- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "б", "в"-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
2/Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
4/өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5/Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээтэй уялдуулан өмнийн говийн бүтээн байгуулалтад шаардагдах усан хангамжийн найдвартай эх үүсвэрийг хангах ажлын хүрээнд гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах боломжийг судлан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6/энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 3.2.4.2 дахь дэд заалтын "Ухаа худаг" гэснийг "Тавантолгой" гэж, Улсын Их Хурлын 2007 oны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтын "Дайцуки ХХК-ийн" гэснийг "Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн" гэж тус тус өөрчилж, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтаас "охин" гэснийг болон "орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах," гэснийг хасаж, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3, 5 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A