A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллах;

2/Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх;

3/хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан хөрөнгийг хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаан дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах;

4/экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулах.

2.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, төрийн үйлчилгээг орон нутагт саадгүй хүргэж, төсвийн үр ашиг, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй:

1/орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байрлаж байгаа барилга байгууламжийн ашиглалтын тогтмол зардлыг орон нутагт хариуцуулж, шаардагдах зардлыг улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлсэнтэй холбогдуулан орон нутгийн өмчийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, байр ашиглалтын зардал хэмнэх боломжийг эрэлхийлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх;

2/орон нутаг дахь соёл, нийтийн биеийн тамирын чиг үүргийг хэрэгжүүлэх зардлыг улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлсэнтэй холбогдуулан орон нутгийн музей, номын сан, соёлын төв, театр, соёлын ордон, чуулга, спортын ордон, спорт заалны барилгын ашиглалтыг сайжруулах, үр ашигтай, хэмнэлттэй ажиллах;

3/хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, устгахад бүрэн зарцуулахаар тооцон орон нутгийн суурь зардлын хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифыг бодитой тогтоох, хот тохижилтын албыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллах нөхцөл боломжоор хангах;

4/ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын 50 хувийг 2019 оноос эхлэн тухайн хайгуулын талбай байршиж байгаа аймгийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлэхтэй холбогдуулан шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлэх замаар хөрөнгийг оновчтой үр дүнтэй төлөвлөж зарцуулах, гүйцэтгэлийн хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;

5/түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн орлогын 30 хувийг нүүрс болон газрын тос олборлож байгаа тухайн аймгийн төсөвт улсын төсвөөс шилжүүлэхтэй холбогдуулан энэхүү нэмэлт орлогыг агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах үйл ажиллагаанд үр дүнтэй зарцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

6/орон нутгийн захиргааны байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг тухайн байгууллагын бодит хэрэгцээнд нийцүүлэн тооцож суурь зардлын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлж ажиллахаар тооцон үр дүнгийн гэрээнд тусган хяналт тавьж ажиллах;

7/баяр наадам тэмдэглэх, уралдаан тэмцээн зохион байгуулах, тусламж тэтгэмж олгох, албан томилолтоор ажиллах зэрэг урьдчилан төлөвлөх боломжтой зардлуудыг төсөвтөө тусгаж батлах, цаашид ийм төрлийн зардлуудыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд баримтлан ажиллах;

8/төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилгоор байнгын давтамжтай олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээг улсын төсвөөс нэгдсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлсэнтэй холбогдуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн өр үүсгэхгүй ажиллах;

9/орон нутгийн өмчийн ашиглалтын зардлын бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор сумдын санхүүгийн албаны нягтлан бодогч нарыг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, сумын эмнэлэгт шилжүүлэх, үүнтэй холбогдуулан сумын санхүүгийн албаны ажлын ачаалал, уялдаа холбоог дахин нягталж орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүй байхаар зохион байгуулж ажиллах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД