A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОГСООХ ТУХАЙ

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 6.2.4, 26.1, 26.4, Төсвийн тухай хуулийн 6.2.2, Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 113 дугаар тогтоолоор баталсан "Сайн малчин", Засгийн газрын 2016 оны 229 дүгээр тогтоолоор баталсан "Сайн оюутан", Засгийн газрын 2016 оны 312 дугаар тогтоолоор баталсан "Сайн хашаа", Засгийн газрын 2016 оны 334 дүгээр тогтоолоор баталсан "Сайн хувьцаа" хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тус тус зогсоосугай.

2. "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т нийцүүлэн шаардлагатай зарим хөтөлбөрийг хуульд заасны дагуу боловсруулж зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар тогтоол, ""Сайн оюутан" хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дүгээр тогтоол, ""Сайн хашаа" хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 252 дугаар тогтоол, "Хөтөлбөр шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 312 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 314 дүгээр тогтоол, ""Сайн хувьцаа" арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 334 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН