинэ шийдлийг бүтээгдэхүүний загвар гэнэ.
7.Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн өөрийн бараа, үйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор хэрэглэх тэмдгийг барааны тэмдэг гэнэ. Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүд тухайн нэгдлийн хяналтын дор тэдгээрийн нэгдмэл шинж чанартай бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдгийг хамтын тэмдэг гэнэ.
87 дугаар зүйл.Өмчлөх эрх
1.Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хуулийн хүрээнд бүрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч нь эзэмшилдээ байгаа эд хөрөнгийг хадгалан хамгаална.
3.Өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, бусад өмчлөгч, эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
4.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмчлөлд байна.
5.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй.
6.Оюуны үнэт зүйлийг өмчлөх эрх нь тухайн бүтээлийн зохиогчийн эрхтэй салшгүй холбоотой хэрэгжинэ. Оюуны үнэт зүйлийн зохиогчийн эрхийг хамгаалах асуудал хуулиар зохицуулагдана. Тухайн харилцааны агуулгад харшлахгүй бол оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийн зохих заалт хэрэглэгдэнэ.
88 дугаар зүйл.Өмчлөгч биш этгээдийн эрх
1.Өмчлөгч биш этгээд нь эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрхийг хууль буюу гэрээгээр тодорхойлсон өмчлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны үнэт зүйлийг гагцхүү өмчлөгчийн буюу эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр бусад этгээд ашиглана.
89 дүгээр зүйл.Эд хөрөнгийг дундаа өмчлөх
1.Хоёр буюу түүнээс дээш этгээд эд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох ба тэдгээр нь өмчлөх эрхээ бие даан хамгаалуулах эрхтэй.
2.Эд хөрөнгийг дундаа өмчлөгчийн хариуцвал зохих үүргийн дагуу гаргуулах төлбөрийг тухайн өмчлөгчид оногдох эд хөрөнгөөс гаргуулна.
3.Эд хөрөнгийг дундаа өмчлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
4.Эд хөрөнгийг дундаа өмчлөх тухай энэ хуулийн заалтыг оюуны үнэт зүйлийг дундаа өмчлөхтэй холбоотой харилцаанд хэрэглэж болно.
90 дүгээр зүйл.Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх
1.Өмчлөгчид дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөө хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Үүнтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
2.Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч бүр оногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй.
91 дүгээр зүйл.Дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгээ худалдах, түрээслэх
1.Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгээ худалдах, түрээслэх тохиолдолд энэ тухай бусдадаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь уг хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах буюу түрээслэн авах эрхтэй. Ийнхүү худалдах, түрээслэх тухай мэдэгдсэн өдрөөс хойш нэг сарын дотор тэд хариу өгөөгүй бол тухайн өмчлөгч оногдсон хэсгээ өөр этгээдэд худалдах, түрээслэх эрхтэй.
2.Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ худалдсан буюу түрээсэлсэн бол бусад өмчлөгчид нь худалдан авагч, түрээслэгчийн эрх, үүргийг өөрт шилжүүлэхийг шаардаж, зургаан сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
92 дугаар зүйл.Дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгээ салгах
1.Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчид нь уг эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг салгаж авахыг шаардах эрхтэй.
2.Дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг салгаж авах талаар бусадтайгаа харилцан тохиролцоогүй бөгөөд оногдох хэсгийг ийнхүү салгахад уг эд хөрөнгийн зориулалт, шинж чанар алдагдахгүй бол тухайн өмчлөгчийн хүсэлтээр эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг шүүх салгаж өгнө. Салгах боломжгүй бол оногдох хэсгийнх нь үнийг өмчлөгчид олгуулахаар шийдвэрлэж болно.
3.Дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгийг ашигласнаас олсон орлого, үр шим, үр төл нь дундын эд хөрөнгө болно. Дундаа хэсгээр өмчлөгчид хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол орлого, үр шим, үр төлийг хожим хуваахдаа тэдгээрт зайлшгүй оногдох хэсэгт хувь тэнцүүлэн хуваана.
93 дугаар зүйл.Дундаа хэсгээр өмчилж байгаа эд хөрөнгийн талаар гарсан зардлыг хуваарилах
Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын эд хөрөнгөд оногдох татвар, эд хөрөнгийг арчилж хамгаалахад гарсан болон уг харилцаанаас үүссэн үүрэгтэй холбоотой бусад зардлыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн хариуцна.
94 дүгээр зүйл.Эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх
1.Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн нэг хэлбэр нь гэр бүлийн эд хөрөнгө байна.
2.Эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх өөр хэлбэрийг хуулиар тогтоож болно.
95 дугаар зүйл.Гэр бүлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх
1.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгөөс бусад гэр бүлийн эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмчлөлд байна.
2.Гэр бүлийн эд хөрөнгийг гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүн дундаа хамтран өмчлөх эрхтэй.
3.Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил тэгш эрх эдэлнэ. Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн нь уг эрхээ хэрэгжүүлэхдээ гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүнтэй тохиролцох ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа тэдгээрийн зөвшөөрлийг бичгээр авна. Энэ шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
4.Гэр бүлийн гишүүн нь үүргээ гэр бүлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээр хариуцна.
96 дугаар зүйл.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгө
1.Гэрлэгчдээс дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол дараахь эд хөрөнгө хуваарьт эд хөрөнгөд хамаарна:
1/гэрлэгчдээс гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
2/гэрлэгчид өв залгамжлал, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдаж, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
3/гэрлэгчдийн хувийн хэрэгцээг хангахад зориулагдсан эд хөрөнгө;
4/оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
5/хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
6/гэрлэгчид хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан бөгөөд тэдгээрээс мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эд хөрөнгө.
2.Гэрлэгчид хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
3.Гэрлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатайгаа холбогдсон үүргийг хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.
97 дугаар зүйл.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө
1.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:
1/энэ хуулийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад эд хөрөнгө, мөнгөн хуримтлал;
2/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрлэснээс хойш гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас буй болсон эд хөрөнгө, мөнгөн хуримтлал;
3/гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт эд хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн эд хөрөнгө, мөнгөн хуримтлал;
4/гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд олсон ашиг, орлого, үр төл, шинээр бий болсон эд хөрөнгө;
5/гэр бүлийн гишүүдийн ахуйн хэрэгцээг хангахад зайлшгүй шаардагдах бусад эд хөрөнгө.
2.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн чанаржуулснаас үнэ нь үлэмж нэмэгдсэн бол түүнчлэн анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууцыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болгон тогтоож болно.
/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
3.Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
98 дугаар зүйл.Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох
1.Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно:
1/гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад оногдох хэсгийн талаар маргавал;
2/гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол;
3/гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал;
4/гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол.
2.Гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.
3.Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүнд оногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бүрэлдэхэд оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.
5.Хөдөлмөрийн чадвартай гэр бүлийн гишүүн нь цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүй бол энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт хамаарахгүй.
6.Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
7.Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулж болно.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
99 дүгээр зүйл.Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах
1.Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ авах боловч гэр бүлийн аж ахуйг цаашид явуулахад зайлшгүй шаардагдах эд хөрөнгийг авах эрхгүй.
2.Оногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Газар өмчлөх болон газартай холбогдсон эд хөрөнгийн бусад эрх
100 дугаар зүйл.Газар өмчлөх
1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчлөлд байна.
2.Газар өмчлөгч нь эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн буй орчинд хохирол учруулах болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
3.Газар өмчлөгч нь өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
4.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ бүлэгт заасан "газар өмчлөгч" гэснийг "төр" гэж ойлгоно.
101 дүгээр зүйл.Газрыг нийтээр ашиглах
Иргэд нь төрийн өмчлөлд байгаа нийтээр ашиглаж болохоор тогтоосон газарт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, уг газарт байгаа байгалийн зүйлсийг хуулиар зөвшөөрсөн хүрээнд ашиглах эрхтэй.
102 дугаар зүйл.Газар өмчлөгч биш этгээдийн эрх
Газар өмчлөгч биш этгээд нь хууль буюу өмчлөгчтэй байгуулсан гэрээгээр тогтоосон нөхцөл, журмын дагуу газрыг эзэмшиж, ашиглана.
103 дугаар зүйл.Газрыг насаараа эзэмших эрх, уг эрхээ өвлүүлэх
1.Иргэн төрийн өмчийн газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу насаараа эзэмших, ийнхүү эзэмших эрхээ өвлүүлэх эрхийг олж авч болно.
2.Газрыг насаараа эзэмших, ийнхүү эзэмших эрхийг өвлөх эрх бүхий иргэн уг газрыг өөртөө шилжүүлэн авах үеийн зориулалт, нөхцөлийн дагуу эзэмшиж, ашиглана.
3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол газрыг насаараа эзэмших, ийнхүү эзэмших эрхээ өвлүүлэх эрх бүхий иргэн уг газраа түүний зориулалт, нөхцөлийн дагуу бусдад ашиглуулж болно.
104 дүгээр зүйл.Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх
1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгож болно.
2.Энэ хуулийн 105 дугаар зүйлд заасан барилга, байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх олж авч болно.
3.Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахад газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх нь эрх залгамжлах журмаар шилжинэ.
4.Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх бүхий этгээд уг газрыг зориулалтаар нь ашиглах, хууль буюу газар олгох тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулах эрхтэй. Уг этгээд нь өөртөө зориулан барьж байгуулсан барилга, байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна.
5.Газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх бүхий этгээд нь гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр уг газрыг үнэ төлбөртэй буюу төлбөргүйгээр, хугацаатайгаар бусдад ашиглуулах эрхтэй.
105 дугаар зүйл.Бусдын газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч дэвсгэр газрыг ашиглах эрх
1.Бусдын газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь тэрхүү газрыг ашиглах эрхтэй.
2.Хууль, газар олгох тухай шийдвэр, гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь дэвсгэр газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхтэй.
3.Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжихэд түүний дэвсгэр газрыг ашиглах эрх өмнөх өмчлөгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ.
4.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол газар өмчлөх эрх шилжих нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн дэвсгэр газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
5.Тухайн газрыг ашиглах талаар хууль буюу гэрээнд заасан нөхцөлд харшлахгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь уг эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
106 дугаар зүйл.Бусдын газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч дэвсгэр газрыг ашиглах эрхгүй болсны үр дагавар
1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн дэвсгэр газрыг ашиглах эрх дуусгавар болоход тухайн эд хөрөнгийн эрхийг газар өмчлөгч болон эд хөрөнгө өмчлөгчийн хоорондын гэрээгээр тодорхойлно. Талууд ийнхүү тодорхойлж чадахгүй бол аль нэг талын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн дэвсгэр газар ашиглах эрх дуусгавар болсны дараа газар өмчлөгч нь уг газрыг чөлөөлөх буюу анхны байдалд нь оруулахыг шаардах эрхтэй.
2.Уг дэвсгэр газар дээрх барилга байгууламж /орон сууцны байшин, түүх, соёлын дурсгалт зүйлс зэрэг/-ийг буулгахыг хуулиар хориглосон тохиолдолд талуудын хүсэлтээр шүүх дараахь байдлаар шийдвэрлэж болно:
1/газар өмчлөгчид уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олгох;
2/үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчид дэвсгэр газрыг цаашид ашиглах эрх олгож, түүний хугацаа, нөхцөлийг тогтоох.
107 дугаар зүйл.Барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихэд газар эзэмших, ашиглах эрх шилжих
1.Газар өмчлөгчийн өмчлөлд байсан барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл түүний дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх шилжих эсэхийг талуудын тохиролцсоноор шийдвэрлэнэ.
2.Барилга байгууламж, орон сууцны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж авахад энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт хамаарахгүй.
108 дугаар зүйл.Газрыг хязгаартай ашиглах эрх /сервитут/
1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эрхээ хэрэгжүүлэх, эд хөрөнгөө ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд газар өмчлөгч, эзэмшигчээс хуульд заасан журмын дагуу газар олгохыг шаардах эрхтэй.
2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч бусдын газрыг хязгаартай ашиглах эрхгүйгээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол түүнд бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам тавих, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгож болно.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын газрыг хязгаартай ашиглах эрх олгосон явдал нь газар өмчлөгч, эзэмшигчээс өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж болохгүй.
4.Газрыг хязгаартай ашиглах нөхцөл, журмын талаар тохиролцоонд хүрээгүй бол уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.
5.Газрыг насаараа эзэмших, ийнхүү эзэмших эрхээ өвлүүлэх эрх бүхий болон тодорхой бус хугацаагаар газар ашиглах эрх бүхий этгээдэд бусдын газрыг хязгаартай ашиглах эрх олгож болно.
6.Хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн газрыг хязгаартай ашиглуулж байгаа өмчлөгч нь ашиглагчаас газар ашигласны хөлс шаардах эрхтэй.
109 дүгээр зүйл.Газрын эрх шилжихэд газрыг хязгаартай ашиглах эрх хадгалагдах
1.Газрын эрх бусдад шилжихэд уг газрыг хязгаартай ашиглах эрх хадгалагдана.
2.Газрыг хязгаартай ашиглах эрхийг гагцхүү уг эрхийг олж авах үндэслэл болсон тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлж болно.
110 дугаар зүйл.Газрыг хязгаартай ашиглах эрх дуусгавар болох
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол газрыг хязгаартай ашиглах эрх олгогдсон үндэслэл арилсан үед уг эрх дуусгавар болно.
2.Иргэн ба хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг бусдад хязгаартай ашиглуулснаар уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол өмчлөгч газрыг хязгаартай ашиглах гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
111 дүгээр зүйл.Барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартай ашиглах эрх
Газар ашиглахтай холбоогүйгээр барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартай ашиглаж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 108, 109, 110 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
112 дугаар зүйл.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг эргүүлэн авах
1.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авч болно.
2.Газрыг эргүүлэн авах шийдвэрийг Засгийн газар гаргана.
3.Засгийн газар ийнхүү эргүүлэн авах тухайгаа өмчлөгч, эзэмшигчид нэг жилийн өмнө мэдэгдэнэ. Энэ хугацаа дуусахаас өмнө газрыг эргүүлэн авах явдлыг гагцхүү өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
113 дугаар зүйл.Газрыг эргүүлэн авах үеийн нөхөх олговор
1.Газрыг эргүүлэн авахад олгох нөхөх олговор, хугацаа, бусад нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.
2.Газрыг эргүүлэн авахад олгох нөхөх олговорт газар, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол түүн дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, газрыг эргүүлэн авснаас гарсан бусад зардлыг оруулан тооцно.
3.Талууд тохиролцвол эргүүлэн авах газрыг өөр газраар сольж,шинээр өгсөн газрын үнийг нөхөх олговорт оруулан тооцож болно.
4.Газрыг эргүүлэн авахад олгох нөхөх олговрын талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.
114 дүгээр зүйл.Зориулалтын дагуу ашиглаагүйгээс газрыг эргүүлэн авах
1.Хөдөө аж ахуйн болон орон сууц, бусад барилга байгууламж барих зориулалтаар олгосон газрыг гурван жилийн хугацаанд зохих зориулалтаар нь ашиглаагүй бөгөөд хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол өмчлөгч, эзэмшигчээс эргүүлэн авч болно.
2.Газар ашиглах бэлтгэлийг хангах, байгалийн гамшиг тохиолдох зэрэг хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас газрыг зориулалтаар нь ашиглаж чадаагүй бол ийнхүү ашиглаагүй хугацаа нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.
115 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчин ашиглаж байгаа газрыг хураан авах
Хүн амын эрүүл мэнд, экологийн болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн өмчлөгч, эзэмшигчийн газрыг хураан авч болно.
116 дугаар зүйл.Газрыг хураан авах журам
Засгийн газар нь энэ хуулийн 115 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан өмчлөгч, эзэмшигчид тухайн зөрчлөө арилгах хугацаа тогтоон өгч, уг хугацаанд зөрчлөө арилгахгүй бол газрыг хураан авахыг урьдчилан сануулна. Тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол газрыг хураан авах тухай шийдвэр гаргана. Өмчлөгч, эзэмшигч уг шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.
117 дугаар зүйл.Өмчлөгч биш этгээдийн газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох
Өмчлөгч биш этгээд /энэ хуулийн 88 дугаар зүйл/-ийн газар эзэмших, ашиглах эрх нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу дуусгавар болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Орон сууц өмчлөх болон орон сууцтай холбогдсон эд хөрөнгийн бусад эрх
118 дугаар зүйл.Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшин, түүний хэсэг болон нийтийн байрны барилга өмчлөх
1.Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшин, түүний хэсэг болон нийтийн байрны барилга өмчлөгч нь уг байшин, барилгыг гагцхүү зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байшин, барилга өмчлөгч нь түүний зориулалтыг өөрчлөхгүйгээр орон сууцны бус зориулалтаар ашиглаж болохгүй. Зориулалтыг өөрчлөх журмыг хуулиар тогтооно.
3.Хөлслөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байшин, барилгын доорх хонгилын талбайг өмчлөгч нь түүнийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй.
119 дүгээр зүйл.Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшинд сууц өмчлөх
1.Нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшинд сууц өмчлөгч нь түүний доторх салган хэрэглэж үл болох эд хөрөнгийг нэг адил өмчилнө.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол нийтийн зориулалттай хэд хэдэн сууц бүхий орон сууцны байшинд сууц өмчлөгч нь энэ хуулийн 249 дүгээр зүйлд заасан дундын ашиглалтын талбайг гэрээний дагуу эзэмшиж, ашиглах буюу дундаа хамтран өмчилнө.
120 дугаар зүйл.Хувийн зориулалттай орон сууцны байшин өмчлөх
1.Хувийн зориулалттай орон сууцны байшин өмчлөгч нь түүнийг үзэмжээрээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан орон сууцны байшин өмчлөгч нь түүнийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
121 дүгээр зүйл.Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин өмчлөгчийн гэр бүлийн гишүүний эрх
1.Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин өмчлөгчийн гэр бүлийн гишүүн нь уг сууц буюу байшинг өмчлөгчийн нэг адил эзэмшиж, ашиглах эрхтэй.
2.Сууц буюу хувийн зориулалттай орон сууцны байшин өмчлөгчийн гэр бүлийн гишүүн нь орон сууцны эрхээ зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох
122 дугаар зүйл.Гэрээний дагуу олж авсан эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх
1.Гэрээний дагуу олж авсан эд хөрөнгийг өмчлөх эрх, өмчлөгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол уг эд хөрөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн үүснэ.
2.Хуульд эд хөрөнгө шилжүүлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлүүлэх буюу бүртгүүлэхээр заасан бол ийнхүү гэрчлүүлсэн буюу бүртгүүлсэн үеэс уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ.
123 дугаар зүйл.Эд хөрөнгө шилжүүлсэнд тооцох
Дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэнд тооцно:
1/эд хөрөнгийг авах этгээдэд гардуулан өгсөн;
2/эд хөрөнгийг хүргэж өгөх үүрэг хүлээсэн этгээдэд хүлээлгэн өгсөн;
3/эд хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх тухай дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгсөн.
124 дүгээр зүйл.Орлого, үр шим, үр төлийг өмчлөх эрх
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгөөс олж байгаа орлого, үр шим; мал, амьтны үр төл нь уг эд хөрөнгө, мал, амьтан өмчлөгчийн өмчлөлд байна.
125 дугаар зүйл.Эзэнгүй эд хөрөнгө
1.Эзэнгүй буюу эзэн нь мэдэгдэхгүй байгаа эд хөрөнгийг олсон этгээд түүнийг зохих нутгийн захиргааны байгууллагад өгнө.
2.Эзэнгүй буюу эзэн нь мэдэгдэхгүй байгаа эд хөрөнгийг нутгийн захиргааны байгууллага бүртгэж, хамгаалалтад авна.
3.Бүртгэн авч, нийтэд мэдээлснээс хойш зургаан сарын дотор эзэн нь тогтоогдоогүй буюу эзэн нь авахаас татгалзсан бол уг эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
126 дугаар зүйл.Гээгдэл эд хөрөнгө
1.Гээгдсэн эд хөрөнгийг олсон этгээд эзэнд нь даруй мэдэгдэж буцаан өгөх, эзэн нь мэдэгдэхгүй бол зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад өгнө.
2.Байгууллага, нийтийн тээврийн хэрэгслээс олдсон эд хөрөнгийг тухайн байгууллагын захиргаанд өгнө. Ийнхүү өгснөөс хойш нэг сарын дотор эзэн нь тогтоогдоогүй бол байгууллагын захиргаа уг эд хөрөнгийг зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан байгууллага нь гээгдсэн эд хөрөнгийн тухай нийтэд мэдээлэх, эзнийг тогтоох арга хэмжээ авах үүрэгтэй.
4.Гээгдсэн эд хөрөнгийн эзэн нь нэг жилийн дотор тогтоогдоогүй бол уг эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
5.Гээгдсэн эд хөрөнгийг олсон этгээд уг эд хөрөнгийн эзнээс, төрийн өмчлөлд шилжүүлсэн бол төрийн зохих байгууллагаас шагнал авах эрхтэй.
6.Шагналыг эд хөрөнгө өмчлөгч болон олсон этгээдийн хооронд тохиролцсон хэмжээгээр, тохиролцохгүй бол уг эд хөрөнгийн үнийн арван хувиар олгоно.
127 дугаар зүйл.Алдуул мал, тэжээвэр амьтан /цаашид алдуул мал гэх/
1.Алдуул мал олсон этгээд эзэнд нь даруй мэдэгдэж буцаан өгөх, эзэн нь мэдэгдэхгүй бол зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад нэг сарын дотор мэдэгдэх үүрэгтэй.
2.Нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллага малын эзнийг тогтоох, эзэн нь тогтоогдтол малыг бололцоотой байгууллага буюу иргэнд шилжүүлж маллуулах арга хэмжээ авна.
3.Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг төлийн хамт буцааж өгнө. Дурдсан хугацаанд эзэн нь тогтоогдоогүй бол уг малыг төрийн өмчлөлд шилжүүлнэ.
4.Алдуул мал олсон этгээд гаргасан зардлаа уг малын эзнээс, төрийн өмчлөлд шилжсэн бол төрийн зохих байгууллагаас төлүүлж авахаас гадна шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг энэ хуулийн 126 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтооно.
128 дугаар зүйл.Дарагдмал мөнгө, үнэт зүйл
1.Газарт булсан буюу бусад байдлаар дарагдаж орхигдсон бөгөөд эзэн нь мэдэгдэхгүй байгаа дарагдмал мөнгө, үнэт зүйл төрийн өмчлөлд байна.
2.Дарагдмал мөнгө, үнэт зүйлийг илрүүлсэн этгээд энэ тухай зохих нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж шилжүүлэн өгөх үүрэгтэй.
3.Дарагдмал мөнгө, үнэт зүйлийг илрүүлж, зохих байгууллагад шилжүүлсэн этгээд төрийн зохих байгууллагаас шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг энэ хуулийн 126 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтооно.
4.Хайгуул, малталт хийх албан үүрэг бүхий этгээд уг үүргээ гүйцэтгэх явцдаа дарагдмал мөнгө, үнэт зүйлийг илрүүлсэн бол энэ зүйлд заасан шагнал олгохгүй.
129 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлд хайр гамгүй хандах
1.Өмчлөгч өөртөө байгаа бөгөөд улсын бүртгэлд авагдсан түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж, гэмтээх зэргээр хайр гамгүй эзэмшиж байвал нутгийн захиргааны байгууллагаас уг этгээдэд урьдчилан сануулж, дээрх байдлаа засахыг хугацаа тогтоон шаардах, эсхүл төрд худалдахыг санал болгоно.
2.Өмчлөгч худалдах саналыг хүлээж аваагүй буюу энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол зохих нутгийн захиргааны байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн уг эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр дайчлан авч, төрийн өмчлөлд шилжүүлж болно.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг дайчлан авахдаа өмчлөгчид нөхөх олговор олгох ба түүний хэмжээг өмчлөгчийн саналыг харгалзан шүүх тогтооно.
4.Түүх, соёлын дурсгалт зүйлийн ач холбогдол, түүнийг хайр гамгүй эзэмшиж байгаа зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн зохих байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн, шүүхийн шийдвэрээр түүнийг үнэ төлбөргүй хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлж болно.
130 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг засаж сайжруулах буюу дахин боловсруулах
Хууль буюу гэрээний дагуу бусдын эд хөрөнгийг засаж сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ зүйл бий болгосон буюу зориулалтыг нь өөрчилсөн этгээд өмчлөгчийн зөвшөөрснөөр уг эд хөрөнгийн үнийг төлж, өөртөө авах, эсхүл засаж сайжруулах буюу дахин боловсруулахад гаргасан зардлаа авч, уг эд хөрөнгийг өмчлөгчид буцаан өгөх эрхтэй.
131 дүгээр зүйл.Эд хөрөнгө нийлэх буюу холилдох
1.Хэд хэдэн өмчлөгчийн эд хөрөнгө нийлэх буюу холилдсоноос түүнийг салгаж авах боломжгүй болсон, эсхүл салгаж авсны улмаас өмчлөгчдөд хохирол учрахаар байвал түүнийг дундаа хамтран өмчилнө.
2.Аль нэг өмчлөгч дундаа өмчлөхөөс татгалзвал эд хөрөнгө нийлэх буюу холилдохоос өмнө хамгийн их хэсгийг өмчилж байсан этгээд бусдадаа үнийг төлж, уг эд хөрөнгийг авах, эсхүл өөрт оногдох хэсгийн үнийг авч, эд хөрөнгөө бусдадаа шилжүүлэх эрхтэй.
132 дугаар зүйл.Гэрээний дагуу өмчлөх эрх шилжих үед эд хөрөнгө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас устах буюу гэмтэх
1.Эд хөрөнгө шилжихээс өмнө гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн байхад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас уг эд хөрөнгө устсан буюу гэмтсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол үр дагаврыг өмчлөгч хариуцна.
2.Эд хөрөнгө шилжүүлэх буюу хүлээн авах хугацааг хожимдуулсан бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас учирсан хохирлыг хугацаа хожимдуулсан этгээд хариуцна.
3.Эд хөрөнгийг энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээдэд шилжүүлэх үед уг эд хөрөнгө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас устах буюу гэмтэхэд энэ зүйлд заасан журмыг баримтална.
133 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөлтэйгээр олж авах эд юмс
1.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, мансууруулах бодис, хүчтэй нөлөөлөх хор зэрэг эд юмсыг гагцхүү тусгай зөвшөөрөлтэйгээр олж авна.
2.Тусгай зөвшөөрөлтэй олж авах эд юмсын жагсаалт, зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар тогтооно.
134 дүгээр зүйл.Эд хөрөнгийг дайчлан авах, хураах
Гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн бусдын эд хөрөнгийн үнийг төлж, төрийн өмчлөлд дайчлан авах, эсхүл эрх зүйн зөрчил гаргасан этгээдийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хурааж болно.
135 дугаар зүйл.Эд хөрөнгийг өмчийн нэг төрөл хэлбэрээс нөгөөд шилжүүлэх
1.Хууль буюу гэрээгээр өмчлөлийн аливаа төрөл, хэлбэрийг өөрчилж, өмчлөх эрх үүсгэж болно.
2.Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөлийн өөр төрөлд шилжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
136 дугаар зүйл.Оюуны үнэт зүйл өмчлөх эрх үүсэх
1.Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны үнэт зүйл бүтээсэн этгээдийн өмчлөх эрх нь уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ.
2.Өмчлөгч нь оюуны үнэт зүйл бүтээснээ тухайн үед нь баталгаажуулах үүрэгтэй. Ийнхүү баталгаажуулсан нь зайлшгүй шаардлагатай үед уг зүйлийг бүтээснээ нотлох үүргээс өмчлөгчийг чөлөөлөхгүй.
3.Оюуны үнэт зүйлийн өмчлөгч болохыг хуульд заасан журмын дагуу бүртгэсэн бүртгэлээр тодорхойлно.
137 дугаар зүйл.Нээлт гаргагчийн эрх
1.Нээлт гаргагчийн эрх нь түүнд олгосон нээлтийн дипломоор баталгаажна.
2.Нээлт гаргагчийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
3.Нээлт гаргагч нь нээлтийн диплом авснаар бүтээлээ өмчлөх, нээлт гаргасантай холбогдсон эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины эрх эдэлнэ.
4.Нээлтийг бүртгэх, диплом олгох, нээлт гаргагчид шагнал, урамшил олгох, хөнгөлөлт үзүүлэх журам, эдгээрийг эрхлэн хариуцах байгууллагыг Засгийн газар тогтооно.
138 дугаар зүйл.Хамтран нээлт гаргах
1.Нээлтийг хоёр буюу хэд хэдэн иргэн хамтран гаргасан бол нээлт гаргагч бүр өөрийн нэр заагдсан диплом авах эрхтэй.
2.Нээлт гаргахад зөвхөн техникийн туслалцаа үзүүлсэн иргэн хамтран нээлт гаргагчид тооцогдохгүй.
139 дүгээр зүйл.Өмчлөх эрх дуусгавар болох
Өмчлөгчийн өмчлөх эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:
1/өөрийн өмчлөлийн зүйл болох эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хууль буюу гэрээгээр бусдад шилжүүлэх;
2/өмчлөх эрхээсээ татгалзах;
3/өмчлөлийн зүйл болох эд хөрөнгө нь устах;
4/хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах;
5/өмчлөгч болох иргэн нас барах, нас барсан гэж зарлагдах;
6/өмчлөгч болох хуулийн этгээд татан буугдах;
7/хуульд заасан бусад үндэслэл.
АРАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын иргэний хувийн өмч
140 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний хувийн өмчийн эрх
Монгол Улсын иргэн хувийн өмчтэй байх эрхтэй.
141 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний хувийн өмчлөлийн зүйлс
1.Монгол Улсын иргэн өмчлөлд нь байж болохыг хуулиар хориглосноос бусад үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрхийг хувьдаа өмчилж болно.
2.Газрыг хувьд өмчлөх журмыг хуулиар тогтооно.
142 дугаар зүйл.Иргэдээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бусад хэлбэр
Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хувийн өмчийн эд хөрөнгөөрөө буюу түүнийгээ нийлүүлэх замаар байгуулсан хуулийн этгээдийн эд хөрөнгийг өмчлөх эрхээ өөрсдөө буюу төлөөлөх этгээдээрээ дамжуулан хэрэгжүүлнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтийн өмч
143 дугаар зүйл.Төрийн өмч
1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад баялаг төрийн өмчлөлд байна. Түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх бусад эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрх төрийн өмчлөлд байж болно.
2.Төрийн өмчлөлийн зүйлсийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, түүний эрх олгосон байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дотор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.
3.Төрийн өмчид үндэслэсэн хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
4.Төрийн өмчийн хуулийн этгээдэд шилжүүлснээс бусад эд хөрөнгө, төсвийн зохих хөрөнгө нь төрийн санг бүрдүүлнэ.
5.Төрийн санг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хуулиар тогтооно.
144 дүгээр зүйл.Орон нутгийн өмч
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчлөлд дараахь эд хөрөнгө байж болно:
1/төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн өмчлөлийн зүйлс;
2/өөрийн хөрөнгөөр байгуулсан хуулийн этгээдийн эд хөрөнгө, түүнээс авах ногдол ашиг;
3/орон нутгийн төсөв, санхүүгийн дэмжлэг, хуульд заасан бусад эх үүсвэрээр бий болсон эд хөрөнгө.
145 дугаар зүйл.Олон нийтийн байгууллага, сангийн өмч
1.Олон нийтийн байгууллага нь гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, дүрэмдээ нийцсэн үйл ажиллагааныхаа үр дүнд олсон бусад орлогоос бүрдсэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй байж болох бөгөөд түүнийгээ гагцхүү дүрмээр тодорхойлсон зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.Олон нийтийн байгууллагын өмчлөх эрхийг түүний удирдах байгууллага хууль, дүрэмд заасан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.
3.Санд шилжүүлсэн эд хөрөнгө нь түүний өмчлөлд байна. Үүсгэн байгуулагч нь сангийн үүргийг, сан нь үүсгэн байгуулагчийн үүргийг хариуцахгүй. Сангийн эд хөрөнгийг гагцхүү түүний дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
4.Сангийн эд хөрөнгийн зарцуулалтад төрийн эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагч хяналт тавина.
5.Олон нийтийн байгууллага, сан татан буугдсан нөхцөлд үлдсэн эд хөрөнгийг хэрхэх талаар тэдгээрийн дүрэмд заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ. Олон нийтийн байгууллага татан буугдвал эд хөрөнгийг нь адил зорилго бүхий байгууллагад, сан татан буугдвал эд хөрөнгийг нь гагцхүү нийгэм, соёл, буяны болон нийтэд тустай бусад зорилгоор ажиллаж байгаа хуулийн этгээдэд шилжүүлэхээр тэдгээрийн дүрэмд заана.
146 дугаар зүйл.Шашны байгууллагын өмч
1.Шашны байгууллага барилга, шүтээн, буян үйлдэх зүйл, сүсэгтний өргөл барьц, өөрийн хөрөнгөөр бий болгосон, эсхүл байгууллага, иргэний хандивласан болон бусад эд хөрөнгө, түүнчлэн оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхтэй.
2.Шашны байгууллагын өмчлөх эрхийг түүний өөрийн удирдлагын байгууллага хууль, дүрэмд заасан эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжүүлнэ.
3.Шашны байгууллага татан буугдвал үлдсэн эд хөрөнгийг хэрхэх талаар түүний дүрэмд заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ. Шашны байгууллага татан буугдвал үлдэх эд хөрөнгөө адил зорилго бүхий байгууллагад шилжүүлэхээр дүрэмд заана.
147 дугаар зүйл.Хандивласан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах
Төрийн өмчийн байгууллагад хандив өгөх, хандивласан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газар тогтооно.
148 дугаар зүйл.Төр, олон нийт, шашны байгууллага, сангийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах
Төр, олон нийт, шашны байгууллага, сангийн, хуульд хориглон зааснаас бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, гадаад улс болон олон улсын байгууллагын өмч
149 дүгээр зүйл.Гадаад улсын иргэний өмч
1.Гадаад улсын иргэн нь Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өмчлөлийн зүйлсийг тус улсын иргэний нэг адил өмчлөх эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт харьяалалгүй хүнд нэг адил хамаарна.
150 дугаар зүйл.Гадаад улсын хуулийн этгээдийн өмч
Гадаад улсын хуулийн этгээд нь Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу тус улсад зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор өмчлөлийн зүйлсийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өмчлөх эрхтэй.
151 дүгээр зүйл.Олон улсын байгууллагын өмч
Олон улсын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах өмчлөлийн зүйлсийг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу өмчлөх эрх эдэлнэ.
152 дугаар зүйл.Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах
1.Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт харьяалалгүй хүнд нэг адил хамаарна.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Өмчлөх эрхийн баталгаа, иргэний эрх зүйн хамгаалалт
153 дугаар зүйл.Өмчлөх эрхийн баталгаа, иргэний эрх зүйн хамгаалалтын үндэс
1.Төр нь өмчийн төрөл, хэлбэрийн ялгааг харгалзахгүйгээр өмчлөх эрхийг хамгаалах хууль зүй, эдийн засгийн болон бусад адил нөхцөлийг бүрдүүлж, уг эрхийг баталгаажуулна.
2.Өмчлөгчийн өмчлөх эрхийг бусад бүх этгээд зөрчихгүй байх үүрэгтэй.
154 дүгээр зүйл.Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэх
1.Өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардан нэхэмжлэх эрхтэй.
2.Эд хөрөнгийг хууль бус эзэмшигч нь эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан, эд хөрөнгийг түүнд өгсөн этгээдийн уг эд хөрөнгийг бусдад өгөх эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ.
3.Өмчлөгч буюу хууль ёсоор эзэмшигч нь эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан байвал уг эд хөрөнгийг үнэ төлбөртэй олж авсан шударга эзэмшигчээс шаардан нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд эд хөрөнгийг үнэ төлбөртэй олж авсан шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шилжүүлж өгсөн этгээдээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
4.Шударга эзэмшигч эд хөрөнгийг үнэ төлбөргүй авсан бол өмчлөгч хэдийд ч шаардан нэхэмжлэх эрхтэй.
5.Мөнгө, үнэт цаасыг шударга эзэмшигчээс шаардан нэхэмжилж болохгүй.
155 дугаар зүйл.Хууль бус эзэмшигчээр орлого, хохирлыг төлүүлэх
1.Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэхдээ шударга бус эзэмшигчээс уг эд хөрөнгийг эзэмших хугацаандаа авсан буюу зайлшгүй авах ёстой байсан орлогыг шаардах эрхтэй.
2.Шударга эзэмшигчээс уг эд хөрөнгийг хууль бус эзэмшиж байгаагаа мэдсэн буюу мэдэх ёстой байсан үeэс, эсхүл өмчлөгчийн эд хөрөнгөө буцаан нэхэмжилсэн шаардлагыг хүлээн авснаас хойшхи хугацаанд уг эд хөрөнгөөс авсан буюу зайлшгүй авах ёстой байсан орлогыг өмчлөгч шаардах эрхтэй.
3.Шударга эзэмшигч нь эд хөрөнгийн орлогыг өмчлөгчид шилжүүлэх болсон үеэс хойш уг эд хөрөнгөд зарцуулсан зайлшгүй зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй.
4.Эд хөрөнгө хууль бусаар эзэмшигч нь хийсэн засварынхаа зүйлийг уг эд хөрөнгөд гэмтэл учруулахгүй бол салгаж өөртөө үлдээх эрхтэй.
5.Эд хөрөнгө шударгаар эзэмшигч нь хийсэн засварынхаа зүйлийг уг эд хөрөнгөд гэмтэл учруулахгүйгээр салгаж авах боломжгүй бол засварын үнийг засвар хийсний үр дүнд нэмэгдсэн эд хөрөнгийн үнээс хэтрүүлэхгүй хэмжээгээр нэхэмжилж болно.
156 дугаар зүйл.Өмчлөх эрх зөрчсөн зөрчлийг арилгуулах
Өмчлөгч нь эд хөрөнгөө эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн хэлбэрээр зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахыг шаардах эрхтэй.
157 дугаар зүйл.Өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах
Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа аливаа үйлдлийг зогсоохыг өмчлөгч шаардах эрхтэй.
158 дугаар зүйл.Эд хөрөнгө хууль ёсоор эзэмшигчийн эрхийг хамгаалах
Эд хөрөнгийг хууль, гэрээний дагуу эзэмшиж байгаа өмчлөгч биш этгээдэд энэ хуулийн 154-өөс 157 дугаар зүйлийн заалт нэг адил хамаарна.
159 дүгээр зүйл.Оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхийн баталгаа, хамгаалалт
1.Оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхийн баталгаа, хамгаалалтыг хуулиар тогтооно.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхийн баталгаа, хамгаалалтыг энэ хуулиар зохицуулна.
III ХЭСЭГ
ҮҮРГИЙН ТУХАЙ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Үүрэг үүсэх, түүнийг гүйцэтгэх
160 дугаар зүйл.Үүрэг, түүнийг гүйцэтгэх
1.Иргэний гүйлгээнд оролцогч нэг этгээд-үүрэг хүлээгч нь эд хөрөнгө шилжүүлэх, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх, мөнгө төлөх зэрэг ямар нэгэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг нөгөө этгээд-үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
2.Үүрэг нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.
3.Үүрэг хүлээгч нь үүрэг үүсэх үндэслэл болсон хууль, гэрээний заалтын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Хууль, гэрээнд тийм заалт байхгүй бол ердийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
4.Хууль буюу гэрээнд зааснаас бусад тохиолдолд үүрэг гүйцэтгэхээс дангаараа татгалзах буюу гэрээний нөхцөлийг дангаараа өөрчилж болохгүй.
5.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, түүнчлэн үүргийн байдлаас шаардагдахгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн хүлээн авах эрхгүй.
161 дүгээр зүйл.Гэрээ байгуулах
1.Гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож хуульд заасан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр гэрээ хийсэн бол уг гэрээг байгуулсан гэж үзнэ.
2.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.
3.Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн үеэс гэрээ байгуулсанд тооцно.
4.Тухайн төрлийн гэрээний хэлбэрийг хуульд заагаагүй нөхцөлд гэрээг тодорхой хэлбэрээр байгуулахаар талууд тохиролцсон бол түүнийг тухайн хэлбэрээр хийсэн үеэс байгуулсанд тооцно.
5.Хуульд зааснаар буюу талууд тохиролцсоноор гэрээг бичгээр байгуулах ёстой бол талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний төслийг зөвшөөрснөө илэрхийлсэн талын гарын үсэг зурагдсан захидал, цахилгаан, албан бичиг /телекс, телефакс зэрэг/ бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар
байгуулсанд тооцно.
6.Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандсан талын хүсэл зоригийг бодитойгоор илэрхийлж, түүнийг зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдоно гэж үзэж илгээсэн, гэрээ байгуулах тухай хангалттай тодорхой саналыг гэрээний төсөл гэнэ. Гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан саналыг хангалттай тодорхой гэж үзнэ.
7.Тодорхой бус этгээдүүдэд хандаж гаргасан санал нь өөртөө шууд өөр заалт агуулаагүй бол гэрээний төсөл ирүүлэх дуудлага гэж тооцогдоно.
8.Гэрээний төслийг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас төслийг зөвшөөрсөн тухай хариу авсан бол гэрээ байгуулагдсанд тооцно.
9.Гэрээний төслийг хариу ирүүлэх хугацаа заалгүйгээр амаар мэдэгдсэн бөгөөд нөгөө тал уг төслийг зөвшөөрснөө нэн даруй мэдэгдсэн бол гэрээ байгуулагдсанд тооцно.
10.Гэрээний төслийг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан бол гэрээ байгуулагдсанд тооцно.
11.Гэрээний төсөл илгээсэн тал заасан хугацаанд, хугацаа заагаагүй бол хариу хүлээн авах ердийн боломжит хугацааны дотор төслөөсөө татгалзах эрхгүй.
12.Гэрээний төслийг зөвшөөрсөн тухай хожимдож ирсэн хариунаас үзвэл хариуг хугацаанд нь илгээсэн болох нь тодорхой бөгөөд төсөл илгээсэн тал хариуг хугацаа хожимдуулж хүлээн авсан учраас гэрээ байгуулахгүй гэж нөгөө талд нэн даруй мэдэгдээгүй бол гэрээг байгуулагдсанд тооцно. Төсөл илгээсэн тал хариуг хугацаа хожимдуулж авсан тухай нөгөө талд мэдэгдсэн тохиолдолд хугацаа хожимдож авсан хариуг гэрээний шинэ төсөл гэж үзнэ.
13.Гэрээний төслөөс өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хариуг гэрээний шинэ төсөл гэж үзнэ.
14.Хууль буюу гэрээнд заасан бол гэрээ байгуулах явцад гарсан маргааныг шүүх, арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.
162 дугаар зүйл.Үнэ хаялцуулах ажиллагаа
1.Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна.
2.Үнэ хаялцуулах ажиллагааг зохион байгуулагч нь өмчлөгч буюу эрх эзэмшигч, эсхүл эрх олгогдсон байгууллага байж болно. Эрх олгогдсон байгууллага нь өмчлөгч буюу эрх эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн нэрийн өмнөөс буюу өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
3.Эд юмс буюу эд хөрөнгийн эрхийг худалдах гэрээг гагцхүү үнэ хаялцуулах замаар байгуулахаар хуульд заасан бол ийнхүү байгуулна.
4.Үнэ хаялцуулах ажиллагаа нь дуудлагын худалдаа буюу уралдааны хэлбэрээр явагдана. Дуудлагын худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд
байна. Хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно.
5.Дуудлагын худалдаа буюу уралдаанд нэг этгээд оролцсон бол худалдаа буюу уралдаан явагдаагүй гэж үзнэ.
6.Энэ зүйлд заасан журам нь хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдах дуудлагын худалдаанд нэг адил хамаарна.
7.Дуудлагын худалдаа ба уралдаан нь нээлттэй буюу хаалттай байж болно. Нээлттэй дуудлагын худалдаа ба уралдаанд ямар ч этгээд оролцож болно. Хаалттай дуудлагын худалдаа ба уралдаанд гагцхүү энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно.
8.Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргах үүрэгтэй. Зар нь ажиллагаа явуулах хэлбэр, газар, цаг, хугацаа, гэрээний зүйл, анхны үнэ, оролцогчдыг бүртгэх, ялсан этгээдийг тогтоох зэрэг журам болон бусад мэдээллийг агуулсан байна. Гэрээний зүйл нь гэрээ байгуулах эрх байвал үнэ хаялцуулах ажиллагаа явуулах тухай зард гэрээ байгуулах хугацааг заана.
9.Хууль буюу зард өөрөөр заагаагүй бол нээлттэй худалдаа ба уралдаан зохион байгуулагч нь тэдгээрийг хийхээс татгалзах эрхтэй боловч худалдаа хийхээр зарласан өдрөөс 3-аас доошгүй хоногийн, уралдаан явуулахаар зарласан өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө ийнхүү татгалзаж болно. Дээрх хугацааг зөрчиж худалдаа хийх буюу уралдаан явуулахаас татгалзсан зохион байгуулагч нь оролцогчдод учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Хаалттай дуудлагын худалдаа ба уралдаан зохион байгуулагч нь түүнд уригдсан оролцогчдод учирсан хохирлыг ямар хугацаанд худалдаа, уралдаан явуулахаас татгалзсанаас үл хамааран төлөх үүрэгтэй.
10.Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцогчид нь зард заасан хэмжээ, журмаар, заасан хугацаанд дэнчин тавина. Үнэ хаялцуулах ажиллагаа явагдаагүй буюу түүнд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно. Ялсан этгээдтэй гэрээ байгуулахдаа дэнчинг гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно.
11.Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч нь дуудлагын худалдаа ба уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл нь гэрээний адил хүчинтэй байна. Ялсан этгээд нь тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл оруулсан дэнчингээ алдана. Ажиллагаа зохион байгуулагч нь тэмдэглэлд гарын үсэг зурахаас зайлсхийвэл нөгөө талын тавьсан дэнчинг хоёр нугалж өгөхийн зэрэгцээ ажиллагаанд оролцсоноос учирсан хохирлыг дэнчингээс давсан хэмжээнд нь нөхөн төлөх үүрэгтэй.
12.Гэрээ байгуулах эрх олж авах нөхцөлтэйгээр үнэ хаялцуулах ажиллагаа явагдсан бол ажиллагаа явагдаж дуусаад тэмдэглэл үйлдсэнээс хойш 20 хоногийн дотор, эсхүл зард дурдсан хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурна. Талуудын аль нэг нь гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
13.Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна.
14.Хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаагаар ялсан этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
163 дугаар зүйл.Нийтийн гэрээ
1.Иргэд, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааныхаа шинжээс хамааран, нийтэд хандаж, хуульд заасан буюу өөрөө зарласан нөхцөлөөр, түүнийг хүлээн зөвшөөрсөн аливаа этгээдийн өмнө тодорхой үүрэг хүлээх /эд хөрөнгө худалдах, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэх мэт/-ээр байгуулсан гэрээг нийтийн гэрээ гэнэ.
2.Хуульд зааснаас бусад тохиолдолд хариу төлбөртэй нийтийн гэрээнд эд хөрөнгө, ажил, туслалцааны үнэ болон бусад нөхцөл гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бүх этгээдэд адил тогтоогдоно.
3.Санал гаргагч тал нь зохих эд хөрөнгийг шилжүүлэх, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх боломжтой бол санал хүлээн авагчтай нийтийн гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. Санал гаргагч гэрээ байгуулахаас үндэслэлгүй татгалзвал энэ хуулийн 164 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулна.
164 дүгээр зүйл.Гэрээ заавал байгуулах
1.Талуудын аль нэг нь гэрээ заавал байгуулахаар хуульд заасан бол тэр тал нь нөгөө талдаа гэрээний төслийг зөвшөөрсөн буюу татгалзсан хариуг, эсхүл гэрээний шинэ төсөл /гэрээг өөр нөхцөлөөр байгуулах тухай хариу/-ийг хууль буюу гэрээнд өөр хугацаа тогтоогоогүй бол гэрээний төсөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор илгээх үүрэгтэй.
2.Хууль буюу гэрээнд өөр хугацаа тогтоогоогүй бол гэрээ заавал байгуулах үүрэг бүхий талаас гэрээний шинэ төсөл хүлээн авсан тал нь хариу хүлээн авсан, эсхүл хариу ирүүлэх хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулах явцад гарсан маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй.
3.Гэрээ заавал байгуулах үүрэг бүхий талаас илгээсэн гэрээний шинэ төслийг 30 хоногийн дотор хүлээн авсан бол тэр тал нь уг төслийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухайгаа түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу мэдэгдэх үүрэгтэй. Хууль буюу гэрээнд өөрөөр тогтоогоогүй бол гэрээний шинэ төслийг зөвшөөрөөгүй, эсхүл заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гэрээний шинэ төслийг илгээгч нь маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй.
4.Хуульд заасны дагуу гэрээ заавал байгуулах үүрэг бүхий тал гэрээ байгуулахаас зайлсхийвэл нөгөө тал нь гэрээг байгуулсанд тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, учирсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй.
165 дугаар зүйл.Гэрээ ба хууль
1.Гэрээ нь уг гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр байсан хуулиар тогтоосон журамд нийцсэн байна.
2.Гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан журмаас өөр журам тогтоосон хууль гэрээ байгуулсны дараа батлагдсан бөгөөд шинээр тогтоосон журам нь гэрээний аль нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр хэвээр байна.
166 дугаар зүйл.Гэрээ тайлбарлах
1.Шүүх гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол шүүх түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилтыг харгалзан талуудын жинхэнэ нэгдмэл санааг тодруулна. Үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн заншил зэрэг холбогдох нөхцөл байдлыг харгалзан үзэж болно.
167 дугаар зүйл.Урьдчилсан гэрээ
1.Урьдчилсан гэрээгээр түүнд заасан нөхцөлийн дагуу эд хөрөнгө шилжүүлэх, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх тухай зэрэг гэрээг ирээдүйд байгуулахаар талууд үүрэг хүлээнэ. Хуулиар тогтоогоогүй бөгөөд урьдчилсан гэрээнд заагаагүй ирээдүйн гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцох журмыг талууд урьдчилсан гэрээгээр тодорхойлно.
2.Урьдчилсан гэрээг бичгээр байгуулна.
3.Урьдчилсан гэрээний нэг тал нь түүгээр тохиролцсон гэрээг байгуулахаас татгалзвал нөгөө тал нь энэ хуулийн 164 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэх эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол урьдчилсан гэрээгээр тохиролцсон гэрээг байгуулахаас үндэслэлгүйгээр зайлсхийсэн тал нь гэрээ байгуулах хугацаа хожимдсоны улмаас нөгөө талд учирсан хохирлыг төлнө.
168 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээ
1.Талууд хоорондын маргаанаа харилцан буулт хийх замаар шийдвэрлэхээр эвлэрлийн гэрээг байгуулж болно.
2.Талууд өөрсдийн захиран зарцуулах эрхэд хамаарахгүй эд хөрөнгө, эрхийн талаар эвлэрлийн гэрээ байгуулж болохгүй.
3.Гэрээний үр дүн бодит байдлаас зөрүүтэй байж болохыг мэдсээр байж талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бол маргаан гарахын өмнөх байдал зөв байсан нь тогтоогдсон ч тэр нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. Харин маргаан гарахын өмнөх байдал зөв байсныг нотлох баримт хожим илэрвэл гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор эвлэрлийн гэрээнд заасан бөгөөд тийм баримт илэрвэл уг гэрээ хүчин төгөлдөр бус болно.
1681дүгээр зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ
1.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээгээр гэрлэгчдээс гэр бүлийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэгчдийн хэн нэг нь нас барсан, эсхүл гэрлэлтийг цуцалсан тохиолдолд ногдох эд хөрөнгийг энэ хуулийн гэр бүлийн эд хөрөнгийн тухай зохицуулалтын хүрээнд тодорхойлно.
2.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээнд эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах, гэрлэгчдийн хэн нэгний эрхийн чадамж, хөдөлмөрийн чадваргүй, туслалцаа шаардлагатай талын эрхийг хязгаарлах, түүний эрх, ашиг сонирхолд харшлах нөхцөлийг тусгахыг хориглоно.
3.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг зөвхөн гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулж болно.
4.Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
5.Талууд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
169 дүгээр зүйл.Нэрлэгдээгүй гэрээ
1.Энэ хуулиар тусгайлан зохицуулагдаагүй бөгөөд шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ.
2.Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
170 дугаар зүйл.Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
1.Гуравдагч этгээдэд ашигтай гэрээгээр талууд гэрээнд оролцоогүй гуравдагч этгээдийн тусын тулд үүрэг гүйцэтгүүлэхээр тохиролцоно.
2.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бөгөөд үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч болон гэрээний гүйцэтгэл ашигтай байх гуравдагч этгээд нь уг гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
3.Гуравдагч этгээд гэрээгээр олгогдсон эрхээсээ татгалзсан бөгөөд хууль, гэрээ, үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээ байгуулсан этгээд гуравдагч этгээдийн эдлэх байсан эрхийг олж авч болно.
171 дүгээр зүйл.Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх
1.Хууль буюу гэрээнд заасан, түүнчлэн гэрээний аль нэг талтай гуравдагч этгээд зохих гэрээ хийсэн бол үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.
2.Хууль, гэрээ, үүргийн байдлаас үүрэг хүлээгч уг үүргийг биечлэн гүйцэтгэх шаардлагагүй бол гуравдагч этгээдийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн авах үүрэгтэй.
3.Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна.
172 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгэх хугацаа
1.Үүргийг хууль, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.
2.Үүрэг хүлээгч үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэх эрхгүй.
3.Үүрэг гүйцэтгэх хугацаа, болзол тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хэдийд ч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба үүрэг хүлээгч гүйцэтгэх үүрэгтэй. Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй буюу үүргийн байдлаас шаардагдахгүй бол үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгч шаардсанаас хойш 10 хоногийн дотор түүнийг гүйцэтгэх үүрэгтэй.
4.Хууль буюу гэрээнд заасан бол талуудын тохиролцсоноор үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж болно. Үүрэг гүйцэтгэх хугацаа сунгах асуудлыг үүргийн үндсэн хугацаа дуусахаас өмнө талууд шийдвэрлэсэн байвал зохино.
173 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгэх газар
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно:
1/үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргийг уг эд хөрөнгийн байгаа газар;
2/эд хөрөнгө тээвэрлүүлэх үүргийн үед түүнийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгч байгаа газар;
3/мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн бөгөөд энэ тухай үүрэг хүлээгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэх боловч үүнтэй холбогдон гарсан зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
4/бусад бүх үүргийг үүрэг хүлээгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар.
2.Гэрээнд заасан бол тухайн эд хөрөнгийг үйлдвэрлэсэн /бэлтгэсэн/ буюу хадгалж байсан газар үүргийг гүйцэтгэж болно.
174 дүгээр зүйл.Гэрээний үнэ
1.Хариу төлбөртэй гэрээний үнийг талууд тохиролцон тогтооно.
2.Хууль буюу гэрээнд заасан бол гэрээ байгуулснаас хойш гэрээний үнийг өөрчилж болно.
3.Хууль буюу гэрээнд заасан бол талууд гэрээний үнийг үүрэг гүйцэтгэх үеийн зах зээлийн ханшаар тооцох, эсхүл хожим тохиролцож болно.
175 дугаар зүйл.Мөнгөн төлбөрийн үүрэг
1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэнэ.
2.Гадаад валют, гадаад валютаар илэрхийлэгдэх төлбөрийн баримтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхдээ тогтоосон журмыг баримтлана.
3.Үүрэг гүйцэтгүүлэгч байхгүй, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзсан буюу хугацаа хожимдуулсан бол үүрэг хүлээгч нь төлөх мөнгө, шилжүүлэх үнэт цаасаа банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилснийг энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
4.Мөнгө, үнэт цаасыг банкны хадгалах газарт хадгалуулсныг нотариатч гэрчилснийг үүрэг гүйцэтгэсэнд тооцно.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5.Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг хожимдуулсан бөгөөд талууд гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз төлүүлэхээр шаардах эрхтэй.
176 дугаар зүйл.Үнэт цаасаар гэрчлэгдэж байгаа үүргийг гүйцэтгэх нөхцөл
1.Үнэт цаасыг гаргасан, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг болон үнэт цаасыг шилжүүлсэн бүх этгээд үнэт цаас өмчлөгчийн өмнө хууль тогтоомжид заасны дагуу хамтын хариуцлага хүлээнэ.
2.Хуурамч буюу засвартай болохыг нь илрүүлсэн үнэт цаас өмчлөгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хэн алинаас нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, учирсан хохирлыг төлөхийг шаардах эрхтэй.
177 дугаар зүйл.Хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу хэд хэдэн үүрэг хүлээгч оролцсон үүргийн гүйцэтгэл
1.Хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу хэд хэдэн үүрэг хүлээгч оролцсон үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу хамтран гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу хамтран шаардана.
2.Хэд хэдэн үүрэг хүлээгч үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол үүрэг хүлээгч тус бүр өөрт ногдох үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хариуцна. Өөрт ногдох үүргийг гүйцэтгэснээр түүний үүрэг дуусгавар болно.
3.Хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгч оролцсон бол тэд өөрт ногдох үүргийн гүйцэтгэлийг үүрэг хүлээгчээс шаардах эрхтэй.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн үүрэг гүйцэтгүүлэгч оролцсон үүргийн үед тэдгээрийн тус бүрийнх нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх, түүнчлэн хэд хэдэн үүрэг хүлээгч оролцсон үүргийн үед тэдгээрийн тус бүрийнх нь гүйцэтгэх үүргийн хэмжээг тус тус тэнцүү гэж үзнэ.
5.Хууль буюу гэрээнд зааснаар үүргийн зүйл нь үл хуваагдах шинжтэй байвал үүргийг хамтран гүйцэтгэх буюу гүйцэтгэлийг хамтран шаардана.
6.Үүргийг хамтран гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүх үүрэг хүлээгчээс буюу тэдгээрийн аль нэгнээс бүхэлд нь шаардах эрхтэй. Хамтран үүрэг хүлээгчдийн аль нэг нь үүргийг дутуу гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг хүлээгчээс шаардах эрхтэй.
7.Хамтран үүрэг хүлээгчдийн аль нэг нь үүргийг бүрэн гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэхээс бусад үүрэг хүлээгчид чөлөөлөгдөнө.
8.Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид бүгдээрээ буюу тэдний аль нэг нь үүргийг бүрэн гүйцэтгэхийг үүрэг хүлээгчээс шаардах эрхтэй.
9.Үүрэг хүлээгч нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн аль нэгэнд үүргийг бүрэн гүйцэтгэсэн бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөнө.
178 дугаар зүйл.Гэрээг өөрчлөх ба цуцлах
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээг талуудын хэлэлцэн тохиролцсоноор өөрчлөх ба цуцалж болно.
2.Гагцхүү дараахь тохиолдолд нэг талын санаачилгын дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг өөрчилж, цуцалж болно:
1/нөгөө тал нь гэрээг ноцтой зөрчсөн бол;
2/хууль буюу гэрээнд заасан бусад тохиолдолд.
3.Нэг талын санаачлагаар гэрээг бүрэн буюу хэсэгчлэн биелүүлэхээс татгалзахыг хууль буюу гэрээгээр зөвшөөрсөн тохиолдолд ийнхүү татгалзсанаар гэрээ нь өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсанд тооцогдоно.
4.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээг өөрчлөх ба цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.
5.Гэрээг өөрчлөх ба цуцлах тухай талуудын аль нэгний саналыг нөгөө тал эс зөвшөөрсөн, саналд дурдсан буюу хууль, гэрээгээр тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй, эсхүл ийм хугацаа тогтоогоогүй тохиолдолд 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол гэрээг цуцлах тухай хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.
6.Гэрээг цуцалснаар талуудын үүрэг дуусгавар болно.
7.Гэрээг өөрчилсөн бол талуудын үүрэг өөрчилсөн байдлаар үргэлжилнэ.
8.Талуудын тохиролцсоноор буюу гэрээний шинж чанарт харшлахгүй бол тэдгээрийн эрх, үүрэг нь гэрээг өөрчлөх ба цуцлах тухай тохиролцсон үеэс, эсхүл энэ тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн өөрчлөгдөх ба дуусгавар болно.
9.Хууль буюу талуудын тохиролцоогоор өөрөөр тогтоогоогүй бол гэрээг өөрчлөх ба цуцлахаас өмнө гүйцэтгэгдсэн үүргийн биелэлтийг буцаан шаардах эрхгүй.
10.Талуудын аль нэг нь гэрээг ноцтой зөрчсөний улмаас түүнийг өөрчлөх ба цуцлахад хүргэсэн бол ийнхүү өөрчилсөн, цуцалснаас өөрт учирсан хохирлыг нөгөө тал шаардах эрхтэй.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Үүргийн гүйцэтгэлийг хангах
179 дүгээр зүйл.Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
1.Хууль болон гэрээнд заасан бол үүргийн гүйцэтгэл нь анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар хангагдана.
2.Үүргийн гүйцэтгэлийг хангах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болох нь үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй.
3.Үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болно.
180 дугаар зүйл.Анз
1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.
2.Үндсэн үүргийн гэрээний хэлбэрээс үл хамааран анзын тухай гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
3.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна.
4.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.
5.Хууль болон гэрээнд заасан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцож, үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх анзыг алданги гэнэ. Үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувиар тогтоож болно.
6.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
7.Анз төлөхөөр гэрээ байгуулсан бол үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг анзаас илүү гарсан хэмжээгээр, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосноор анз буюу хохирлын аль нэгийг төлүүлж болно. Харин хууль болон гэрээнд заасан бол хохирлыг анзын хамт бүрэн төлүүлнэ.
8.Үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээхээргүй байвал /энэ хуулийн 191 дүгээр зүйл/ үүрэг гүйцэтгүүлэгч анз төлүүлэхээр шаардах эрхгүй.
9.Гэрээгээр тогтоосон анзын хэмжээ үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлоос их байвал шүүх, арбитр анзын хэмжээг багасгах эрхтэй.
181 дүгээр зүйл.Барьцаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байж болно.
3.Үүрэг хүлээгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч-үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцаалсан эд хөрөнгийн үнээс хохирлоо арилгуулах эрхтэй.
4.Барьцаалуулагч нь үүрэг хүлээгч буюу бусад этгээд байж болно.
5.Барьцаалуулагч нь барьцаанд бариулсан эд хөрөнгийг өмчлөгч байна.
6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалсан эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх ба барьцаалагчид төлбөл зохих хохирол, анзыг төлж болно.
7.Барьцааны гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдсан үүрэг, түүний хэмжээ, гүйцэтгэх хугацаа, барьцаанд бариулсан эд хөрөнгийн жагсаалт, үнэ, байгаа газрыг заана.
8.Барьцааны гэрээг бичгээр хийнэ. Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
9.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол гэрээг бүртгүүлсэн цагаас, бусад эд хөрөнгө барьцаалсан бол түүнийг барьцаалагчид шилжүүлсэн цагаас барьцааны эрх үүснэ. Эд хөрөнгийг барьцаалагчид шилжүүлэхгүй гэж гэрээнд заасан бол барьцааны эрх нь гэрээ байгуулагдсан цагаас үүснэ.
10.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалсан хөдлөх эд хөрөнгө барьцаалагчид шилжинэ. Барьцаалсан эд хөрөнгийг шилжүүлэн авсан барьцаалагч уг эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
11.Барьцаалагчаас буюу хадгалж байсан үүрэг хүлээгчийн хадгалалтаас гарсан барьцаалагдсан эд хөрөнгийг барьцаалагч нэхэмжлэх эрхтэй.
12.Барьцаалсан эд хөрөнгийг өмчлөх эрх барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжвэл барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
13.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч уг эд хөрөнгийг ашиглах эрхгүй.
14.Барьцаалагч түүнд шилжсэн эд хөрөнгө устсан, алга болсон, гэмтсэн явдал өөрийн нь буруугаас болоогүй гэдгийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээнэ.
15.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалсан эд хөрөнгийн үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрээр хангана.
16.Барьцаалсан бөгөөд даатгалтай эд хөрөнгө устгагдсан бол барьцаалагч даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй.
17.Барьцаалсан эд хөрөнгийг худалдсан үнэ нь барьцаалагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаагүй бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч үлдсэн хохирлоо үүрэг хүлээгчийн бусад эд хөрөнгөөс гаргуулах эрхтэй. Энэ тохиолдолд барьцааны эрх нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах үндэс болохгүй.
18.Барьцааны эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:
1/барьцаагаар хангагдсан үүрэг дуусгавар болбол;
2/барьцаалсан эд хөрөнгө устгагдвал;
3/барьцаалсан эд хөрөнгийг барьцаалагч өмчлөн авбал;
4/барьцаалсан эд хөрөнгийг албадан худалдвал.
1811 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /инотек/
1.Хуульд өөрөөр заагаагүй бол газар, түүн дээр байгаа олон наст ургамал, тарьц болон газраас салган хэрэглэж үл болох бусад баялаг, үйлдвэр, барилга, байгууламж, орон сууцны байшин, сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл байж болно.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх ба уг эд хөрөнгө байгаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ.
Энэ журмыг зөрчсөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Барьцаалсан эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлд хуульд заасан журмын дагуу зохих тэмдэглэл хийнэ.
3.Үүрэг хүлээгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан барьцаалуулагч /өмчлөгч/ нь үүрэг хүлээгчийн үүрэг гүйцэтгүүлэгчид тавибал зохих шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид нэгэн адил тавих эрхтэй.
4.Үйлдвэр барьцаалсан тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны гэрээ байгуулах үед тухайн үйлдвэрийн газрын балансад байсан үндсэн ба эргэлтийн, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө болон шаардах эрх түүнчлэн онцгой эрхийг оролцуулан тухайн үйлдвэрийн газрын бүх эд хөрөнгө цогцолбороороо уг барьцааны гэрээний зүйл байна.
5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны хугацаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны үр дүнд олж авсан ашиг, орлого, бүтээгдэхүүн, үр шим барьцааны зүйл болно.
6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалахад түүн дээр байгаа буюу шинээр баригдаж байгаа барилга, байгууламж барьцааны зүйлд үл хамаарна.
Барьцаалсан газрын үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар болбол тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч уг хөрөнгөө зориулалтаар нь ашиглахын тулд газрын зохих хэсгийг хязгаартай ашиглах эсэх талаар сонирхогч талууд тохиролцоно.
Хэрэв ийнхүү ашиглахтай холбоотой асуудлаар талууд маргавал шүүх шийдвэрлэнэ.
7.Газрыг гадаадын иргэн болон хуулийн этгээд, харьяалалгүй хүнд барьцаалахыг хориглоно.
8.Барилга, байгууламж барьцаалахад тухайн барилга, байгууламж байгаа дэвсгэр газар буюу түүний тодорхой хэсэг нь эсхүл тухайн газар түүний тодорхой хэсгийг ашиглах эрх уг барилга, байгууламжийн хамт нэгэн зэрэг барьцаалагдана.
9.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ байгуулах үед барьцаалуулагчийн эзэмшилд байгаагүй боловч түүний өмчлөлд хожим бий болох үл хөдлөх эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байж болно.
10.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч нь барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө даатгуулах, тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, үр ашигт чанарыг хэвээр хадгалах шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
11.Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн үзэмжээр ашиглах, бусдад ашиглуулах, зэргээр захиран зарцуулах эрхтэй. Энэ тохиолдолд барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Барьцаалуулагчийн дээрх эрхийг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
12.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд энэ хуулийн 181 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан гол нөхцөлүүдийн аль нэг нь байхгүй бол барьцааны гэрээ байгуулагдаагүйд тооцогдоно.
Үйлдвэр барьцаалсан бол тухайн үйлдвэрийн баланс, нягтлан бодох бүртгэлийн тайлан, хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, бүрэлдэхүүн хэсэг, үйлдвэрийн газрын байршил, бүдүүвч зураг, онцгой эрхэд хамаарах зүйлсийн жагсаалт, үнэлгээ зэрэг зайлшгүй шаардлагатай баримтыг гэрээнд хавсаргана.
13.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалагдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буюу үнэ тодорхойлох аргыг талууд тохиролцон тогтооно.
Энэ талаар барьцааны гэрээний талууд маргавал шүүх шийдвэрлэнэ.
14.Өмчлөх эрхгүй боловч газрыг насаараа эзэмших, ийнхүү эзэмших эрхээ өвлүүлэх эрх бүхий иргэн уг газраа бусдад барьцаалуулах эрхгүй. Харин хууль буюу газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгчийн зөвшөөрлөөр тухайн иргэн эзэмшилдээ байгаа газраа бусдад түрээслүүлэх, үнэ төлбөргүй хугацаатай ашиглуулах хэлбэрээр газар эзэмших эрхээ барьцаалж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол барилга, байгууламж, сууц эзэмшигчдэд энэ заалтыг хамааруулж болно.
15.Дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалахад барьцаалуулагч нь өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна.
Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч бүр өөрт оногдох хэсгээ барьцаалуулахад энэ заалт хамаарахгүй.
16.Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг дахин барьцаалахаар хэд хэдэн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд барьцаалуулагч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэгэнт барьцаанд байгаа тухай дараа дараагийн барьцаа баригчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Хэрэв банкны зээлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг давхардуулан барьцаалсан тохиолдолд барьцаа бариулагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээс хойш ажлын нэг хоногийн дотор энэ тухай Монголбанкны дэргэдэх Зээлийн мэдээллийн санд мэдэгдэнэ. Энэ журмыг зөрчиж хийсэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
Дахин барьцаалах гэрээг энэ зүйлд заасан хэлбэр, журмын дагуу байгуулна.
Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа барьцааны гэрээг бүртгүүлсэн бүртгэлийн дарааллыг баримтална.
17.Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шүүхийн шийдвэрийг үндэслэн дуудлагын худалдаа явуулна.
Барьцаалуулагч, барьцаалагчийн хамтран гаргасан хүсэлтийг харгалзан шүүх өөр хэлбэр тогтоож болно.
18.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахад энэ хуулийн 181 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 9, 11, 12, 13, 15, 16, 17, 18 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
182 дугаар зүйл.Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох
Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохыг хууль буюу түүнд нийцүүлэн талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр зохицуулна.
/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
183 дугаар зүйл.Дэнчин
1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээнд оролцогч нэг этгээд нь гэрээ хийсний нотолгоо, түүнийг гүйцэтгэх баталгаа болгон нөгөө этгээддээ төлбөл зохих төлбөрт оролцуулан өгсөн эд хөрөнгө, мөнгийг дэнчин гэнэ.
2.Үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээгч нь дэнчин тавьсан этгээд байвал уг дэнчин нөгөө этгээддээ үлдэнэ. Үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээгч нь дэнчин авсан этгээд байвал дэнчинг нөгөө этгээддээ хоёр нугалан төлөх үүрэгтэй.
3.Үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол нөгөө этгээдэд учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно.
184 дүгээр зүйл.Батлан даалт
1.Батлан даагч нь үүрэг хүлээгч өөрийн үүргийг бүрэн буюу заримыг гүйцэтгэж чадна гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар батлан даах гэрээ байгуулна.
2.Батлан даах гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол батлан даагч нь нэг талын санаачилгаар батлан даалтаа цуцлах эрхгүй.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь батлан даалтын талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй.
5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг хүлээгч болон батлан даагч хамтран хариуцна.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол батлан даалтыг хамтран гаргагчид нь хариуцлагыг хамтран хүлээнэ.
6.Үүрэг гүйцэтгэсэн батлан даагчид энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжинэ. Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг хүлээгчээс шаардах шаардлагын баримт бичиг, эдгээр шаардлагыг хангах эрхийг үүрэг гүйцэтгэсэн батлан даагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.
7.Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид нэхэмжлэл гаргавал үүрэг хүлээгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.
8.Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид нэхэмжлэл гаргавал уг хэргийг шийдвэрлэхэд үүрэг хүлээгчийг татан оролцуулна. Ийнхүү татан оролцуулаагүй бол үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох байсан бүх татгалзлыг үүрэг гүйцэтгэсэн батлан даагчийн нэхэмжлэлийн эсрэг гаргах эрхтэй.
9.Батлан даагч шаардсаар байтал уг хэргийг шийдвэрлэхэд оролцоогүй үүрэг хүлээгч энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан эрхээ алдана.
10.Үүрэг хүлээгч үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд батлан даагч үүрэг хариуцах хугацаа эхэлснээс хойш нэг жилийн дотор үүрэг гүйцэтгүүлэгч нь батлан даагчид нэхэмжлэл гаргаагүй бол батлан даалт дуусгавар болно.
11.Батлан даах гэрээг тодорхой хугацаа заалгүй буюу болзол тавилгүй хийсэн бол батлан даах гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дараа батлан даалт дуусгавар болно.
185 дүгээр зүйл.Баталгаа
1.Үүрэг хүлээгч нь гүйцэтгэсэн ажил, шилжүүлсэн эд хөрөнгийн чанарын талаар тодорхой хугацаатайгаар баталгаа гаргаж болно. Энэ талаар үүрэг гүйцэтгүүлэгчид бичгээр мэдэгдэнэ.
2.Үүрэг гүйцэтгүүлэгч нь тухайн эд хөрөнгийг хэвийн байдлаар ашиглахад саад болж байгаа чанарын дутагдлын талаар баталгаанд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь эд хөрөнгийн чанарын дутагдлыг үнэ төлбөргүй арилгах буюу зохих чанарын эд хөрөнгөөр солих, эсхүл уг эд хөрөнгийг эргүүлэн өгч, төлсөн үнээ буцааж авах, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрх, үүрэг шилжих
186 дугаар зүйл.Шаардах эрхээ шилжүүлэх
1.Хууль буюу гэрээнд харшлаагүй, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотойгоос бусад тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ өөр этгээдэд шилжүүлж болно.
2.Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн шаардах эрхийн хүчин төгөлдөр байдлыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна. Харин анхны үүрэг гүйцэтгүүлэгч шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө өөрөө батлан даалт гаргаснаас бусад үүргийн гүйцэтгэлийг хариуцахгүй.
3.Шаардах эрхээ шилжүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухайгаа үүрэг хүлээгчид бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдээгүй бол үүрэг хүлээгч хүлээсэн үүргээ анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэснээр уг үүрэг дуусгавар болно.
4.Үүрэг хүлээгч нь шаардлага тавих эрх шилжсэн тухай мэдэгдэл авах үед анхны үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах байсан бүх татгалзлаа шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй. Шаардах эрх шилжүүлж авсан этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нэг адил шилжинэ.
187 дугаар зүйл.Үүрэг шилжих
1.Үүрэг хүлээгч нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр үүргээ бусдад шилжүүлж болно.
2.Шинэ үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгч, анхны үүрэг хүлээгч хоёрын хоорондын харилцаан дээр үндэслэн гарсан бүх шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид тавьж болно.
3.Батлан даагч буюу барьцаалагч шинэ үүрэг хүлээгчийн өмнөөс хариуцлага хүлээхийг зөвшөөрөөгүй бол батлан даалт буюу гуравдагч этгээдээс бариулсан барьцаа нь үүрэг шилжихийн хамт дуусгавар болно.
188 дугаар зүйл.Шаардах эрх ба үүрэг шилжих хэлбэр
Бичгээр байгуулах, тусгай зөвшөөрөл авах, бүртгүүлэх буюу гэрчлүүлэх хэлцэлд үндэслэсэн эрх, үүргийг шилжүүлэхдээ уг хэлцэл байгуулсан хэлбэрээр хийнэ.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Үүрэг гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлага
189 дүгээр зүйл.Үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх
1.Талуудын аль нэг нь үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
2.Талуудын аль нэг нь эд хөрөнгийг бусдын өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан/-эд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэхийг нөгөө тал шаардах эрхтэй. Эд хөрөнгийг нэгэн адил эрх бүхий өөр этгээдэд шилжүүлсэн бол дээрх эрх алдагдана.
Эд хөрөнгийг шилжүүлээгүй байсан бол уг эд хөрөнгө нь урдаар шилжвэл зохих байсан этгээдэд шилжинэ. Хууль буюу гэрээнд зааснаар урдаар шилжвэл зохихоос бусад этгээдүүдийн хувьд хэн түрүүлж нэхэмжилсэн этгээдэд шилжүүлнэ.
3.Тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол хууль буюу гэрээнд зааснаар уг үүргийг гүйцэтгэвэл зохих талын зардлаар гүйцэтгүүлэх эрхийг нөгөө тал эдэлнэ.
190 дугаар зүйл.Үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага
1.Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан бүх хохирлыг үүрэг хүлээгч төлөх үүрэгтэй.
2.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
3.Үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс анз төлөхөөр хууль болон гэрээнд заасан бол энэ хуулийн 180 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу анз,хохирлыг төлүүлнэ.
4.Үүрэг хүлээгч нь тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан/-эд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, хохирлоо арилгахыг шаардах эрхтэй.
5.Тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ үүрэг хүлээгч гүйцэтгээгүй бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.
191 дүгээр зүйл.Хариуцлага хүлээх үндэслэл
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг хүлээгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагыг гагцхүү гэм буруутай нөхцөлд хүлээнэ.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэг хүлээгч гэм буруугүй болохоо өөрөө нотолно. Үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн тулд өөрөөс хамаарах бүх арга хэмжээ авсан гэдгээ нотолж чадвал үүрэг хүлээгч гэм буруугүйд тооцогдоно.
3.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй байснаа үүрэг хүлээгч нотлоогүй бол хариуцлага хүлээнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд үүрэг хүлээгчийн хамтран ажиллагч нараас үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө хүрэлцээгүй зэрэг нөхцөл байдал хамаарахгүй.
192 дугаар зүйл.Хугацаа хожимдуулсан, хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгэснээс үүсэх хариуцлага
1.Үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан үүрэг хүлээгч нь хугацаа хожимдуулснаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсны хариуцлагыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээнэ.
2.Хугацаа хожимдуулснаас уг үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгүүлэгчид хэрэгцээгүй болбол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзаж, хохирол төлөхийг шаардах эрхтэй.
3.Зохих ёсоор гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн авахаас татгалзсан, эсхүл үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгээгүйгээс түүнийг гүйцэтгэх боломжгүй болсон буюу үүрэг гүйцэтгэхгүй байхаар тохирсон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хожимдуулсан гэж үзнэ.
4.Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хожимдуулсны улмаас учирсан хохирлыг үүрэг хүлээгчид төлнө. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хожимдуулснаас төлөх анзыг хууль болон гэрээгээр тогтоож болно.
5.Үүрэг гүйцэтгүүлэгчийн хожимдуулсан хугацаанд үүрэг хүлээгч анз төлөхгүй.
6.Үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хожимдуулсанд өөрөө болон үүргийн гүйцэтгэлийг хүлээн авбал зохих этгээд гэм буруугүй болохыг нотолж чадвал хугацаа хожимдуулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
7.Үүрэг гүйцэтгүүлэгч нь түүний зөвшөөрөлгүйгээр үүрэг хүлээгч хугацаанаас өмнө үүргээ гүйцэтгэснээс учирсан хохирлыг шаардах эрхтэй.
193 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруу үүрэг хүлээгчийн хариуцлагад нөлөөлөх
1.Үүрэг гүйцэтгүүлэгчийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нь үүрэг хүлээгчээс үүргээ гүйцэтгэх буюу зохих ёсоор гүйцэтгэхэд болон түүнээс учрах хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн, эсхүл үүрэг гүйцэтгээгүйн улмаас гарах хохирлыг багасгах арга хэмжээг үүрэг гүйцэтгүүлэгч аваагүй бол шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээгчийн төлбөрийн хэмжээг хорогдуулах эрхтэй.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болж үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэг хүлээгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
194 дүгээр зүйл.Төрийн захиргааны байгууллага үүрэг хүлээх
1.Төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа буюу түүний албан тушаалтан үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээ байгуулсан талуудад хохирол учруулахгүй байх арга хэмжээ авах үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтан биелүүлээгүйгээс гэрээний талд хохирол учирсан бол талуудын шаардсанаар уг байгууллага хохирлыг нөхөн төлнө.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Үүрэг дуусгавар болох
195 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгэснээр дуусгавар болох
1.Үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол дуусгавар болно.
2.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахын хамт үүрэг хүлээгчийн шаардсанаар гарын үсэг өгөх үүрэгтэй.
3.Үүрэг хүлээгч үүргээ баталж, үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн хуудас өгсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авмагц уг хуудсыг буцаан өгнө. Үүргийн хуудсыг үрэгдүүлэх зэргээр буцаан өгөх боломжгүй болсон бол энэ талаар зохих баримтад тэмдэглэнэ.
