A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 276

Улаанбаатар хот

СУРГАЛТЫН ОРЧИНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хязгаарласугай.

2. Сурагч, хүүхдүүдэд ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмжийн хэрэглээг хязгаарлаж байгаатай холбоотойгоор гар утас, цахим хэрэгсэл болон сүлжээг зохистой хэрэглэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран журам боловсруулж ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.

3. Өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ухаалаг утас болон цахим сүлжээний ёс зүйтэй хэрэглээг хэвшүүлэх хүрээнд хүүхэд, залуучуудад ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, цахим хүчирхийлэл, халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах хариуцлагыг өндөржүүлж гар утасны бэлэглэлийн болон хэрэглэгчийн бүртгэлгүй дугаарыг худалдаалахыг хориглох, үүрэн холбооны хэрэглэгч, түүний дотор хүүхдийн эзэмшиж, ашиглаж байгаа дугаарыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга (С.Адъяасүрэн) нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА