- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль тогтоомж
2.1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль тогтоомж нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Албадан эмчлэх үндэслэл
3.1.Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан донтох эмгэгийн оношийг тогтооход эрүүл мэндийн салбарт мөрдөж байгаа оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг баримтална.
3.3.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно.
3.4.Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилгээнд давтан хамруулж болно.
4 дүгээр зүйл.Албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах
4.1.Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/-д бичгээр гаргана:
4.1.1.өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч;
4.1.2.сум, хорооны нийгмийн ажилтан;
4.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;
4.1.4.гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн.
4.2.Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно.
5 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дүгнэлт гаргах
5.1.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хүсэлтийг хүлээн авмагц тухайн хүний хувийн баримт бичиг, тодорхойлолтыг бүрдүүлж, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан дүгнэлт гаргуулахаар тухайн хүний харьяалагдах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад хандана.
5.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргана.
5.3.Согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай энэ хуулийн 5.6-д заасан жагсаалтыг үндэслэн тодорхой бичнэ.
5.4.Согтуурах, мансуурах донтой эсэх тухай дүгнэлт гаргахад шаардлагатай үзлэг, шинжилгээг тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага үнэ төлбөргүй хийнэ.
5.5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага албадан эмчилгээнд явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн хүнд оношийг нь танилцуулж, үзлэг, шинжилгээгээр илэрсэн биеийн хүнд эмгэгийг эмчлүүлэх талаар зөвлөгөө өгнө.
5.6.Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт, эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам, дүгнэлтийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.7.Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно.
6 дугаар зүйл.Сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргах
6.1.Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно.
6.2.Сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргасан хүн эмчилгээнд хамрагдаж байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд эмчилгээний хугацаа дууссаны дараа эмнэлгийн тодорхойлолтыг цагдаагийн байгууллагад өгнө.
6.3.Энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана.
7 дугаар зүйл.Лавлагаа авах
7.1.Цагдаагийн байгууллага шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хүний талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж лавлагаа гаргуулна.
7.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 7.1-д заасан лавлагааг даруй гаргаж өгнө.
Тайлбар: Энэ зүйлд заасан "даруй" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.7-д заасныг ойлгоно.
8 дугаар зүйл.Шүүхэд хүсэлт гаргах
8.1.Цагдаагийн байгууллага дараах материалыг бүрдүүлж, албадан эмчилгээнд явуулах хүнийг шүүхэд шилжүүлнэ:
8.1.1.тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах тухай энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хүсэлт;
8.1.2.албадан эмчилгээнд явуулах хүний иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, байхгүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа;
8.1.3.оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт;
8.1.4.тухайн хүн согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
8.1.5.тухайн хүн согтуурах, мансуурах донтой тухай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт.
8.2.Шүүх энэ хуулийн 8.1-д зааснаас бусад материалыг холбогдох байгууллага, иргэдээс авч болно.
8.3.Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тухайн хүнийг цагдаагийн байгууллага саатуулж болно. Саатуулах нийт хугацаа 48 цагаас илүүгүй байна.
9 дүгээр зүйл.Шүүх шийдвэр гаргах
9.1.Тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
9.2.Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гаргана.
9.3.Шүүх хуралдаанд албадан эмчилгээ хийлгэх хүнийг өөрийг нь болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан хүн, байгууллагын төлөөлөл, шүүхээс шаардлагатай гэж үзсэн бусад хүнийг оролцуулж болно.
9.4.Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлнэ.
9.5.Тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
9.6.Албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна.
9.7.Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ.
10 дугаар зүйл.Албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авах
10.1.Эмнэлэг дараах баримт бичгийг үндэслэн албадан эмчлүүлэх хүнийг хүлээж авна:
10.1.1.шүүхийн шийдвэр;
10.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт;
10.1.3.иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, байхгүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа.
10.2.Эмчлүүлэх хүний бие болон эд зүйлд харуул хамгаалалтын ижил хүйсийн ажилтныг байлцуулан үзлэг хийж, хориглосон баримт бичиг, мөнгө, эд зүйлийг бүртгэн түр хураан авч, тэмдэглэл үйлдэнэ.