4.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай гарын үсэг өгөх буюу үүргийн хуудсыг буцаан өгөхөөс татгалзвал үүрэг хүлээгч үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй.
196 дугаар зүйл.Үүргийг гүйцэтгэсэнд тооцож дуусгавар болгох
1.Үүрэг гүйцэтгэх хугацаа нэгэнт болсон, эсхүл гүйцэтгэх хугацаа заагаагүй буюу шаардах болзол тогтоогоогүй бол аль нэг талын хүсэлтээр талуудын нэг төрлийн үүргүүдийг хооронд нь тооцож, уг үүргийг дуусгавар болгож болно. Ийнхүү үүргийг тооцож дуусгавар болгох явдал гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй шаардлагад хамаарна.
2.Шаардах эрх шилжсэн тухай мэдэгдэл авах үед үүрэг тооцох бололцоотой байсан бол үүрэг хүлээгч нь шинээр үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөс татгалзаж, түрүүчийн үүрэг гүйцэтгүүлэгчтэй уг үүргийг тооцох
эрхтэй.
3.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас үүссэн хохирлыг арилгах үүргийг тооцох журмаар дуусгавар болгож болохгүй.
197 дугаар зүйл.Үүргийг талуудын тохиролцоогоор дуусгавар болгох
Талуудын тохиролцоогоор нэг үүргийг нөгөөгөөр солих зэргээр зохицуулан дуусгавар болгож болно.
198 дугаар зүйл.Захиргааны шийдвэрээр үүргийг өөрчлөх ба дуусгавар болгох
1.Талууд заавал биелүүлбэл зохих захиргааны шийдвэрээр үүссэн үүргийг уг байгууллагын шийдвэрээр өөрчлөх ба дуусгавар болгож болно.
2.Захиргааны шийдвэрээр үүрэг өөрчлөгдсөн ба дуусгавар болсон бол түүн дээр үндэслэн үүссэн бөгөөд талууд заавал биелүүлбэл зохих бусад үүрэг нэг адил өөрчлөгдөх ба дуусгавар болно.
199 дүгээр зүйл.Гүйцэтгэх боломжгүйгээс үүрэг дуусгавар болох
Үүрэг хүлээгчээс үл хамаарах шалтгаанаар үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон бол түүнийг дуусгавар болгоно.
200 дугаар зүйл.Талууд нас барснаас үүргийг дуусгавар болгох
1.Үүрэг хүлээгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг түүний нас барснаар дуусгавар болно.
2.Үүрэг гүйцэтгүүлэгч нас барвал түүний эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүссэн, түүнчлэн гүйцэтгэх явдал өөртэй нь шууд холбогдсон бусад үүрэг нэг адил дуусгавар болно.
201 дүгээр зүйл.Үүрэг дуусгавар болох бусад үндэслэл
Үүрэг дуусгавар болох бусад үндэслэлийг хууль буюу гэрээгээр тодорхойлж болно.
IV ХЭСЭГ
ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
I ДЭД ХЭСЭГ
ЭД ХӨРӨНГӨ, ОЮУНЫ ҮНЭТ ЗҮЙЛ, ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙГ БУСДЫН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Худалдах-худалдан авах
202 дугаар зүйл.Худалдах-худалдан авах гэрээ
1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйл /эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрх/-ийг худалдан авагчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд шилжүүлэх; худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тогтоосон үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол биржийн худалдаа болон дуудлагын худалдаанд худалдах-худалдан авах гэрээний нийтлэг журмыг хэрэглэнэ.
203 дугаар зүйл.Худалдах-худалдан авах гэрээний хэлбэр
1.Худалдах-худалдан авах гэрээний хэлбэр нь энэ хуулийн 39, 40, 41, 42 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлогдоно.
2.Худалдах-худалдан авах гэрээний өөр хэлбэрийг хууль буюу гэрээгээр тогтоож болно.
3.Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
204 дүгээр зүйл.Худалдах-худалдан авах гэрээний үнэ
1.Талууд үнийг тохиролцон тогтооно.
2.Үнийг үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр буюу бусад орны мөнгөн тэмдэгтээр тогтоож болохоос гадна түүнийг тогтоох өөр аргыг талууд харилцан тохиролцож болно.
3.Хуульд зааснаар буюу гэрээний онцлогоос хамаарч тодорхой хугацааны дараа, эсхүл урьдчилан төлөхөөс бусад тохиолдолд гэрээний зүйлийг шилжүүлсний дараа үнийг шууд төлнө.
4.Энэ хуульд зааснаас өөр журмыг хуулиар тогтоож болно.
205 дугаар зүйл.Эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй худалдагчийн хариуцлага
Худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлээгүй буюу шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээний нөхцөлд тохирохгүй бол худалдан авагч нь гэрээнд заасан буюу гэрээний нөхцөлд тохирсон эд хөрөнгө шилжүүлэх, гэрээний биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг төлүүлэх, эсхүл гэрээг цуцалж, ийнхүү цуцалснаас учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
206 дугаар зүйл.Худалдан авагч эд хөрөнгө хүлээн авах буюу үнэ төлөхөөс татгалзах
Худалдан авагч худалдан авсан зүйлээ хүлээн авах буюу түүний үнийг төлөхөөс татгалзвал худалдагч нь гэрээг биелүүлэх, түүний биелэлтийг саатуулснаас учирсан хохирлыг төлүүлэх, эсхүл гэрээг цуцалж, ийнхүү цуцалснаас учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
207 дугаар зүйл.Худалдсан эд хөрөнгийг хадгалах
Эд хөрөнгө шилжихээс өмнө өмчлөх эрх шилжсэн үед уг эд хөрөнгийг худалдан авагчид шилжих хүртэл худалдагч зохих ёсоор хадгалах үүрэгтэй. Ийнхүү хадгалахад худалдагчаас гарсан зайлшгүй зардлыг гэрээнд заасан бол худалдан авагч төлөх үүрэгтэй.
208 дугаар зүйл.Худалдаж байгаа эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх худалдагчийн үүрэг
1.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1-д заасан үүргийг худалдагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр худалдан авагч шаардах эрхтэй.
209 дүгээр зүйл.Худалдаж байгаа эд хөрөнгийн чанар
1.Худалдаж байгаа эд хөрөнгийн чанар нь гэрээний нөхцөлд тохирсон байна. Гэрээнд тийм нөхцөл заагаагүй бол худалдагч нь өөрт мэдэгдэж байгаа буюу гэрээнд заасан тодорхой зориулалтад нийцсэн бөгөөд ердийн шаардлагад тохирсон чанар бүхий эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн тодорхой зориулалтын талаар мэдэх үүрэггүй байсан бол уг эд хөрөнгө нь ийм төрлийн эд хөрөнгийн нийтлэг зориулалтад нийцсэн байна.
2.Худалдаж байгаа эд хөрөнгийн стандарт, техникийн нөхцөлийг гэрээгээр тодорхойлсон бол түүний чанар уг нөхцөлд нийцсэн байна.
210 дугаар зүйл.Зохих чанарын бус эд хөрөнгө худалдсанаас үүсэх худалдан авагчийн эрх ба худалдагчийн хариуцлага
1.Худалдагч эд хөрөнгийн чанарын доголдол, согог, гэмтэл /цаашид чанарын дутагдал гэх/-ийн талаар урьдчилан мэдэгдээгүй бол худалдан авагч дараахь шаардлагын аль нэгийг түүнд тавьж гомдлын шаардлага гаргах эрхтэй:
1/тухайн эд хөрөнгийг зохих чанарын тийм эд хөрөнгөөр солих;
2/эд хөрөнгийн чанарын дутагдлыг үнэ төлбөргүй арилгах;
3/эд хөрөнгийн чанарын дутагдлыг арилгахад гаргасан зардлыг төлүүлэх;
4/үнийг зохих хэмжээгээр хорогдуулах, эсхүл төлбөр хийхээс бүрэн буюу тодорхой хугацаагаар хэсэгчлэн татгалзах.
2.Худалдан авагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага тавилгүйгээр гэрээг цуцалж, зохих чанарын бус эд хөрөнгийг худалдагчид буцаан өгч, төлсөн мөнгөө эргүүлж авахыг шаардах эрхтэй.
3.Худалдан авагчийн энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлага нь түүнд учирсан хохирлыг арилгахад хүрэлцэхгүй бол тэрээр учирсан хохирлоо бүрэн арилгахыг шаардах эрхтэй.
4.Хууль буюу гэрээнд өөр урт хугацаа заагаагүй бөгөөд худалдан авагч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор эд хөрөнгийн чанарын дутагдлыг илрүүлсэн бол энэ зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж болно. Дээрхээс урт баталгаат хугацаа тогтоогдсон тохиолдолд уг хугацааны дотор
энэхүү эрхээ хэрэгжүүлж болно.
5.Хэрэглэх хугацаа тогтоогдсон эд хөрөнгийн тухайд энэ зүйлд заасан эрхийг хэрэглэх хугацааны дотор хэрэгжүүлж болно.
6.Тухайн эд хөрөнгийн чанарын дутагдал нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэдгийг худалдагч нотолбол худалдан авагчийн энэ зүйлд заасан шаардлагыг хангахаас татгалзаж болно.
7.Хуульд өөрөөр заагаагүй бөгөөд худалдаж авсан эд хөрөнгийн чанарын дутагдлыг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш боловч түүнийг хэрэглэх хугацааны дотор илрүүлсэн худалдан авагч нь уг дутагдал эд хөрөнгийг худалдан авахаас өмнө үүссэн гэдгийг нотолбол тэрээр энэ зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж болно.
211 дүгээр зүйл.Баталгаат хугацаатай худалдсан эд хөрөнгийн чанарын дутагдлыг хариуцах
1.Худалдаж байгаа эд хөрөнгийн чанарын талаар хууль буюу гэрээнд баталгаат хугацаа тогтоосон бол эд хөрөнгө худалдсан өдрөөс эхлэн уг хугацааг тоолно.
2.Худалдан авагч нь эд хөрөнгийг хэвийн байдлаар ашиглах, хэрэглэхэд саад болсон чанарын дутагдлын талаар худалдагчид баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаж болно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гарсан бөгөөд уг дутагдал нь худалдан авагч эд хөрөнгийг тээвэрлэх, хадгалах, ашиглах, хэрэглэх журмыг зөрчсөнөөс бий болсныг худалдагч нотолж чадахгүй бол тэрээр эд хөрөнгийн дутагдлыг өөрийн зардлаар арилгах буюу зохих чанарын эд хөрөнгөөр солих, эсхүл үнийг төлөх үүрэгтэй.
212 дугаар зүйл.Эд хөрөнгийг савлах, баглах, тэмдэглэх
1.Эд хөрөнгийг сав, баглаа, тэмдэглэгээтэйгээр шилжүүлэхээр хууль буюу гэрээнд заасан бол тэдгээрийг хууль буюу гэрээний шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ. Сав, баглаа, тэмдэглэгээ нь уг эд хөрөнгийн байдалд бүрэн тохирсон, түүнийг тээвэрлэх, хадгалах үед тоо, чанарыг нь алдагдуулахгүй байхад зохицсон байна. Сав, баглаатай эд хөрөнгө бүр дээр зохих тэмдэглэгээ хийнэ.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдан авагч сав, баглааны үнийг тухайн эд хөрөнгийн үнэ дээр нэмж төлнө.
3.Сав, баглааг буцааж өгөхөөр гэрээнд зааж болно.
213 дугаар зүйл.Иж бүрэн эд хөрөнгө
1.Хууль буюу гэрээнд заасан бол худалдагч нь эд хөрөнгийг стандарт, техникийн нөхцөл буюу үнийн жагсаалтын дагуу холбогдох бүх эд юмс, сэлбэг, хэсгийн хамтаар иж бүрэн нийлүүлэх үүрэгтэй. Эд хөрөнгийн иж бүрэн байдлыг стандарт, техникийн нөхцөл буюу үнийн жагсаалт, эсхүл гэрээгээр тодорхойлж болно.
2.Иж бүрэн бус эд хөрөнгө шилжүүлбэл түүнийг нөхөн бүрдүүлэх буюу өөр иж бүрэн эд хөрөнгөөр сольж өгөхийг худалдан авагч шаардах эрхтэй. Эд хөрөнгийг нөхөн бүрдүүлэх буюу солихтой холбогдсон зардлыг худалдан авагч төлөхгүй, ийнхүү төлсөн бол буцааж авахыг шаардах эрхтэй.
3.Худалдагч иж бүрэн бус эд хөрөнгийг тохиролцсон хугацаанд бүрдүүлж өгөхгүй бол худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж, түүнээс учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах эрхтэй.
214 дүгээр зүйл.Худалдсан эд хөрөнгийн чанарын дутагдлын талаар гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа
Худалдан авагчийн гомдлын шаардлагыг худалдагч хангаагүй бол эд хөрөнгийн чанарын дутагдлын талаар худалдан авагч нь гомдлын шаардлагын хариу авсан өдрөөс эхлэн зургаан сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гомдлын шаардлага гаргасан буюу түүний хариуг авсан өдрийг тогтоох боломжгүй, эсхүл хариу аваагүй бол хөөн хэлэлцэх хугацааг гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолно.
215 дугаар зүйл.Худалдаж байгаа эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн эрх
Худалдагч гэрээ хийхдээ худалдаж байгаа эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд /хөлслөгч, барьцаалагч зэрэг/-ийн эдлэх бүх эрхийн талаар худалдан авагчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Худалдагч энэ үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч гэрээгээ цуцалж, ийнхүү цуцалснаас учирсан хохирлыг төлүүлэх, эсхүл худалдан авсан үнийг зохих хэмжээгээр хорогдуулахыг шаардах эрхтэй.
216 дугаар зүйл.Худалдсан эд хөрөнгийг худалдан авагчаас шүүхийн журмаар гаргуулахад худалдагчийн хүлээх хариуцлага
1.Эд хөрөнгийг худалдахаас өмнө үүссэн худалдагчийн үүрэгтэй холбоотойгоор гуравдагч этгээд уг эд хөрөнгийг гаргуулан авахаар худалдан авагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргавал энэ хэргийг шийдвэрлэхэд худалдан авагч худалдагчийг татан оролцуулах үүрэгтэй. Худалдагч энэ хэрэгт худалдан авагчийн талд оролцох үүрэгтэй.
2.Эд хөрөнгийг гаргуулан авахаар худалдан авагчид холбогдуулан гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдвал худалдан авагчид учирсан хохирлыг худалдагч төлөх үүрэгтэй. Харин худалдан авагч нь энэ хэргийг шийдвэрлэхэд худалдагчийг татан оролцуулаагүй бөгөөд хэрэв оролцуулсан бол уг эд хөрөнгийг худалдан авагчид үлдээж чадах байснаа худалдагч нотолбол энэ үүргээс чөлөөлөгдөнө.
217 дугаар зүйл.Эд хөрөнгийг зээлээр худалдах-худалдан авах
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн үнийг төлөх хугацаа тогтоож, зээлээр худалдаж болно.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах эд хөрөнгийн үнийг худалдаа хийсэн өдөр талуудын тохиролцсон үнээр тогтоох бөгөөд түүнээс хойш худалдагч үнийг өөрчлөх эрхгүй.
3.Зээлээр худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн үеэс эхлэн түүнийг өмчлөх эрх шилжинэ.
218 дугаар зүйл.Бэлтгэн нийлүүлэх аргаар эд хөрөнгө худалдах-худалдан авах /бэлтгэн нийлүүлэх гэрээ/
1.Бэлтгэн нийлүүлэх гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч нь аж ахуй эрхлэх зориулалт бүхий эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд тохиролцсон хугацаанд шилжүүлэх; худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авч, үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бэлтгэн нийлүүлэх гэрээнд худалдах-худалдан авах гэрээний журмыг хэрэглэнэ.
3.Тодорхой төрлийн эд хөрөнгө бэлтгэн нийлүүлэх өөр нөхцөлийг хууль буюу гэрээгээр тогтоож болно.
219 дүгээр зүйл.Бэлтгэн нийлүүлэх хугацаа
1.Нэг төрлийн эд хөрөнгийг хэсэгчлэн бэлтгэн нийлүүлэхээр гэрээнд заасан бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол заасан хугацааны дотор тэнцүү хэмжээгээр нийлүүлнэ.
2.Машин, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн иж бүрдлийг бэлтгэн нийлүүлэх тухай гэрээнд түүний хэсгүүдийг нийлүүлэх хугацаа заагаагүй бол иж бүрдлийн сүүлчийн хэсгийг нийлүүлсэн өдрөөр гүйцэтгэлийг тооцно.
3.Бэлтгэн нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн, эсхүл худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр хугацаанаас өмнө нийлүүлсэн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдан авагч түүнээс учирсан хохирлыг арилгахыг шаардах буюу бэлтгэн нийлүүлэгчид урьдчилан мэдэгдэж, эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Худалдан авагчийн мэдэгдлийг хүлээж авахаас өмнө бэлтгэн нийлүүлэгчээс илгээсэн эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авч, үнийг төлөх үүрэгтэй.
220 дугаар зүйл.Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэхээс нэг тал татгалзах
1.Талуудын аль нэг нь гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол нөгөө тал бэлтгэн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг буюу заримыг гүйцэтгэхээс татгалзаж болно.
2.Бэлтгэн нийлүүлэгч зохих чанарын бус эд хөрөнгийг удаа дараа нийлүүлсэн буюу гэрээнд заасан бэлтгэн нийлүүлэх хугацааг удаа дараа хэтрүүлсэн, эсхүл худалдан авагч нь бэлтгэн нийлүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас байнга буюу их хэмжээгээр хожимдуулсан, түүнчлэн төлбөрийн чадваргүй гэж зарлагдсан бол гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
221 дүгээр зүйл.Оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдах, арилжих, бэлэглэх
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдах, арилжих, бэлэглэхэд энэ бүлгийн болон хорь, хориннэгдүгээр бүлгийн холбогдох заалтыг хэрэглэнэ.
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Арилжаа
222 дугаар зүйл.Арилжааны гэрээ
1.Арилжааны гэрээгээр талууд нь тодорхой эд хөрөнгийг солилцох журмаар өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дүгээр зүйл/-эд харилцан шилжүүлэх үүрэг хүлээнэ.
2.Төрийн өмчлөлийн мөнгө, үнэт цаасаар арилжаа хийх журмыг хуулиар тогтооно.
3.Арилжааны гэрээгээр үнэт цаас солилцохдоо шилжүүлэх эрхээ үнэлж болно.
223 дугаар зүйл.Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний журмыг баримтлах
Хуульд өөрөөр заагаагүй бол арилжааны гэрээнд талууд худалдах-худалдан авах харилцааг зохицуулж байгаа журмыг баримтлана. Арилжааны гэрээ хийхээр гэрээний төсөл илгээгчийг худалдагч, түүнийг зөвшөөрсөн талыг худалдан авагч гэж үзнэ.
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Бэлэглэл
224 дүгээр зүйл.Бэлэглэл
1.Бэлэглэлээр нэг тал нь эд хөрөнгийг нөгөө талын өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ба нөгөө тал нь уг эд хөрөнгийг хүлээн авна.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бэлэглэлийг эд хөрөнгө шилжүүлэн өгснөөр, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр байгуулсанд тооцно.
225 дугаар зүйл.Хандивын гэрээ
1.Тодорхой эд хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.
2.Хандив хүлээн авагч нь хандивын эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Хандив хүлээн авагч энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг буруутай этгээдээс гаргуулан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрчим хүч, бусад нөөцөөр хангах
226 дугаар зүйл.Эрчим хүч, бусад нөөцөөр хангах гэрээ
1.Холбогдсон сүлжээгээр дамжуулан эрчим хүч, бусад нөөцөөр хангах гэрээгээр хангагч нь тогтоогдсон техникийн шаардлага, гэрээний нөхцөлд нийцсэн тоо, чанарын эрчим хүч, бусад нөөцөөр зохих хугацаанд хангах; хэрэглэгч нь хүлээн авсан эрчим хүч, бусад нөөцийн үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Эрчим хүч, бусад нөөцийг дамжуулах шугам сүлжээний эзэмшлийн зааг, түүнчлэн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах талаар талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд заана.
3.Тодорхой төрлийн эрчим хүч, бусад нөөцөөр хангах гэрээний онцлогийг хуулиар тогтоож болно.
227 дугаар зүйл.Эрчим хүч, бусад нөөц хэрэглэгчийн үүрэг
1.Эрчим хүч, бусад нөөцийг хэрэглэгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/хэрэглэсэн эрчим хүч, бусад нөөцийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
2/эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангах, энэ талаар тогтоосон журмыг биелүүлэх;
3/эрчим хүч, бусад нөөцийг хэрэглэх талаар гэрээнд заасан журмыг хэрэглэгч биелүүлэх үүрэгтэй.
4/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжид зайлшгүй шаардагдах, өөрөө хийж болох засварыг цаг тухайд нь хийх, мэргэжлийн хувьд зайлшгүй хийх ёстой засварыг хангагч хийсэн бол үнэ, хөлсийг төлөх;
5/эрчим хүч, бусад нөөц, тэдгээрийн зарцуулалтыг тооцоолох систем, нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтын дагуу хэвийн байдлаар ашиглахтай холбогдсон хангагчийн шаардлагыг биелүүлэх;
6/хууль буюу гэрээнд заасан бусад үүрэг.
2.Хэрэглэгч нь эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэх эрхтэй. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засуулах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч өөрөө засварыг хийж, гарсан зардлыг хэрэглэгчээс шаардан авна.
3.Эрчим хүч, бусад нөөцийг хэрэглэгч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хангагч учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах, эрчим хүч, бусад нөөцөөр хангахаас татгалзах эрхтэй. Эрчим хүч, бусад нөөц хэрэглэсний үнийг хугацаанд нь төлөөгүй бол хэрэглэгч хууль болон гэрээнд заасан хэмжээгээр алданги төлнө.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үүрэг биелэгдээгүй явдалд өөрийн гэм буруугүй гэдгээ нотолбол хэрэглэгчийг хариуцлагаас чөлөөлнө.
228 дугаар зүйл.Эрчим хүч, бусад нөөцөөр хангагчийн үүрэг
1.Эрчим хүч, бусад нөөцөөр хангагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, чанарын эрчим хүч, бусад нөөцөөр зохих хугацаанд хангах;
2/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан зохих тоног төхөөрөмжийг суурилуулж, хэрэглэгчийн эзэмшилд шилжүүлэх;
3/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжид өөрийн зардлаар технологийн шаардлагын дагуу үйлчилгээ хийх;
4/зайлшгүй шаардлагатай үед эрчим хүч, бусад нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжид засвар хийх. Энэ тохиолдолд засварын үнэ, хөлсийг төлөх журмыг энэ хуулийн 227 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар тодорхойлно.
5/хуульд заасан бусад үүрэг.
2.Хангагч нь хэрэглэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр нөөцийн зарцуулалтыг тооцоолох систем, нөөцийг ашиглах, дахин боловсруулахад зориулсан тоног төхөөрөмжийн техникийн байдлыг шалгах эрхтэй.
3.Хангагч нь энэ зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах, эрчим хүч, бусад нөөцийн үнийг бүрэн буюу заримыг төлөхөөс татгалзах эрхтэй.
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зээл
229 дүгээр зүйл.Зээлийн гэрээ
1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө, бусад эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд шилжүүлэх; зээлдэгч нь авсан мөнгө буюу ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Мөнгөн зээлийн гэрээгээр зээлдэгч нь мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзахгүйгээр зээлдүүлэгчид анх авсан хэмжээний мөнгийг эргүүлэн өгнө.
3.Зээлийн гэрээний үүргийг хангах арга, түүнийг хэрэгжүүлэх журмыг талууд тохиролцон тодорхойлно.
4.Зээлийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол зээлдүүлэгчийн шаардсан цагт зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг буцаан өгөх үүрэгтэй.
5.Зээлийн гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол зээлийн гэрээний зүйлийг эргүүлэн авах, хууль болон гэрээнд заасан бол гэрээний хугацаа хэтэрсний алданги төлүүлэхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй.
6.Энэ нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээнд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
II ДЭД ХЭСЭГ
ЭД ХӨРӨНГӨ, ОЮУНЫ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ БУСДЫН ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эд хөрөнгө хөлслөх
230 дугаар зүйл.Эд хөрөнгө хөлслөх гэрээ
Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчид эд хөрөнгийг түр хугацаагаар ашиглуулах, хөлслөгч уг эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
231 дүгээр зүйл.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хэлбэр
1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэд хоорондын нэг жилээс дээш хугацаагаар эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр хийнэ.
2.Талуудын аль нэг нь хуулийн этгээд байвал эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаа харгалзахгүйгээр бичгээр хийнэ.
3.Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Хуульд өөрөөр заагаагүй бол тодорхой төрлийн эд хөрөнгө хөлслөхөд өөр журам тогтоож болно.
232 дугаар зүйл.Эд хөрөнгө ашигласны хөлс
1.Эд хөрөнгө ашигласны хөлсний хэмжээ, төлөх аргыг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хөлслүүлэгчид тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй.
233 дугаар зүйл.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа
1.Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна. Тодорхой хугацаатай гэрээг арван жилээс дээшгүй хугацаагаар байгуулна.
2.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслүүлэгч татгалзаагүй бөгөөд хөлслөгч уг эд хөрөнгийг үргэлжлэн ашигласаар байвал гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
3.Эд хөрөнгө хөлслөх гэрээнд хугацаа заагаагүй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ.
4.Хугацаа заагаагүй хийсэн гэрээний талууд уг гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгох тухайгаа нөгөө талдаа гурван сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй.
234 дүгээр зүйл.Эд хөрөнгө хөлслөгчийн давуу эрх
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч нь уг гэрээний хугацаа дуусахад дээрх эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй. Энэ заалтыг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байвал хуучин хөлслөгч нь шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
235 дугаар зүйл.Хөлслүүлэгчийн үүрэг
1.Эд хөрөнгө хөлслүүлэгч гэрээний нөхцөлд тохирсон эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээгээр тохиролцсон бол хөлслөн өгсөн эд хөрөнгөд засвар хийх үүрэгтэй.
2.Гэрээ байгуулж байх үед хөлслөгч мэдсэн буюу мэдэх боломжтой байсан эд хөрөнгийн чанарын дутагдлыг хөлслүүлэгч хариуцахгүй.
236 дугаар зүйл.Хөлслүүлэгч үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагавар
1.Хөлслүүлэгч эд хөрөнгөө шилжүүлэхгүй байвал хөлслөгч нь түүнийг шаардан авч, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, эсхүл гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
2.Хөлслүүлэгч эд хөрөнгөд засвар хийх тухай хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй бол хөлслөгч нь зайлшгүй шаардагдах засварыг хийж, түүний үнийг төлүүлэх буюу төлбөл зохих хөлсөндөө тооцох, эсхүл гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
237 дугаар зүйл.Хөлслөгчийн үүрэг
Хөлслөгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/эд хөрөнгийг гэрээний нөхцөлийн дагуу ашиглах;
2/эд хөрөнгийг ердийн элэгдлээс гадуур гэмтээж муутгахгүй байх;
3/эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх; Хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломж өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар эрс багасвал хөлсийг түүнд зохицуулан хорогдуулахыг хөлслүүлэгчээс шаардаж болно.
