- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2007 оны 175 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4, "Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого"-ын 4.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/ 1 дэх хэсгийн 1.5.55, 1.5.56 дахь заалт:
"1.5.55. "Урьдчилан тааварлах боломжгүй байдал" гэж аюулгүй байдлыг хангах арга хэмжээний үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол бус давтамжтайгаар өөр өөр байршилд, эсхүл өөр арга хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх арга хэмжээг;
1.5.56. "зан байдлыг таньж тогтоох" гэж иргэний нисэхэд заналхийлэл учруулж болзошгүй этгээдийг биеийн хэл, дохио зангаа зэрэг зан байдлын хэвийн бус шинжээр нь таних арга барил ашиглан илрүүлэхийг."
2/ 2 дахь хэсэгт 2.6-2.7 дахь заалт:
"2.6. Нисэхийн аюулгүй байдлын практик болон журамд иргэний нисэхэд заналхийлэл учруулж болзошгүй этгээдийн зан байдлыг таньж тогтоох арга барилыг нэвтрүүлнэ.
2.7. Зөвлөл нь эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрсдэлийн үнэлгээг үндэслэн нисэх буудал болон түүний орчимд агаарын хөлгийн эсрэг зөөврийн харвагч системээр болон бусад ижил түвшний заналхийлэл учруулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зааврыг боловсруулж, газар дээр нь хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулсан байна.
3/ 4 дэх хэсгийн 4.2.12, 4.8.5, 4.14-4.15 дахь заалт:
"4.2.12. Нийтийн эзэмшлийн бүсийг тогтоож, баталгаажуулсан байх;
4.8.5. Эрх бүхий байгууллагаас гаргасан нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний дагуу болзошгүй хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтоож, баталгаажуулах;
4.14. Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан, нисэх буудлын хамгаалалттай бүсэд дагалдах хүнгүйгээр нэвтрэх ажилтныг аюулгүй байдлын мэдээллийн сургалтад тогтмол хугацаанд хамруулна.
4.15. Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа бол тухайн гэрээт байгууллага энэ хөтөлбөрийг мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, баталгаажуулна.
4/ 5 дахь хэсгийн 5.4.11, 5.16-5.19 дэх заалт:
"5.4.11. нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагуудын үүргийг тодорхойлох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
5.16. Нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бусад улсын эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын хяналтын арга хэмжээтэй давхардуулахаас сэргийлж, аюулгүй байдлын тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийн тулд бусад улсын ижил үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг эрэлхийлнэ. Аялал эхэлж буй улсад хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын хяналтын арга хэмжээний үр дүн нь ижил түвшинд байгааг баталгаажуулсны үндсэн дээр гэрээ байгуулна.
5.17. Тагнуулын байгууллага нь нисэхийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны систем болон мэдээллийн санд учруулж болзошгүй заналхийлэл, эмзэг байдлыг тогтоох, аюулгүй байдлыг хангах техникийн шийдэл, хамгаалалт, сүлжээний тусгаарлалт, зайнаас нэвтрэх хяналт зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
5.18. Нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллага нь өөрийн газар нутаг, агаарын зайд учирч болох иргэний нисэхийн заналхийллийн шинж болон түвшинг тогтмол хянаж, холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ хөтөлбөрт нийцсэн бодлого, журам баталж, хэрэгжүүлнэ.
5.19. Ерөнхий газар нь Зөвлөл болон нисэх буудлын аюулгүй байдлын хорооны холбогдох байгууллага, агентлаг, бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зохицуулалтыг баталгаажуулж, нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүй байдлын талаар тухайн байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлно."
5/ 10 дахь хэсгийн 10.12 дахь заалт:
"10.12. Ачаа болон шууданд аюулгүй байдлын үзлэг хийхдээ тухайн ачаан дахь эд зүйлийн шинж чанарыг харгалзан аюулгүй байдлын тохиромжтой арга, аргачлалыг ашиглана."
6/ 11 дэх хэсгийн 11.3 дахь заалт
"11.3. Агаарын тээвэрлэгч нь аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийгдсэн агаарын хөлгийн хангамжийн эд зүйлс, нислэгийн хоол хүнсийг тухайн агаарын хөлөгт ачих хүртэл хамгаална."
7/ 12 дахь хэсгийн 12.7 дахь заалт:7/ 12 дахь хэсгийн 12.7 дахь заалт:
12.7. Ерөнхий газар нь тогтоосон шалгуурт суурилсан үзлэг болон аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг ялгавартай байдлаар хийх шинэ горим, журмыг баталж, хэрэгжүүлнэ.”
2. Мөн хөтөлбөрийн дараахь заалтыг дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
1/ 5 дахь хэсгийн 5.12 дахь заалт:
5.12. Монгол Улс нь үндэсний эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн иргэний нисэхийн зорилгоор ашиглагддаг чухал мэдээлэл, харилцаа холбооны технологийн систем, мэдээллийн сангийн нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын бэлэн байдлыг иргэний нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй хөндлөнгийн халдлагаас хамгаалах арга хэмжээг боловсруулж, баталгаажуулсан байна.
2/ 12 дахь хэсгийн 12.1 дэх заалт:
12.1. Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахуйц үйл ажиллагаа явуулж, техник, санхүүгийн бололцоонд тохирсон аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг ашиглана.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A