10.3.Эмч эмчлүүлэх хүнийг хүлээн авмагц түүнд үзлэг хийж, өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулна.
10.4.Хэвтэн эмчлүүлэх өрөөнд хүйсийн байдлаар нь хуваарилах ба анх удаа эмчлүүлэгчийг давтан эмчлүүлэгчээс, согтуурах донтой хүнийг мансуурах донтой хүнээс тусад нь байрлуулна.
10.5.Албадан эмчлэх эмнэлэгт хүлээж авах үед эмчлүүлэхээр ирсэн хүн нь хууль ёсны асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, гэр оронгүй, ажил эрхэлдэггүй, иргэний үнэмлэхгүй нь тогтоогдвол албадан эмчлэх эмнэлэг тухайн хүний мэдээллийг нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагад эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хүргүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЛБАДАН ЭМЧЛЭХ ЭМНЭЛЭГ
11 дүгээр зүйл.Албадан эмчлэх эмнэлэг
11.1.Албадан эмчлэх эмнэлэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяалалд ажиллана.
11.2.Албадан эмчлэх эмнэлгийн даргыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
11.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага энэ хуулийн 11.1-д заасан эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
11.4.Албадан эмчлэх эмнэлэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байх ба түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.
11.5.Албадан эмчлэх эмнэлэг шүүхийн шийдвэрийг үндэслэн эмчлүүлэх хүнийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй хүлээн авч, холбогдох хууль, журам, стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
11.6.Албадан эмчлэх эмнэлэг эмчилгээнд хамрагдсан хүний мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.
11.7.Албадан эмчлэх эмнэлэг өөрийн үйл ажиллагааны чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран ажиллаж болно.
11.8.Албадан эмчлэх эмнэлгийн дотоод журмыг эмнэлгийн дарга батална.
11.9.Албадан эмчлэх эмнэлэг, түүний алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой энэ хуульд тусгаагүй бусад асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
12 дугаар зүйл.Мэргэжлийн удирдлага
12.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.албадан эмчлэх эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтнээр хангах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
12.1.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хяналт тавих;
12.1.3.стандартын шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлтэй эсэхэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
12.1.4.эмчилгээний аргачлалыг сайжруулах, үр дүнг тооцох, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгүүлэх, цаашид баримтлах бодлого боловсруулах;
12.1.5.албадан эмчлэх эмнэлгийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах;
12.1.6.шаардлагатай тохиолдолд эмчлүүлэгчийг төрөлжсөн болон нэгдсэн эмнэлгийн үйлчилгээнд хамруулах;
12.1.7.хуульд заасан бусад.
12.2.Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.3.Албадан эмчлэх эмнэлгийн байр болон эмнэлгийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандартыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батлуулна.
13 дугаар зүйл.Албадан эмчлэх эмнэлгийн харуул хамгаалалт
13.1.Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн харуул хамгаалалтыг хариуцна.
13.2.Албадан эмчлэх эмнэлгийн харуул хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.3.Эмчлүүлэгч албадан эмчлэх эмнэлгээс оргосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрэн сурвалжлах бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас туслалцаа авна.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг тухайн эмчлүүлэгчээр нөхөн төлүүлнэ.
14 дүгээр зүйл.Санхүүжилт
14.1.Албадан эмчлэх эмнэлгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд уг зардалд тухайн хүнд илэрсэн бусад өвчнийг эмчлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн хувцас, өвчний байдлаас шалтгаалж өгөх эмчилгээний хоол хүнсний болон албадан эмчлэх газарт хүргэх, эмчилгээ дууссаны дараа буцаах зэрэг зардлыг оруулж тооцно.
14.2.Албадан эмчлэх эмнэлгийн зардлын жишиг нормативыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
14.3.Албадан эмчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, үйл ажиллагаанд Архидан согтуурахтай тэмцэх сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, хувь хүний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр байж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАДАН ЭМЧИЛГЭЭ
15 дугаар зүйл.Албадан эмчилгээ хийх
15.1.Албадан эмчилгээг тухайн эмгэгийн үед баримталдаг оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу явуулахдаа дараах зарчмыг баримтална:
15.1.1.хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах;
15.1.2.эмчлүүлэгчийн хүний эмзэг мэдээллийг хадгалах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.3.зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг хэрэглэх.
15.2.Албадан эмчилгээг байнгын харуул хамгаалалт бүхий эмнэлэгт явуулна.
15.3.Албадан эмчлэх эмнэлэг энэ хуулийн 15.1-д заасны дагуу шаардлагатай шинжилгээ, эмчилгээг хийж, албадан эмчилгээний явцыг өвчний түүхэнд үнэн зөв, тодорхой бичнэ.
15.4.Эмчлүүлэгч эмчилгээ хийлгэхээс татгалзвал түүнд харуул хамгаалалтын ажилтны хяналтан доор эмчийн заавраар албадан эмчилгээг хийж, энэ тухай өвчний түүхэнд тэмдэглэнэ.
15.5.Эмчлүүлэгч өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд орсон тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тусгаарлах болон номхотгох аргыг хэрэглэж болно.
15.6.Албадан эмчлүүлж байгаа хүнд сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
15.7.Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүрээнд явуулах нөхөн сэргээх хөдөлмөр эмчилгээ нь эмчлүүлэгчийн биеийн байдал, мэргэжил, хөдөлмөрийн чадвар, нас биеийн онцлогт тохирсон байна.
15.8.Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн донтох эмгэгийг эмчлэхийн зэрэгцээ тухайн хүний биед илэрсэн бусад эмгэгийг эмчлэх ба тус эмнэлэгт эмчлэх боломжгүй нөхцөлд эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж зохих эмнэлэгт дараах журмаар шилжүүлнэ:
15.8.1.яаралтай шилжүүлэх тохиолдолд зохих эмнэлэгт шилжүүлсний дараа тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлэх;
15.8.2.цаашид албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд энэ тухай саналыг шүүхэд хүргүүлж, тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай шүүхийн шийдвэр гарсны дараа зохих эмнэлэгт шилжүүлэх.
Тайлбар: Энэ зүйлд заасан "Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ" гэж Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.12-т заасныг ойлгоно.
16 дугаар зүйл.Эмчлүүлэгчийн эрх, үүрэг
16.1.Эмчлүүлэгч дараах эрхтэй:
16.1.1.эмнэлгийн дотоод журамтай танилцах;
16.1.2.шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах;
16.1.3.эрүүл ахуйн шаардлага хангасан ахуй нөхцөл, эмчилгээний дэглэмд зохицсон хоол хүнсээр хангуулах;
16.1.4.эмнэлгийн дотоод журамд хориглоогүй хувцас, хэрэглээний эд зүйл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, ном, сурах бичиг ашиглах;
16.1.5.гэр бүлийн хүмүүстэйгээ чөлөөтэй уулзах, эргэлт авах, захиа бичих, утсаар ярих;
16.1.6.хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах;
16.1.7.эмнэлгийн үйл ажиллагаа, алба хаагчийн харьцаа, эмчилгээ, шинжилгээний талаар санал өгөх, гомдол гаргах;
16.1.8.ар гэрт нь гачигдал, зовлон учирсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тус эмнэлгийн дотоод журамд заасны дагуу долоо хүртэл хоногийн чөлөө авах;
16.1.9.хууль зүйн туслалцаа авах, эрх зүйн аливаа хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох;
16.1.10.шашны зан үйл үйлдэх.
16.2.Эмчлүүлэгч дараах үүрэгтэй:
16.2.1.эмнэлгийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх;
16.2.2.алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
16.2.3.стандартын дагуу шаардлагатай оношилгоо, эмчилгээ хийлгэх;
16.2.4.сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, нөхөн сэргээх хөдөлмөр эмчилгээнд хамрагдах;
16.2.5.бусад эмчлүүлэгчийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, харьцах.