4/хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгөнд засвар хийх;
5/гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, уг эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх.
238 дугаар зүйл.Хөлслөгч үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагавар
1.Хөлслөгч эд хөрөнгийг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, эсхүл ашиглах явцдаа чанарыг нь санаатай буюу болгоомжгүйгээр муутгах, хөлсийг хугацаанд нь байнга төлөхгүй байх зэрэг зөрчил гаргасныг хөлслүүлэгчээс сануулсаар байхад түүнийг зогсоохгүй бол хөлслүүлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
2.Хөлслүүлэгч шаардсаар байхад хууль буюу гэрээгээр хүлээсэн засвар хийх үүргээ хөлслөгч гүйцэтгээгүй бол хөлслүүлэгч уг засварыг хөлслөгчийн зардлаар хийлгэх буюу гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
3.Гэрээ дуусгавар болсны дараа хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөхдөө хууль буюу гэрээнд зааснаас муутгасан бөгөөд үүнд өөрийн гэм буруугүй болохоо нотолж чадахгүй бол хөлслүүлэгч нь учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
4.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссаны дараа уг эд хөрөнгийг хөлслөгч буцааж өгөөгүй бол хөлслүүлэгч нь эд хөрөнгөө буцаан авах, хэтрүүлсэн хугацаанд оногдох хөлс болон учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
239 дүгээр зүйл.Хөлслөн өгсөн эд хөрөнгө өөр өмчлөгчид шилжих
Хөлслөн өгсөн эд хөрөнгийг өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/ хөлслүүлэгчээс өөр этгээдэд шилжвэл эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
240 дүгээр зүйл.Дамжуулан хөлслөх
Хөлслөн авсан эд хөрөнгийг гагцхүү хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад дамжуулан хөлсөлж болно.
241 дүгээр зүйл.Хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах нөхцөлгүй болсноос гэрээг цуцлах
Хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон нь өөрийнх нь буруугаас болоогүй бол хөлслөгч гэрээг цуцлахыг шаардах эрхтэй.
242 дугаар зүйл.Эд хөрөнгийг засаж сайжруулсан хөлслөгчийн эрх
1.Хөлслөгч нь хөлсөлж авсан эд хөрөнгөө хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулсан бөгөөд талууд өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол гэрээ дуусгавар болсны дараа түүнд оруулсан зайлшгүй зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй.
2.Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгөнд хийсэн сайжруулалтын үнийг хөлслүүлэгч төлөхөөс татгалзвал хөлслөгч уг сайжруулалтаа салган авч болно. Уг сайжруулалтыг эд хөрөнгөөс салган авах боломжгүй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн сайжруулалтын үнийг
төлөхгүй.
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Орон сууц хөлслөх
243 дугаар зүйл.Орон сууц хөлслөх гэрээ
1.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-дээ байгаа, аж төрөх шаардлага хангасан орон сууцны байшин, нийтийн байр, сууц, өрөө, гэр /цаашид орон сууц гэх/-ийг хөлслөн авагч болон түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх; хөлслөгч нь уг орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байдлыг хангах, орон сууц ашигласны хөлс /цаашид орон сууцны хөлс гэх/-ийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол орон сууц эзэмших, ашиглах журмыг талуудын хоорондын гэрээгээр тодорхойлно.
244 дүгээр зүйл.Орон сууц хөлслөх гэрээний хэлбэр
Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
245 дугаар зүйл.Орон сууц хөлслүүлэгчийн үүрэг
1.Хөлслүүлэгч нь гэрээний нөхцөлд тохирсон орон сууцыг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд хугацаанд нь шилжүүлэх, хууль буюу гэрээнд заасан бол шаардагдах засварыг хийх үүрэгтэй.
2.Хөлслүүлэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн бол хөлслөгч хөлсийг бууруулах буюу учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
246 дугаар зүйл.Орон сууц хөлслөгчийн үүрэг
1.Орон сууц хөлслөгч дор дурдсан үүрэгтэй:
1/орон сууцны хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
2/орон сууц болон дундын ашиглалтын талбайг зориулалтын дагуу ашиглах, түүний бүрэн бүтэн байдал, ашиглалтын шаардлагыг хангах;
3/хууль буюу гэрээнд заасан бол орон сууцанд зайлшгүй шаардагдах засварыг тухай бүр нь хийх;
4/орон сууц ашиглалтын бусад журмыг сахин биелүүлэх.
2.Хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүд орон сууцанд эвдрэл, гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө даруй хийх үүрэгтэй. Хөлслүүлэгч шаардсаар байхад уг засварыг хөлслөгч хийхгүй бол хөлслүүлэгч өөрөө хийж, түүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг хөлслөгчөөс шаардах эрхтэй.
247 дугаар зүйл.Орон сууц хөлслөх гэрээний хугацаа, уг гэрээг шинэчлэн байгуулах эрх
1.Орон сууц хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
2.Орон сууцыг иргэн насаараа эзэмшиж, ашиглах буюу уг эрхээ өв залгамжлуулж болно.
3.Орон сууц хөлслөх гэрээнд хугацаа заагаагүй бол уг гэрээг тодорхой биш хугацаагаар байгуулсан гэж үзнэ.
4.Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслүүлэгч татгалзаагүй бөгөөд хөлслөгч уг орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байвал гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
5.Орон сууц хөлслөх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч нь уг гэрээний хугацаа дуусахад дээрх орон сууцыг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах эрхтэй. Хөлслүүлэгч энэ заалтыг зөрчиж, өөр этгээдтэй гэрээ байгуулсан бол хуучин хөлслөгч нь шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
248 дугаар зүйл.Орон сууцны хөлс
1.Орон сууцны хөлсний хэмжээ, төлөх хугацаа, аргыг талууд харилцан тохиролцож тодорхойлно.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч орон сууцны хөлсийг хөлслүүлэгчид тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй.
249 дүгээр зүйл.Орон сууцны дундын ашиглалтын талбайг ашиглах
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууцны дундын ашиглалтын талбай /гал тогооны болон ариун цэврийн өрөө, байшингийн орц, шат зэрэг/-г уг орон сууцанд сууж байгаа хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй бөгөөд эдгээр талбай нь орон сууц хөлслөх гэрээний бие даасан зүйл болохгүй.
250 дугаар зүйл.Хөлслөгчийн гэр бүлийн гишүүн
1.Хөлслөгчтэй хамт аж төрж байгаа нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эхийг түүний гэр бүлийн гишүүн гэж үзнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний төрөл садангийн бусад хүмүүс, түүнчлэн түүний асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй нэг жилээс доошгүй хугацаагаар хамт аж төрж, хамтын аж ахуйтай байгаа тэтгүүлэгч хүмүүсийг хөлслөгчийн гэр бүлийн гишүүнд тооцож болно.
3.Гэр бүлийн гишүүний талаархи маргааныг шүүх шийдвэрлэнэ.
251 дүгээр зүйл.Хөлслөгчийн гэр бүлийн гишүүдийн эрх
1.Орон сууц хөлслөгчтэй хамт аж төрж байгаа гэр бүлийн гишүүд нь хууль буюу орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдсон хөлслөгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ.
2.Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн гишүүдийн аль нэгтэй нь байгуулж болно.
3.Орон сууц хөлслөгч нас барсан, эсхүл уг орон сууцнаас гарсан тохиолдолд орон сууц хөлслөх гэрээг түүний гэр бүлийн гишүүдийн аль нэгтэй нь байгуулна.
4.Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад орон сууц эзэмших, ашиглах эрхийн талаар гарсан маргааныг орон сууц хөлслөх гэрээг хэн хийснийг харгалзахгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
252 дугаар зүйл.Хөлслөгч түр явах үе дэх орон сууц эзэмших, ашиглах эрх
Хөлслөгч түр явахад орон сууц эзэмших, ашиглах эрх хэрхэхийг дор дурдсан тохиолдолд дараахь журмаар шийдвэрлэнэ:
1/цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэний орон сууц эзэмших, ашиглах эрх нь цэргийн алба хааж байгаа хугацаанд болон түүнийг дууссанаас хойш зургаан сарын дотор хэвээр үлдэнэ. Цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэний орон сууцанд түүний гэр бүлийн гишүүн үлдээгүй бол түүнийг цэргийн албанд явсан өдрөөс эхлэн хөлслүүлэгч нь уг орон сууцыг өөр этгээдэд хөлслөн өгч болно. Шинэ хөлслөгч нь өмнөх хөлслөгчийг буцаж ирмэгц түүний анхны шаардлагаар уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй. Чөлөөлөхөөс татгалзвал өөр орон сууц олгосон эсэхийг харгалзахгүйгээр шүүхийн журмаар нүүлгэн гаргана;
2/асрамжийн газарт шилжиж байгаа иргэний орон сууц эзэмших, ашиглах эрх асаргааны хугацаанд хэвээр үлдэнэ. Тухайн этгээдийн орон сууцанд түүний гэр бүлийн гишүүн үлдээгүй бол асрамжийн газарт шилжсэн өдрөөс нь эхлэн хөлслүүлэгч уг орон сууцыг өөр этгээдэд хөлслөн өгч болно. Шинэ хөлслөгч нь асрамжийн газраас буцаж ирсэн хөлслөгч буюу түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн анхны шаардлагаар орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй. Чөлөөлөхөөс татгалзвал өөр орон сууц олгосон эсэхийг харгалзахгүйгээр түүнийг шүүхийн журмаар нүүлгэн гаргана;
3/хуульд өөрөөр заагаагүй бол хөлслөгч гадаадад буюу өөр орон нутагт гэр бүлийн гишүүдийн хамт түр явсан бол түүний орон сууц эзэмших, ашиглах эрх хэвээр үлдэх эсэхийг талууд тохиролцон шийдвэрлэнэ;
4/цагдан хоригдож байгаа буюу хорих ял шийтгүүлсэн хөлслөгчийн орон сууцанд түүний гэр бүлийн гишүүн үлдээгүй бол орон сууц эзэмших, ашиглах эрхийг энэ зүйлийн 3-т заасны дагуу шийдвэрлэнэ.
253 дугаар зүйл.Орон сууцны зориулалт өөрчлөгдсөнөөс гэрээний нөхцөл өөрчлөгдөх
Хөлслөн өгсөн орон сууцны зориулалтыг өөрчилсөн тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох эсэх асуудлыг талууд тохиролцон шийдвэрлэнэ.
254 дүгээр зүйл.Орон сууцыг дамжуулан хөлслөх
1.Хөлслөгч нь эзэмшиж байгаа орон сууцаа бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчийн зөвшөөрөлтэйгээр өөр этгээдэд дамжуулан хөлслөх эрхтэй бөгөөд тэрээр үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хөлслүүлэгчийн өмнө бүрэн хариуцна.
2.Дамжуулан хөлслөх гэрээний хугацааг талууд тохиролцон тогтоох боловч орон сууц хөлслөх үндсэн гэрээний үлдсэн хугацаанаас хэтэрч болохгүй. Дамжуулан хөлслөгч нь гэрээний хугацаа сунгахыг шаардах эрхгүй.
3.Дамжуулан хөлслөгч гэрээний хугацаа дуусмагц орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхгүй бол үндсэн хөлслөгчийн шаардсанаар өөр орон сууц олгосон эсэхийг харгалзахгүйгээр түүнийг шүүхийн журмаар нүүлгэн гаргана.
4.Дамжуулан хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Энэ үед талууд гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ тухай нэг сараас доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.
5.Орон сууц дамжуулан хөлсөлсний хөлсийг талууд тохиролцон тогтоох боловч үндсэн гэрээгээр тогтоогдсон хөлслөгчийн төлбөл зохих хөлсний хэмжээнээс хэтэрч болохгүй.
255 дугаар зүйл.Түр суугч
Хөлслөгч өөрийн эзэмшиж байгаа орон сууцдаа гэрээ ба хөлсгүйгээр түр суугчийг суулгаж болно. Түр суугч нь хөлслөгчийн анхны шаардлагаар уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд чөлөөлөхөөс татгалзвал түүнийг хуульд заасны дагуу нүүлгэн гаргана.
256 дугаар зүйл.Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслөгч, түр суугчийг гаргах
Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслөгч ба түр суугчийг өөр орон сууц олгосон эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасан журмаар нүүлгэн гаргана.
257 дугаар зүйл.Орон сууц солилцох
1.Орон сууц хөлслөгчид нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр өөрсдийн эзэмшиж байгаа орон сууцаа солилцох эрхтэй.
2.Ийнхүү солилцохын тулд хөлслөгчид нь гэр бүлийнхээ насанд хүрсэн бүх гишүүний зөвшөөрлийг бичгээр авсан байх үүрэгтэй. Энэ шаардлагыг биелүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
258 дугаар зүйл.Орон сууц өмчлөх эрх өөр өмчлөгчид шилжих
Бусдад хөлслүүлсэн орон сууцны өмчлөх эрх өөр өмчлөгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
259 дүгээр зүйл.Орон сууц хөлслөх хугацаатай гэрээг цуцлах
1.Орон сууц хөлслөгчийн санаачилгаар орон сууц хөлслөх хугацаатай гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Ийнхүү цуцлах тухайгаа хөлслөгч нэг сараас доошгүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй.
2.Орон сууц хөлслүүлэгчийн санаачилгаар орон сууц хөлслөх хугацаатай гэрээг цуцлах талаар талууд харилцан тохиролцохгүй бол түүнийг гагцхүү шүүхийн шийдвэрээр хугацаанаас өмнө цуцалж болно.
260 дугаар зүйл.Орон сууц хөлслөх хугацаагүй гэрээг цуцлах
1.Нийтийн зориулалттай орон сууцыг хугацаагүй хөлсөлсөн бөгөөд хөлслөгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг бол талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцлана. Талууд ийнхүү тохиролцохгүй бол шүүхийн журмаар гэрээг цуцалж болно.
2.Хувийн зориулалттай орон сууц хөлслөх гэрээг хугацаагүй байгуулсан бол талуудын аль нэг нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй боловч энэ тухай гурван сараас доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.
261 дүгээр зүйл.Орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болох
1.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр орон сууцны байшинг буулгахад орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон тохиолдолд хөлслөгчид өөр орон сууц олгох буюу боломжгүй бол гарсан зардлыг уг байгууллагаас нөхөн төлнө.
3.Ашиглалтын шаардлага хангахгүй болсноос орон сууцны байшинг буулгахад энэ зүйлийн заалт хамаарахгүй.
262 дугаар зүйл.Хөлслөгчийг орон сууцнаас шүүхийн журмаар нүүлгэн гаргах
Орон сууц хөлслөгчийг дараахь тохиолдолд өөр орон сууц олгохгүйгээр шүүхийн журмаар нүүлгэн гаргана:
1/хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүн орон сууц хөлслөх гэрээний үүргээ байнга зөрчиж, хөлслүүлэгчээс урьдчилан удаа дараа сануулсаар байтал уг зөрчлөө арилгаагүй;
2/иргэд орон сууцанд хууль бусаар орж суусан;
3/түр буюу улирлын чанартай ажил гүйцэтгэх, сургуульд суралцахтай холбогдуулан олгосон нийтийн байрыг ажил, сургуулиа төгссөний дараа сайн дураар чөлөөлөөгүй;
4/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа гэрээгээр тохиролцсоны дагуу аж төрж байсан орон сууцаа уг гэрээнд заасан хугацаа дуусахад чөлөөлөөгүй;
5/өөр орон сууц олгохоор хуульд зааснаас бусад тохиолдолд албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж, тодорхой хугацаагаар, хуульд заасны дагуу олгосон орон сууцыг хугацаа дууссаны дараа сайн дураар чөлөөлөөгүй;
263 дугаар зүйл.Хөлслөгчийг зочид буудлаас шүүхийн журмаар нүүлгэн гаргах
Зочид буудалд хугацаа хэтрүүлэн суух буюу зочид буудлын дотоод журмыг удаа дараа зөрчсөн хөлслөгчийг шүүхийн журмаар нүүлгэн гаргана.
264 дүгээр зүйл.Нүүлгэн гаргах журам
Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дангаараа буюу цагдаагийн байгууллагатай хамтран хөлслөгчийг нүүлгэн гаргана.
ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө түрээслэх
265 дугаар зүйл.Эд хөрөнгө түрээслэх гэрээ
1.Эд хөрөнгө түрээслэх гэрээгээр түрээслүүлэгч өөрийн өмчлөлд буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-дээ байгаа үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биeлүүлэхэд нь зориулж зохих болзол, хугацаа, төлбөртэйгээр эзэмшүүлэх, ашиглуулахаар шилжүүлэх; түрээслэгч нь эд хөрөнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу эзэмших, ашиглах, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Эд хөрөнгийг эрх залгамжлан түрээсэлж болно.
3.Түрээсийн гэрээнд энэ хуулийн 242 дугаар зүйлийн заалт нэг адил хамаарна.
266 дугаар зүйл.Түрээсэлсэн эд хөрөнгөөс олсон орлого, үр шим, үр төлийг өмчлөх
Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсэлсэн эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үр дүнд буй болсон орлого, үр шим, үр төлийг өмчлөх эрхийг талуудын хоорондын гэрээгээр тодорхойлно.
267 дугаар зүйл.Түрээсийн гэрээний хэлбэр
1.Түрээсийн гэрээг бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
268 дугаар зүйл.Түрээсийн гэрээний хугацаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээний хугацааг түрээсэлж буй эд хөрөнгийн шинж байдал, зориулалтыг харгалзан талууд тохиролцож тогтооно.
2.Түрээсийн гэрээнд энэ хуулийн 233 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн заалт нэг адил хамаарна.
269 дүгээр зүйл.Түрээсийн гэрээг өөрчлөх ба цуцлах
Хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх боломжгүй болбол гэрээг өөрчлөх ба цуцлахыг талуудын аль нэг нь шаардах эрхтэй.
270 дугаар зүйл.Түрээсийн гэрээг өөрчлөхгүй ба цуцлахгүй байх
1.Талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар түрээслүүлэгч, түрээслэгч солигдох нь түрээсийн гэрээг цуцлах, гэрээний нөхцөлийг өөрчлөх үндэслэл болохгүй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь эрх залгамжлагчаас гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах тухай санал гаргахад саад болохгүй.
271 дүгээр зүйл.Түрээсийн төлбөр
1.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн төлбөрийг талууд тохиролцож тогтооно.
2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно.
3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлнө.
272 дугаар зүйл.Түрээслүүлэгчийн үүрэг
1.Түрээслүүлэгч нь гэрээний нөхцөлд тохирсон эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээгээр тохирсон бол эд хөрөнгөнд засвар хийх үүрэгтэй. Бусад үүргийг талууд тохиролцон гэрээнд тодорхойлж болно.
2.Гэрээ байгуулах үед мэдэгдээгүй байсан бөгөөд ашиглахад саад болж байгаа эд хөрөнгийн чанарын дутагдлыг түрээслүүлэгч хариуцна.
273 дугаар зүйл.Түрээслэгчийн үүрэг
Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу эзэмших, ашиглах; газрын үржил, малын ашиг шим, эд хөрөнгийн чанар байдлыг алдагдуулахгүй байх; нөхөн сэргээх; түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх; хуульд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээгээр тохиролцсон бол эд хөрөнгөнд засвар хийх; хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэг хүлээнэ. Бусад үүргийг талууд тохиролцон гэрээнд зааж болно.
274 дүгээр зүйл.Түрээслүүлэгч, түрээслэгчийн давуу эрх
1.Түрээслүүлэгч нь гэрээ байгуулахаар хэд хэдэн этгээд санал гаргавал түрээслэгчийг сонгож авах, түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгө эзэмших найдваргүй болсон тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг дахин түрээслэх, худалдах тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг түрээслэгч нь түүнийг тэргүүн ээлжинд түрээслэн авах буюу худалдан авах эрхтэй. Түрээслүүлэгч энэ заалтыг зөрчиж, уг эд хөрөнгийг өөр этгээдэд түрээслэх буюу худалдах гэрээ байгуулсан байвал хуучин түрээслэгч нь шинэ түрээслэгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй.
3.Талууд тохиролцон бусад давуу эрхийг гэрээгээр тогтоож болно.
275 дугаар зүйл.Эд хөрөнгийг дамжуулан түрээслэх
Түрээслэн авсан эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.
276 дугаар зүйл.Түрээслэх эд хөрөнгийг үнэлэх
Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсэлж байгаа эд хөрөнгийг талуудын тохиролцсоноор үнэлнэ.
277 дугаар зүйл.Түрээслэсэн эд хөрөнгийг худалдах буюу үнэ төлбөргүй шилжүүлэх
Түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээслэсэн эд хөрөнгийг дахин үнэлж худалдах, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлэх эсэхийг талууд тохиролцох эрхтэй.
278 дугаар зүйл.Түрээсэлсэн эд хөрөнгийн даатгал
Түрээслэсэн эд хөрөнгийг даатгуулах, даатгалын хөрөнгийг хуваарилах журмыг талууд гэрээгээр тохиролцоно.
279 дүгээр зүйл.Хамтран түрээслэх
Хэд хэдэн этгээд эд хөрөнгө хамтран түрээслэх тохиолдолд түрээслэгчдийн хоорондын харилцааг тэдгээрийн хоорондын гэрээгээр зохицуулна. Хамтран түрээслэсэн нөхцөлд түрээслэгч бүр эрхээ хамгаалахыг бие даан шаардах эрхтэй.
280 дугаар зүйл.Түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагавар
1.Түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол талууд хууль буюу гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
2.Түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй талын хариуцлагыг тодорхойлоход энэ хуулийн 236, 238 дугаар зүйлийн заалт хамаарна.
281 дүгээр зүйл.Газар түрээслэх
1.Газар түрээслэх эрх нь газрын хэвлийг эзэмших, ашиглахад хамаарахгүй.
2.Газар түрээслэх журмыг хуулиар тогтооно.
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах
282 дугаар зүйл.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ
1.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь эд хөрөнгийг түр хугацаанд нөгөө талдаа үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлнэ.
2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд энэ хуулийн 231, 233, 242 дугаар зүйлийн заалт нэг адил хамаарна.
283 дугаар зүйл.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа талын үүрэг
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал түүнийг гэрээнд заасны дагуу ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр гэмтээж, муудуулахгүй байх, засвар хийх, уг эд хөрөнгийг хэвийн байдалд байлгахын тулд зохих зардал гаргах үүрэгтэй. Эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглахаар авсан тал гэрээ дуусгавар болоход уг эд хөрөнгийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож буцааж өгөх үүрэгтэй.
2.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглахаар авсан тал энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн бөгөөд эд хөрөнгө өгсөн тал сануулсаар байхад дээрх зөрчлийг үргэлжлүүлсээр байвал эд хөрөнгө өгсөн тал нь гэрээг цуцлахыг шаардах, гаргасан зардал буюу эд хөрөнгө гэмтэж муудсанаас учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
3.Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглахаар авсан тал түүнийг өгсөн талын зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд шилжүүлэх эрхгүй. Зөвшөөрөл авч эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн этгээд нь эд хөрөнгө өгсөн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
284 дүгээр зүйл.Үнэ төлбөргүй ашиглуулахаар өгсөн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжих
Үнэ төлбөргүй ашиглуулахаар өгсөн эд хөрөнгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Харин гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол шинэ өмчлөгч нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй.
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Оюуны үнэт зүйлийг ашиглах
285 дугаар зүйл.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээ
1.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээгээр оюуны үнэт зүйлийг өмчлөгч буюу патент эзэмшигч нь сонирхогч этгээд /иргэн, хуулийн этгээд, төр/-эд оюуны үнэт зүйлийг тодорхой зориулалтаар, шагналтай ашиглуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.
2.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээний зүйл болох бүтээлтэй холбогдсон зохиогчийн амины эрхийн хувьд сонирхогч этгээд аливаа эрх эдлэхгүй.
3.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээнд энэ хуулийн зохих заалт хамаарна.
286 дугаар зүйл.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээний хэлбэр
Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээг бичгээр хийх ба хуульд тусгайлан заасан бол эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.
287 дугаар зүйл.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээний зүйл, үнэ, агуулга
1.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээний зүйл нь хуулиар тогтоосон журмаар хэлбэржиж, бүртгэгдэж, тооцогдсон нээлт, шинэ бүтээл, оновчтой санал, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг болон зохиогчийн эрхэд хамаарах бүтээл байна.
2.Оюуны үнэт зүйлийг ашигласны хөлс, шагналыг хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний талууд тохиролцон тогтооно.
3.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээнд оюуны үнэт зүйлийг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хуульд заасан бусад нөхцөлийг заана.
288 дугаар зүйл.Оюуны үнэт зүйлийг ашиглах гэрээ зөрчсөнөөс үүсэх хариуцлага
Гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хууль буюу гэрээнд заасан хэмжээ, нөхцөлийн дагуу хариуцлага хүлээнэ.
III ДЭД ХЭСЭГ
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Ажил гүйцэтгэх
289 дүгээр зүйл.Ажил гүйцэтгэх гэрээ
1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн даалгаврын дагуу түүний буюу өөрийн эд хөрөнгөөр тодорхой ажил гүйцэтгэх; захиалагч уг ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ төсөв боловсруулж болно. Төсвийг өөрчлөх арга, журмын талаар болон түүнийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд гэрээгээр тодорхойлно.
3.Захиалагч нь ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр хэдийд ч ажлын явц, чанарыг шалгах эрхтэй.
4.Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацаа болохоос өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас устсан буюу гэмтсэн эд хөрөнгийн талаархи хариуцлагыг тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч, уг хугацаа болсноос хойш үүссэн хариуцлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хугацаа хожимдуулсан тал хүлээнэ.
5.Ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг захиалагчид хүлээлгэн өгөхөөс өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас устсан буюу гэмтсэн,эсхүл захиалагчийн буруугаас болж ажлыг дуусгах боломжгүй болсон бол ажил гүйцэтгэгч ажлын хөлсийг шаардах эрхтэй. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх боломжгүй болсон нь захиалагчийн эд хөрөнгө буюу ажил гүйцэтгэх тухай заавар учир дутагдалтайгаас болсон бөгөөд ажил гүйцэтгэгч нь эд хөрөнгийг солих, өгсөн заавраа өөрчлөх явдал чухал болохыг захиалагчид цаг тухайд нь мэдэгдсэн бол ажил гүйцэтгэгч ажлын хөлс авах эрхээ алдахгүй. Түүнчлэн ажил гүйцэтгэхэд хэрэглэгдэх зүйл үрэгдсэн явдал ажил гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бөгөөд ажил хүлээн авах хугацааг захиалагч хожимдуулснаас хойш тохиолдсон бол ажил гүйцэтгэгч хөлс авах эрхээ нэг адил алдахгүй.
6.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийнэ.
