A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ГАМШИГ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1. Гамшиг, гал түймрийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх бэлэн байдлын шаардлагыг өндөржүүлэх, болзошгүй гал түймрийн аюул, ослоос хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дор дурдсан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай:

1.1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гамшиг, гал түймэр, ослын аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, барилга байгууламжид тавигдах шаардлагыг газар дээр нь шалгаж, үнэлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт, дээрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох, хамаарах нутаг дэвсгэр, салбар, байгууллагын холбогдох чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт;

1.2. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан орон сууц, олон нийтийн барилга байгууламж, хүн ам олноор цугларах үзвэр, үйлчилгээний газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн гамшиг, гал түймрийн үед ашиглах орц, гарцын төлөвлөлт, техникийн шаардлага, гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт, бэлэн байдалд болон тэдгээр обьектод гал унтраах машин нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийг хүргэхэд шаардлагатай орон зай, гудамж, замын сүлжээ хүрэлцэж байгаа эсэхэд 2018 оны 5 дугаар сарын 1-ний дотор хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, дүнг мөн оны 5 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгаж энэ талаар хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт;

1.3. Зориулалтын бус барилга байгууламжид иргэд, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулснаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэрэг зөрчил гарч байгаа явдлыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт;

1.4. Ой хээрийн болон обьектод гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг сэрэмжлүүлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх, сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд болон холбогдох байгууллага, албан тушаалтанд;

1.5. Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбоотой үйл ажиллагаанд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, уялдаа, зохион байгуулалтаар хангахыг Монгол Улсын Шадар сайд, бүх шатны Засаг дарга нарт.

2. Гамшиг, галын аюулгүй байдлыг хангуулахтай холбогдуулан хот төлөвлөлтийн болон барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгч, хэрэгжилтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох сайд нарт тус тус даалгасугай.

3. Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн талаарх дүн, мэдээг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагад заасан хугацаанд гаргаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