16.3.Эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нь эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулж болно.
17 дугаар зүйл.Албадан эмчлэх хугацаа
17.1.Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.
17.3.Албадан эмчлэх эмнэлэг энэ хуулийн 15.8-д заасан үндэслэлээр эмчлүүлэгчийн эмчилгээг зогсоох тухай саналыг шүүхэд гаргана.
18 дугаар зүйл.Албадан эмчлэх эмнэлгээс гарах
18.1.Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн эмчилгээ дуусах тухай мэдээллийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрт орших эмнэлгийн сэтгэц, наркологийн эмч, сэтгэц, наркологийн эмч байхгүй нөхцөлд өрхийн, эсхүл сумын эмч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад эмчилгээний хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө тус тус хүргүүлнэ.
18.2.Шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээний хугацаа дуусаж эмнэлгээс гарч байгаа хүнд түр хураан авсан баримт бичиг, мөнгө, эд зүйлийг бүртгэлийн дагуу буцаан өгч, тэмдэглэл үйлдэнэ.
18.3.Албадан эмчлэх эмнэлэг эмнэлгээс гарч байгаа эмчлүүлэгчид цаашид бататгах эмчилгээнд хэрхэн хамрагдах болон уг эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлаар тодорхой бичсэн санамж гардуулж, агуулгыг нь тайлбарлаж өгнө.
18.4.Нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллага энэ хуулийн 10.5-д заасан албадан эмчлэх эмнэлгээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн хүнийг судалж, эмнэлгээс гарахад нь иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх, ажилд зуучлах, нийгмийн халамжид хамруулах арга хэмжээг авна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
19 дүгээр зүйл.Сургалтад хамруулах
19.1.Албадан эмчлэх эмнэлэг эзэмшсэн мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй эмчлүүлэгчдэд зориулж мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж болно.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан сургалтыг дараах шаардлагын дагуу явуулна:
19.2.1.эмчлүүлэгчийн эмчилгээний горим, үр дүн, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
19.2.2.сургалтын үргэлжлэх хугацаа эмчлүүлэгчийн эмчилгээний хугацаанд багтсан байх;
19.2.3.сургалтын үр дүнд мэргэжлийн үнэмлэх олгох;
19.2.4.сургалт явуулах байгууллага Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх;
19.2.5.сургалт явуулах байгууллага Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нийцсэн үйлчилгээ, арга хэмжээг санал болгох.
19.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2, 11.4-т заасны дагуу сургалтын төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжүүлнэ.
19.4.Албадан эмчлэх эмнэлэг эмчилгээний хугацаа дууссаны дараа сургалтад хамрагдсан хүнийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байранд зуучлах ажлыг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
20 дугаар зүйл.Ажилд нь эгүүлэн авах
20.1.Аж ахуйн нэгж, байгууллага албадан эмчилгээнд хамрагдсан хүнийг эмчлүүлж байх хугацаанд ажлын байрыг нь хадгалж, эмчилгээ дууссаны дараа ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.3.Албадан эмчилгээнд хамрагдсан оюутан, сурагчийн суралцдаг сургуульд энэ хуулийн 20.1, 20.2 дахь хэсэг мөн адил хамаарна.
21 дүгээр зүйл.Бататгах эмчилгээнд хамрагдах
21.1.Албадан эмчилгээнд хамрагдсан хүн эмчилгээ дууссаны дараа оршин суугаа нутаг дэвсгэртээ байрлах эмнэлгийн сэтгэц, наркологийн эмчид бүртгүүлэн өрхийн, эсхүл сумын эмчийн хяналтад орж, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийн дагуу бататгах эмчилгээнд хамрагдана.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан эмч, тухайн засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан хариуцан бататгах эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд зориулан нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түүний гэр бүл, тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран явуулж болно.
Тайлбар: Энэ зүйлд заасан "нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.10-т заасныг ойлгоно.
22 дугаар зүйл.Гомдол гаргах
22.1.Албадан эмчлүүлж байгаа хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргаж болно.
23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
23.1.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A