290 дугаар зүйл.Ерөнхий ба туслан гүйцэтгэгч
1.Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.
291 дүгээр зүйл.Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын буюу тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй.
292 дугаар зүйл.Ажлын хөлс
Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
293 дугаар зүйл.Ажлын чанар
Ажлын чанарыг талууд тохиролцон тодорхойлно.
294 дүгээр зүйл.Ажил гүйцэтгэгчийн үүрэг
1.Ажил гүйцэтгэгч нь гэрээнд дурдсан ажлыг тогтоосон хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.
2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч уг ажлыг өөрийн эд хөрөнгө, багаж, техник хэрэгслээр гүйцэтгэнэ.
3.Захиалагчийн нийлүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр гүйцэтгэх ажлын шаардлагад тэнцэхгүй буюу чанар муутай байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй.
4.Ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн заавар уг ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхүйц байх буюу ажил гүйцэтгэгчээс үл хамаарах бусад шалтгаан байвал ажил гүйцэтгэгч зохих цагт нь захиалагчид мэдэгдэх үүрэгтэй.
5.Ажил гүйцэтгэгч захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд устсан буюу гэмтсэнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ.
295 дугаар зүйл.Ажил гүйцэтгэгч гэрээ зөрчсөнөөс үүсэх захиалагчийн эрх
1.Ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн дутагдал байвал захиалагч дор дурдсан шаардлагын аль нэгийг тавих эрхтэй:
1/буруу буюу дутуу гүйцэтгэсэн ажлыг тогтоосон хугацаанд өөрийн зардлаар засах буюу гүйцээх;
2/ажлын хөлсийг зохих хэмжээгээр хорогдуулах;
3/ажлын дутагдлыг захиалагч өөрийн хөрөнгөөр засахад гарсан зайлшгүй зардлыг төлүүлэх.
2.Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхдээ гэрээг ноцтой зөрчсөн буюу бусад ноцтой дутагдал гаргасан байвал захиалагч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
296 дугаар зүйл.Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа
1.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг дутагдал байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.
2.Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.
3.Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
297 дугаар зүйл.Захиалагчийн үүрэг
1.Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, зохих хөлсийг төлөх үүрэгтэй. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажлын хөлсийг бүх ажлыг гүйцэтгэсний дараа төлнө.
2.Гэрээнд заасан бол захиалагч нь ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах эд хөрөнгийг бүрэн буюу түүний заримыг ажил гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.
3.Захиалагч нь ажил гүйцэтгэгчээс зохих хугацаанд тавьсан шаардлагын дагуу түүнд өгсөн чанар муутай буюу хэрэгцээгүй эд хөрөнгийг солих, ажил гүйцэтгэх аргын талаар өгсөн заавраа өөрчлөх, түүнчлэн ажлын чанарт муугаар нөлөөлөх өөрөөс хамаарах бусад нөхцөлийг арилгах үүрэгтэй.
298 дугаар зүйл.Захиалагч гүйцэтгүүлсэн ажлаа хүлээн аваагүйгээс үүсэх үр дагавар
1.Захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй бөгөөд хууль буюу гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол ажил гүйцэтгэгч гурван сарын дотор хоёроос доошгүй удаа бичгээр урьдчилан мэдэгдсэний дараа уг зүйлийг дуудлагын буюу комиссийн худалдаагаар худалдах эрхтэй.
2.Худалдсан үнээс ажил гүйцэтгэгч төлүүлэн авбал зохих бүх төлбөрөө суутган авч, илүү гарсныг захиалагчид олгоно. Захиалагчид олгох боломжгүй бол улсын орлогод оруулна.
3.Худалдсан үнэ нь ажил гүйцэтгэгчид төлбөл зохих төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зөрүүг захиалагчаас шаардах эрхтэй.
4.Гүйцэтгэгчийн эд хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн аваагүйгээс үүсэх үр дагаврыг энэ зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар зохицуулна.
299 дүгээр зүйл.Захиалагчийн шаардлагаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах
1.Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй буюу удаан хийснээс түүнийг хугацаанд нь дуусгах боломжгүй болсон бол захиалагч гэрээг цуцалж,учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
2.Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нь илэрхий болсон буюу ажлын дутагдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй бөгөөд гэрээнд заасан бол захиалагч нь гэрээг цуцлахгүйгээр, ажил гүйцэтгэгчийн зардлаар уг ажлын дутагдлыг засаж цаашид үргэлжлүүлэхийг өөр этгээдэд даалгаж болно.
3.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал захиалагч нь нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхийн хамт гэрээ цуцалсны улмаас ажил гүйцэтгэгчид учирсан хохирлыг гүйцэтгэсэн ажлын байдлыг харгалзан төлж, ажил дуусахаас өмнөх аль ч үед гэрээг цуцлах эрхтэй.
300 дугаар зүйл.Ажил гүйцэтгэгчийн шаардлагаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах
Ажил гүйцэтгэхэд тэнцэхгүй буюу чанар муутай эд хөрөнгийг сольж өгөх, эсхүл ажил гүйцэтгэх талаар өгсөн үндэслэлгүй заавраа өөрчлөх тухай зохих хугацаанд өгсөн шаардлагыг захиалагч хүлээж аваагүй бол ажил гүйцэтгэгч гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.
301 дүгээр зүйл.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний зохицуулалт
1.Ажил гүйцэтгэх гэрээний тодорхой төрлүүдэд энэ хуулийн 289-өөс 300 дугаар зүйлд заасан нийтлэг журам хамаарна.
2.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг хуулиар тогтоож болно.
ГУЧДУГААР БҮЛЭГ
Барилгын ажил гүйцэтгэх
302 дугаар зүйл.Барилгын ажил гүйцэтгэх гэрээ
1.Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн буюу захиалагчийн эд хөрөнгөөр зохих зураг, төслийн дагуу барилга барих буюу барилгын ажил гүйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд захиалагчид шилжүүлэн өгөх; захиалагч нь ажил гүйцэтгэгчид барилга барих талбай, ажлын байр гаргаж өгөх, зураг, төсөл, төсвийг шилжүүлэх, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол материал техник, зураг, төслөөр хангах үүргийг аль тал гүйцэтгэхийг гэрээгээр тодорхойлно.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол барилгын ажил гүйцэтгэсний хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
4.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас барьж байгаа барилга түүнийг хүлээлгэн өгөх хугацаанаас өмнө нурсан буюу гэмтсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол захиалагч нь гүйцэтгэсэн болон сэргээн босголтын ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.
5.Талуудаас үл хамаарах нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг дараа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр түр зогсоох шаардлага гарвал захиалагч нь түр зогсоохоос өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс болон түр зогсоохтой холбогдож гарах зардлыг ажил гүйцэтгэгчид төлнө.
303 дугаар зүйл.Барилгын ажлын гүйцэтгэлийг шалгах
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэж байгаа ажил нь хугацаа, хэмжээ, төсөв, чанарын талаар гэрээ болон зураг төсөлдөө нийцэж байгаа эсэхэд захиалагч зохих журмын дагуу шалгалт хийж, хяналт тавина.
2.Ажил гүйцэтгэгч нь барилга болон барилгын тодорхой төрлийн ажлыг хийж дуусмагц дараагийн ажлыг гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс шаардагдах ажлуудыг тодорхойлсон бичиг баримт үйлдэж, захиалагчид шилжүүлэх үүрэгтэй.
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Төсөл зохиох ажил гүйцэтгэх
304 дүгээр зүйл.Төсөл зохиох ажил гүйцэтгэх гэрээ
1.Тодорхой төсөл зохиох ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгаар төслийн баримт бичгийг боловсруулах; захиалагч түүнийг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Төслийг хүлээн авах, хэрэгжүүлэх явцад дутагдал илэрвэл ажил гүйцэтгэгч нь түүнийг дахин үнэ төлбөргүй хийх, хууль буюу гэрээнд өөр хариуцлага тогтоогоогүй бол төслийн дутагдлаас болж захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
3.Захиалагч нь төслийн зориулалт, бусад зайлшгүй шаардлагатай мэдээллээр ажил гүйцэтгэгчийг хангах үүрэгтэй ба түүнийг биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх
305 дугаар зүйл.Судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх гэрээ
1.Судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалгад заасан судалгаа шинжилгээний ажил хийх, шинэ бүтээгдэхүүний загвар, түүнийг зохион бүтээх бичиг баримтыг боловсруулах, үйлдвэрлэлийн шинэ технологи буюу үйлдвэрлэлд шинэлэг бусад зүйлийг зохион бүтээх, туршилт явуулах; захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Гүйцэтгэгчтэй хийх гэрээ нь судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бүтээх ажлыг бүхэлд нь болон тэдгээрийн тодорхой үе шатыг хамарч болно.
3.Судалгаа шинжилгээний ба туршилт зохион бүтээх ажлыг гүйцэтгэх явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй болох нь илэрвэл захиалагч тэр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажилд тохирох хөлс, гүйцэтгэгчээс гарсан зардлыг төлөх үүрэгтэй.
4.Гүйцэтгэгч нь судалгаа шинжилгээний ба туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэх явцдаа зохиогчийн эрхэд хамаарах оюуны үнэт зүйл бүтээсэн бол уг бүтээлтэй холбогдсон зохиогчийн амины эрхийн хувьд захиалагч аливаа эрх эдлэхгүй.
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зохиол бүтээл туурвих ажил гүйцэтгэх
306 дугаар зүйл.Зохиол бүтээл туурвих ажил гүйцэтгэх гэрээ
1.Зохиол бүтээл туурвих ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь шинжлэх ухаан, техникийн болон урлаг, утга зохиолын ямар нэгэн төрөл, хэлбэрийн бүтээлийг захиалгын дагуу тогтоосон хугацаанд туурвиж, захиалагчид шилжүүлэх; захиалагч нь уг бүтээлийг хүлээн авч, зохих хөлс, шагналыг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиол бүтээл туурвих ажил гүйцэтгэх гэрээнд энэ хуулийн 304 дүгээр зүйлийн 2, 3; 305 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн заалт нэг адил хамаарна.
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хөдөлмөрлөх
307 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээ
1.Иргэд нь хуулийн этгээд, иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно.
2.Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол уг гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ.
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хөлсөөр ажиллах
308 дугаар зүйл.Хөлсөөр ажиллах гэрээ
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч өөрийн өндөр мэдлэг, онцгой авъяас чадвараа ашиглан тодорхой хугацаагаар ажиллах; ажиллуулагч хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
309 дүгээр зүйл.Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа
1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөлсөөр ажиллах гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
2.Ажлын онцлогийг харгалзан завсрын хугацаа тогтоож болно.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцож тодорхойлох боловч энэ нь тухайн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас их байж болохгүй.
310 дугаар зүйл.Хөлсөөр ажиллах гэрээний хөлс
1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөлсөөр ажиллах гэрээний хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллах үүргийг гүйцэтгэхтэй холбоотой бусад эрх, үүргийг талууд гэрээндээ тодорхойлж болно.
311 дүгээр зүйл.Ажиллагчийн үүрэг
1.Ажиллагч дараахь үүргийг хүлээнэ:
1/гэрээнд заасан ажлыг биечлэн гүйцэтгэх, ажлаа гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхгүй байх;
2/гэрээний хугацаанд ажиллуулагчийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж буй үүрэгтэйгээ холбоотой буюу ижил үүргийг бусад этгээдийн өмнө гүйцэтгэхгүй байх;
3/гэрээнд заасан үүрэгтэй холбоотой бусад үүрэг гүйцэтгэх.
2.Ажиллагч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үүргээ зөрчвөл гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэх; 2, 3-т заасан үүргээ зөрчвөл гэрээг цуцалж, учирсан хохирол болон гэрээнд заасан анз төлүүлэхээр ажиллуулагч шаардах эрхтэй.
312 дугаар зүйл.Ажиллуулагчийн үүрэг
1.Ажиллуулагч дараахь үүрэг хүлээнэ:
1/гэрээгээр тодорхойлсон хөлсийг төлөх;
2/гэрээнд заасан бол эд хөрөнгийн дэмжлэг үзүүлэх;
3/хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа нас барсан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсний улмаас учирсан хохирлыг арилгах.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллуулагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ ажиллагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй.
3.Ажиллуулагч хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл ажиллагч нь учирсан хохирол, зардлыг төлүүлэх, эсхүл гэрээг цуцалж, учирсан хохирол, зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
IV ДЭД ХЭСЭГ
ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
ГУЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлт
313 дугаар зүйл.Тээвэрлэлтийн гэрээ
1.Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэгчээс итгэмжлэн өгсөн ачааг дурдсан газар хүргэж, эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх; гэрээнд өөрөөр заагаагүй бол ачаа тээвэрлүүлэгч нь тогтоосон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Зорчигч тээвэрлэх гэрээгээр тээвэрлэгч нь зорчигчийг хүрвэл зохих газар нь маршрутын дагуу тээвэрлэн хүргэх, хэрэв зорчигч тээш өгсөн бол түүнийг дурдсан газар хүргэж, зорчигч буюу зохих эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх; гэрээнд өөрөөр заагаагүй бол зорчигч нь тээвэрлэлтийн хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
3.Ачаа, зорчигч, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрэм ба тогтоосон журмаар батлагдсан бусад дүрмээр тодорхойлогдоно.
4.Хуульд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч нь тээвэрлэлтийн талаархи; тээвэрлүүлэгч нь ачаа, тээшийн талаархи мэдээллийг харилцан солилцоно.
314 дүгээр зүйл.Тээвэрлэлтийн гэрээний хэлбэр
Тээвэрлэлтийн гэрээ нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлбэртэй байна.
315 дугаар зүйл.Тээвэрлэлтийн хөлс
1.Тээвэрлэлтийн хөлсийг талууд тохиролцон тогтооно.
2.Тээвэрлүүлэгчийн тээвэрлүүлэхээр өгсөн ачааг тээвэрлэгч тээвэрлэлтийн хөлс болон бусад төлбөрийн барьцаанд барьж болно.
316 дугаар зүйл.Тээвэрлэлтийн хугацаа, түүнийг зөрчсөний хариуцлага
1.Хуульд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
2.Тээвэрлэгч хугацаа зөрчсөн бол хууль буюу гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
3.Хугацаа хожимдуулсан нь өөрийнх нь буруугаас болоогүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
4.Тээвэрлэгч маршрут зөрчсөн бөгөөд гэрээнд заасан бол хариуцлага хүлээнэ.
317 дугаар зүйл.Зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хариуцлага
Зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулснаас тээвэрлэгчийн хүлээх хариуцлага нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн тухай хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
318 дугаар зүйл.Ачаа буюу тээшийг алдаж дутагдуулсан, гэмтээснээс үүсэх хариуцлага
Хуульд өөрөөр заагаагүй бол тээвэрлэгч тээвэрлэхээр хүлээн авсан ачаа, тээшийг алдсан, дутагдуулсан бол үнийг хоёр нугалж; гэмтээсэн бол гэмтээсэн ачаа, тээшийн үнийг төлүүлэхээр тээвэрлүүлэгч шаардах эрхтэй.
319 дүгээр зүйл.Тээвэрлэлтийн талаар гаргах гомдлын шаардлага, нэхэмжлэл
1.Тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө тээвэрлэгчид гомдлын шаардлага гаргана.
2.Гомдлын шаардлагыг түүнийг гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн зургаан сарын дотор гаргана. Хууль болон гэрээнд анз төлөхөөр заасан бол энэ тухай гомдлын шаардлагыг дөчин тав хоногийн дотор гаргана.
3.Тээвэрлэгч нь гомдлын шаардлагыг хүлээн авч, түүнийг хангах буюу няцаах тухай хариуг гурван сарын дотор тээвэрлүүлэгчид мэдэгдэнэ. Харин хэд хэдэн төрлийн тээврийг нэг баримт бичигтэйгээр гүйцэтгэж байгаа тээвэрлэлтийн талаар гаргасан гомдлын шаардлагад зургаан сарын дотор, анз төлүүлэх тухай гомдлын шаардлагад дөчин тав хоногийн дотор хариу мэдэгдэх үүрэгтэй.
4.Гомдлын шаардлагыг няцаасан, эсхүл энэ зүйлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол тээвэрлүүлэгч хариу авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
5.Тээвэрлэгч нь ачаа тээвэрлүүлэгч, хүлээн авагч, зорчигчдод тээвэрлэлттэй холбогдуулан гаргах гомдлын шаардлага, нэхэмжлэлд энэ зүйлийн заалт хамаарна.
320 дугаар зүйл.Тээвэрлэлтийг зохион байгуулах тухай гэрээ
1.Ачааг байнга тээвэрлэх шаардлагатай бол тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд тээвэрлэлтийг байнга буюу тодорхой хугацаанд зохион байгуулах тухай гэрээ байгуулж болно.
2.Тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээнд тээврийн хэрэгсэл олгох, тээвэрлүүлэх ачааг шилжүүлэх хугацаа, ачааны хэмжээ болон бусад нөхцөлүүд, түүнчлэн тодорхой төрлийн тээврийн дүрэм, журамд заагаагүй тээвэрлэлтийг зохион байгуулах бусад нөхцөлийг заана.
3.Тээвэрлэлтийг зохион байгуулах тухай гэрээнд энэ хуулийн 314-өөс 319 дүгээр зүйлийн заалт нэг адил хамаарна.
ГУЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Даалгавар
321 дүгээр зүйл.Даалгаврын гэрээ
1.Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх; хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэгч даалгаврыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна.
3.Даалгавар өгөгч өөрийн ашиг сонирхлыг өөрөөр хангах боломжоо алдсан үед даалгавраас татгалзсан даалгавар гүйцэтгэгч ийнхүү татгалзсанаас учирсан хохирлыг даалгавар өгөгчид төлөх үүрэгтэй.
322 дугаар зүйл.Даалгавар гүйцэтгэгчийн үүрэг
1.Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй.
2.Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй.
323 дугаар зүйл.Даалгавар өгөгчийн үүрэг
Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй. Түүнчлэн гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй.
324 дүгээр зүйл.Даалгавар өөрчлөгдөх
Даалгавар бүрэн гүйцэтгэгдээгүй байхад даалгавар өгөгч нь түүнийг өөрчилбөл даалгавар гүйцэтгэгчид учирсан хохирлыг төлөх ба хөлс өгөхөөр тохиролцсон байсан бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.
325 дугаар зүйл.Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар гүйцэтгэхээс татгалзах
Даалгавар гүйцэтгэгч нь өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзвал түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй.
326 дугаар зүйл.Даалгавар гүйцэтгэгч нас барах буюу хуулийн этгээд татан буугдах
1.Даалгавар гүйцэтгэгч иргэн нас барвал түүний өв залгамжлагч нь гэрээ дуусгавар болсон тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.
2.Даалгавар гүйцэтгэгч хуулийн этгээд татан буугдвал энэ үүргийг татан буулгах комисс, эсхүл татан буулгах ажлыг эрхлэн явуулж байгаа этгээд энэ тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.
327 дугаар зүйл.Даалгаврыг өөр этгээдэд шилжүүлэх
1.Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээд /орлон гүйцэтгэгч/-эд шилжүүлж болно.
2.Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухай даалгавар өгөгчид даруй мэдэгдэх ба орлон гүйцэтгэгчийн талаар даалгавар өгөгчийг мэдээллээр хангах үүрэгтэй.
3.Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг гүйцэтгэх шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгавар гүйцэтгэгдээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэгдээгүй байвал хариуцлагыг өөрөө хүлээнэ.
4.Даалгавар гүйцэтгэгч нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол орлон гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өөрийн үүргийн нэгэн адил хариуцна.
5.Даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэгчийн сонгон авсан орлон гүйцэтгэгчийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
328 дугаар зүйл.Даалгаврын гэрээ дуусгавар болох
Даалгаврын гэрээ энэ хуулийн 195, 197-гоос 2О1 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:
1/даалгавар өгөгч даалгавраа өөрчилсөн;
2/даалгавар гүйцэтгэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзсан;
3/талуудын аль нэг нь болох иргэн эрхийн бүрэн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
4/талуудын аль нэг нь болох хуулийн этгээд татан буугдсан.
329 дүгээр зүйл.Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх
1.Зохих бүрэн эрхгүй атлаа өөр этгээдийн ашиг сонирхлын үүднээс хэлцэл хийсэн этгээдийн үйл ажиллагааг тухайн этгээд хожим хүлээн зөвшөөрвөл уг хэлцлийг хийхэд гарсан бүх зардлыг төлөх үүрэгтэй. Ийнхүү хүлээн зөвшөөрөөгүй бол ашиг сонирхлынх нь үүднээс хэлцэл хийгдсэн этгээд уг хэлцэл хийснээс олсон ашгийн хэмжээнд зайлшгүй зардлыг төлнө.
2.Бусдын эд хөрөнгөнд хохирол учирч болзошгүй бодитой аюулын тухай өмчлөгч буюу эзэмшигчид нь урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөлд уг аюулыг зайлуулсан зохих бүрэн эрхгүй этгээд зардал, хохирлоо төлүүлэхийг өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй. Ийнхүү төлөх хохирлын хэмжээ нь учрах байсан хохирлын хэмжээнээс хэтэрч болохгүй.
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Зуучлал
330 дугаар зүйл.Зуучлалын гэрээ
Зуучлалын гэрээгээр зууч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх; зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
331 дүгээр зүйл.Зуучлалын гэрээний хэлбэр
Хуульд өөрөөр заагаагүй бол зуучлалын гэрээг байгуулахад энэ хуулийн 39 дүгээр зүйлийг баримтална.
332 дугаар зүйл.Зуучийн үүрэг
1.Зууч нь зуучлуулагчийг гуравдагч этгээдтэй гэрээ хийлгэхээр тохиролцож, түүнийгээ тодорхой хэлбэрээр нотлох үүрэгтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нотлох хэлбэрийг гэрээгээр тодорхойлно. Ийнхүү нотолж чадаагүй бол зуучийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.
2.Зууч нь зуучлуулагчийн итгэмжлэн өгсөн мэдээллийн нууцыг хадгалах, түүний ашиг сонирхолд харш мэдээллийг ашиглахгүй байх үүрэгтэй ба энэ үүргээ зөрчвөл зуучлуулагч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
3.Зууч нь зуучлалтай холбогдуулж зуучлуулагчийн өгсөн зааврыг биелүүлнэ. Энэ заавар нь хууль зөрчсөн буюу зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэвэл зууч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй. Ийнхүү буруу зааварласнаас үүсэх хариуцлагыг зууч гуравдагч этгээдийн өмнө хүлээхгүй.
4.Зууч үүргээ гүйцэтгэхээс үндэсгүйгээр татгалзвал зуучлуулагч гэрээг цуцлах, хөлс төлөхөөс татгалзах эрхтэй.
5.Зууч нь гуравдагч этгээдэд гэрээгээр шилжүүлэхээр зуучлуулагчаас олгосон эд хөрөнгийг өөрөө худалдаж авах эрхгүй. Зууч энэ заалтыг зөрчвөл уг эд хөрөнгө /боломжгүй бол түүний үнэ/-ийг зуучлуулагчид буцаан өгч, зууч орлого олсон бол түүнийг улсын орлогод хураана.
6.Зууч нь гагцхүү зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө ажиллах ба гэрээ байгуулагч гуравдагч этгээдийн зуучийн үүргийг давхар гүйцэтгэж болохгүй. Энэ заалтыг зөрчвөл зуучлуулагч нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо төлүүлэх эрхтэй ба гуравдагч этгээдээс зуучийн авсан хөлсийг улсын орлогод хураана.
7.Энэ зүйлд зааснаас өөр үүргийг гэрээгээр тодорхойлж болно.
333 дугаар зүйл.Зуучлуулагчийн үүрэг
1.Зуучлуулагч нь зуучийг үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, бусад нөхцөлөөр хангах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхгүй бол зуучлагч нь гэрээг цуцлах эрхтэй.
2.Зуучлуулагч нь хууль буюу гэрээнд заасны дагуу хөлсийг тогтоосон хугацаанд төлөх бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй бол зууч учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
334 дүгээр зүйл.Зуучлах үүргийг өөр этгээдэд шилжүүлэх
Зуучлах үүргийг өөр этгээдэд шилжүүлэхэд энэ хуулийн 187 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Комисс
335 дугаар зүйл.Комиссийн гэрээ
1.Комиссийн гэрээгээр комисс нь үйлчлүүлэгчийн даалгавар, зардлаар өөрийн нэрийн өмнөөс нэг ба хэд хэдэн хэлцэл хийх; үйлчлүүлэгч нь хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Үйлчлүүлэгчээс шалтгаалж комиссийн гэрээ биелэгдээгүй бол комисс нь зохих хөлс авах, гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
3.Комиссийн гэрээг бичгээр хийнэ.
336 дугаар зүйл.Комисс даалгавар гүйцэтгэх
1.Комисс нь даалгаврыг үйлчлүүлэгчийн зааврын дагуу түүнд аль болох ашигтайгаар гүйцэтгэх үүрэгтэй.
2.Үйлчлүүлэгчид илэрхий ашигтай бөгөөд энэ тухай түүнд урьдчилан мэдэгдэх боломжгүй, эсхүл хариуг зохих хугацаанд аваагүй бол комисс нь үйлчлүүлэгчийн зааврыг өөрчлөх эрхтэй.
3.Үйлчлүүлэгчийн даалгаснаас илүү ашигтай нөхцөлөөр хэлцэл хийсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол олсон ашгийг талууд тэнцүү хувааж авна.
337 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн талаар комиссийн гүйцэтгэх үүрэг
1.Үйлчлүүлэгчээс ирүүлсэн, эсхүл үйлчлүүлэгчид зориулан ирүүлсэн эд хөрөнгийг комисс хүлээн авах үед уг эд хөрөнгөд байсан чанарын дутагдал ердийн үзлэгээр илэрсэн бол комисс энэ тухай үйлчлүүлэгчид даруй мэдэгдэнэ.
2.Бусад этгээд үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол комисс нь үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах арга хэмжээ авч, энэ тухай холбогдох баримт цуглуулж, үйлчлүүлэгчид даруй мэдэгдэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй бол үүнтэй холбогдон гарсан хохирлыг комисс нь үйлчлүүлэгчид төлнө.
4.Үйлчлүүлэгчийн эд хөрөнгө алдагдсан буюу гэмтсэн нь өөрийнх нь буруугаас болоогүй гэдгийг нотолж чадахгүй бол комисс үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээнэ.
5.Тухайн эд хөрөнгийг заавал даатгуулах тухай хуулийн заалт, эсхүл энэ талаар өгсөн үйлчлүүлэгчийн зааврыг биелүүлээгүй комисс нь үүнээс үүсэх хариуцлагыг үйлчлүүлэгчийн өмнө хүлээнэ.
338 дугаар зүйл.Үйлчлүүлэгч иргэн нас барсан,нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд буюу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон үед комиссийн хүлээх үүрэг
Үйлчлүүлэгч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд буюу эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон, түүнчлэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон үед үйлчлүүлэгчийн эрх залгамжлагч буюу түүний төлөөлөгчөөс зохих заавар иртэл комисс даалгаврыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байх
үүрэгтэй.
339 дүгээр зүйл.Гуравдагч этгээд үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлага
1.Даалгаврыг гүйцэтгэхийн тулд комиссоос гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ уг этгээд гүйцэтгээгүй бол комисс энэ тухай үйлчлүүлэгчид даруй мэдэгдэж, шаардагдах баримт, мэдээллийг цуглуулж, түүнд шилжүүлэх үүрэгтэй. Мэдээллийг хүлээн авсан үйлчлүүлэгч дурдсан хэлцлийн дагуу гуравдагч этгээдэд тавибал зохих шаардлагыг өөртөө шилжүүлэн авахыг комиссоос шаардах эрхтэй.
2.Гуравдагч этгээд үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг өөртөө хүлээхээр комисс батлан даалт гаргасан бол тэрээр уг хариуцлагыг хүлээнэ.
340 дүгээр зүйл.Комиссийн олсон зүйлийг үйлчлүүлэгч өмчлөх
1.Үйлчлүүлэгч нь комисст шилжүүлсэн өөрийн эд хөрөнгө, түүнчлэн комиссоос үйлчлүүлэгчийн зардлаар олсон зүйлийг өмчлөх эрхтэй.
2.Комисс нь өөрт төлөх төлбөрийн шаардлагаа хангуулахын тулд комиссийн гэрээний зүйлийг барьцаанд авах эрхтэй.
341 дүгээр зүйл.Үйлчлүүлэгч даалгаврын биелэлтийг хүлээн авах
1.Комисс даалгавар гүйцэтгэмэгц гүйцэтгэсэн даалгаврынхаа талаар үйлчлүүлэгчид тайлагнахын хамт олсон бүх зүйлээ түүнд шилжүүлэх үүрэгтэй.
2.Даалгаврыг гүйцэтгэхийн тулд комиссоос гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлээс үүссэн эрхийг шилжүүлэхийг үйлчлүүлэгч шаардвал комисс түүнийг биелүүлэх үүрэгтэй. Үйлчлүүлэгч нь ийнхүү эрх шилжүүлэн авбал хэлцлийн дагуу комиссийн хүлээсэн үүргийг нэг адил хүлээн авах үүрэгтэй.
3.Комиссоос шилжүүлж байгаа эд хөрөнгийг хүлээн авах үед илэрсэн дутагдлын талаар үйлчлүүлэгч комисст даруй мэдэгдэх үүрэгтэй.
4.Комиссийн тайланд дурдсан үйл ажиллагааг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг зөвшөөрөхгүй бол үйлчлүүлэгч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор энэ тухай комисст мэдэгдэх үүрэгтэй. Дээрх хугацаанд үйлчлүүлэгч тайлангийн талаар санал ирүүлээгүй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг хүлээн авсан гэж үзнэ.
342 дугаар зүйл.Комиссийн хөлс, зардал
1.Комисс даалгаврыг гүйцэтгэсний дараа комиссийн хөлс, даалгавар биелүүлэхтэй холбогдон гарсан зардал төлөхийг үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй. Үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг хадгалж байсны зардлыг гэрээнд заасан бол комисст төлнө.
2.Комисс гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийн биелэлтийг өөрөө хүлээхээр батлан даасан бол ийнхүү батлан даасны хөлсийг шаардан авах эрхтэй.
3.Комиссийн хөлс, түүнчлэн гуравдагч этгээдтэй хийсэн гэрээг комисс батлан даасны хөлсний хэмжээг талууд хэлэлцэн тогтоох ба ийнхүү тогтоогоогүй бол талуудын аль нэгний хүсэлтээр шүүх, арбитр тогтоож болно.
343 дугаар зүйл.Комисс даалгавар гүйцэтгэхээс татгалзах буюу гүйцэтгэх боломжгүй болсноос комиссийн гэрээ дуусгавар болох
1.Үйлчлүүлэгч гэрээг зөрчсөн бол комисс нь даалгавар гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
2.Комисс даалгавар гүйцэтгэхээс татгалзаж байгаагаа үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд үйлчлүүлэгч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш хоёр долоо хоног өнгөрмөгц уг гэрээ дуусгавар болно.
3.Комисс нь даалгавар гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд хөлс, зардлаа гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй.
4.Даалгавар гүйцэтгэх боломжгүй болсон нь комиссийн буруугаас болоогүй бол тэрээр гаргасан зардлаа үйлчлүүлэгчээр төлүүлж, гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр хөлс шаардах эрхтэй.
5.Комиссийн буруугаас болж даалгавар гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол комисс нь даалгаврын гүйцэтгэсэн хэсэгт оногдох хөлс, зардлыг тооцон, үйлчлүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
ДӨЧДҮГЭЭР БҮЛЭГ
Хадгалалт
344 дүгээр зүйл.Хадгалалтын гэрээ
Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлсэн эд хөрөнгийг хадгалах ба түүнийг хадгалуулагчид буцааж өгөх буюу эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ.
345 дугаар зүйл.Хадгалалтын гэрээний хэлбэр
1.Хадгалалтын гэрээг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлбэрээр хийнэ.
2.Хуульд заасан хэлбэрээр хийгээгүй хадгалалтын гэрээний талаар талууд маргавал дараахь тохиолдолд гэрчээр нотлуулах эрхээ алдахгүй:
1/гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд эд хөрөнгөө хадгалуулахаар шилжүүлсэн;
2/хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгө мөн эсэхийг тогтоох;
3/автомат хадгалагчид эд хөрөнгөө хадгалуулахаар шилжүүлсэн.
346 дугаар зүйл.Хадгалалтын хөлс
Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хадгалсны хөлс төлөхөөр талууд тохиролцож болно. Энэ тохиолдолд хөлсний хэмжээ, төлөх арга, журам, хугацааг гэрээгээр тодорхойлно.
347 дугаар зүйл.Хадгалалтын гэрээний хугацаа
1.Хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
2.Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх боломжийн хугацаа олгоно.
348 дугаар зүйл.Хадгалагч, түүний үүрэг
1.Хадгалагч нь дараахь этгээд байж болно:
1/хадгалалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэг бүхий иргэн, хуулийн этгээд;
2/үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ хадгалалтын үүрэг гүйцэтгэдэг иргэн, хуулийн этгээд;
3/бусдын эд хөрөнгийг хадгалах үүргийг гэрээгээр хүлээсэн иргэн.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол хадгалагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах;
2/хадгалуулагчийн шаардсан үед эд хөрөнгийг буцааж өгөх буюу эрх бүхий этгээдэд шилжүүлэх.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1 -д заасан этгээд нь хадгалахаар хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3-т заасан этгээд нь хөлсгүй хадгалахаар хүлээн авсан эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгөтэй адил нөхцөлөөр хадгалах, хэрэв хөлсөөр хадгалж байгаа бол эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс хамаарах боломжийн бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
349 дүгээр зүйл.Хадгалагчийн эрх
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч дор дурдсан эрх эдэлнэ:
1/хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгө, түүний үр шим, үр төлийг ашиглах;
2/хадгалалтын хөлсийг шаардах.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч хадгалалтын зардлыг хадгалуулагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй.
350 дугаар зүйл.Хадгалуулагчийн үүрэг
Хадгалуулагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгөө тогтоосон хугацаанд нь буцаан авах;
2/хууль буюу гэрээнд заасан бол хадгалагчид хөлс төлөх;
3 хадгалалттай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хадгалагчид төлөх;
4/хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийн онцлог шинж чанар, хадгалах нөхцөл, журмын талаар хадгалагчид мэдээлэх;
5/гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацааны дараа эд хөрөнгөө хадгалалтанд шилжүүлэхээр тохиролцсон бол уг эд хөрөнгөө тогтоосон хугацаанд шилжүүлэх.
351 дүгээр зүйл.Хадгалуулагчийн эрх
Хадгалалтын гэрээний хугацаанаас үл хамааран хадгалуулагч хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгөө буцааж авахаар хэдийд ч шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хадгалагчид үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгоно.
352 дугаар зүйл.Хадгалалтын гэрээний талуудын хариуцлага
1.Хадгалагч нь хадгалалтанд шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээсэн бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.
2.Эд хөрөнгийг хадгалалтад шилжүүлэх үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан чанарын дутагдлын талаар хадгалуулагч нь хадгалагчид мэдэгдээгүй, эсхүл энэхүү дутагдлын талаар хадгалагч, хадгалуулагчийн хэн аль нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаас шалтгаалан хадгалагчид учирсан хохирлыг хадгалуулагч төлөх үүрэгтэй.
3.Хадгалалтын болон эд хөрөнгийг хадгалуулахаар шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон бол буруутай тал нь гэрээнд заасан анзыг төлнө.
4.Зочид буудал, нийтийн байр, амралт, сувиллын газар болон түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд үйлчлүүлэгчид олгосон өрөө, тасалгаанд байгаа үйлчлүүлэгчийн мөнгө, үнэт эдлэлээс бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй ба энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс үйлчлүүлэгчид учирсан хохирлыг төлнө.
353 дугаар зүйл.Хадгалалтын гэрээний талуудыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл
Хадгалагч дор дурдсан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө:
1/энэ хуулийн 348 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан этгээд нь хадгалуулагчийн шилжүүлсэн эд хөрөнгийг алдаж, дутагдуулж, гэмтээсэн нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас болсон гэдгийг нотолбол;
2/энэ хуулийн 348 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3; 352 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд нь хадгалуулагчийн шилжүүлсэн эд хөрөнгийг алдаж, дутагдуулж, гэмтээсэнд гэм буруугүй болохоо нотолбол;
3/хадгалуулагч нь хадгалуулахаар шилжүүлсэн эд хөрөнгөө тогтоосон хугацаанд буцааж аваагүй байхад эд хөрөнгө алдагдаж, дутагдаж, гэмтсэн нь хадгалагчийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээс болсон нь тогтоогдоогүй бол;
354 дүгээр зүйл.Хадгалалтад өгсөн эд хөрөнгөө буцааж аваагүйгээс үүсэх үр дагавар
1.Хадгалах хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагч буцааж аваагүй бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол түүнийг буцааж авахыг хадгалагч гурван сарын хугацаанд хоёроос доошгүй удаа бичгээр урьдчилан мэдэгдсэний дараа уг эд хөрөнгийг дуудлагын буюу комиссийн худалдаагаар худалдах эрхтэй.
2.Худалдсан эд хөрөнгийн үнээс хадгалагч хууль буюу гэрээнд зааснаар өөрт ногдох хөлс, анз, зардлыг тооцон авч, илүү гарсныг хадгалуулагчид олгох, тийм боломжгүй бол улсын орлогод оруулна.
3.Худалдсан үнэ нь хадгалагчид төлбөл зохих төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зөрүүг хадгалуулагчаас шаардах эрхтэй.
355 дугаар зүйл.Хадгалалтын үүрэг үүсэх бусад үндэслэл
1.Дор дурдсан тохиолдолд хадгалалтын үүрэг үүсч болно:
1/энэ бүлэгт зааснаас өөр төрлийн гэрээ байгуулснаар;
2/хуульд заасан бусад үндэслэлээр.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн хадгалалтын харилцаанд энэ бүлгийн заалт нэг адил хамаарна.
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Асран тэтгэх
356 дугаар зүйл.Асран тэтгэх гэрээ
1.Асран тэтгэх гэрээгээр асран тэтгэгч нь асруулагчийг хоол хүнс, хувцас, орон сууцаар хангах, асрах, сувилах, эмнэлгийн туслалцааг өөрийн буюу асруулагчийн зардлаар үзүүлэх, нас барвал өөрийн зардлаар оршуулах; асруулагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон мөнгийг асруулах хугацаанд байнга төлөх буюу эд хөрөнгийг асран тэтгэгчид өгөх үүрэг тус тус хүлээнэ.
2.Асруулагч нь өндөр нас, эрүүл мэндээс шалтгаалан биe даан амьдрах чадваргүй иргэн байна.
3.Асран тэтгэх гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлнэ. Энэ шаардлагыг биелүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.Асран тэтгэх гэрээний биелэлтэд нутгийн захиргааны байгууллага хяналт тавина.
357 дугаар зүйл.Төрөл садангаа асран тэтгэх үүргээ шилжүүлэх
Иргэн өөрийн асрамжинд байгаа төрөл садангийн хүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, асруулагчийн үүргийг өмчлөлдөө байгаа эд хөрөнгөөр хариуцах замаар асран тэтгэх үүргээ шилжүүлэх эрхтэй.
358 дугаар зүйл.Асран тэтгэгчийн хариуцлага
1.Асран тэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс асруулагчийн эрүүл мэнд муудахад хүрсэн тохиолдолд нутгийн захиргааны байгууллага асруулагчийг төлөөлөн гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
2.Энэ үндэслэлээр гэрээг цуцлахад эд хөрөнгө, мөнгө, түүний хэсгийг асруулагчид эргүүлэн олгоно.
359 дүгээр зүйл.Асран тэтгэх гэрээ дуусгавар болох
1.Асруулагч бие даан амьдрах чадвартай болсон, эсхүл нас барсан бол асран тэтгэх гэрээ дуусгавар болно.
2.Асран тэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа буюу цаашид үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол асран тэтгэх гэрээг талуудын аль нэгний санаачилгаар цуцалж болно.
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Даатгал
360 дугаар зүйл.Даатгалын зүйл
1.Даатгалын зүйл нь эд хөрөнгө, түүнчлэн хуульд харшлаагүй эд хөрөнгийн бус ашиг сонирхол байна.
2.Даатгалыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд хуульд заасан бол заавал даатгах даатгалын хэлбэртэй байж болно.
3.Даатгагч нь хуульд заасан шаардлага хангасан, даатгалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан хуулийн этгээд байна.
361 дугаар зүйл.Даатгалын гэрээ
1.Даатгалын гэрээгээр даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол буй болоход даатгуулагч буюу ашиг сонирхлынх нь төлөө гэрээ байгуулагдсан этгээдэд учирсан хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөх; даатгуулагч нь гэрээгээр тогтоосон даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
2.Эд хөрөнгийг бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хохирлыг даатгасан хэмжээгээр төлнө.
3.Гэрээнд заасан даатгалын үнэ нь даатгуулсан эд хөрөнгийн жинхэнэ үнээс өндөр байвал эд хөрөнгийн үнээс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.Даатгагч нь гэрээнд заасан тохиолдол буй болмогц даатгуулагч буюу эрх ашгийнх нь төлөө гэрээ байгуулагдсан этгээдэд нийгмийн даатгал, нийгмийн хангамжаас олгож байгаа мөнгөн хөрөнгөөс үл шалтгаалан гэрээнд заасан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
5.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын хураамжийг төлөх хүртэл гэрээ хүчин төгөлдөр болохгүй.
6.Даатгалын зүйлийн онцлогтой холбоотой эрх, үүргийг хууль буюу гэрээгээр тусгайлан тодорхойлж болно.
7.Даатгалын гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
362 дугаар зүйл.Даатгалын тохиолдол бий болсноос үүсэх үр дагавар
1.Даатгалын тохиолдол бий болмогц даатгагч нь даатгуулагч буюу эрх ашгийнх нь төлөө гэрээ байгуулагдсан этгээдэд даатгалын төлбөр болон хохирлын хэмжээг багасгахын тулд гаргасан зайлшгүй зардлыг даатгалын төлбөрийн хэмжээнд нөхөн төлөх үүрэгтэй.
2.Хууль буюу гэрээнд заасан бол даатгуулагч даатгалын тохиолдол бий болсны дараа даатгасан хөрөнгийнхөө эрхээс татгалзаж, даатгалын төлбөрийг бүрэн хэмжээгээр авч болно.
3.Даатгагчаар төлбөрөө төлүүлсэн этгээдээс хохирол учруулсан этгээдэд шаардлага тавих эрх нь даатгалын төлбөрийн хэмжээгээр даатгагчид шилжинэ.
V ДЭД ХЭСЭГ
ЗЭЭЛ-ТООЦООНЫ ҮҮРЭГ
ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төлбөр тооцоо
363 дугаар зүйл.Төлбөр тооцоо
1.Хуулийн этгээд, иргэд хоорондын бэлнээр хийх мөнгөн төлбөр тооцоог банкиар дамжуулан гүйцэтгэж болно.
2.Хуулийн этгээд оролцсон бэлэн бус хэлбэрээр хийх мөнгөн төлбөр тооцоог банкиар дамжуулан гүйцэтгэнэ.
3.Төлбөр хариуцагч нь төлбөрийг банкин дахь хадгаламжийн, харилцах, зээлийн дансаар гүйцэтгэнэ.
4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөр хариуцагчийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийхийг хориглоно. Шүүхийн шийдвэрээр хийгдэх гүйлгээнд энэ заалт хамаарахгүй.
5.Мөнгөн төлбөрийг төлбөр хариуцагчийн хадгаламжийн, харилцах, зээлийн дансанд байгаа хөрөнгийн дүнд багтаан хууль ёсны бүрдэл болсон баримтыг үндэслэн гүйцэтгэнэ.
6.Банкиар дамжуулан гүйцэтгэх төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мөнгөн хадгаламж
364 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламжийн гэрээ
1.Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, түүнийг хадгалуулсан буюу эрх бүхий этгээдэд эргүүлэн өгөх, хариу төлбөр /хүү/ төлөх үүрэг хүлээнэ.
2.Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, төлөх хүүгийн хувь, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагыг заана.
3.Мөнгөн хадгаламжийн гэрээг бичгээр хийнэ.
365 дугаар зүйл.Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа
1.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна.
2.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.
3.Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалагч нь мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй.
4.Гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно.
5.Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх ба хугацаанаас өмнө цуцлах эрхгүй.
6.Хадгалагч энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хадгалуулагч учирсан хохирол, гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй.
366 дугаар зүйл.Банкинд хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах
1.Банкинд мөнгөө хадгалуулж байгаа этгээд хуульд заасны дагуу уг мөнгөө захиран зарцуулна.
2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол банк нь хадгалж байгаа мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс гүйлгээнд оруулж ашиглах эрхтэй боловч хадгалуулагчаас мөнгөө захиран зарцуулах баталгааг хангах үүрэгтэй.
367 дугаар зүйл.Хадгалагч /банк/-ийн үүрэг
1.Банк нь хадгалуулагчийн нэр дээр данс нээж, мөнгөн хөрөнгийг хадгалах ба уг данснаас хадгалуулагчийн даалгавраар гүйлгээ хийх үүрэгтэй.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол банк нь хадгалуулагчийн дансны нууцыг хадгалж, түүгээр хийсэн гүйлгээний талаархи мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй. Хадгалуулагч мөнгөө захиран зарцуулахад хадгалагч хяналт тавих, хөндлөнгөөс оролцох, саад хийх эрхгүй.
3.Хадгалагч энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй бол хадгалуулагч гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.
ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох
/Энэ бүлгийн нэрийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
368 дугаар зүйл.Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээ
1.Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээгээр банк ба банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн өмчлөл буюу эзэмшилд байгаа мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмаар зээл авагч /иргэд, хуулийн этгээд, төр/-ийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд тодорхой хугацаагаар шилжүүлэх; зээлдэгч нь тогтоосон хугацаанд уг мөнгийг буцааж өгөх үүрэг тус тус хүлээнэ.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Банк ба банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Банкнаас зээл олгох гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг биелүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.Банкнаас олгох зээлийн хүү, түүний хэмжээ, төлөх журмыг зээлийн гэрээгээр тодорхойлох бөгөөд хүүг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлнө.
Зээлдэгч банкнаас олгосон зээлийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.Гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацааны дараа зээлдэгчид мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд банк энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол зээлдэгч уг мөнгийг авахаар шаардах эрхтэй.
7.Банкнаас олгох зээлийн гэрээнд энэ хуулийн 180, 190 дүгээр зүйл хамаарахгүй.
8.Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
VI ДЭД ХЭСЭГ
БУСАД ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ
ДӨЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хамтран ажиллах
369 дүгээр зүйл.Хамтран ажиллах гэрээ
1.Хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
2.Хамтран ажиллах гэрээг бичгээр үйлдэнэ.
3.Хамтран ажиллах тодорхой төрлийн гэрээний онцлогийг хуулиар тогтоож болно.
370 дугаар зүйл.Хамтран ажиллах
Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын үйл ажиллагааг талууд харилцан тохиролцож хэрэгжүүлнэ. Хамтын үйл ажиллагааг аль нэг оролцогч нь удирдах тухай гэрээнд заасан тохиолдолд уг этгээд тухайн үйл ажиллагааг удирдан гүйцэтгэнэ. Ийнхүү удирдахдаа гэрээнд оролцогчдоос олгосон итгэмжлэлийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулна.
371 дүгээр зүйл.Хамтран ажиллах гэрээнд оролцогчдын дундын эд хөрөнгө
1.Хамтран ажиллахаар талуудын нэгтгэсэн мөнгөн болон бусад эд хөрөнгө, түүнчлэн хамтран ажиллаж бүтээсэн, олж авсан эд хөрөнгө нь тэдгээрийн хамтран, эсхүл хэсгээр өмчлөх дундын эд хөрөнгө байна.
2.Хамтран ажиллахад зориулан хуулийн этгээдүүдээс гаргасан эд хөрөнгийг гэрээгээр захиран зарцуулах эрх олгогдсон байгууллагад шилжүүлж болно.
3.Гэрээнд оролцогчийн хамтран ажиллах үйл ажиллагаатай холбоогүй төлбөрийг барагдуулах өөр эх үүсвэргүй бол тогтоосон журмын дагуу дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээр төлүүлж болно.
4.Дундын эд хөрөнгийг захиран зарцуулах журмыг гэрээгээр тодорхойлно.
372 дугаар зүйл.Хамтран ажиллах гэрээний бусад зохицуулалт
Хамтран ажиллах гэрээгээр олсон ашиг, алдагдал, бусад үр дагаврыг хуваарилах журмыг талууд харилцан тохиролцож тогтооно.
ДӨЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Уралдаан
373 дүгээр зүйл.Уралдаан зарлах
1.Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангавал шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь уралдаанд зарласан болзлын ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ.
2.Уралдааны болзолд ямар ажлыг хэдий хугацаанд гүйцэтгэх, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулж байр эзлүүлэх журам, хугацааг тодорхой заана. Уралдааны болзолд дээрхээс өөр нөхцөл зааж болно.
374 дүгээр зүйл.Уралдааны болзлыг өөрчлөх
1.Нэгэнт зарласан уралдааны болзлыг өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай бол уг ажлыг гүйцэтгэн ирүүлэхээр тогтоосон хугацааны дотор өөрчилж болно.
2.Уралдаанд ирүүлбэл зохих ажлын талаар тавих шаардлага ихээхэн өөрчлөгдөхөөр байвал уг ажлыг гүйцэтгэн ирүүлэх хугацааг түүнд зохицуулан сунгана.
3.Уралдааны болзолд орсон өөрчлөлтийг уралдаан зарласан журмаар зарлана. Ийнхүү зарлаагүй бол уралдааны болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй.
4.Уралдаан зарласан этгээд уралдаанд оролцогчоос түүнд оролцохыг зөвшөөрсөн хариу буюу холбогдох материалыг хүлээн авснаас хойш саналаасаа татгалзах эрхгүй. Ийнхүү татгалзсан тохиолдолд болзол хангасан оролцогч зарласан шагналыг авахаар шаардах эрхтэй.
5.Энэ зүйлд заасан журмыг уралдаан зарласан этгээд зөрчсөн бол түүний улмаас оролцогчдод учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
375 дугаар зүйл.Уралдаанд шагнал авсан бүтээлийг ашиглах
Уралдаан зарласны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээл туурвисан бөгөөд уг бүтээл нь уралдааны шагнал авсан бол уралдаан зарласан этгээд түүнийг уралдааны болзолд дурдсан аргаар ашиглах эрхтэй. Уралдааны болзолд өөрөөр заагаагүй бол энэхүү бүтээлийн зохиогч нь бүтээлээ ашиглуулсны хөлс, шагналыг авах эрхтэй.
376 дугаар зүйл.Уралдаанд ирүүлсэн ажлыг буцаан өгөх
Байр эзэлж тодорхой шагнал буюу эрх аваагүй ажил, түүнчлэн шагналд орсон буюу эрх авсан боловч дараа нь ашиглахаар болзолд зарлаагүй ажлыг уралдаан дуусмагц даруй буцаан өгнө.
V ХЭСЭГ
ГЭРЭЭНИЙ БУС ҮҮРЭГ
ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг
377 дугаар зүйл.Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
1.Бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гэрлэгчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд ийнхүү гэм хор учруулсны хариуцлагыг хүлээхгүй.
3.Эрх үүргийнхээ ёсоор бусдад гэм хор учруулсан этгээд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд уг гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөнө.
4.Хэр хэмжээнээс хэтрээгүй бол аргагүй хамгаалалтын үед бусдад учруулсан гэм хорыг хариуцахгүй.
5.Гарцаагүй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан этгээдийг шүүх тухайн нөхцөл байдал, учирч болох байсан хохирлын хэмжээг харгалзан хариуцлагаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
6.Хууль ёсны үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хуульд тусгайлан заасан бол арилгуулж болно.
7.Гэм хорын хэмжээг гагцхүү шүүх тогтооно.
378 дугаар зүйл.Хуулийн этгээд бусдад гэм хор учруулсны хариуцлага
1.Ажиллагсдаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хүлээнэ.
2.Төр, захиргааны байгууллага, түүний албан тушаалтан буруу шийдвэр гаргасан буюу өөр байдлаар албаны үйл ажиллагааг буруу явуулснаас бусдад учруулсан гэм хорыг хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 377 дугаар зүйлд заасан журмаар арилгана.
3.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагын албан тушаалтан албаны үйл ажиллагааг буруу явуулснаас бусдад учруулсан гэм хорыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу арилгана.
379 дүгээр зүйл.Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлээс гарах хариуцлага
1.Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлийг эзэмшигч нь түүнээс учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
2.Гэм хор учруулсан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, түүнчлэн хохирогчийн санаатай үйлдэл, эс үйлдэл, хэтэрхий болгоомжгүйгээс болсон бол орчин тойрондоо аюул учруулж болох зүйлийг эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
380 дугаар зүйл.Бараа, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцах
1.Бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн нь үйлдвэрлэл, зохион бүтээлт, жор найрлагын болон бусад дутагдалтай байсны улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй.
2.Тухайн бараа /ажил, үйлчилгээ/-г ашиглах, хадгалах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө.
381 дүгээр зүйл.Бага насны хүмүүс гэм хор учруулсны хариуцлага
1.Бага насны хүмүүсийн учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана.
2.Бага насны хүмүүс сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр байгууллага хариуцан арилгана.
382 дугаар зүйл.Эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд гэм хор учруулсны хариуцлага
Сэтгэцийн өвчний улмаас эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээд бусдад гэм хор учруулбал түүний асран хамгаалагч буюу байнгын хяналт тавих үүрэг бүхий байгууллага уг гэм хорыг хариуцан арилгана.
383 дугаар зүйл.Насанд хүрээгүй хүмүүс гэм хор учруулсны хариуцлага
1.Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгана.
2.Насанд хүрээгүй хүмүүсийн бусдад учруулсан гэм хорыг арилгахад хуульд заасны дагуу түүний ажил эрхэлж олсон цалин, хөлс, орлого, түүнчлэн хууль ёсны төлөөлөгчөөс үзэмжээрээ захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн тодорхой эд хөрөнгө нь хүрэлцэхгүй бол ийнхүү хүрэлцэхгүй байгаа хэмжээгээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч нөхөх хариуцлага хүлээнэ.
384 дүгээр зүйл.Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу түүнийг зөв удирдах чадваргүй байхдаа бусдад гэм хор учруулсны хариуцлага
Эрхийн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй буюу түүнийг зөв удирдах чадваргүй байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцахгүй. Харин согтууруулах буюу мансууруулах бодис хэрэглэж өөрийгөө тийм байдалд хүргэсэн этгээд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
385 дугаар зүйл.Гэм хорыг хамтран хариуцах
Хамтран гэм хор учруулсан бол хохирогчийн өмнө хамтын хариуцлага хүлээнэ.
386 дугаар зүйл.Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө.
387 дугаар зүйл.Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах
1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан /түүнийг асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийх, эмнэлэг, сувиллын газар эмчлүүлэх зэрэг/ зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
2.Хохирогч гэм хор учрах үед тодорхой цалин, хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхийг шаардах эрхтэй.
388 дугаар зүйл.Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах
1.Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй хүмүүсийн эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн З87 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлнө.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч арван зургаан нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй.
3.Арван зургаан нас хүрээгүй хүмүүсийн эрүүл мэндэд гэм хор учруулах үед тэрээр байнгын цалин, хөлс, орлоготой байсан бол хохирлыг дутуу авсан цалин, хөлс, орлогын хэмжээгээр төлүүлнэ.
389 дүгээр зүйл.Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах
1.Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй.
2.Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн түүний хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байнгын цалин, хөлс, орлогогүй байгаа нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.
3.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдагчийн хувьд авч байгаа тэтгэврийг хасна.
4.Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө:
1/бага насны буюу насанд хүрээгүй хүмүүст арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл;
2/тавин таваас дээш насны эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд бүх насаар нь;
3/тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд;
4/нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл.
390 дүгээр зүйл.Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх
1.Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
2.Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.
391 дүгээр зүйл.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх
1.Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.
2.Гэм хор учруулсны төлбөр төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон бөгөөд түүний эрх залгамжлагч байхгүй бол хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан уг хуулийн этгээдээс төлбөл зохих төлбөрт шаардагдах хэмжээний хөрөнгийг энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэргүүн ээлжинд хуримтлуулж, тогтоосон хугацаанд хохирогчид олгож байхын тулд нийгэм хангамжийн байгууллагад шилжүүлнэ.
3.Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно.
392 дугаар зүйл.Эд хөрөнгийн бус гэм хорыг арилгах
1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эд хөрөнгийн бус гэм хорыг мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
2.Шүүх эд хөрөнгийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга, хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзан, нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох ба мэдээ тараасан уг хэлбэрээр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
3.Өмнөх гэрлэлт хүчинтэй байхад дахин гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэр, эсхүл нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүнийг байнга хүчирхийлсэн, гэрлэгч болон гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийг илтэд доромжилсон иргэн эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эд хөрөнгийн бус гэм хорыг мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм хорыг арилгах хэмжээг үйлдлийн шинж чанар, нөхцөл байдал, хохирогчид учирсан сэтгэл санааны үр дагавар зэргийг харгалзан Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуульд заасан торгуулийн хэмжээнд багтаан мөнгөөр тооцож тогтооно.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
393 дугаар зүйл.Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага
1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад байгууллага нь гэм буруутай хуулийн этгээд, иргэнээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.
2.Гэм хорыг хариуцвал зохих хуулийн этгээд буюу иргэн нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг байгууллагыг хохиролгүй болгох үүрэгтэй.
3.Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 390 дүгээр зүйлд заасан үндэслэлээр багасвал буцаан нэхэмжлэх шаардлагын дагуу хүлээх хариуцлагын хэмжээ нэгэн адил багасна.
394 дүгээр зүйл.Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх
1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.
2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.
ДӨЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусдын эд хөрөнгийг аварч байхад учирсан гэм хорыг арилгах
395 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг аварч байхад учирсан гэм хорыг арилгах
Бусдын эд хөрөнгийг учирч болох аюулаас аварсан иргэнд ийнхүү аврах үeд гэм хор учирсан бол тэрээр уг эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зүйл/-ээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
ТАВЬДУГААР БҮЛЭГ
Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг
396 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн эд хөрөнгийг буцаах үүрэг
1.Хууль буюу хэлцлээр тогтоосон үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг олж авсан этгээд түүнийг өмчлөгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд /энэ хуулийн 88 дугаар зүйл/-эд нь буцааж өгөх, боломжгүй бол эд хөрөнгө буцааж өгөхийг шаардсан үеийн ханшаар үнийг төлөх үүрэгтэй.
2.Эд хөрөнгө олж авсан үндэслэл нь хожим хүчингүй болбол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг нэг адил үүснэ.
3.Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг эд хөрөнгөөс олсон буюу зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шим, үр төлийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
4.Хууль буюу хэлцлээр тогтоосон үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг ашигласан бол энэ зүйлд заасан журам нэг адил хамаарна.
5.Үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд нь тодорхойгүй, эсхүл тэдгээр нь өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ алдсан, түүнчлэн өмчлөхөөс татгалзсан бол уг эд хөрөнгийг улсын орлогод оруулна.
397 дугаар зүйл.Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхгүй байдал
1.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон эд хөрөнгө шилжүүлсэн бол түүнийг үндэслэлгүйгээр олж авсан гэж буцаан нэхэмжилж болохгүй.
2.Дансны алдаанаас буюу хөлс, шагнал авагч хууль бус арга хэрэглэж илүү авсанаас бусад оюуны бүтээлийн хөлс, шагналыг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжилж болохгүй.
3.Хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмжид илүү олгогдсон мөнгийг буцаан төлөх нөхцөл журам нь тус тусын харилцааг зохицуулж байгаа хуулиар тодорхойлогдоно. Эдгээр харилцааг зохицуулж байгаа хуульд энэ тухай заагаагүй бол энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалт нэг адил хамаарна.
VI ХЭСЭГ
ӨВЛӨХ ЭРХ
ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл
398 дугаар зүйл.Өв залгамжлах үндэслэл
1.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өв залгамжлагдана.
2.Өв залгамжлал нь хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэгдэнэ.
3.Хуульд заасан өв залгамжлал нь гагцхүү өвлүүлэгчийн гэрээслэлээр өөрчлөгдөнө.
4.Хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь гагцхүү өвлүүлэгчийг нас барах үед амьд байсан иргэн, түүнчлэн түүний нас барсны дараа төрсөн хүүхэд байж болно.
5.Хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эсхүл тэдгээр нь өв залгамжлалаас татгалзсан буюу өв залгамжлах эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжинэ.
6.Өвлүүлэгчийн эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэгдсэн бөгөөд үлдсэн хэсгийг өвлөх хууль ёсны өв залгамжлагч байхгүй бол түүнийг мөн эзэнгүй эд хөрөнгийн нэг адилаар төрийн өмчлөлд шилжүүлнэ.
399 дүгээр зүйл.Оюуны үнэт зүйлийг өв залгамжлах
1.Оюуны үнэт зүйлийг өв залгамжлах эрх нь гагцхүү эд хөрөнгийн эрхэд хамаарна. Энэхүү эрхийг хуульд зааснаар буюу гэрээслэлээр олж авч болно.
2.Оюуны үнэт зүйлийг өв залгамжлах эрх нь 50 жилийн хугацаанд хадгалагдана.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад эрх нь хуульд заасан үндэслэлээр төрд шилжинэ.
400 дугаар зүйл.Өв залгамжлах эрхээ алдах
1.Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар ба гэрээслэлээр өв залгамжлах эрхээ алдана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа этгээдэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл эд хөрөнгийг өв залгамжлуулж болохгүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 422 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах арга хэмжээ авна.
401 дүгээр зүйл.Өв нээгдэх үе
Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ.
402 дугаар зүйл.Өв нээгдэх газар
Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ.
ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хуульд зааснаар өв залгамжлах
403 дугаар зүйл.Хууль ёсны өв залгамжлагч
1.Дор дурдсан этгээдийг хууль ёсны өв залгамжлагч гэх ба тэдгээр нь адил хэмжээгээр өв залгамжлах эрхтэй:
1/нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн ба үрчилж авсан буюу түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх;
2/энэ хэсгийн 1-д заасан өв залгамжлагчид байхгүй, эсхүл тэдгээр нь өв залгамжлахаас татгалзсан буюу өв залгамжлах эрхээ алдсан бол нас барагчийн төрүүлсэн ба үрчилсэн хөдөлмөрийн чадвартай эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү.
2.Хуульд зааснаар өв залгамжлах эрхтэй эцэг, эх нь өв нээгдэх үед амьд байгаагүй бол өвлүүлэгчийн ач, зээ, ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг тэгш хуваан өвлөнө.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт дурдсан хүмүүсээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өв залгамжлагчид тооцогдоно. Өөр өв залгамжлагч байвал ийнхүү асрамжид байсан этгээд тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.
4.Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас шалтгаалахгүйгээр өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ.
5.Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар өв залгамжилна.
6.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан этгээдүүд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.
404 дүгээр зүйл.Гэрээслэгдээгүй үлдсэн эд хөрөнгийг өвлөх
Эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өв залгамжлагчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ.
ТАВИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гэрээслэлээр өвлөх
405 дугаар зүйл.Гэрээслэлийн агуулга
1.Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг ба хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн заримыг буюу бүгдийг үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно.
2.Төр буюу хуулийн этгээдэд эд хөрөнгө гэрээслэгч нь түүний зориулалтыг зааж болно.
3.Хуульд зааснаар өв залгамжлах эрхтэй нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх этгээдийн өв залгамжлах эрхийг гэрээслэгч гэрээслэлдээ нэр заан хасаж болно. Ийнхүү өв залгамжлах эрхээ хасуулсан этгээдэд энэ зүйлийн 4 дэх хэсэг, 406 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт хамаарахгүй.
4.Гэрээслэгч нь бүх эд хөрөнгөө өөр этгээдэд гэрээсэлсэн тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өв залгамжлагч хуульд зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгийн гуравны хоёроос багагүй хэсгийг заавал өвлөнө. Ийнхүү заавал өвлөгдвөл зохих хэсгийн хэмжээг тодорхойлохдоо өвлүүлэгчийн хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн оногдох хэсгийг оролцуулан тооцно.
406 дугаар зүйл.Өв залгамжлагч өөрчлөгдөх
Өв нээгдэхээс өмнө гэрээслэлд заасан өв залгамжлагч нас барсан буюу өвийг хүлээн авахаас татгалзсан бол гэрээслэгч нь өөр өв залгамжлагчийг томилж болно.
407 дугаар зүйл.Гэрээслэлийн хэлбэр
1.Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар гэрчлүүлнэ. Гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтнаар гэрчлүүлнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Дор дурдсан тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:
1/цэргийн албан хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;
2/хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн.
3/хөлөг онгоцны зорчигч болон багийн гишүүний гэрээслэлийг хөлөг онгоцны ахмад гэрчилсэн.
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна.
408 дугаар зүйл.Гэрээслэлээр өв залгамжлагчид даалгагдах үүрэг
1.Гэрээслэгч нь хууль ёсны өв залгамжлагч буюу өөр этгээдийн ашиг сонирхлын төлөө, эсхүл ямар нэг нийтэд тустай зорилгын үүднээс гэрээслэлээр өв залгамжлагчид аливаа үүрэг даалгах эрхтэй.
2.Гэрээслэлээр өв залгамжлагч нь гагцхүү түүнд өвлүүлсэн эд хөрөнгийн хэмжээнд даалгасан үүргийг гүйцэтгэнэ.
3.Гэрээслэлээр өв залгамжлагч нас барсан буюу өв залгамжлахаас татгалзсан бол түүнд даалгагдсан үүрэг уг өвийг хүлээн авсан бусад өв залгамжлагчдад шилжинэ.
409 дүгээр зүйл.Гэрээслэлийг өөрчлөх ба цуцлах
1.Гэрээслэгч нь хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх ба цуцлах эрхтэй.
2.Шинэ гэрээслэл хийсэн буюу гэрээслэлээ цуцалсан тухай зохих баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдөх ба цуцлагдана. Ийнхүү шинээр хийсэн гэрээслэл буюу гэрээслэлээ цуцалсан тухай баримт бичгийг энэ хуулийн 407 дугаар зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ.
410 дугаар зүйл.Гэрээслэлийг биелүүлэх
1.Гэрээслэл биелүүлэхийг гэрээслэлээр томилогдсон өв залгамжлагчид даалгана.
2.Гэрээслэгч нь гэрээслэл биелүүлэгчээр өөр иргэнийг томилж болно.
3.Гэрээслэл биелүүлэгч нь даалгасан үүргийг биелүүлэхийг зөвшөөрснөө баталж, гэрээслэлд гарын үсэг зурах буюу энэ тухай баримт бичиг үйлдэж, гэрээслэлд хавсаргаснаар уг даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
4.Гэрээслэл биелүүлэгч гэрээслэлийг биелүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд түүнийг биелүүлэх, өвлөгдсөн эд хөрөнгийг эрхлэн удирдах, хамгаалахад гарсан зайлшгүй зардлаа өвлөгдөх хөрөнгөөс гаргуулан авах эрхтэй.
5.Гэрээслэл биелүүлэгч түүнийг биелүүлмэгц өв залгамжлагчид тайлагнах үүрэгтэй.
ТАВИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Өв хүлээн авах ба татгалзах
411 дүгээр зүйл.Өв хүлээн авах
1.Өв залгамжлал нь өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авснаар гүйцэтгэгдэнэ.
2.Өвлөгдөх эд хөрөнгийг өв залгамжлагч ямар нэг нөхцөл заах буюу болзол тавьж түр хүлээн авч болохгүй.
3.Өв залгамжлагчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өв залгамжлагчид шилжсэн гэж үзнэ.
412 дугаар зүйл.Өв хүлээн авах ба түүнийг хүлээн авахаас татгалзах журам
1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өв залгамжлагч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтанд мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад өв залгамжлагчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтанд өв хүлээн авах буюу өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
3.Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хугацаанд өв залгамжлагч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өв залгамжлалаас татгалзсан гэж үзнэ.
4.Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Ийнхүү хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өв залгамжлагч нь бусад өв залгамжлагчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй.
5.Өв залгамжлагч өвлөх эрхээ өв залгамжилбал зохих бусад иргэн, эсхүл төр, аль нэг хуулийн этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.
413 дугаар зүйл.Өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрх шилжих
1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өв залгамжлагчид шилжинэ.
2.Ийнхүү шилжсэн эрх нь өв хүлээн авах хугацааны дотор нийтлэг журмын дагуу хэрэгжих боловч үлдсэн хугацаа нь эрх шилжих үед гурван сараас доош байсан бол гурван сарын дотор хэрэгжинэ.
414 дүгээр зүйл.Өв залгамжлагч нь бусад өв залгамжлагчдыг ирэхээс өмнө өвлөгдөх эд хөрөнгийг авах
Өв залгамжлагч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өв залгамжлагчдын ирэхийг хүлээхгүйгээр авч болох боловч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх буюу барьцаанд өгөх, гэрээслэх эрхгүй. Харин өвлөгдсөн эд хөрөнгөөс дор дурдсан зардлыг гаргах эрхтэй:
1/өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах ба түүнийг оршуулахад гарсан зардал;
2/өвлүүлэгчийн асрамжид байсан буюу өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардал;
3/хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төлбөрийн шаардлагыг хангах зардал;
4/өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал.
415 дугаар зүйл.Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох
1.Хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтанд гаргаж болно. Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлсэн тухай гэрчилгээг төрийн зохих байгууллагад дээрх журмын дагуу олгоно.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
2.Хууль ёсны өв залгамжлагчид өв залгамжлах эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өв залгамжлагч байхгүй болохыг батлах лавтай баримт байвал гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө олгож болно.
3.Энэ хуулийн 405 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өв залгамжлагч гэрээслэлээ үзүүлснээр олгоно.
4.Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлсэн тухай гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.
416 дугаар зүйл.Өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах
1.Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өв залгамжлагчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилна. Ийнхүү хуваарилах талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.
2.Өвлүүлэгчийг амьд байхад олдсон бөгөөд төрөөгүй байгаа өв залгамжлагчид оногдох хэсгийг тусгаарлан гаргана. Төрөөгүй өв залгамжлагчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилахдаа асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
ТАВИН ТАВДУГААР БҮЛЭГ
Өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх
417 дугаар зүйл.Хууль ёсны өв залгамжлагчийн өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэх
1.Хууль ёсны өв залгамжлагчдын аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өв залгамжлахаас татгалзсан, эсхүл өв залгамжлах эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өв залгамжлагчдад тэгш хуваан олгоно.
2.Гэрээслэгч нь бүх эд хөрөнгөө гэрээсэлсэн тохиолдолд гэрээслэлээр өв залгамжлагчдын аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүйгээр өв залгамжлахаас татгалзсан, эсхүл өв залгамжлах эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 405 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны өв залгамжлагчдад тэгш хуваан олгоно.
3.Гэрээслэгч нь эд хөрөнгийнхөө зарим хэсгийг гэрээсэлсэн бөгөөд гэрээслэлээр өв залгамжлагчдын аль нэг нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр өв залгамжлагчдын тооноос хасагдвал түүнд оногдох хэсгийг хууль ёсны өв залгамжлагчдад тэгш хуваан олгоно.
4.Энэ зүйлд заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өв залгамжлагч байхгүй бол түүнийг эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжүүлнэ.
418 дугаар зүйл.Гэрээслэлээр өв залгамжлагчийг өөрчилсний үр дагавар
Энэ хуулийн 400 дугаар зүйлд заасан үндэслэлээр өвлөх эрхээ алдсан гэрээслэлээр өв залгамжлагчийн оронд өвлүүлэгч нь өөр өв залгамжлагчийг томилсон бол энэ хуулийн 417 дугаар зүйлийн 2,3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.
ТАВИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Өвлүүлэгчийн үүргийг өв залгамжлагч хариуцах
419 дүгээр зүйл.Өв залгамжлагчийн хариуцлага
Өв хүлээн авсан өв залгамжлагч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцна. Хэд хэдэн өв залгамжлагч байвал уг үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хариуцна.
420 дугаар зүйл.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах
Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өв залгамжлагч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана. Ийнхүү гомдлын шаардлага гаргасан бол гомдлын шаардлагын хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.
ТАВИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах
421 дүгээр зүйл.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам ба хугацаа
1.Өв нээгдсэн газрын нотариат буюу нотариатгүй газарт сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын тусгайлан зөвшөөрөл авсан ажилтан шаардлагатай гэж үзвэл өв залгамжлагч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалуулахаар зохих байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өв залгамжлагч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.
422 дугаар зүйл.Өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох
Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу бусад шаардлагатай тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Ийнхүү эрхлэн хамгаалалт тогтоосонтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана.
VII ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ
ТАВИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдийн иргэний эрх зүйн эрхийн чадвар, гадаад улсын хууль, олон улсын гэрээ хэрэглэх
423 дугаар зүйл.Олон улсын гэрээ
Монгол Улс олон улсын гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг харгалзана. Гэвч Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуулийн заалтаас өөр журам тогтоосон байвал олон улсын гэрээний заалтыг хэрэглэнэ.
424 дүгээр зүйл.Гадаад улсын хуулийг хэрэглэх үндэслэл
Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг иргэний эрх зүйн харилцаанд хэрэглэж болно.
425 дугаар зүйл.Гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох
1.Шүүх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ түүний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар, хэрэглэдэг практикт нийцүүлэн тогтооно.
2.Гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор шүүх, арбитр нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсч, тогтоосон журмын дагуу Монгол Улсын Хууль зүйн яам, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно.
3.Талууд гадаад улсын хуулийн зохих хэм хэмжээний агуулгыг баталсан баримт бичгийг гаргаж өгөх эрхтэй.
4.Энэ зүйлд заасны дагуу зохих арга хэмжээ авсан боловч гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулга тогтоогдоогүй бол Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.
426 дугаар зүйл.Гадаад улсын хууль хэрэглэхийг хязгаарлах
Гадаад улсын хуулийг хэрэглэх нь Монгол Улсын хууль, Монгол улсын олон улсын гэрээнд харшилбал түүнийг хэрэглэхгүй. Энэ тохиолдолд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.
427 дугаар зүйл.Хөөн хэлэлцэх хугацаа
1.Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тухайн харилцааг зохицуулахад хэрэглэж байгаа Монгол улсын хууль, Монгол улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
2.Хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байх шаардлагыг Монгол Улсын хуулиар тогтоож болно.
428 дугаар зүйл.Гадаад улсын иргэн,харьяалалгүй хүний иргэний эрх зүйн эрхийн чадвар, чадамж
1.Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэний нэгэн адил эрхийн чадвартай байна. Тэдгээрийн эрхийн чадварыг Монгол Улсын хуулиар хязгаарлаж болно.
2.Гадаад улсын иргэний эрхийн чадамжийг түүний харьяалагдаж байгаа улсын хуулиар тодорхойлно.
3.Харьяалалгүй хүний эрхийн чадамжийг түүний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.
4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаархи гадаад улсын иргэн буюу харьяалалгүй хүний эрхийн чадамж нь Монгол Улсын хуулиар тодорхойлогдоно.
5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг эрхийн бүрэн чадамжгүйд тооцох буюу чадамжийг нь хязгаарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
429 дүгээр зүйл.Гадаад улсын хуулийн этгээдийн иргэний эрх зүйн эрхийн чадвар
1.Гадаад улсын хуулийн этгээдийн эрхийн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлсныг тус улсад хүлээн зөвшөөрнө.
2.Гадаад улсын хуулийн этгээд хэлцэл хийхдээ Монгол Улсын хуульд байхгүй хязгаарлалтыг үндэслэж болохгүй.
430 дугаар зүйл.Иргэний эрх зүйн эрхийн чадварыг хариу хязгаарлах
Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрхийн чадварын талаар тусгай хязгаарлалт тогтоосон улсын иргэн, хуулийн этгээдийн эрхийн чадварын талаар Монгол Улсын Засгийн газар хариу хязгаарлалт тогтоож болно.
431 дүгээр зүйл.Эд хөрөнгийн бус амины эрхийг хамгаалах
Эд хөрөнгийн бус амины эрхийг хамгаалахдаа нэхэмжлэл гаргах үндэслэл болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүссэн улсын хууль, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ улсын хуулийг түүний сонгосноор хэрэглэнэ.
432 дугаар зүйл.Өмчлөх эрх
Эд хөрөнгө өмчлөх эрхийг дор дурдсан байдлаар тодорхойлно:
1/эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн эд хөрөнгийн байгаа улсын хуулиар;
2/бүртгэгдвэл зохих эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийг бүртгэсэн улсын хуулиар;
3/Монгол Улсын хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь ийнхүү өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл болсон үйл баримт, бусад нөхцөл байдал үүсэх үед тухайн эд хөрөнгө байсан улсын хуулиар;
4/талууд өөрөөр тохиролцоогүй бол хэлцлийн зүйл болж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудал нь уг хэлцэлд хэрэглэгдэх хуулиар;
5/талууд өөрөөр тохиролцоогүй бол гадаад эдийн засгийн хэлцлээр замд яваа эд хөрөнгийг өмчлөх эрхийн асуудлыг уг эд хөрөнгийг илгээсэн улсын хуулиар;
6/өмчлөх эрхээ хамгаалах тухай эд хөрөнгийн шаардлага гаргасан өмчлөгчийн эрхийг түүний сонгосноор уг эд хөрөнгө байгаа буюу түүнийг бүртгэсэн улсын, эсхүл шүүхэд нь нэхэмжлэл гаргасан улсын аль нэгнийх нь хуулиар.
433 дугаар зүйл.Хэлцэл ба итгэмжлэл
1.Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн улсын хуулиар тодорхойлно.
2.Монгол Улсын хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гадаадад хийсэн хэлцлийг зөвхөн хэлбэр зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
4.Хэлцэл хийсэн газрыг тогтоох асуудлыг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
5.Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлно. Итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зөвхөн хэлбэрийн талаархи шаардлага зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
434 дүгээр зүйл.Гадаад эдийн засгийн хэлцэлд оролцогчдын эрх, үүрэг
1.Гадаад эдийн засгийн хэлцэлд оролцогч талуудын эрх, үүргийг хэлцэл хийх үед болон түүнээс хойш хийсэн хэлэлцээрүүдээр талуудын сонгосон улсын хуулиар тодорхойлно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно:
1/худалдах-худалдан авах гэрээнд худалдагчийн;
2/эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгчийн;
3/хадгалалтын гэрээнд хадгалагчийн;
4/комиссийн гэрээнд комиссийн;
5/даалгаврын гэрээнд даалгавар гүйцэтгэгчийн;
6/тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгчийн;
7/даатгалын гэрээнд даатгуулагчийн;
8/зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн;
9/бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийн;
10/батлан даалтын гэрээнд батлан даагчийн;
11/барьцааны гэрээнд барьцаалуулагчийн.
3.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшүүлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гүйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг үйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний үр дүн бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ.
4.Гадаад улсын хуулийн этгээд буюу иргэн оролцсон хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан үйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ.
5.Биржийн хэлцэл, үнэ хаялцуулах ажиллагааны үр дүнд байгуулагдсан гэрээнд тухайн биржийн хэлцэл хийсэн буюу үнэ хаялцуулах ажиллагаа явуулсан улсын хуулийг хэрэглэнэ.
6.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заагаагүй бусад гэрээний талуудын эрх, үүрэг нь тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэж байгаа талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлогдоно.
7.Талууд өөрөөр тохиролцоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахад хүлээн авч байгаа улсын хуулийг харгалзан үзнэ.
435 дугаар зүйл.Гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэг
1.Гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх, үүргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан үйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах үндэслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно.
2.Гэм хор учруулсны улмаас хилийн чанадад үүссэн үүргийн талууд нь Монгол Улсын иргэн буюу хуулийн этгээд байвал тэдгээрийн эрх, үүргийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.
436 дугаар зүйл.Өв залгамжлалд хэрэглэгдэх хууль
1.Өв залгамжлах харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна.
2.Өвлүүлэгчийн иргэний эрх зүйн эрхийн чадвар, гэрээслэлийн хэлбэр,гэрээслэл хийх ба түүнийг өөрчлөх асуудал нь уг гэрээслэлийг хийх ба түүнийг өөрчлөх үед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлогдоно. Харин гэрээслэл хийх ба өөрчлөх нь түүний хийгдсэн улсын хууль ба Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байвал зөвхөн хэлбэрийг баримтлаагүй гэх үндэслэлээр гэрээслэл ба түүнийг өөрчилснийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.
3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх явдлыг гагцхүү Монгол Улсын хуулийн дагуу гүйцэтгэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэрээслэхэд түүний хэлбэр, гэрээслэл хийх ба түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
